Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 130/ШШ2021/00623

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч   даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 7 дугаар багт оршин суух, Е ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Ц холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Е , хариуцагч байгууллагын төлөөлөгч А , хариуцагч байгууллагын өмгөөлөгч Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгээс 2021 оны 3 болон 4 дүгээр сард ажилласан цалин болох 2000000 /хоёр сая/ төгрөг гаргуулахыг хүсжээ

Нэхэмжлэгч Е  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улаанхус сумын ц-д 2009 оноос 2016 он хүртэл тасралтгүй багшаар ажилласан. Дараа нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд томилогдсон бөгөөд 2020 оны 11 дүгээр сард жирэмсний амралт аваад 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа орох ёстой байсан. Ингэж явж байхдаа Улаанхус сумны Засаг дарга надтай холбогдоод шүүхээс ял шийтгэл хүлээж ёс зүйн алдаа гаргасан тул Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хүлээлгэж өгөөд багшийн ажлыг хийгээрэй гээд шаардахад нь би нэгэнт намайг ажлаас чөлөөлсөн Улаанхус сумын Засаг даргын захирамж гарсан тул эрхлэгчийн ажлаа хүлээлгэж өгөхийг зөвшөөрсөн. Тухайн өдөр 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр байсан бөгөөд би аймгийн төвд ажлаар явж байсан. Тэр үед сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч над руу утасдаж таны өрөөнд олон хүн ирээд хаалгыг эвдэж орох гэж байгаа гэж мэдэгдэхэд би аймгийн төвд ажлаар явж байгаа яг одоо очих боломжгүй гэж хэлсэн. Тухайн өдөр хэсэг хүмүүс Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд А  гэх хүн томилогдсон гэсэн шалтгаанаар эрхлэгчийн өрөөний хаалгыг эвдэж орж дотор нь байгаа эд хогшлуудыг няравт хүлээлгэж өгсөн юм байна. Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн тамга нь 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл надад байсан бөгөөд Улаанхус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга та тус хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байгаа учраас цаашид асуудал гарахгүй, иймээс эрхлэгчийн тамгаа шинээр томилогдсон эрхлэгч А д хүлээлгээд өгөөрэй гэсэн шаардлага тавьсан.

Мөн тухайн үед би ажилд томилогдсон тушаалаа эрхлэгч А ээс гардуулж өгөхийг шаардахад таны зарим бичиг баримтууд дутуу байгаа, материалуудаа бүрэн бүрдүүлж өгвөл тушаалыг чинь гаргаж өгье гэсэн. Манай цэцэрлэгийн байрыг 2021 оны 01 дүгээр сард цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой түр эмнэлгийн зориулалтаар тоноглосон байсан учраас би албаны өрөөндөө байсан компьютер, принтер зэрэг эд хогшлуудыг гэр лүүгээ аваачхаад тавьчихсан байсан. А ийн миний тушаалыг гаргаж өгнө гэсэн үгэнд итгээд эрхлэгчийн тамгаа баримт үйлдэж хүлээлгэж өгсөн ч тушаалаа хараахан гардаж аваагүй байсан тул компьютер, принтерийг түүнд хүлээлгэж өгөөгүй. 2021 оны 3 дугаар сарын цалин гарах үед нягтлан бодогчоос лавлаж асуухдаа чиний 3 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлчихсөн, цалингаа нэг мөсөн авна, 4 дүгээр сарын цалинг эрхлэгч өөрөө шийдвэрлээд өгнө гэсэн хариу өгсөн учраас түүний үгэнд итгээд ажлаа хийгээд явж байсан. Ингээд ажлаа хийсэн мөөртлөө цалин олгоогүй учраас шүүхэд гомдлын шаардлага гаргасан. Би эрхэгчийн ажлаа хүлээлгэж өгөхдөө сумын Засаг дарга багшаар ажиллаж явж байгаарай гэсэн учраас цагаа бүртгүүлээд, үүрэгт ажлаа үг дуугүй хийгээд явж байсан. 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр корона вируст цар тахлын улмаас хөл хорионы дэглэм тогтоож, сургууль, цэцэрлэгүүд амарч цагийн бүртгэл хийгдээгүй. Гэсэн хэдий ч би 2021 оны 4, 5 сард өдөр болгон арга зүйчид хүүхдийн ирцийг өгч, 5 дугаар сарын тайлан мэдээгээ бичиж өгөөд холбогдоод явж байсан. Тэгсэн чинь Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн арга зүйч надад хандан “А  эрхлэгч чамайг ажлаас чөлөөлсөн учраас чиний тайланг битгий аваарай гэсэн чиглэл өгсөн тул чиний тайланг авах боломжгүй” гэж мэдэгдсэн. Ингэхэд би эрхлэгч А д утсаар залгаж, мессеж бичиж учир байдлыг тодруулах гэсэн боловч надтай холбогдож хариу өгөөгүй. Намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад намайг ажлаас чөлөөлөх ёсгүй байсан. Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн багшийн ажилд томилохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Одоо хариуцагч Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгээс 2021 оны 3, 4 дүгээр саруудын цалин 2.000.000 төгрөг гаргуулах хүсэлттэй байна. Иймд шүүхээс Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгээс 2021 оны 3, 4 дүгээр саруудын цалинг гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэгч А  миний бие нэхэмжлэгч Е ийн 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд жинхэнэ хариуцагчаар намайг солих тухай гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шүүгчийн захирамжийг 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцлаа. Е ийг 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Б/04 дугаартай Улаанхус сумын Засаг даргын захирамжаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/05 дугаартай захирамжаар А  намайг цэцэрлэгийн  эрхлэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Түүнээс хойш одоо хүртэл ажил үүргээ гүйцэтгэж байна. Энэ хугацаанд сумын Засаг дарга намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж Е  тус шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Е ийг сумын Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллуулах шийдвэр гаргаагүй ба багшаар ажиллаж байгаагүй болно. Тухайн үед тус цэцэрлэг ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй цар тахлын вирус өвчнөөс урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийн ажиллагаа хийж байгаад 3 дугаар сарын 22-ны өдөр үйл ажиллагаа эхлүүлсэн. Цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжих хүүхдүүдийг авч эхэлснээс хойш Е  үндсэн багшийн орон тоонд томилуулан ажиллуулах талаар надад өргөдөл гаргаж байгаагүй болно. Е  өөрөө ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш цэцэрлэгийн зарим нэг эд хогшил болон өөрийн хэрэглэж байсан эд зүйлийг хүлээлгэж өгөхгүй 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл явсан болно. Нэхэмжлэгч Е  нь цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан хугацаанд авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож 2 шатны шүүхээс шийдвэр гарч гэм буруутай болох нь тогтоогдсон, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас 316 дугаартай сумын Засаг даргад 23.1 сая төгрөгийн төсвийн хөрөнгийг ашиглан шамшигдуулсан байх эрсдэлтэй тул санхүүгийн шалгалт хийлгүүлэх талаарх дарга бөгөөд тэргүүлэх аудитор М.Х ы албан тоот, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 18-03/18 дугаартай Баян-Өлгий аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 4.762.436 төгрөгийг тухайн үеийн цэцэрлэгийн эрхлэгч Е , нярав Д нарт төлүүлэх тухай акт, 2021 оны 3 дугаар сарын 25-ны А/54 дугаартай Улаанхус сумын Засаг даргын цэцэрлэгийн эд зүйлд тооллогын комисс байгуулах тухай захирамж, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн  Улаанхус сумын төвийн хүүхдийн цэцэрлэгт шалгалт хийсэн комиссын Е , нярав Д нар 23.1 сая төгрөгийн хөрөнгийг шамшигдуулсан тухай дүгнэлт, 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Авлигатай тэмцэх газраас аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга З д хяналт шалгалт хийлгүүлэх тухай албан тоот, тус аймгийн Цагдаагийн газарт “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй шалгагдаж байгаад цэцэрлэгийн зарим эд зүйлийг хувьдаа авсан нь тогтоогдож 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ажлын хэсэгт 3.244.000 төгрөгийн 6 төрлийн эд зүйлийг гэрээсээ гарган хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр тогтоогдон шалгагдаж байсан тул цэцэрлэгийн үндсэн багшийн албан тушаалд томилох эрх бүхий албан тушаалтны шийдвэр гаргаагүй байсан болно. Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн цэцэрлэгийн эрхлэгчийн нийтлэх эрх, үүргийн 10.2 дахь хэсэгт” цэцэрлэгийн өөрийн удирдлага нь цэцэрлэгийн зөвлөл байх” 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх”, 11.1.2-д “ багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх” гэх заалтууд цэцэрлэгийн эрхлэгчийн эрх хэмжээний асуудал юм.

Цэцэрлэгийн эрхлэгчийн үүрийг түр орлон гүйцэтгэгчийн хувьд Баян-Өлгий аймгийн  Засаг даргаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1-01/20 дугаартай Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт өгсөн үүрэгт салбар танхимд хичээл явуулахгүй байгаатай холбогдуулан багш ажилчдыг ажлаас халж, чөлөөлөхгүй байх, шинээр багш ажилтан авахгүйгээр төсвийн хэмнэлтийн горимоор ажиллаж өндөр настны тэтгэвэр тогтоолгох болон бусад ямар нэгэн орон тоо бий болсон үед мэдэгдэх” гэх албан тоот болон Монгол улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаартай тогтоолын 1.2-д “Короно вирус цар тахлын өвчний үед шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоо нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх” гэх заалтыг баримтлан ажиллаж байна.

Нэхэмжлэгч Е  нь тус сумын Хүүхдийн цэцэрлэгт нэхэмжлэлд бичсэн 3, 4 дүгээр саруудад эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр мэргэжлийн дагуу үндсэн багшаар томилогдсон шийдвэр гаргаагүй, хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй, ажил үүргэ гүйцэтгээгүй тул  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул Е ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Улаанхус сумын Засаг даргын захирамжаар тус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхэгчээр томилогдсон. Е ийг сумын Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллуулах шийдвэр гараагүй ба багшаар ажиллаж байгаагүй болно. Улс даяар сургууль, цэцэрлэгүүд 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр танхимын хичээл эхлүүлэхдээ Мэргэжлийн хяналтын байгууллагаас багш ажилтнууд шинжилгээнд хамрагдаагүй гэсэн шалтгаанаар танхимын хичээл эхлүүлэхийг зөвшөөрөөгүй. Тухайн үед тус цэцэрлэгт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийн ажиллагаа хийж байгаад  2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжиж хүүхдүүдийг авч эхэлснээс хойш Е  үндсэн багшийн орон тоонд томилуулан ажиллуулах талаар надад өргөдөл гаргаж байгаагүй болно. Е  ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш цэцэрлэгийн зарим нэг эд хогшил болон өөрийн хэрэглэж байсан эд зүйлийг хүлээлгэж өгөхгүй 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл явсан юм.

Мөн Е  нь тус цэцэрлэгт үндсэн багшаар ажиллаж байгаагүй талаар 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 11 дугаартай албан бичгээр шүүхэд тодорхой тайлбарлаж нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчийн хувьд Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1-01/20 дугаартай Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт өгсөн үүрэгт “салбар танхимд хичээл явуулахгүй байгаатай холбогдуулан багш ажилчдыг ажлаас халж, чөлөөлөхгүй байх, шинээр багш ажилтан авахгүйгээр төсвийн хэмнэлтийн горимоор ажиллаж өндөр настны тэтгэвэр тогтоолгох болон бусад ямар нэгэн орон тоо бий болсон үед мэдэгдэх” гэх заалт болон Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 43 дугаартай тогтоолын 1.2-д “Корона вируст цар тахлын өвчний үед шинээр ажлын чиг үүрэг, албан тушаал бий болгохгүй, орон тоог нэмэгдүүлэхгүй байх, өндөр насны тэтгэвэр тогтоолгож чөлөөлөгдсөн ажилтан, албан тушаалтны орон тоог царцааж, нөхөн томилгоо хийхгүйгээр цалингийн зардлыг хэмнэх” гэх заалтыг баримтлан ажиллаж байна. Мөн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн аймгийн ИТХ-ын 3 дугаар хуралдаанаар “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийг сонгон шалгаруулах журам”-ыг баталсан. Уг журмаар сургууль цэцэрлэгт гарсан сул орон тоонд ажилд орох багш нарыг Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын баг сонгон шалгаруулахаар зохицуулсан.

Дээрх журмын хүрээнд аймгийн хэмжээнд багш сонгон шалгаруулж авах ажлыг Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг 2021 оны 4 дүгээр сард 1 удаа зохион байгуулж байсан үүнд нэхэмжлэгч Е ийн орсон ороогүйг мэдэхгүй байна. Надад энэ талаар мэдэгдээгүй болно. Мөн сургууль, цэцэрлэгийн удирдлагууд энэхүү журмыг баримтлахгүйгээр багш ажилд авахгүй болохыг үүрэг болгосон юм. Нэхэмжлэгч Е  нь тус сумын Хүүхдийн цэцэрлэгт нэхэмжлэлд бичсэн 3, 4 дүгээр саруудад эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр мэргэжлийн дагуу үндсэн багшаар томилогдсон шийдвэр гараагүй, хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй, ажил үүрэг гүйцэтгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Е ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Е  нь анх шүүхэд хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргад холбогдуулан тус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа тус сумын Хүүхдийн цэцэрлэгийн үндсэн багшаар томилуулан ажиллуулахыг ажил олгогчид даалгаж, 2021 оны 03, 04 дүгээр саруудын цалин болох 2.000.000 төгрөг гаргуулах тухай гэж өөрчилж мөн жинхэнэ хариуцагчаар Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийг татах тухай хүсэлт гаргаснаар тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШЗ2021/01605 дугаартай захирамжаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргыг жинхэнэ хариуцагч болох аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэг/ эрхлэгч А /-ээр сольсон болно.

Улмаар нэхэмжлэгч Е ээс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зөвхөн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгээс 2021 оны 3 болон 4 дүгээр сарын цалин гэж 2.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийг үндсэн багшийн ажилд томилсон тухай эрхийн акт гаргаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул олгох боломжгүй гэж маргажээ.

Шүүх хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь, нэхэмжлэгч Е ийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/226  дугаартай шийтгэх тогтоолоор нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е ийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 7.000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсан ба уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаснаар 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021/ДШМ/09 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын Е д холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн байна.

Уг магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаснаар 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн  Монгол улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын зөвлөгөөний 39 дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Гэтэл нэхэмжлэгч Е  нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын Б/04 дугаартай захирамжийн 1 дэх заалтаар түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан авлигын гэмт хэрэгт холбогдож, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, удирдах ажилтны ёс зүйн дүрмийг зөрчиж байгаа гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, 3 дахь заалтаар Е ийг мэргэжлийн дагуу шүүхийн эцсийн шатны шийдвэр гарах хүртэл ажилтай болгож, зохих журмын дагуу цалинжуулахыг тус цэцэрлэгийн эрхлэгч А -д зөвшөөрсөн байжээ.

Уг захирамжийн дагуу Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгт 2021 оны 3 болон 4 дүгээр сард нэхэмжлэгч Е  үндсэн багшаар ажилласан нь хавтаст хэрэгт авагдсан:

-хариуцагч байгууллагын эрхлэгчийн гаргасан “Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэг”-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2021 оны 3 дугаар сарын тайлан болон тус цэцэрлэгт  ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 3 дугаар сарын Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын ажилчдын нэрсний жагсаалтын 29-рт Е БК87082068 регистрийн дугаартай 3 дугаар сард 1.133.005 төгрөг мөн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Е д олгосон лавлагаанд 2021 оны 3 дугаар сард ажилласан цалин 1.133.005 төгрөг гэх лавлагаагаар,

- Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн 2021 оны 3 дугаар сар бүтэн, 4 дүгээр сарын 09-ний өдөр дуустал хугацааны цагийн бүртгэл болон нэхэмжлэгчийн цэцэрлэгийн хүүхдүүдэд хичээл зааж байсан талаарх фото зургууд,

-хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн  Улаанхус сумын төвийн хүүхдийн цэцэрлэгт шалгалт хийсэн тэмдэглэлд “... цэцэрлэгийн эрхлэгч А , нярав Д , ня-бо Майрагүл, цэцэрлэгийн багш Е  нар байлцав гэх тэмдэглэлээр,

-мөн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын А ийг цэцэрлэгийн эрхлэгчээр түр томилох тухай Б/05 дугаар захирамжийн 4 дэх заалтад Е ийг мэргэжлийн дагуу шүүхийн эцсийн шатны шийдвэр гарах хүртэл ажилтай болгож, зохих журмын дагуу цалинжуулахыг тус цэцэрлэгийн эрхлэгч хариуцагч А д даалгасан болон 5 дугаар сард тус цэцэрлэгийн ажилтан мод тарьсан фото зурагт нэхэмжлэгч Е  байсан талаарх хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Хариуцагчаас нэхэмжлэгч Е ийг үндсэн багшийн ажилд томилсон тухай тушаал гаргаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй мөн 2021 оны 4 дүгээр сарын 09-ээс хойш COVID цар тахлын улмаас ажиллаагүй тул цалин олгох боломжгүй гэж маргаж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч тус цэцэрлэгт  2021 оны 3 болон 4 дүгээр сард ажилласан болох нь тогтоогдож байгаа бөгөөд уг бичгийн нотлох баримтуудыг хариуцагчаас үгүйсгэж чадаагүй тул нэхэмжлэгчээс Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар ажил олгогчоос дээрх ажилласан сарын цалингаа нэхэмжлэх эрхтэй байна гэж шүүх үзлээ.

Харин ажил олгогч буюу хариуцагчаас Нийгмийн даатгалын байгууллагад өгсөн тайланд нэхэмжлэгч Е  нь 3 дугаар сард ажиллаж гарсан цалин нь 1.133.005 төгрөг,  Е д аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс олгосон лавлагааг мөн 2021 оны 4 дүгээр сарын цалинг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээ”-ний ТҮБД-4-ийн 2 дугаар шатлалаар 825523 төгрөгийн цалин авдаг болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байгааг тус тус үндэслэж нэхэмжлэгчийн 2021 оны 3 болон 4 дүгээр сард ажилласан хугацааны цалин  1.958.528 (1.133.005+825523) төгрөг байна гэж шүүх үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгээс 2021 оны 3 болон 4 дүгээр сард ажилласан цалин болох 1.958.528 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е д олгож, илүү нэхэмжилсэн 41472 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 1.958.528 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 46286 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд цуглуулж өгсөн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын даргын “Улаанхус сумын Засаг даргад” хаягласан 316 дугаартай зөрчил арилгуулах тухай албан бичиг, 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын “Тооллогын комисс байгуулах тухай” А/54 дугаар захирамж, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны Улсын ахлах байцаагчийн “Дутагдсан хүнсний материалын үнийг төлүүлэх” тухай 18-03/18 дугаартай мөн “илүү зарцуулсан хоолны мөнгийг төлүүлэх тухай” 18-03/19 дугаартай актууд, 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Ажлын хэсгийн дүгнэлт, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Авлигатай тэмцэх газрын “Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга З ”-д хаягласан хяналт шалгалт хийлгэх тухай 05/4095 албан бичиг, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хурлын протокол зэрэг бичгийн нотлох баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, ач холбогдолгүй нотлох баримт тул шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан хариуцагч  Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгээс 2021 оны 3 болон 4 дүгээр сард ажилласан цалин болох 1.958.528 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е д олгож, илүү нэхэмжилсэн 41472 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 46286 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ