Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/145

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Э.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Н.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Х овогт Н-ийн Д-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305006980043 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймаг Архуст суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, *** ХХК-д ахлах ажилтай, ам бүл 1, Баянгол дүүрэг *** хороо  май тоун үйлдвэрийн төвийн бүс *** байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Н-ийн Д-.

 

Шүүгдэгч Н.Д- нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Stella шөнийн цэнгээний газарт хохирогч Д.Т-ыг зодож түүний биед баруун хоншоор ясны хугарал, баруун 1 /11 дүгээр/, зүүн 1 /12 дугаар/, шүдний булгарал, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимад цус хуралт, баруун хацарт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Н.Д- мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.  

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... Гэрч Н.Б-д 1-5 хүртэл дугаарласан хүний зургийг харуулахад ямар нэгэн эргэлзээгүйгээр 4 дугаараар тэмдэглэсэн хүнийг зааж энэ хүн мөн байна гэж хэлэв. ... Уг залуу нь Т-атай маргалдаад ариун цэврийн өрөө рүү орсон. Гарч ирэхдээ цохиулчихсан гарч ирсэн. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 13-15 дахь тал/

 

Хохирогч Д.Т-ын “... 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шөнө 23 цагийн үед найз Шинэтөр, Б-, Цэнджав нарын хамт Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Stella шөнийн цэнгээний газарт орсон. Тус шөнийн цэнгээний газарт ороод 0,75 литрийн хэмжээ бүхий 1 шил архи аваад хувааж ууцгаасан.  2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ний өдөр шилжих шөнө 02 цагийн үед бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байсан чинь үл таних залуучууд шахаад байхаар нь маргалдсан. Маргаж байсан үл таних залуу Н.Д- нь миний нүүр, шүд хэсэг рүү цохих үед миний 1 шүд унасан. Би түүнтэй зуурч байх үед найз Шинэтөр хүрч ирж салгаад бид нар ширээн дээрээ эргээд суусан. Шөнийн цэнгээний газрын хамгаалагч над дээр хүрч ирээд та нартай уулзъя гэж хэлээд ариун цэврийн өрөө рүү дагуулж явсан бөгөөд ариун цэврийн өрөөнд орох үед өмнө нь намайг цохисон үл таних залуу Н.Д- миний нүүр хэсэг рүү цохих үед ахин нэг шүд хөдөлсөн.

Манай найзууд зодоонд оролцсон зүйл байхгүй. Миний эрүүл мэндэд халдсан залуутай би зодоон хийгээгүй. Тэр залуу миний эрүүл мэндэд халдсан. Би харвал танина. Сая цагдаа нартай хамт энд ирсэн байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-20 дахь тал/

“... Би эмнэлэгт үзүүлсэн зардал болон Этикс эмнэлгийн шүд эмчлэх янзлах зардалд эвдлүүлсэн гар утас зэрэг нийлээд 4,800,000 орчим төгрөг болж байгаа. Би эдгээр зардал мөнгөө гаргуулмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-24 дэх тал/

“... Ариун цэврийн өрөөнд намайг цохисон залуу, бүжгийн талбай дээр цохисон залуу 2 нэг хүн байсан. Манай найз Б- буруу зөрүү хараад андуурсан юм байлгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-27 дахь тал/

“... Би эмчилгээний зардалд шүдний зардал 3,600,000 төгрөг, гар утас 250,000 төгрөг, өөр бусад шинжилгээ үзлэгт маш их мөнгө зарцуулсан хавтаст хэрэгт байгаа баримтууд нийлээд нийт 4,699,510 төгрөгийн хохиролтой байна. Сэтгэл санааны хохирол гээд байх зүйлгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30 дахь тал/

 

Гэрч Н.Б-ий “...Т-а нэг хүнтэй гэнэт маргаан болоод явсан бөгөөд энэ үед намхан залуу цохиж унагаасан. Би хажууд нь байсан тул шууд салгаад хоёр тийш салгаж найзыг аваад явсан. Бид 2 ширээн дээрээ ирэхэд Т-а миний 2 шүд унасан тухай хэлсэн ба энэ үед шөнийн цэнгээний газрын хамгаалагч нэг залуу нь хүрч ирээд таныг зүгээр юм яръя гэж байна гэхээр нь би Т-ын хамт ариун цэврийн өрөө орсон чинь намайг үүдэнд оруулахгүй байсан ба манай найзыг яваад орох үед нь анх цохисон залуугийн найз нь гэх өндөр туранхай залуу нь шууд нүүр хэсэгт нь гараараа цохиж байсан бөгөөд энэ үед хамгаалагч бид 2 дундуур нь ороод салгасан юм.

... Бүжиглэж байгаад нэгнээ шахаад л тийм маргаан болсон байх. Надтай бол ямар нэг маргаан болсон зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 38-39 дэх тал/

“... Би тухайн үедээ сайн анзаараагүй байна. Сүүлд Т-а өөрөө хэлэхдээ өндөр нь л цохисон гэж надад хэлсэн. Тэр өндөр залуутай хамт явж байсан найзыг нь би хажууд байсан болохоор цохисон гэж ойлгосон. Тэрнээс бол сайн анзаараагүй байж. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 40-41 дэх тал/

 

Гэрч Б.М-ын “... энэ үед манай найз Д- ариун цэврийн өрөө орсон чинь нөгөө хэдэн хүмүүс дагаад ариун цэврийн өрөө орж байгаа харагдсан. Тэгээд тэнд яг юу болсон талаар би хараагүй бөгөөд ахиад ариун цэврийн өрөөнөөс хамгаалагч нар дагуулаад гараад ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 44-45 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2030 дугаартай:

“...1.Д.Т-ын биед баруун хоншоор ясны хугарал, баруун 1 /11/, зүүн 1 /12/-р шүдний булгарал, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимад цус хуралт, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3.4.6 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Учрах үедээ амь насанд аюулгүй.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 56-57 дахь тал/

 

Дүрслэл оношилгооны хариу. /хэргийн 58 дахь тал/

 

Ашид Б- ХХК-ны 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-723/6464 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хэргийн 66-68 дахь тал/

 

Н.Д-ын яллагдагчаар өгсөн “...Би хийсэн үйлдлийнхээ гэм бурууг ойлгож ухамсарласан. Би Д.Т-а гэх хүнд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 116-117 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Н.Д- нь найз нарын хамтаар 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Stella шөнийн цэнгээний газар үйлчлүүлсэн ба тухайн газраар үйлчлүүлж байсан хохирогч Д.Т-атай бүжгийн талбай дээр үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэжээ.

Уг маргаанаас үүдэлтэйгээр шүүгдэгч Н.Д- нь хохирогч Д.Т-ыг зодож түүний биед баруун хоншоор ясны хугарал, баруун 1 /11 дүгээр/, зүүн 1 /12 дугаар/, шүдний булгарал, баруун дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимад цус хуралт, баруун хацарт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Н.Д- нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас хохирогч Д.Т-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Н.Д-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Д.Т-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №2030 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Шүүхэд хохирогч Д.Т-а нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт гарсан зардлын нэхэмжлэл бүрэн хангагдсан талаар “... Д-оос 4,699,510 төгрөг 2024.02.26-ны өдөр өөрийн дансаар хүлээн авсан. Ийм учраас Н.Д-т гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг, мөнгөн шилжүүлгийн баримтын хамт шүүхэд ирүүлсэн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Д-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний  цалин хөлсийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Н-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Д-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Д-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.Д- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Н.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Н.Д-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ