Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 0016

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч Д.М

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э

Нарийн бичгийн дарга С.Гончигбал нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 315 дугаартай шийдвэртэй, Д.М-ын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Н э, Б.Б нарт холбогдох, гэм хорын хохирол 33.869.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Миний хань Б.М нь 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр адуунд өшиглүүлэн хэвлийн тус газраа гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн ирж мэс заслын хагалгаанд орж байгаад нас барсан. Энэ хэрэгт аймгийн Цагдаагийн газар эмч Х.О, Б.Б нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн Булган аймгийн Н э-ийг иргэний хариуцагчаар татаж, 2 жил гаруй хугацаанд шалгасны эцэст 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Х.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон Б.Б-т холбогдох хэргийг 5/237 тоот прокурорын тогтоолоор Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай МУ-ын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Дээрхи хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоход хэргийн холбогдогч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэсний дагуу Б.Б нь хэргээ хүлээн хохирлоо төлөхөө илэрхийлсэн нь түүний хавтаст хэргийн 228 дугаар талд байгаа мэдүүлгээр тодорхойлогдож байна.

Гэвч өнөөг хүртэл хохирол төлөх талаар ямар нэг санаачлага гаргаагүй тул бидэнд эх үрийн хагацал, хань үр хүүхэд, ах дүүсийнх нь сэтгэл санааны хямрал хохирлыг юугаар ч нөхөж барахгүй ч эдийн засгийн хувьд бидэнд жаахан ч гэсэн дэмжлэг үзүүлээгүйд туйлаас гомдож хохирлоо гаргуулахаар хуулийн байгууллагад хандсан боловч ямарч тусыг олохгүй байгаа билээ. Гэхдээ би болоод талийгаачийн ах дүүс эцсийн дүнг гартал хөөцөлдөх тул тус шүүхэд дахин хандаж байна. Иймд хүүхдүүддээ дэм болох зорилгоор /эдийн засгийн хувьд учирсан бодит хохирол/ тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

-Талийгаачийн оршуулгын үйлд зарцуулсан зардал 6067220 төгрөг /баримт нь хавтаст хэргийн 1-ийн 156-168 хүртлэх хуудас/ Эрүүгийн хэрэг шалгах явцад хохирогчоор тогтоогдон оролцож байсан талийгаачийн төрсөн эгч Б.П нь Төв аймгийн Заамар сумаас хэргийн материалтай танилцах, мэдүүлэг өгөх, шинжээчийн дүгнэлттэй танилцах, шүүх хуралд оролцох зэрэг шалтгаанаар зарцуулсан шатахууны зардал баримтаар 982 000 төгрөг, нийт 7049220 төгрөг,

- Би одоо 4 хүүхдээ асарч Булган аймгийн төвд ажилгүй амьдарч байгаа тул Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-т зааснаар 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн бага охин Н-ыг 8 нас хүртэл асран хүмүүжүүлсэнд оногдох төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 2014 оны 9 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүртэл 75 сарын хугацаагаар гаруулах, 2014 оны 9 дүгээр сараас 2017 он хүртэлх 27 сар х 192 000 төгрөг=5 544 000 төгрөг, 2017 оноос 2020 оны 12 дугаар сар хүртэл 47 сар х 240 000 төгрөг=11 280 000 төгрөг, нийт 16820000 төгрөгийг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар шаардаж байна.

- Бид сэтгэл санааны гүн хямралд байдаг тул сэтгэл санааны хохирол 10000000 төгрөг, нийт 33869000 төгрөгийг нэхэмжилж байна.

Шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1246 тоот дүгнэлтэд Б.Б нь М-д амь насанд нь аюултай үхэлд хүргэх гэмтэл учирсан байхад яаралтай хагалгаа хийгээгүйгээс өвчтөн нас барсан. Н э-ийн удирдлага, зохион байгуулалт муу, яаралтай үед ажиллах баг бүрэлдэхүүн эмч нарыг томилох ажил үүргийн хуваарийг гаргаж мөрдөөгүй алдаа тогтоогдож байна гэсний дагуу дээрхи 2 этгээдийг хариуцагчаар татаж хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“....Д.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцлаа. Тухайн үед иргэн Б.М нь адуунд өшиглүүлсэн гэсэн байдалтайгаар 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Н э-т хүргэгдэн ирснийг үзэж, албан үүргээ биелүүлж, өвчтөнийг хүлээн авч анхан шатны оношлогоог бүрэн хийж, гэмтлийн оношийг зөв тогтоосон. Эмчилгээ үйлчилгээний стандартын дагуу мэс засалд орох баг бүрдээгүй байснаас хагалгааг яаралтай хийх боломж бүрдээгүй нь надаас биш Н э-ээс болсон. Амралттай байсан О эмч эмнэлэгтэй утсаар холбогдож яаралтай хагалгаа гарлаа, ирээч гэхэд “Одоо ингээд очъё” гэж хэлээд ирээгүйгээс эмчийг хүлээж цаг алдсан нь хагалгааны хүндрэлд нөлөөлсөн болохыг шинжээч нар тогтоосон. Би эмчилгээ үйлчилгээний стандартаа зөрчиж баг бүрдээгүй байхад хагалгаа хийхийг шийдвэрлэх эрх мэдэлгүй бөгөөд эмнэлгийн зүгээс ч ерөнхий эмч асуудлыг шийдэж, хагалгааг байгаа эмч нарыг томилж баг бүрдүүлэн хийх үүрэг чиглэл өгөөгүйгээс хагалгаа удааширсан болно. Би толгой мэдэн бусад эмч нараар зөвшөөрүүлж, тухайлбал Ц эмчийг гуйсан бол тэр үед хагалгаанд орохыг зөвшөөрөх байсан эсэхийг одоо хэлж мэдэхгүй, баг бүрдээгүй байхад хагалгаа хийгээд өвчтөн нас барвал би жинхнээсээ эмчилгээ үйлчилгээний стандарт зөрчихөд хүрэх байсан. Чухам ийм учраас асуудлыг эмнэлгийн удирдлагад танилцуулж, тэд Орхон аймгийн Бүсийн эмчилгээ оношлогооны төв рүү ярьж тэндээс мэс заслын эмч Д.Л ирснээр мэс засалд орсон боловч иргэн М нас барсан. Прокурорын тогтоолын хувьд намайг ганцаар буруутай болгож шүүхээр оруулж ял өгөх бодолтой байсан. Прокурор намайг буруугаа хүлээж хохирол төлөхөө илэрхийлбэл хэргийг чинь хэрэгсэхгүй болголоо гээд байхаар нь би тухайн үед хохирол төлбөрийг барагдуулна гэж бичиж өгсөн. Шүүхийн шинжилгээний 2016 оны 10 дугаар сарын 11-ний 1246 тоот дүгнэлтэд “М-д амь насанд аюултай гэмтэл учирсан байхад яаралтай хагалгаа хийгээгүйгээс өвчтөн нас барсан” гэсэн дүгнэлт нь “Ходоод гэдэсний цус алдалтын оношлогоо, эмчилгээ” MNS 5665-4:2006 стандартыг үгүйсгэснээрээ эрх зүйн хувьд зөрчилтэй дүгнэлт болно. Би прокурорт бичиж өгч өршөөлд хамрагдсан үндэслэл нь “прокурор надаас шаардаж байсан, би өмгөөлөгчгүй учраас нарийн учрыг сайн мэдээгүй, нөгөө талаас миний зүгээс буруу байхгүй учраас хохирлыг эмнэлэг хариуцах юм байна гэж бодож тайлбар өгсөн. Иймд хохирлыг эмнэлэг хариуцна гэж үзэж байна” гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Булган аймгийн Н э болон эмч Б.Б нараас хохирол болох оршуулгын зардалд 7.049.220 төгрөг, Н-ыг 16 нас хүртэл Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр асрах зардал 33.869.220 төгрөг гаргуулахыг хүссэн Д.М-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцлаа. Тухайн үед Д.Б миний бие хөдөө орон нутаг руу дуудлагаар явж байсан тул өвчтөн хүлээн авах болон хагалгаа хийх, өвчтөний биеийн байдал хүндэрч нас барсан болон тусламж үзүүлсэн үйл ажиллагааг үнэлж дүгнэж мэдэхгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр удирдлага зохион байгуулалттай холбоотой алдаа гарсан бол тухайн эмнэлгийн удирдлагууд хариуцлага хүлээх нь зүйтэй байх гэж бодож байна. Гэтэл тийм зүйл огт гараагүй бөгөөд Н э-ийн төсөвт ямар нэгэн хохирол барагдуулах санхүүгийн эх үүсвэр байдаггүй тул дээрх нэхэмжлэлийг төлж барагдуулах боломжгүй” гэжээ.

Хариуцагч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Нн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Тухайн үед иргэн Б.М нь адуунд өшиглүүлсэн гэсэн байдалтайгаар 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Н э-т хүргэгдэн ирэхэд эмч Б.Б өвчтөнийг хүлээн авч анхан шатны оношлогоог бүрэн хийж, гэмтлийн оношийг зөв тогтоож, албан үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг тус тусад нь тайлбарлая. Үүнд: Талийгаачийн оршуулгын үйлд 6 067 220 төгрөгийн зардал гарсан гэдгийг үгүйсгэх аргагүй. Харин хохирогч Б.П-ийн мэдүүлэг өгөх, хэргийн материалтай танилцах, шүүх хуралд оролцох зэрэг шалтгаанаар гарсан замын зардал 982000 төгрөгийг Д.М нэхэмжлэх эрхгүй, түүнд итгэмжлэл олгогдоогүй байна.  Эрүүгийн хэрэгт П нь нэхэмжлэл гаргаж байгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52, 56 дугаар зүйлд зааснаар байцаан шийтгэх ажиллагааны зардлаа шаардан авах тул уг зардлыг гаргах боломжгүй юм. 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Н-ыг 8 нас хүртэл буюу  2014 оны 9 дүгээр сараас 2020 он хүртэл асран хүмүүжүүлсэнд оногдох төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 16 820 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2-т зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй. Нэхэмжлэгч нь тэжээгчээ алдасны тэтгэвэр авдаггүй гэж байсан боловч өнөөдөр тэжээгчээ алдасны тэтгэмжийг Нийгмийн халамжийн сангаас авч байгаа тухай нотлох баримтыг гаргаж ирүүлсэн байна. Мөн 2014 онд орлого олж байсан гэсэн тодорхойлолт гаргаж ирүүлсэн боловч энэ нь цалин, орлоготой байсан гэдгийг нотлож чадахгүй байна. Иргэний хуулийн 508.3-т хэдий хэмжээний төлбөр шаардахыг зохицуулсан байх бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг тэтгэмж, цалин орлогын зөрүүгээс тооцон олгодог.  Гэтэл мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.4.4-т зааснаар төлбөр гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

Сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д “нас барсан этгээдийн нэр төр, алдар хүндийг гутаасан бол учирсан гэм хорыг шаардах эрхтэй” гэж заасан. Гэтэл нас барагчийн нэр төр, алдар хүндийг гутаасан асуудал гараагүй учраас Иргэний хуулийн 21 дүгээр зүйл, 511 дүгээр зүйлд зааснаар шаардах эрх үүсэхгүй. Харин хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль бус үйл ажиллагаанаас сэтгэл санаанд хохирол учирсан бол нэхэмжлэх боломжтой юм. 

Хариуцагч Б.Б-ын  гэм буруутай эсэх асуудлын талаар: Шинжээчийн дүгнэлт 3 удаа гарсан бөгөөд хамгийн сүүлийн 1246 дугаартай дүгнэлт, хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолоор  Б.Б-ыг шууд буруутай гэж дүгнээгүй. Б.Б нь Эрүүл мэндийн тухай хууль болон стандартад  заасны дагуу оношлогоог зөв тогтоож, хүлээх зарчимыг барьж ажилласан. Хууль болон стандартад заасан журмыг баримталж ажиллаагүй гэж үзвэл Б.Б-ыг буруутгаж болох юм. Талийгаачийг эмнэлэгт хүлээн авч яаралтай тусламж үзүүлсэн хуудас, өвчний түүхээс үзэхэд түүний даралт болон амин үзүүлэлтүүд хэвийн байсан харагддаг. Дотуур цус алдалт гэсэн оношийг тогтоож мэс ажилбар хийх шаардлагатай байсан бөгөөд мэс заслын багийг бүрдүүлэхээр О эмчтэй утсаар ярьсан боловч ирээгүй. Ингээд өөр бүрэлдэхүүн дуудаж мэс ажилбар хийгдсэн. Э-ийн удирдлагын зүгээс зохион байгуулалт муу байсан. Жижүүрийн эмч арга хэмжээ авч баг бүрдүүлэн ажиллах байсан. Б.Б нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.2-т зааснаар хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б.Б нь тус Н э-т хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Эмч мэргэжилтэн буруутай үйл ажиллагаа явуулсан бол Эрүүл мэндийн тухай хууль, сайдын тушаал, дотоод журмаараа хариуцлага хүлээх ёстой. Хөдөлмөрийн гэрээнд эмч мэргэжилтэн хийж гүйцэтгэх ажилдаа доголдол гаргаж байгууллагад хохирол учруулсан бол эд хөрөнгийн хариуцлага хүлээхээр заасан. Б нь өвчтөнд яаралтай тусламж үзүүлж, мэс заслын баг бүрдүүлэн ажиллах, энэ талаар эмнэлгийн удирдлагад танилцуулах үүргээ биелүүлээгүй. Тухайн өдөр гарч байсан жижүүр эмч Ц нь  эх барих, эмэгтэйчүүдийн эмч бөгөөд тус тасгийг хариуцан ажиллана. Тухайн үед ажиллаж байсан мэс заслын эмч Б дуудлагаар Тэшиг сум руу явсан байсан. Б.Б нь мэс заслын баг бүрдүүлэн ажиллах талаар эмнэлгийн удирдлагад мэдэгдсэн бол ийм асуудал болохгүй байх магадлалтай.  Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болоход Б.Б нь буруугаа хүлээгээд гарын үсэг зурсан. Нэгдсэн эмнэлэг нь төсвийн байгууллага учир  төлбөрийг төлөх боломжгүй.  Б.Б хариуцага хүлээх ёстой гэж үзэж байна” гэжээ.

    Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 315 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 508 дугаар зүйлийн 508,1, 508.2-т заасныг баримтлан Булган аймгийн Нэгдсэн эмнэлгээс гэм хорын хохирол 7049220 /долоон сая дөчин есөн мянга хоёр зуун хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26819780 /хорин зургаан сая найман зуун арван есөн мянга долоон зуун ная/ төгрөг, хариуцагч Б.Б-оос 33890200 /гучин гурван сая найман зуун ерэн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Д.М нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Булган аймгийн Нэгдсэн эмнэлгээс 127737 /нэг зуун хорин долоон мянга долоон зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н давж заалдах гомдолдоо:

“... Шүүх нэхэмжлэлийн шаардлагад багтаж байгаа зардал, хохирлын төрөл тус бүрд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, нотлох баримтыг зөв үнэлж шийдвэрлэсэн гэж” үзэж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Булган аймгийн Н э-ийн төлбөл зохихоор тогтоогдсон төлбөрийг шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид төлсний дараа түүнийгээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар гэм буруутай этгээд буюу Б.Б-оос /түүний нэрийг зааж бичээгүй ч хэргийн    нөхцөл байдлаар шууд ингэж ойлгогдоно/ нэхэмжилж  болохоор  дүгнэлт хийснийг үндэслэлгүй гэж үзэж энэ гомдлыг гаргаж байна. Б.Б-ыг тухайн үеийн Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлд заасан хэрэгт яллагдагчаар татаж шалгаж байгаад 2016 оны 11 дүгээр сарын 24-ний 5/237 тоот прокурорын тогтоолоор өршөөлд хамруулж эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна. Энэ үндэслэлээр түүнийг хариуцлага хүлээх гэм буруутай этгээд гэж тодорхойлох боломжгүй юм. Үүнд:

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Гэм буруу нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно" гэжээ, прокурорын 5/237 тоот тогтоол гарах үед мөрдөгдөж байсан ЭБШХ-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д " Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй" гэжээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх тохиолдлыг заахдаа мөн хуулийн 135.1.1-д "Ажилтны хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон" гэжээ, тухайн үед мөрдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36, 82 дугаар зүйлд "...Яллагдагч гэм буруугүй болохоо нотлох үүрэг хүлээхгүй, яллагдагчийн гэм буруугаа хүлээсэн нь дангаараа яллах үндэслэл болохгүй" гэж зааж Үндсэн Хуулийн дээрх баталгааг хангасан байна. Хэрэгт авагдсан Булган аймгийн Н э-ээс тухайн үед Б.Б-той байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд байгаа хариуцлага хүлээх заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь заалт, 135.3, 135.4 дэх хэсгийг зөрчсөн заалт учир шүүх энэ хэрэгт хэрэглэх үндэслэл, шаардлагагүй бөгөөд харин мөн хуулийн 128.1.8-д зааснаар тус эмнэлгийн ҮЭ-ийн хороо болон аль гэрээ бүхий ажилтан шүүхэд хандаж хүчингүй болгуулах боломжтой юм.

Иймд энэ гомдолд дурдсан үндэслэлийг хянан үзэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг өөрчлөхгүйгээр хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулсан хэсэгт хууль зүйн зөв дүгнэлт өгнө үү хэмээн энэ гомдлыг гаргав” гэжээ.

 

Хариуцагч Булган аймгийн Н э хариу тайлбартаа:

“...Их эмч Б.Б нь жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа тухайн иргэнд шаардлагатай арга хэмжээг авч, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн, мэс заслын зөвлөх эмч Х.О-ийг дуудахад ирнэ гэсэн боловч ирэлгүй хугацаа алдсан. Яаралтай байдлын талаар байгууллагын нийт удирдлагуудад мэдэгдсэн. Миний хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээний болон ёс зүйн алдаа гаргаагүй хэмээн тайлбар өгсөн.

П.О, Б.Ц Р.О нар нь тухайн үеийн асуудлыг удирдлага зохион байгуулалтын хувьд алдаатай гэж үзсэн байгаа нь зохистой бус байна. Тухайн цаг хугацаанд иргэнд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж,  яаралтай хуралдаан, тусламж үйлчилгээ үзүүлэх стандартын  дагуу БОЭТ-өөс  эмч дуудан баг бүрдүүлэн ажилласан. /Гараар бичсэн тайлбарыг хавсаргав/ Ерөнхий санхүүч И.Э - Аймгийн  Н  э-ийн  төсөвт шүүхийн шийдвэрийг гүйцэлдүүлэх болон бусад хувьсах зардлын төсөв тусгагддаггүй, бид   нөхөн төлбөрийг эмнэлгийн ажилтнуудын цалин урамшууллын зардлаас  барагдуулж болох боловч, ажилчдын цалин хөлсний заралд хэмнэлт гардаггүй,  өр үүсгэн ажилладаг. Иймд нийт ажилтнуудын цалин хөлсийг бууруулах, дутуу олгох   асуудлаас эмнэлгийн тогтвортой үйл ажиллагаа алдагдах, болон бусад асуудлууд үүсэх эрсдэлтэй тул шүүхийн шийдвэрийг гүйцэлдүүлэх боломжгүй тухай мэдэгдсэн. Шүүхийн шийдвэрийн тодорхой хэсэгт эмч Б.Б нь Н э Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа бөгөөд гэрээт хугацаанд гарсан иргэний хохиролыг тухайн байгууллага барагдуулах тухай тусгагдсан байна. Бид эмнэлгийн ажилтнуудтай Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа ажилтнуудын буруутай үйл ажиллагаанаас үүсэх хохирлыг байгууллага барагдуулах тухай зүйл заалт тусгаагүй тул хохирлыг барагдуулах боломжгүй. Мөн их эмч Б.Б нь өөрийн үйл ажиллагааг буруутай гэдгийг хүлээн зөвшөөрч, цалингийн данснаас суутгал хийлгэн хохирлыг төвлөрүүлэн төлөх боломжтой боловч эмчилгээ үйлчилгээнд алдаа гаргаагүй, буруугүй гэж байгаа тул бид зөвшөөрөлгүйгээр хувь хүний цалин хөлснөөс суутгал хийх эрх зүйн үндэслэлгүй юм.

Иймд эмч нарын маань хүн ардын төлөө цаг хугацааг үл хайхран, өөрийн эрүүл мэндээ эрсдүүлэн, унтах нойр, идэх хоолоо хугаслан ажиллаж байгаа хичээл зүтгэлийг харгалзан, байгууллагын тогтовортой үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэн эмч болон эмнэлгийн байгууллагыг өр төлбөргүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.М хариу тайлбартаа: “... Энэ бүхнийг ойлгож мэдэх болсон том хүү минь сэтгэл санааны гутралд орж хичээлдээ муудсан, эрүүл мэндээрээ хохирч унадаг татдаг болсон нь сэтгэл гутралтай холбоотой гэж эмч зөвлөж эмчийн хяналтад байх болсон. Энэ бүхэн бодитой бий болж сэтгэл санаа ахуй байдлаараа хохироод байхад яагаад тооцож болдоггүй юм болоо. Миний хань ачит эмчийн авралаар амь нас нь аврагдсан бол 4 хүүхдээ хүний дайтай өсгөж, өрх гэрээ аваад л явах байсан. Ийм байдлаар ажилж, амьдарч байсныг нотлох баримт болгож цагаан идээ борлуулж орлого олдог байснаа баримтаар гаргаж өгсөн, миний бие бага насны хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд зөөх зэргээр ажил хийх боломжгүй байгааг харж үзэн хүүхэд асрахтай холбоотой зардлыг гаргуулмаар байна. Иймд анхан шатны шүүхээс гаргаж өгөөгүй сэтгэл санааны бодит хохирол болон бусад нэхэмжилсэн зардлыг гаргуулж өгнө үү. Нэгэнт шүүхийн шийдвэрээр Н э-ээс тодорхой хэмжээний мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн ч хамгийн их буруутай нь ямар ч хариуцлага хүлээхгүй өөртөө дүгнэлт хийж алдаагаа ухамсарлахгүй байгаад маш их гомдолтой байна. Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч олон хууль дүрэм бичсэн ч миний прокурорын тогтоолоос уншиж ойлгосон зүйл бол Б өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулна гэсэн бичиг бичиж өгөөд өршөөлийн хуулиар өршөөгдсөн гэж ойлгосон. Тухайн үед бидэнд ирүүлсэн прокурорын мэдэгдэлд хохирлоо төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн гэсэн байсан. ... Ийм учир Б-ыг хохирол төлөх ёстой гэж бодож байна” гэжээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:     

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н-ийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч Булган аймгийн Н э, тус эмнэлгийн эмч Б.Б нарт холбогдуудан гэм хорын хохиролд 33.869.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

Иргэн Д.М нь 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр моринд өшиглүүлэн хэвлийдээ гэмтэл авсны улмаас Булган аймгийн Н э-т хүргэгдэн ирж, мэс заслын хагалгаанд орж байхдаа нас барсан үйл баримт тогтоогдсон байна.

Уг хэрэгт холбогдуулан Булган аймгийн Н э-ийн эмч Б.Б, Х.О нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад Булган аймгийн Прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 5/39 дугаартай тогтоолоор Х.О-д холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Харин прокурорын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5/237 дугаар тогтоолоор Б.Б-т холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай Монгол улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

“...Энэ хуулийн 7.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох нь тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөхгүй ... иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж дээрх хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт тусгайлан заасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н-ийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв. 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас 7.049.220 төгрөгийг хангаж, 26.819.780 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Б.Б-оос 33.890.200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор заасан нь буруу болжээ.

            Хэдийгээр нэхэмжлэгч нь Булган аймгийн Н э, Б.Б нараас гэм хорын хохирол гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх 7.049.220 төгрөгийг хариуцагч Булган аймгийн Н э-ээс гаргуулах болсон шалтгаан, үндэслэлийг шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой дурьдсан тул тогтоох хэсэгт “Б.Б-оос 33.890.200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэх шаардлагагүй гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн дээр дурьдсан алдааг зөвтгөн залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 167.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн 315 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “төгрөг” гэснийг “төгрөгийг” гэж өөрчилж, “хариуцагч Б.Бүрэндондовоос 33890200 /гучин гурван сая найман зуун ерэн мянга хоёр зуу/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус тус” гэснийг хасч, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн төлөөлөгч Р.Н-гийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

3. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

               ДАРГАЛАГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР                                       

                        ШҮҮГЧ                                                    С.УРАНЧИМЭГ                                                                                                                                                      

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ё.БЯМБАЦЭРЭН