Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2021/01816

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2021/01816

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: О ХХК

 

Хариуцагч: Т.Д,

 

Хариуцагч:. Д.П/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 78,962,702.85 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Т.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, хариуцагч Д.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Д, Д.П нар нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр О ХХК-тай 50,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэйгээр 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Өмнө авсан байсан 300,000,000 төгрөг дээр нэмэлтээр зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөг нэмж олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн дүн 78,962,702 төгрөг болж байгаа. Зээлийн гэрээний барьцаанд Баянгол дүүргийн  дугаар хороо, Үйлдвэрийн бүс,  тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Хариуцагч нар нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.2, 4 дүгээр зүйлийн 4.2.3, 4.2.5, 4.2.16 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.9-д заасныг тус тус зөрчсөн. Тус зээлийн гэрээнд Д.П нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байдаг. Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.1, 7.2.4-т заасныг үндэслэж цуцалсан. Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг хариуцагч нар зөрчсөн. Зээлийн эргэн төлөлтийн хувьд үндсэн төлбөрийн хүүнд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1,735,956.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 43.73 төгрөг төлсөн. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үндсэн хүүгийн төлбөрт 1,900.244.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 46,255.01төгрөгийг төлсөн. Гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл 3,682,300 төгрөгийг л хариуцагч нар төлсөн байдаг. Зээлийн гэрээ байгуулсан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл буюу 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлсөн 3,682,300 төгрөгийг хасаад зээлийн үндсэн хүү 25,418,593.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,544,109.59 төгрөг, нийт 78,962,702.85 төгрөгийг нэхэмжилж байна. Сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Д итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааНэхэмжлэгч нэхэмжлэлдээ 78,962,702 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн 2 шаардлага гаргасан байгаа. Нэгдүгээр шаардлагын хувьд 78,962,702 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь зээл аваад нэмэлт зээлийн гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулж байсан боловч Ковид-19 цар тахал гарч Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлыг хэд хэдэн үе шаттайгаар тогтоосон. Үүнээс болж аж ахуй нэгжийн үйл ажиллагааг хязгаарласан байдаг. Дээрх үйл ажиллагаа хязгаарласан тогтоолуудыг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаргаад нийт 24 удаагийн тогтоол дахин гаргасан. Улбар шар буюу улаан бүсээс гарах хүртэл барилгын үйлдвэрлэл, барилга угсралтын ажил зогссон. Мөн худалдан авагчдын санхүүгийн чадамж муудсан тул С ХХК-ийн хөнгөн бетон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон барилгын ажилд саад учирсан. С ХХК-ийн эрхэлдэг 2 үйл ажиллагаа нь цар тахлын улмаас зогсонги байдалд ороод төлбөрийн чадваргүй болсон тул зээлээ төлж чадаагүй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд давагдашгүй хүчин зүйлийн тухай зохицуулалт байдаггүй. Гэхдээ Иргэний хуульд давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд тухайн үүргээс чөлөөлөх үндэслэлтэй гэж заасан. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр буюу зээлийн гэрээ байгуулснаас хойш 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацааны хүү төлөхийг зөвшөөрч байна. Энэ хугацааны хүү нь 3 сар буюу 5,250,000 төгрөг, төлсөн хүүг хасаад нийт 52,250,000 төгрөгийн зээл болон үндсэн хүүг төлнө. Бусад хэсгийг нь төлөх боломжгүй. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын хувьд барьцааны хөрөнгө нь С ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй, аж ахуйн нэгжид хамаарах объект болон газар бий. Барьцааны гэрээг иргэн Т.Д, Д.П нартай байгуулсан тул субьектын хувьд нийцэхгүй байна. Стройка ХХК нь өөрийн үл хөдлөх хөрөнгөө иргэн Т.Д, Д.П нарын 50,000,000 төгрөгийн зээлд барьцаалахыг зөвшөөрсөн бол тус компанийн хувь нийлүүлэгч нар, Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга нарын шийдвэр итгэмжлэлийн дагуу барьцаалах ёстой байсан. Гэтэл хэргийн материалд итгэмжлэл байдаггүй тул хуульд заасан шаардлагыг хангаагүй. 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн С ХХК-иас О ББСБ ХХК-иас авсан 300,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж, нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Гэтэл дараа нь байгуулсан зээлийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Энэ нь мөн хуульд заасан шаардлагыг хангаагүй тул ипотек албан ёсоор үүсээгүй гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан. Мөн энэ бүртгэл хийгдээгүй байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д барьцаа нь хуульд заасан болон талуудын хооронд байгуулсан гэрээгээр баталгаажна гэж заасан. Ипотекийн гэрээгээр үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан бол улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой. Барьцааны гэрээний хувьд зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д тухайн эд хөрөнгийг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээдэд давхар барьцаалахыг хориглоно гэж заасан байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээнд үл хөдлөх хөрөнгийг О ХХК-иас зөвшөөрөл аваагүй. Учир нь субьект солигдсон тул зайлшгүй зөвшөөрөл авах ёстой байсан. Одоогийн гэрээнд тухайн үл хөдлөх хөрөнгийг давхар барьцаалж байгаа гэх үг, өгүүлбэр байхгүй. Иймд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Д.П шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартааНэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл, хариуцагч Т.Д итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

          

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Т.Д, Д.П нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 78,962,702.85 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нь зээлийн үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч, Засгийн газрын тогтоолыг үндэслэн 2020 оны 2 дугаар сараас хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй үндэслэлгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зээлийн төлбөрт 78,962,702.85 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч Т.Д, Д.П нартай 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ЗГ01/001910017 тоот зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор 2 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлдүүлсэн байна.

О ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхээр Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу байгуулагдаж, зээлийн үйл ажиллагаа явуулдаг болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээнд хамаарч байна.

Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрийг хариуцагч Т.Д Хаан банк дахь 0000000000000 тоот дансанд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн талаар зохигчид маргаагүй.

Зохигчид 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр дээрх зээлийн гэрээтэй холбоотойгоор ЗГ01/001910017-01 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулж, зээлийн хүүг жилийн 42 хувь, гэрээний хугацааг өмнөх 2 сартай нийлээд 12 сарын хугацаатай байхаар сунгажээ.

Хариуцагч нар 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,736,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 1,946,300 төгрөгийг тус тус төлж, гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дуусахад зээлийн болон хүүгийн төлбөрийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зээлийн хүүнд төлсөн 3,636,201.26 төгрөгийг хасаад 25,418,593.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 46,098.74 төгрөгийг хасаад 3,544,109.59 төгрөг, нийт 78,962,702.85 төгрөгийг хариуцагч нараас шаарджээ.

Хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөгийн хэмжээний талаар маргаагүй бөгөөд зээлийн хүүг 2020 оны 2 дугаар 12-ны өдөр хүртэлх хугацаанд төлөх үндэслэлтэй буюу 5,250,000 төгрөгийн хүүг зөвшөөрч, үүнээс төлсөн төлбөрөө хасуулах санал гаргаж байна.

Үлдэх хугацааны хүү буюу 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны хүүг төлөхгүй үндэслэлээ Ковид-19 халдвар гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилэн шилжүүлж, улмаар 16 удаагийн тогтоолоор Бүх нийтийн бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн бөгөөд энэ хугацаанд С ХХК-ийн барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж заасны дагуу онцгой нөхцөл байдлын үеийн үүргээс чөлөөлөгдөх ёстой гэж маргаж байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч, зээлдүүлэгч нараас гэрээний хугацааг сунгаагүй, зээлийн гэрээний 6.1.1-д эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бол гэрээний 7.2.1-д зааснаар гэрээг цуцлахаар тохирчээ. Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар сар бүр зээлийн хүүг төлж, гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийг хүүгийн хамт төлөхөөр тохирсон байх ба зээлдэгч нар нь 2020 оны 1 дүгээр сарын 15-наас хойш огт төлөлт хийгээгүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3-т Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасныг талууд зөрчжээ.

Нэхэмжлэгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасныг баримтлан шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон байна.

Гэвч шүүхээс Иргэний хуулийн 221.3-т зааснаар нэхэмжлэгч тал гэрээг цуцалсан бол хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээ багасах байсан бөгөөд Ковид-19 цар тахлын улмаас аж ахуйн үйл ажиллагаа зогсож, доголдсон байдлыг харгалзан үзэж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс 1 сарын хугацаа нэмж буюу 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл тооцож гаргуулах нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчихгүй гэж үзлээ.

Гэрээ байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 395 хоногийн үндсэн хүү 32,750.000 төгрөгөөс төлсөн 3,636,201.26 төгрөгийг хасч, 19,.113798,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээл төлөх байсан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 30 хоногийн хугацаанд үндсэн хүүгийн 20 хувиар буюу 0.7 хувиар тооцоход 350.000 төгрөгийг тооцож гаргуулах нь зүйтэй байна.

Иймд хариуцагч нараас үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 69,463,798.74 мөнгийг гаргуулж, 9,498,904.11 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч О ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр БГ01/001910017 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг Т.Д, Д.П нартай байгуулж, Баянгол дүүрэг, дугаар хороо, Үйлдвэрлэлийн хаягт байрлах, 8,798 м.кв талбай бүхий, нэгж талбарын 0000000 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэлтэй, С ХХК-ийн газар эзэмших эрх, Баянгол дүүрэг,  дугаар хороо,  тоот хаягт байрлах, 948 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү00000000 дугаартай, С ХХК-ийн өмчлөлийн сэндвичин барилгыг тус тус барьцаалжээ.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ гэж тус тус заасан.

Зохигчийн хооронд байгуулсан 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр БГ01/00191 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэл болон Газрын албанд бүртгүүлээгүй байх тул хуульд заасан шаардлага хангаагүй гэрээ гэж үзнэ.

Мөн барьцааны зүйлийн өмчлөгч, эзэмшигч нь С ХХК байх бөгөөд компаниас барьцаанд тавих талаар зөвшөөрөл аваагүй, эрх бүхий этгээд нь хожим хүлээн зөвшөөрсөн үйлдэл хийгээгүй байх тул эрхгүй этгээдтэй байгуулсан гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл зохигчийн байгуулсан барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна гэж үзлээ.

Хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар шаардах эрхгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг,  дугаар хороо,  байрлах, 8,798 м.кв талбай бүхий, нэгж талбарын 000000000 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-000000000 дугаарт бүртгэлтэй, Стройка ХХК-ийн газар эзэмших эрх, Баянгол дүүрэг, тоот хаягт байрлах, 948 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-00000000000000 дугаартай, С ХХК-ийн өмчлөлийн сэндвичин барилгаар хангуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Т.Д Д.П нараас 69,463,798.74 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,498,904.11 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, хаягт байрлах, 8,798 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Э-00000000 дугаартай газар эзэмших эрх, Баянгол дүүрэг, тоот хаягт байрлах, 948 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгөөс хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 622,963.52 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 505,269 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ