Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 24

 

 

 

Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг

даргын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2018/00321 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багт оршин суух Эхийн гол овгийн Сангаарагчаагийн Доржготовт /РД: ДА66052918/ холбогдох

Үндсэн зээл, хүү, алданги нийт 49.173.215.3 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоол, 2011 оны 134 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх зарцуулах хяналт тавих журмын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтыг үндэслэн Говь-Алтай аймгийн Алтай сумд орших Буурал аж богд хоршоо нь сумдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, хоршоо хөгжүүлэх зориулалтаар 2011 оны 9 дүгээр сарын 29-нд 44.000.000 /дөчин дөрвөн сая/ төгрөгийг зээлийн 0.2 хувийн хүүтэй 3 жилийн хугацаатайгаар сумын Засаг дарга асан С.Баярмагнай, сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтэн С.Амараа нар гэрээ байгуулан олгосон болно. Буурал аж богд хоршоо нь 2011 оны 11 дүгээр сарын 15-наас 2014 оны 9 дүгээр сарын 5 хүртэл хугацаанд үндсэн зээлийн хүүд 3.080.000 төгрөгийг гэрээнд заагдсаны дагуу графикт хугацаанд төлсөн. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болно. Одоо үндсэн зээл, хүү, алдангийн хамт 49.173.215.3 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Доржготов шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймаг 2011 оныг Хоршооны хөгжлийг дэмжих жилээр зарлан бүх сумуудаас төлөөлөл ирж Хоршоо байгуулах талаар сургалт мэдээлэл өгсөн. Энэ хуралд би сууж орон нутагт хоршоо байгуулах шаардлагатай, мөн тодорхой хөрөнгийг гарааны хөрөнгө болгож санхүүжүүлэх юм байна /аймгийн Засаг даргын дэргэд хоршооны зөвлөх ажиллаж байсан үе/ гэдэг ойлголттой ирж 03 дугаар сарын 21-ний өдөр малчдын оролцоотойгоор Алтай сумын анхны хоршоог байгуулж Буурал Аж Богд хоршоо гэж нэрлэн хоршооны дүрмээ баталж, дарга, тэргүүлэгчид, хяналтын зөвлөлөө сонгон, тэргүүлэгчид 9, хяналтын зөвлөл 5 хүний бүрэлдэхүүнтэй тус тус байгуулан, 2011 оны 5 дугаар сарын 27-нд Улсын бүртгэлд бүртгүүлэн тамга, 9617 дугаарын гэрчилгээ авч, 2011 оны 9 дүгээр сарын 01-нээс эхэлж орон тоо, бүтцээ зохион байгуулан 112 гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Орон тооны хувьд дарга, ня-бо, худалдааны менежер, худалдагч, жолооч, халуун усны үйлчлэгч, туслах ажилтан 2 зэрэг нийт 8 орон тоотойгоор ажиллаж байна. Үүнээс үндсэн 6 орон тоог нэг хүний сарын цалин 150.000-250.000 төгрөгөөр тооцон цалинжуулж, үлдсэн 2 ажилтанг тухайн үед хийснээр нь цалинжуулан ажилласан. Хуучин эмнэлгийн байрнаас 3 өрөө авч засварлан, хаалга цонхыг өөрчлөн лангуу тавиур хийж, өргөн хэрэглээний бараа борлуулах дэлгүүр, агуулах болгон ажиллуулж, түүхий эд хүлээн авах, борлуулах цэгийн зориулалтаар контейнер авч, нийтийн халуун ус, хүлэмжийн аж ахуй эрхлэх зэргээр үйл ажиллагаа явуулж байсан. Хоршиж, хамтарч ажиллахыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч НҮБ-аас 2012 оныг Хоршооны жил, УИХ, Засгийн газраас, Говь-Алтай аймгаас ч Хоршооллыг эрчимжүүлж, өрхийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан төдийгүй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 34 тоот тогтоолоор сум хөгжүүлэх сан, орон нутгийн төсөвт тусгагдсан хөрөнгөөр хоршоо байгуулах үйл ажиллагааг дэмжин санхүүжүүлэх журмыг батлан гаргасны дагуу хоршоог дэмжих чиглэлээр Сум хөгжүүлэх сангаас эргэн төлөгдөх нөхцөлгүй зээлийг олгох шийдвэр гарч улмаар 44 сая төгрөгийн дэмжлэг аван үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажилласан. Тухайн үед сум хөгжүүлэх сангийн журмын дагуу холбогдох хүмүүс заавал гэрээ байгуулж олгох ёстой /цаашид хоршооны дэмжлэг болох юм гэж тайлбарласан, би ч тэгэж ойлгосон/ гэсний дагуу гэрээнд гарын үсэг зурж, 2013 оны 9 сар хүртэл зээлийн хүү 3.1 сая төгрөг төлсөн байдаг. Энэ хугацаанд Хоршоологчдын зөвлөгөөн семинарт аймаг, Дарив сум, Улаанбаатар хотод нийт 3 удаа оролцож, бусад хоршоодын туршлага судалж байхад бүх хоршоод сумын хөгжлийн сангаас дээрх дэмжлэгийг авсан, зарим нь гэрээ хийн хүүг төлж байгаа, нэг хэсэг нь гэрээ ч хийгээгүй юу ч төлдөггүй гэдэг мэдээллийг сонсож хүүг төлөхөө больсон. Дээрх хөрөнгөөр бараа, түүхий эд тээвэрлэх зорилгоор маяти маркийн автомашин 10 сая төгрөгөөр авч ашиглаж байсан ба талх, гурилан боов, зайрмаг, бялууны тоног төхөөрөмж 7.7 сая төгрөгөөр, контейнер 2.5 сая төгрөгөөр, Тариалан булагт 0.5 га газар авч хамгаалалт хийх, хүлэмж худалдан авахад 1.7 сая төгрөг зарцуулж, мөн лангуу агуулахын тавиур бүргэд хаалга, вакуум цонх, цонхны хамгаалалт гэх мэт 1.8 сая төгрөгөөр тус тус авч нийт 23.7 сая төгрөгийг хөрөнгө бэлтгэхэд зарцуулсан. Үлдэгдэл 20 сая төгрөгөөр 2011-2013 онд үйл ажиллагаа эрчимтэй явагдаж ажилчдын цалин, шимтгэл, зээлийн хүү, шатахуун бараа түүхий эд бэлтгэх зэрэгт зарцуулсан төдийгүй сумд үйлчилгээ нь доголдож байсан халуун усыг ажиллуулах, хүнсний ногоо тариалах, үсчин ажиллуулах, өргөн хэрэглээний бараагаар хангах, малчдын ноос ноолуур, арьс ширийг малчдаас явж цуглуулах, Улаанбаатар хот руу тээвэрлэж борлуулах зэргээр урсгал зардал их гаргаж, нэлээн олон төрөлт үйл ажиллагааг явуулж байсан. 2012-2015 оны хугацаанд хоршооны гишүүддээ ноогдол ашгаар цагаан сараар тавгийн идээний боов, чихэр, цай гэх мэт зүйлсийг 4 жил дараалан олгож 4.8 сая төгрөг зарцуулсан. Хөрөнгө санхүүгийн хомс байдлаас 2015 оноос үйл ажиллагаа зогсонги байдалд орж, өнөөдрийн байдлаар ямар нэгэн үйлчилгээ эрхлээгүй, худалдагч нь дэлгүүрээ цоожлоод өвчний байдлаас Улаанбаатар хотод жил гаруй эмчилгээнд явж ихээхэн хэмжээний хугацаа дууссан чанараа алдсан 3.6 сая төгрөгийн барааны үлдэгдэлтэй, ашиглаагүй удсан талх гурилан боов, зайрмагны төхөөрөмж, контейнер зэрэг 6.4 сая төгрөгийн хөрөнгөтэй байна. Ийм нөхцөл байдлыг харгалзан үзэж Сумын хөгжлийн сангаас авсан Хоршоо дэмжих зориулалтын 44 сая төгрөгийн төлбөрөөс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 34 дүгээр тогтоолын дагуу чөлөөлж, эргэн төлөгдөхгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсэж энэхүү тайлбарыг гаргалаа гэжээ.

 Анхан шатны шүүх:  1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, С.Доржготовт холбогдох 49.173.215,3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймгийн Алтай сумын Баян-Овоо багийн харьяат иргэн Эхийн гол овогтой Сангаарагчаагийн Доржготов хариуцагчтай Буурал аж богд хоршооны сум хөгжүүлэх сангаас авсан зээл 44.000.000 төгрөг, зээлийн хүү алданги 2.173.215,2 төгрөг, бүгд 49.173.215,2 төгрөгийн нэхэмжлэлийн хэрэгт Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 321-р шийдвэрт гомдолтой байгаагаа үүгээр илэрхийлж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг дарга нь тус сумд оршин суух хаягтай С.Доржготовт холбогдуулан сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл, хүү, алданги нийт 49.173.215,3 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан сум хөгжүүлэх сан, орон нутгийн төсөвт тусгагдсан хөрөнгөөр хоршоо байгуулах үйл ажиллагааг дэмжих, санхүүжүүлэх тухай журмын дагуу Сум хөгжүүлэх сангаас 44.000.000 төгрөгийн зээл авч, Хоршооны үйл ажиллагааг эхлүүлсэн, гэрээнд гарын үсэг зурж, 2013 оны 9 дүгээр сар хүртэл зээлийн хүү 3.1 сая төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна.

Гэтэл одоо өгч буй тайлбараараа зээлийн гэрээнд “Буурал аж богд” хоршоо хариуцагч С.Доржготов нь гарын үсэг зураагүй, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, буцалтгүй тусламж олгохдоо хэлбэр төдий гэрээ хий гэсэн шаардлага тавьсан байх гэж маргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулах санаа зорилго байсан эсэх нь эргэлзээтэй, нэхэмжлэгч Алтай сумын Засаг дарга нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний  загвараар хийсэн зээлийн гэрээг хэрэгт нотлох баримтаар ирүүлжээ.

Анх 44.000.000 төгрөгийн зээлийг сум хөгжүүлэх сангаас хоршооны үйл ажиллагааг дэмжих зорилгоор эргэн төлөх нөхцөлтэйгээр “Буурал аж богд” хоршоонд олгосон болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  44 дүгээр зүйлийн 44.2-т заасан “...бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, хэрэв эх хувийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэж заасанд нийцээгүй баримтууд ирүүлсэн нь нотлох баримтыг гаргах, цуглуулах тухай хуульд заасан журмыг зөрчсөн байгаа нь буруу байна.

Мөн хэрэгт авагдсан баримтаар хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүргийг тайлбарлаж танилцуулаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан “...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх...” ажиллагааг хийгээгүй нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.-д заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн зөрчил байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2018/00321 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш .БАТТОГТОХ

                               ШҮҮГЧИД                                     Ч.ЭНХТӨР

                                                                                     Т.ЖАРГАЛСАЙХАН