Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2021/00512

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М даргалж, шүүгч Б.М, шүүгч Ж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багт оршин суух, Э ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух, М д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э , түүний өмгөөлөгч А, хариуцагч М, түүний өмгөөлөгч С.А, иргэдийн төлөөлөгч Т , орчуулагч Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 3.090.914 /гурван сая ерэн мянга есөн зуун арван дөрвөн/ төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч Э ын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э  нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Петровис шатахуун түгээх станцын хажуу талын засмал замаар явган явж байгаад зам тээврийн осолд орж биедээ хүнд гэмтэл авсан юм. Тэгээд толгойнд битүү гэмтэл авсан ба суурь яс хугарсан юм. Аймгийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн юм. Харин тухайн үед намайг тээврийн хэрэгслээр мөргөсөн жолооч М нь эмчилгээний зардлыг төлж өгсөн гээд шүүх хуралдааны үед мэдүүлсэн байсан юм. Би аймгийн нэгдсэн эмнэлгээс гарсны дараа Улаанбаатар хотод 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр очиж хувийн эмнэлэгт үзүүлээд 5 хоног хэвтэн эмчлүүлж ирсэн. Улаанбаатар хотод эмчлүүлэхээр очих үед төрсөн дүү болох Сагсай сумын 7 дугаар багт оршин суудаг Мө аас 2.600.000 төгрөгийг зээлдэж авч хотод очсон юм. Мөн өөрийн карманаас ирж буцах зардалд 174.000 төгрөг, Дархан хотод очиж бариачид тархийг бариулахаар очсон гал тэргэнд нэг талын зардал 12.000 төгрөг, хоёр талдаа 24000 төгрөг, 7 хоног эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө 125.000 төгрөг мэдээгүйжүүлэлтийн зардалд 72914 төгрөг, мөн дүүгээс зээлдэж авсан 2.600.000 төгрөг, нийт 3.090.914 төгрөгийн бодит хохирол гарсан юм. Гэтэл би Мд уулзаж гарсан зардлын төлүүлж авахаар очиход намайг чирэгдүүлж өгөхгүй байгаа юм. Би байнга татаж унадаг өвчтэй болсон. Мөн эмчийн хяналтад байгаа ба сар бүр үзүүлдэг юм. Мыг шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн юм. Дүүгээс зээлдэж авсан мөнгөний нотлох баримтыг шүүхийн шатанд гаргаж өгөх болно. Мд миний бие маш гомдолтой байгаа юм. Анхан шатны шүүх нэхэмжлэх эрхийг минь нээлттэй орхисон. Иймд Маас хохиролд 3.090.914 төгрөг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э ын шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Миний бие 2020 он 5 дугаар сарын 15-ны өдөр Цахилгаан станцын хойд талын гарцаар гарч яваад автомашины аваарт орсон. Тэгээд би ухаан ороод харахад 2 гар хүлээстэй, эмнэлгийн тааз харагдаж байсан. Миний ах, дүү нар бүгд ирээд надад сэхээнээс хагалгаанд ороод гарсан гэж хэлж байсан. Тэгэхэд би 6 хоног ухаангүй байгаад ухаан орсон байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Маргулан гэдэг эмч ирж, надтай уулзаад чи азтай, амьд үлдсэн. Улаанбаатар хот руу явуулах гэж танай ах, дүү нар хөөцөлдсөн боловч Корона вирусээс болж бүтээгүй гэж хэлсэн. Би хотод байдаг зөвлөх эмчтэйгээ ярьсан, хажууд чинь О  гэдэг бэргэн эгч чинь байсан. Уг хотод байдаг эмч бид хоёр зөвлөлдөөд, хагалгааны үед нас барсан тохиолдолд гомдолгүй гэж төрсөн ах, эгч, бэргэн эгч нараас чинь гарын үсэг зуруулсан гэсэн. Би энэхүү гэмтлийн улмаас Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр болж төрсөн дүү Мө аас 2.600.000 төгрөг авсан. Тэгэхэд М надад мөнгө байхгүй би араас чинь явуулна гэж хэлж байсан. Би дүүгээсээ авсан мөнгөөр 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот явсан. Улаанбаатар хотод  ахыгаа дагуулаад Гэмтлийн эмнэлэг очиход эмч нь намайг чи машин дайруулсан гэж утгагүй юм ярьж байна, хүнд зодуулсан юм уу гээд миний Регистрийн дугаарыг хийж үзэнгүүтээ 2016 онд Баян-Өлгий аймагт хувийн эмнэлэгт үзүүлсэн байна, та нар яах гэж ийм юм надад авчирдаг юм бэ? Баян-Өлгий аймагт төмөр хадаж хийдэг, үүнийг Улаанбаатар хотод хийдэггүй гэж намайг загнасан.

Гэмтлийн эмнэлэг намайг үзээгүй тул би хувийн эмнэлэгт үзүүлсэн. Хувийн эмнэлэгт 4 дэх хоногтоо хэвтэн эмчлүүлж байхад 5 дахь хоногт нь Ковид-19 өвчин Монголд гарсан тул намайг эмнэлгээс гаргасан. Тэгэхэд тус хувийн эмнэлгийн эмч нь энэ хагалгааг Баян-Өлгий аймаг байтугай Улаанбаатар хотод хийж чадахгүй. Энэ гэмтлээ Хөх хотод очиж эмчлүүлнэ гэж хэлсэн. Би тэр гарсан зардлаа Маас гаргуулахын тулд өмгөөлөгч аваад, гарсан зардлаа тооцоолж үзэхэд 3.090.914 төгрөг гарсан. Би дүүгээс зээлдэж авсан 2.600.000 төгрөгийг Улаанбаатар хот очиж эмчлүүлсэн зардалдаа хэрэглэсэн. Би уг мөнгийг замын зардалд, хэвтэж эмчлүүлсэн Ачтан эмнэлгийн эмчилгээнд, хувцас хунар авсан, хоолонд орсон, буудалд хэвтэхэд зарцуулсан. Миний нэхэмжилж байгаа мөнгө тооцоо хийхэд, яг баланс барьж байгаа. Би Улаанбаатар хот явж, ирсний замын зардал 174.000 төгрөг, зам зуурын хоолонд орсон мөнгө, Улаанбаатар хот очиж байгаа учир шинээр хувцас худалдаж авсан, би Улаанбаатар хот явсны дараа миний эхнэрээс Э ын  эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгийг авна гэж аймгийн нэгдсэн эмнэлгийн ахлах сувилагч нь 125.000 төгрөг авсан байна. Мөн 74.496 төгрөгийг өвөл би хөлөө хөлдөөхөд хэвтэн эмчлүүлэхэд ор хоногийн мөнгө гэж авсан мөн баавгайн тос зэргийг худалдаж авсан. Миний тархи хөдөлсөн байсан тул Дархан хот очиж тархиа бариулсан. Дархан хот руу төмөр замаар очиж, ирэхэд 24.000 төгрөг, бариачид 140.000 төгрөг өгсөн. Тэгээд Ачтан эмнэлэгтэй холбогдож үзэхэд Улаанбаатар хотод Корона вирус гарснаас болж манай эмнэлгийг битүүмжилсэн байгаа, чиний эмчилгээнд 700.000 төгрөг болсон байна. Материалыг чинь дараа явуулна. Чамайг Хөх хот руу явуулж эмчлүүлнэ гэж байхад чиний ах Корона вирус гарахад аваад явсан гэж хэлсэн. Би цаашдаа толгойгоо дахиж эмчлүүлэхээр байгаа учраас цаашдаа гарах зардлыг Маас нэхэмжилнэ.

Тэгээд миний ах, дүү нар чи авсан мөнгөө өгөөгүй, шүүх хуралдаанд группт гаргаж өгнө гэж уучилчихсан, одоо группт гарсан зүйл байхгүй, ажил хийсэн зүйл байхгүй гэж зэмлэдэг. Би одоо эмнэлэгт үзүүлье гэхэд хөдөлмөрийн чадвар алдсан хувь хаана байгаа вэ гэдэг. Би Маргулан эмчид группт гаргаж өг гэж очиход би чамайг группт гаргаж өгнө гэж хэлээгүй, чиний хөдөлмөрийн чадвар алдсан хувь хаана байгаа вэ? би Мтай тохиролцоогүй, би харин ч чиний амийг аварсан эмч байна гэж загнасан. 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би энэ гэмтлээсээ болж гадаа унаад, хоёр хөлийнхөө тавхайг хөлдөөгөөд эмнэлэгт очиж хэвтсэн. Эмнэлэгт хэвтэхэд намайг эрүүл мэндийн дэвтэргүй гэж 74496 төгрөг авсан. Одоо би нэхэмжлэлдээ бичсэн мөнгийг Маас гаргуулж, дээрээс нь цаашдаа эмчилгээнд гарах зардлыг Маас гаргуулахаар шүүхийн шийдвэр гаргуулахыг хүсэж байна гэв.

 Хариуцагч Мы шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э ын надаас 3.090.914 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Би Э т учирсан бодит хохирлыг төлсөн. Одоо өгөх үндэслэл нотолгоо байхгүй. Гэмтлийн зэрэг нь ”хүнд” гарсан бөгөөд Улаанбаатар хотод очихдоо ч гэсэн гэмтлийн зэрэглэл хэвээр байх талаар эмч нар үзэж тайлбарласан. Э  гэмтлээ Баян-Өлгий аймагт эмчлүүлэх бүрэн боломжтой байсан. Хохирогчийн бусдаас зээл авсан бариачид үзүүлсэн зэрэгт би хариуцахгүй гэж бодож байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Мы шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчид эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгч авах, авахгүй талаар юм хэлээгүй. Э т өмгөөлөгч аваарай гэж хэлэхэд би өмгөөлөгч авахгүй гэж өөрөө хэлж байсан. Э  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад гарсан бүх зардлыг нь би төлж, барагдуулсан. Одоо надаас нэхэмжилж байгаа мөнгөний ямар нэгэн нотлох баримт байхгүй. Тиймээс би энэ мөнгийг төлж өгч чадахгүй. Би одоо шүүхээс тэнсэн харгалзах ял сонсож, жолоодох эрхээ хасуулсан тул ийш, тийш явж чадахгүй байгаа тул энэ мөнгийг төлж өгч чадахгүй. Э  эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн талаар нотлох баримт байхгүй тул эмнэлэгт хэвтээгүй гэж үзэж байна. Э  хөлөө хөлдөөсөн тул эмчлүүлсэн гэж хэлж байна. Би тэр мөнгийг төлөх ёсгүй гэж үзэж байна. Э тай уулзахаас зайлсхийж, зугтсан зүйл байхгүй. Би хэд хэдэн удаа уулзахаар гэрт нь очиж байсан. Гэрт нь очиход Э  архи ууж ирээд, гэр орондоо агсам тавиад, эхнэр лүүгээ хутга барьж гүйж агсам тавьсан. Дараа нь дахиад 1 удаа очиход архи ууж, гэр орондоо агсам тавиад, шүүхийн шийтгэврээр баривчлагдсан байгаа гэж эхнэр нь хэлсэн. Тийм учраас Э тай уулзаж чадаагүй. Э  Улаанбаатар хот руу ажлаар явах гэж байна гэж надад хэлж байсан. Э  Улаанбаатар хот руу ямар нэгэн эмчилгээ хийлгэхээр яваагүй. Улаанбаатар хот руу явсны дараа 5 хоногийн дараа над руу утасдаад би буцах гэж байгаа, надад буцах зардлын мөнгө өг гэхэд би өвлийн идэшний үе болж байгаа тул би танд мөнгө өгөх боломжгүй байгаа гэдгийг хэлсэн. Э ын дүүгээсээ авсан зээлийг би хариуцах ёсгүй. Хэрвээ өөрийнхөө эмчилгээнд зарцуулсан бол би уг мөнгөний талыг нь ч байсан хариуцаж, төлж өгөх байсан. Би нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөнөөс 400.000 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрч байна гэв.

Иргэдийн төлөөлөгч Т  шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ: Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э т хариуцагч Маас 400.000 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрсөн. Талууд хоорондоо эвлэрсэн нь зөв гэж бодож байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э  нь хариуцагч Мд холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж 3.090.914 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь, хариуцагч М нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн орой 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын хажуугийн засмал замаар 21-39 БӨА улсын дугаартай “Зил-130” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож яваад тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн иргэн Э ыг мөргөж, зам тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн гарын зориуд орхиж зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/169 дугаартай шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

Уг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтаар хариуцагч (шүүгдэгч) М нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохиролд 1.660.100 төгрөгийг нэхэмжлэгч (хохирогч) Э т төлснийг дурдаж, хохирогч буюу нэхэмжлэгч Э  нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний   хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйл 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Мд холбогдуулан тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байжээ.

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №208 дугаартай дүгнэлтээр уг гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Э ын биед тархины битүү гэмтэл, тархины няцралт, тархины баруун тал бөмбөлгийг хамарсан баруун тал хэсгийн цусан хураа, чамархай болон суурь ясны хугаралт, тархины хаван гэмтэл буюу хүнд гэмтэл авчээ.

Нэхэмжлэгч Э аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Мы намайг мөргөж, зам тээврийн осол гаргаснаас миний бие хүнд гэмтэл авч эрүүл мэндэд маань хохирол учирч, түүний улмаас Улаанбаатар хотод эмчлүүлэхээр очих, буцах зардал 174000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт 7 хоног хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө 74496 төгрөг, Дархан хотод очиж бариачид тархийг бариулахаар гал тэргээр очсон хоёр талын замын зардал 24000 (нэг тал нь 12.000 х 2) төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр эмчилгээ хийлгэсэн ор хоногийн мөнгө 125000 төгрөг, мэдээгүйжүүлэлтийн зардалд 72914 төгрөг, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр явах үед төрсөн дүү Ж.Мө аас зээлдэж авсан 2.600.000 төгрөг, нийт хохиролд 3.090.914 төгрөг гарсан гэж тайлбарлажээ. Хариуцагч эс зөвшөөрч  нэхэмжлэгч Э ын бусдаас зээл авсан бариачид үзүүлсэн зэргийг би хариуцахгүй  бөгөөд зам тээврийн ослоос тархиндаа эмчилгээ хийлгэсэн бол төлж өгье гэжээ.

Нэг: Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлээ.

1.1 Нэхэмжлэгч Э ын хариуцагч Маас Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр очих болон буцах зардал гэж 174000 төгрөг нэхэмжилсэн боловч Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэх болсон талаарх эмчийн бичиг буюу Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас” зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгч  нотолж чадаагүй.

1.2  Дархан хотод очиж бариачид тархийг бариулахаар гал тэргээр очсон хоёр талын замын зардал гэж 24000 төгрөг нэхэмжилсэн боловч бариачид тархи бариулсан эсэх талаарх бичгийн нотлох баримтгүй.

1.3 Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхээр явах үед төрсөн дүү Ж.Мө аас  зээлдэж авсан гэж 2.600.0000 төгрөг нэхэмжилж үүнтэй холбогдуулан Мө ын Төрийн банкин дахь MN5900342900167228 дугаартай “Малчны зээл”-ийн  Зээлийн дансны харилцагчийн хуулга, уг малчны зээлийн дансны төлбөрийн хуваарь зэрэг бичгийн нотлох баримтыг гаргаж өгсөн боловч түүний төрсөн дүү Ж.Мө д 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 5.100.000 төгрөгийн малчны зээл олгосон нь түүний Төрийн банкны 29090016722 дугаартай зээлийн дансны харилцагчийн хуулгаар нотлогдож байгаа бөгөөд уг зээлийг авахдаа хамтран зээлдэгчээр нэхэмжлэгч Э  нь гарын үсэг зурсан байх ба энэхүү зээл нь хариуцагч Мы 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн гэмт хэрэгт үйлдсэн хэрэгт шууд хамааралгүй буюу нэг жилийн өмнө  авсан зээл байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн дүү нь болох Ж.Мө аас 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ах Э т Улаанбаатар хотод очиж эмчилгээнд явахаар болж 2.500.000 төгрөгийг Төрийн банкнаас зээл авч өгсөн. Уг зээлийг авахдаа хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан гэж нотариатаар гэрчлүүлж тодорхойлолт олгосон боловч нэхэмжлэгч Э ын хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан зээл нь 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн MN5900342900167228 дугаартай “Малчны зээл” болох нь уг малчны зээлийн дансны төлбөрийн хуваариар тогтоогдож байна.

Нөгөөтээгүүр дүү нь гэх Ж.Мө аас зээлдэж авсан гэх 2.600.000 төгрөгийг нэхэмжлэгч Э аас Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн эсэх талаарх тус тус бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч нотолж чадаагүй болно.

1.4 Нэхэмжлэгч Э аас 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр эмнэлэгт хэвтэн эмлүүлсэн ор хоногийн мөнгө 125000 төгрөг, мэдээгүйжүүлэлтийн зардал 72914 төгрөг, нийт 197914 төгрөгийг нэхэмжилж үүнтэй холбогдуулан анх авто осол болох үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийг нотлох баримтаар ирүүлсэн боловч 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/164 дугаартай шийтгэх тогтоолд “... хохирогч буюу нэхэмжлэгч Э ын мөрдөн шалгах явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт: ... Хэргийн улмаас надад хэдэн төгрөгийн бодит хохирол учирсныг хэлж мэдэхгүй байна. Учир нь, энэ хугацаанд гарсан эмчилгээний зардал болон бусад зардлыг М бүрэн төлж барагдуулсан. Гар утасны хохирлыг ч төлж барагдуулсан. Өнөөдрийг хүртэл надаас нэг ч төгрөгийн зардал гаргаагүй...” гэх мэдүүлгээр тухайн ор хоногийн болон мэдээгүйжүүлэлтийн зардлыг хариуцагчаас төлж өгсөн болох нь тогтоогдлоо.

1.5 Мөн нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 7 хоног хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн мөнгө гэж 74496 төгрөг, хэвтэн эмчлүүлж байхдаа “Жалбыз” эмийн сангаас бинт, бавгайн тос авахад 28600 төгрөг  тус тус төлсөн гэж нэхэмжилсэн боловч 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Э ын өвчний түүхэд ямар шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон талаарх эмчийн бичилтэд хоёр хөлийн тавхай хөлдөлтийн 2 дугаар зэргийн өвчилтөөр хэвтэн эмчлүүлсэн талаар бичигдсэн ба уг хоёр хөлийн тавхай хөлдөлт нь Э ын авто аваарын улмаас тархиндаа авсан гэмтлээс болсон эсэх талаарх эмчийн бичилт байхгүй тул эдгээр хохирол гэж  нэхэмжлэгч Э ын хариуцагчаас нэхэмжилсэн нийт 3.090.914 төгрөг нь хариуцагч Мы гэм буруутай үйлдэлд шууд шалтгаант холбоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед хариуцагч Маас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 3.090.914 төгрөгөөс 400.000 төгрөгийг төлж өгөхөөр болж зөвшөөрсөн мөн Иргэдийн төлөөлөгчөөс хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр шийдвэрлэх талаар гаргасан дүгнэлтийг үндэслэж хариуцагч Маас хохиролд 400.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э т олгож  шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Энэхүү нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэл тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул түүний  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Э т олгож, хариуцагч М аас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээ болох 400.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 12650 төгрөгийг гаргуулан улсын орлого болох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М аас хохиролд 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2.690.914 /хоёр сая зургаан зуун ерэн мянга есөн зуун арван дөрвөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 0100020000941 дугаартай данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Э т олгож, хариуцагч М аас улсын тэмдэгтийн хураамжид 12650 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      М

                        ШҮҮГЧИД     Б.М                                                                                                   Ж