| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхам-Янжингийн Оюун |
| Хэргийн индекс | 106/2017/0121/э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2017-03-29 |
| Зүйл хэсэг | 149.2., 228.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан, М.Нямжав |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 113
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,
нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,
улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалан, М.Нямжав,
шинжээч: Ц.Болор-Эрдэнэ,
шүүгдэгч: Ш.Батмөнх, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал, /0722/
шүүгдэгч: А.Мөнх-Эрдэнэ, Г.Нацагдорж, тэдний өмгөөлөгч Х.Алтанцэцэг /0269/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 228 дугаар зүйлийн 228.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шуудай овогт Шаалавын Батмөнх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Алтанхуягийн Мөнх-Эрдэнэ,
Батад овогт Ганбаатарын Нацагдорж нарт холбогдох эрүүгийн 2016 2602 2197 тоот дугаартай, 3 хавтас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эпишинсиконсалтинг сервис” ХХК-ий менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, 2 настай хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Булаг 3-21 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Богд-Ар хороолол, 7а байрны 61 тоотыг түрээслэн түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ИЦ 86121913, Шуудай овогт Шаалавын Батмөнх.
Монгол улсын иргэн, 1987 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бичиг хэргийн дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, 2-8 насны 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, “Гэгээ” хотхоны 39 дүгээр байрны 54 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар КЮ 87093070, Боржигин овогт Алтанхуягийн Мөнх-Эрдэнэ.
Монгол улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Хаадын өргөө” оёдлын цехэд эсгүүрчин ажилтай, ам бүл 11, эцэг, эх, 4 дүү, эхнэр, 0-3 насны 2 хүүхэд, эгч, зээ дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 40 дүгээр гудамж, 119б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УК 90080339, Батад овогт Ганбаатарын Нацагдорж.
Шүүгдэгч Ш.Батмөнх нь Люминосити /Luminosity/ нэртэй бусдын компьютерийг зайнаас удирдах зориулалт бүхий хортой программыг шинэчлэн программчилж, нийт 6 компьютерт илгээж, бусдын аливаа сайтууд болон мэйл хаяг, фэйсбүүк хаяг, интернэт банк руу нэвтрэх нэр, нууц дугаарыг хууль бусаар олж авсан, хадгалсан буюу компьютер, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программыг бэлтгэсэн болон Дройджэк /DroidJack/ нэртэй гар утсыг зайнаас удирдах, мэдээллийг олзолж авах зориулалт бүхий хортой программыг шинэчлэн программчилсан буюу компьютер, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программыг бэлтгэсэн,
2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш “Bat chimeg” нэртэй фэйсбүүк хаягийг ашиглан олж авсан, иргэн М.Сайнхүүгийн “нүцгэн зургийг фэйсбүүкээр цацаж нийтэд ил болгоно” гэж “Silver Ariunbileg” нэртэй фэйсбүүк хаягнаас фэйсбүүк мессенжерээр дарамтлан 1 200 000 төгрөг шилжүүлэн өгөхийг шаардаж бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн,
давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 07-оос 09-ний өдрүүдэд “Bat chimeg” нэртэй фэйсбүүк хаягийг ашиглан олж авсан, иргэн С.Эрдэнэбатын “нүцгэн зураг, мессенжерээр харилцсан мэдээллийг бусдад задруулна, фэйсбүүкээр цацаж нийтэд ил болгоно” гэж “Silver Ariunbileg”, “Заяа Заяц” нэртэй фэйсбүүк хаягнаас фэйсбүүк мессенжерээр дарамтлан 1 845 ам.доллартай тэнцэх хэмжээний 3 бүхэл биткойн /bitcoin/ буюу электрон төгрөг шилжүүлэн өгөхийг шаардаж, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн,
А.Мөнх-Эрдэнэ, Г.Нацагдорж нартай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Д.Дэлгэрбатын “хувийн мэдээллүүдийг задруулна, нийтэд ил болгоно” гэж “Hongorzul Ariunbileg”, “Silver Ariunbileg” нэртэй фэйсбүүк хаягнаас хохирогч Х.Оюунсувд руу мессеж бичин, түүний ойр дотны хүн болох нөхөр Д.Дэлгэрбатын нэр хүндийг нь гутаасан мэдээ, баримт тараахаар заналхийлж 1 000 000 төгрөгийг “Хаан банк“-ны дансаар шилжүүлэн өгөхийг шаардаж, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлж улмаар Ганбаатарын Нацагдоржийн “Хаан банк”-ны 5039569578 дугаартай дансаар 1 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдлийг гардан зохион байгуулсан,
шүүгдэгч А.Мөнх-Эрдэнэ нь Ш.Батмөнхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Д.Дэлгэрбатын хувийн мэдээллүүдийг задруулна, нийтэд ил болгоно” гэж “Hongorzul Ariunbileg”, “Silver Ariunbileg” нэртэй фэйсбүүк хаягнаас хохирогч Х.Оюунсувд руу мессеж бичин, түүний ойр дотны хүн болох нөхөр Д.Дэлгэрбатын нэр хүндийг нь гутаасан мэдээ, баримт тараахаар заналхийлж 1 000 000 төгрөгийг “Хаан банк“-ны дансаар шилжүүлэн өгөхийг шаардаж бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлж, улмаар Ганбаатарын Нацагдоржийн “Хаан банк”-ны 5039569578 дугаартай дансаар 1 000 000 төгрөгийг шилжүүлэн авахад Ш.Батмөнхийг Г.Нацагдоржтой уулзуулж, түүний Хаан банкны дансаар дамжуулан авахад тусалсан буюу учрах саадыг арилгаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,
шүүгдэгч Г.Нацагдорж нь Ш.Батмөнхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Д.Дэлгэрбатын хувийн мэдээллүүдийг задруулна, нийтэд ил болгоно” гэж “Hongorzul Ariunbileg”, “Silver Ariunbileg” нэртэй фэйсбүүк хаягнаас хохирогч Х.Оюунсувд руу мессеж бичин, түүний ойр дотны хүн болох нөхөр Д.Дэлгэрбатын нэр хүндийг нь гутаасан мэдээ, баримт тараахаар заналхийлж 1 000 000 төгрөгийг “Хаан банк“-ны дансаар шилжүүлэн өгөхийг шаардаж бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлж, улмаар Ганбаатарын Нацагдоржийн “Хаан банк”-ны 5039569578 дугаартай дансаар 1 000 000 төгрөгийг шилжүүлэн авахад өөрийн Хаан банкны дансаар дамжуулан авч өгсөн буюу учрах саадыг арилгаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ш.Батмөнх мэдүүлэхдээ:
Д.Дэлгэрбатын баримтыг эхлээд Х.Оюунсувд руу явуулахад Х.Оюунсувд надад “дансны дугаараа өг, мөнгийг шилжүүлье” гэсэн байдлаар хандсан. Би Х.Оюунсувдыг элдэв янзаар дарамталж, доромжлоогүй. Харин нөхрийнх нь талаар баримт сэлт байгаа гэж ярьсан нь миний буруу юм. А.Мөнх-Эрдэнэд Д.Дэлгэрбатын талаар баримт байгаа гэж хэлээд, дансаар мөнгө шилжүүлж авч болно гэхэд тэр Г.Нацагдоржийн дансаар 1 000 000 төгрөг шилжүүлж авсан. Люминоситиг би ажилдаа хэрэглэх гэж хөгжүүлж байсан. Дройджэк программыг сонирхоод туршиж үзэж байсан. Би Дройджэк, Люминосити программыг ашиглаад ямар нэгэн хууль бус зүйл хийгээгүй, зөвхөн хөгжүүлэлтийн шатанд явж байсан. Bat chimeg гэх аккаунт дээр Сайнхүү, Эрдэнэбат, Дэлгэрбат нарын мэдээллүүд байсан. Bat chimeg гэх хаягийг би фишиндэн орж, мэдээллийг нь авч байсан болохоос биш Люминосити, Дройджэк программуудыг ашиглаагүй. Люминосити бол компьютерийн үйл ажиллагааг хялбаршуулах, хялбар удирдахад зориулсан программ юм. Би үүн дээр нь өөрийнхөө серверийн үйл ажиллагааг зохицуулах гэж макро код нэмээд ажиллуулж байсан.
Дройджэк программыг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өөрийн компьютерт шалгаж, эхнэрийнхээ гар утсанд ажиллуулж, туршилт хийж байсан. Ямар нэгэн байдлаар бусдын компьютерт тараасан, бусдын гар утсыг удирдсан зүйл байхгүй. Би “Silver Ariunbileg”, “Заяа Заяц” гэх хаягуудаас хохирогч С.Эрдэнэбаттай холбогдсон. Биткойн гэдэг нь интернетээр хэрэглэдэг валют, мөнгө юм. Би 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сайнхүүгээс “нүцгэн зургийг чинь фэйсбүүкт ил болгоно” гээд 1 200 000 төгрөг өгөхийг шаардсан. Намайг Х.Оюунсувдаас 1 000 000 төгрөг авах гэж сүрдүүлэхэд А.Мөнх-Эрдэнэ, Г.Нацагдорж нар оролцоогүй. Миний харьцсан гээд байгаа хүмүүсийн мэдээллүүд Bat chimeg гэх хаяганд байсан. Bat chimeg гэх хүн тэдгээр хүмүүстэй гэрийн хаяг, утасны дугаар зэрэг мэдээллүүдээ өгч, харилцаж байсан баримтууд хэрэгт байсан. Би Bat chimeg гэх хаяганд нэвтрэх сайтыг нь дуурайлгаж хийгээд, нууц үгийг нь олж авсан. Би энэ Bat chimeg гэх хаягийг 2015 оны сүүлээр олж аваад доторх мэдээллүүдийг нь хуулж авсан юм. Тэгээд 2016 оны 6 дугаар сард Bat chimeg гэх хаягийн нууц үгийг нь сэргээж авч чадаагүй. Bat chimeg гэх хаяганд Silver Ariunbileg, Заяа Заяц гэх хаягуудын нууц үг нь хадгалагдсан байсан ба хэн нэгэн хүний эзэмшлийнх биш, хуурамч хаягууд байсан. Тэгээд тэр хаягуудыг олж авсан. Би бусдын хаягийг ашигласандаа гэмшиж байна. Эрдэнэбат руу нэг удаа мөнгө нэхэж мессеж бичсэн. Тэгээд дахиж холбогдоогүй. Сайнхүү рүү мөнгө авахаар мессеж бичсэн. Түүнийг сүрдүүлсэн нь миний буруу. Яллах дүгнэлтэд намайг 6 компьютерт нэвтэрсэн гэж үзсэн. Би ямар нэгэн байдлаар хүмүүс рүү хортой файл илгээж байгаагүй. Хэрэгт авагдсан мессежүүдийг хохирогч нар руу би бичиж явуулсан. Хохирогч нарын нүцгэн зураг, харилцсан мессежүүд нь хуучин Batchimeg гэх хаяг дээр байсан файл ба би тэдгээр мэдээллийг өөрөө олж аваагүй юм. Он сарыг нь шалгавал миний Batchimeg гэх хаягийг олж авснаас өмнөх харилцан яриа байдаг. Би тэдгээр мэдээллийг энэ хэрэгтээ ашигласан юм. Би энэ үйлдэлдээ үнэхээр их гэмшиж байна. Би дахиж ямар нэгэн программ хөгжүүлэхгүй. Сайнхүү, Эрдэнбат нартай удаан мессежээр харилцаагүй. Богино хугацаанд ч гэсэн тэдэнтэй харьцсан нь миний буруу. Х.Оюунсувд руу эхлээд би өөрт байгаа мэдээллийн талаар хэлж бичсэн. Би Hongorzul Ariunbileg гэх хаягийг зар тавих гэж ашиглаж байсан, харин Заяа Заяц, Silver Ariunbileg гэсэн хаяг дээр ямар нэгэн хүний хувийн мэдээлэл байхгүй. Би одоо Люминосити, Дройджэк гэх программуудыг ашиглах ямар ч боломжгүй. Учир нь Дройджэк программыг 11 дүгээр сарын 02-ны өдөр компьютер дээрээ туршиж үзэж байсан. Харин Люминосити нь тухайн хураагдсан компьютерийн хард диск дээр ашиглахаар тохируулсан тул би өөр ямар нэгэн байршлаас ашиглах боломжгүй юм. 2 жилийн өмнө цахим шүүх гэсэн ажил хийгдсэн байсан ба тэр үеэр гадаадын сайтууд дээр “Court” гэсэн бүртгэл нээгдсэн байсан. Алдаатай серверүүдийг ашиглан бүх мэдээллүүдийг авч, ашиглах боломжтой байна гэсэн мэдээллийг Хятад, Вьетнам хүмүүс цацаж эхэлсэн. Би шүүхийн сайтуудыг тест хийж, шалгаж үзэж байсан. Ингээд шүүхийн IT нарын хэрэглэгчийн нэр, нууц кодууд, шүүхийн бусад серверүүд дээр пук байдлаар хадгалагдсан байсныг хуулж авсан. Би шүүхийн ямар ч сайт руу нэвтэрч ороогүй. Би эдгээр программыг шүүхийн сайтууд болон компьютер дээр огт хэрэглээгүй. Шүүхийн компьютер дээр Люминосити программын илэрц олдоогүй. Би Люминосити программыг интернетээс сурталчилгааг нь рекламдаад урамшуулалд авсан. Дройджэк программын лицензийг нь татаж аваад шалгаж үзэж байсан юм. Хохирогч Х.Оюунсувдад учирсан хохирлын мөнгийг төлсөн. Хөнгөн ял оногдуулна уу гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-А.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ:
Би 2010 онд Ш.Батмөнхтэй нэг компанид ажиллаж танилцан, найзалдаг байсан. Ш.Батмөнх жилийн өмнө ажлаасаа гарч хувиараа бизнес эрхэлсэн. Би түүнээс нэг жилийн дараа ажлаасаа гарч, хувиараа бизнес эрхэлсэн. Бид ойролцоо байдаг болохоор түүний ажлаар нь орж, принтерээ янзлуулах гэж уулзаж, бие биедээ тусалдаг байсан. Ш.Батмөнхийг хувь хүний зүгээс сайн хүүхэд гэдгийг би мэднэ. Нэг өдөр уулзахад “нөхөр нь янз бүр болсон эмэгтэй байна, надад мөнгө өгье гээд байна. Энэ мөнгийг данс олоод хиймээр байна” гэж надад хэлсэн. Тэр хүнийг айхтар дарамталж, сүрдүүлсэн гэж хэлээгүй. Тэгээд маргааш нь өдөр 14 цагийн үед намайг дуудаад, бид уулзсан. Тэгээд дансаар мөнгийг нь авъя гэсэн. Энэ үед манай найз Г.Нацагдорж над руу залгасан. Би түүнтэй 10 жил найзалж байна. Би Ш.Батмөнхөөс “ямар нэгэн асуудалгүй биз дээ” гэж асуухад “асуудалгүй ээ, наад хүн чинь өөрөө нөхрийнхөө мэдээллийг авъя гэж байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би энэ талаар Г.Нацагдоржид хэлээд түүний дансанд мөнгийг хийсэн. Надад Хаан банкны данс байдаг. Тэр данс компанийн данс тул баримтгүй мөнгө орж болохгүй учраас өөрийн дансанд мөнгө хийлгээгүй юм. Ш.Батмөнх тухайн үед мөнгө хэрэгтэй байна гэж хэлж байсан. Би хохирогч нар руу ямар ч мессеж бичээгүй. Би хохиролд 150 000 төгрөг төлсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Нацагдорж мэдүүлэхдээ:
2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай найз Од-Эрдэнэ “ломбарданд барьцаанд тавьсан гинжний хугацаа дуусаж байна, сунгуулаад өгөөч гэхээр нь “Цэцэг” төвийн “Сайн” ломбард руу явсан. Тэгээд ломбардын бичгийг сунгуулахад 5 000 төгрөг дутахаар нь найз Бат-Эрдэнээс мөнгө авах гээд ажил дээр нь очиход тэр байгаагүй ба түүнийг А.Мөнх-Эрдэнэтэй хамт байгаа гэж найзуудаасаа сонсоод А.Мөнх-Эрдэнэтэй утсаар ярьж, уулзсан. А.Мөнх-Эрдэнэ Ш.Батмөнх гэх залуутай ирсэн. Тэгээд түүнээс 5 000 төгрөгөө авсан. А.Мөнх-Эрдэнэ надаас “Хаан банкны данс байна уу” гэж асуухаар нь “байна” гэж хэлэхэд “данс руу чинь 1 000 000 төгрөг хийх гэсэн юм” гэхээр нь “ямар учиртай мөнгө болохыг” асуухад “наад хүн чинь намайг Сингапурт байгаа гэж бодож байгаа. Чамд ямар ч асуудалгүй” гэж хэлсэн. Манай найз А.Мөнх-Эрдэнэ хувиараа бичиг хэргийн дэлгүүр ажиллуулдаг. Түүний найз Ш.Батмөнх тэр өдөр надтай уулзахаар “Кровн” маркийн машинтай ирсэн болохоор би түүнийг гайгүй залуу гэж ойлгосон. Бас түүнийг “хүн дарамталсан гэж надаар тоглож байна” гэж бодоод дансаа ашиглуулсан. Би багын найз А.Мөнх-Эрдэнэдээ итгэж байсан. Би Ш.Батмөнхийг өмнө нь танихгүй. Дансаа бусдад ашиглуулсандаа маш их харамсаж байна. Би ямар нэгэн байдлаар хүн дарамталсан үйлдэлд нь оролцоогүй. Би хохирол төлбөрт Ш.Батмөнхөд 40 000 төгрөг өгсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч-Ц.Болор-Эрдэнэ мэдүүлэхдээ:
Шинжилгээнд CD ирсэн. Эх хувь нь ирээгүй юм. 6 ширхэг хавтас үүсгэсэн, 7 ширхэг word, 22 ширхэг excel файлтай байсан. Шинжилгээнд ирүүлсэн Люминосити, Дройджэк нэртэй программууд нь макрофайл шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Люминосити, Дройджэк нэртэй программуудыг нянтай, хортой программын зориулалтаар ашиглагдах боломжтой гэж үзсэн. Энэ нь тус програмуудаар дамжуулан макро файлыг хортой программ болгож тараах боломжтой гэсэн үг юм. Шинжилгээнд ирүүлсэн Люминосити, Дройджэк нэртэй программууд нь RАT төрлийн программ юм. Энэ нь хэрэглэгчийн компьютер болон бусад төхөөрөмжид хадгалагдаж байгаа мэдээллийг хуулбарлан авах, сүлжээгээр дамжин хэрэглэгчийн цахим төхөөрөмжид алсаас зөвшөөрөлгүй хандах зориулалттай. Шинжилгээнд ирүүлсэн Люминосити, Дройджэк нэртэй программуудыг хэрхэн олж авсан, хэзээнээс хойш ашиглагдаж хэдэн компьютер, гар утсанд илгээснийг тогтоох боломжгүй байсан. Учир нь манайд шинжилгээнд зөвхөн CD ирсэн. Уг программуудыг суулгасан компьютер нь ирээгүй юм. Эдгээр программуудыг өөрийн үйлдэлд тохируулан ашигласан байх боломжтой гэдэг нь макро файл үүсгэхдээ уг файлаа хортой үүсгэж болно гэсэн үг. Люминосити, Дройджэк программууд нь интернетэд чөлөөтэй зарагддаг бөгөөд Люминосити нь 39 ам.доллар, Дройджэк 210 ам.доллароор худалдаалагддаг. Люминосити нь нэг компьютерээс нөгөө компьютерийн мэдээллийг харах боломжтой буюу нэг компьютерээс нөгөө компьютерт нэвтрэх боломжтой юм. Макро файл нь оффисын төрлийн хэрэглээний программуудад хортой код хийвэл өөрөө шууд ажиллаж эхэлдэг. Фэйсбүүк дэх мэдээллийг Люминосити, Дройджэк программуудыг ашиглахгүйгээр фишиндэж авах боломжтой байдаг. Макро файлаа хортой болгох нь ямар төрлийн хортой болгохоосоо хамаараад өөр өөр үр дагавартай байдаг. Люминосити нь АНУ-ын программ бөгөөд хүн өөрийн ажлыг хялбарчлахаар зориулалттай хийгдсэн. Харин Дройджэк нь хүүхдийнхээ юу хийж, хэнтэй харьцаж байгааг хянах зорилгоор эцэг, эхчүүдийн ашигладаг программ юм гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Дэлгэрбат мэдүүлэхдээ:
...Би өдрийг сайн санахгүй байна, ямар ч байсан 2016 оны 6 дугаар сарын 10-ны орчим өмнө нь надтай хамт ажиллаж байсан Мөнхтөрийн Бадрах гэх залуугийн фэйсбүүк хаягнаас миний “Delger Delgerbat” нэртэй фэйсбүүк хаяг руу “Даргаа таны талаар мэдээлэл гарсан байна” гэсэн мессеж ирүүлсэн ба уг мессежиндээ нэг линк явуулсан байсан. Тэгэхээр нь тэр линк рүү нь дарж үзэхэд фэйсбүүк сайтын нэвтрэх хэсэгтэй ижилхэн цонх гарч ирэхээр нь Бадрах руу фэйсбүүкээр мессеж бичээд “энэ линк чинь хоосон байна, яаж үздэг юм” гэхэд фэйсбүүкийнхээ нэвтрэх нэр, нууц дугаарыг хийгээд орж үздэг юм гэсэн. Тэгэхээр нь би тэр фэйсбүүкийн нэвтрэх хэсэгтэй ижил хэсэгт нь өөрийн фэйсбүүкийн мэдээллүүдээ оруулаад нэвтрэхэд ямар нэг мэдээлэл гарч ирээгүй. Тэгэхээр нь болохгүй байгаа юм байна гээд орхичихсон. Тэгээд би 2016 оны 6 дугаар сарын 19-ний өглөө 09 цаг 30 минутын үед утсаа нээхэд миний утсандаа оруулаад орхичихсон байсан фэйсбүүк хаяг болон мэйл хаяг маань гарчихсан байсан. Тэгэхээр нь мэйл хаяг руугаа орох гэтэл нууц дугаар буруу байна гээд орохгүй байсан. Тэгэхээр нь уаhоо сайт руу мэйл хаягийнхаа нууц дугаарыг авах хүсэлт явуулаад гар утасныхаа дугаараар шинэ нууц дугаараа хүлээж аваад, мэйлээ нээсэн. Тэгээд мэйл хаягаараа дамжуупан фэйсбүүкийн нууц дугаараа аваад хэвийн ашиглаж байтал 11 цагийн үед миний фэйсбүүк, мэйл хаяг дахиад хаагдчихсан. Тэгтэл 14 цагийн үед миний ашиглаж байгаа Iphone 6s маркийн гар утсанд миний аррlе id хаягнаас “Мэдээллээ худалдаж авахыг хүсвэл kadarkhuyag@gmail.соm цахим хаягтай холбогдоно уу” гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь би дахиад өмнөх аргаараа фэйсбүүк болон мэйл хаягаа нээтэл удалгүй хаагдчихаад утсан дээр дахин “мэдээллийг чинь эхнэрт чинь зарлана, kadarkhuyag@gmail.соm хаягаар холбогд” гэсэн мэдээлэл ирсэн. Тэгэхээр нь би өөрийн gmail хаягнаас уг хаяг руу “hi” гэж бичээд явуулсан чинь миний gmail хаягтай холбоотой байдаг твиттер хаягийн нууц дугаар өөрчлөгдчихсөн байсан. Тэгээд би миний Icloud хаягийг мэдсэн юм байна гэж ойлгоод мэргэжлийн хүнд хандаж зөвлөгөө аваад гар утсаа унтрааж байгаад компьютерээс өөрийн Icloud хаяг руу нэвтэрч ороод нууц дугаарыг нь өөрчилсөн. Тэгээд дараа нь өмнөхтэй ижил аргаар мэйл, фэйсбүүк хаягаа шинэ нууц дугаар авч сэргээсэн. Гол асуудал нь миний мэйл хаяг тухайн үед [email protected] нууц дугаар нь 070205аG байсан бөгөөд фэйсбүүк, Icloud хаягийн нэвтрэх нэр, нууц дугаар нь мөн үүнтэй ижилхэн байсан юм. Тэгээд миний фэйсбүүк хаяг руу линк явуулж нэвтрэх нэр, нууц дугаарыг мэдэж аваад түүгээрээ дамжуулаад ижил нэвтрэх нэр, нууц дугаартай учраас миний мэйл хаяг, Icloud хаяг руу нэвтэрч ороод надад мэдээлэл явуулаад байсан юм байна лээ. Би өөрийн Icloud хаягийнхаа нууц дугаарыг өөрчилж байж мэйл, фэйсбүүкийнхээ кодыг шинэчилж өөрийн болгож авсан. Gmail хаягаа болохоор утас руугаа шинэ нууц дугаар авч сэргээгээд тэгээд gmail хаягаараа дамжуулан твиттер хаягаа сэргээж авсан. Надад Мөнхтөрийн Бадрахаас өөр тийм линк явуулсан хүн байхгүй. Тэр линкээр нэвтэрч фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц дугаараа оруулснаар би мэдээллүүдээ алдсан. Бадрах надтай хамт буюу Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргаар ажиллаж байсан болохоор би итгээд тэр линк рүү нь орж үзсэн юм. Би хувийн мэдээллүүдээ алдсан. Хэдий ноцтой мэдээлэл байхгүй ч гэсэн, дараа ямар нэг байдлаар миний эсрэг ашиглаж болзошгүй гэж айж байна гэжээ. (хэргийн 2 дугаар хавтасны 42, 43 дугаар хуудас)
Мөрдөн байцаалтад хохирогч-Х.Оюунсувд мэдүүлэхдээ:
...Манай нөхөр Д.Дэлгэрбат Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан юм. Тэгээд 2016 оны 6 дугаар сарын дундуур фэйсбүүк хаягийнхаа нэвтрэх нэр, нууц дугаарыг бусдад алдаад бөөн асуудал болж байгаад эргүүлэн сэргээж авсан юм. Тэгтэл 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр миний “Kheeshig Oyunsyvd” нэртэй фэйсбүүк хаягийн мессенжерт “Hongorzul Ariunbileg” нэртэй хаягнаас манай нөхөр бид хоёр хоорондоо фэйсбүүк мессенжерээр харилцсан зургийг эхнэр болон нууц амрагууд гэсэн тайлбартай зураг хэлбэрээр ирүүлээд илүү ихийг мэдмээр байвал холбоо бариарай гэж бичсэн байсан. Энэ үед манай нөхөр Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байсан бөгөөд өмнө нь фэйсбүүкийнхээ мэдээллээ алдсан гэдгийг би мэдэж байсан болохоор уг хүнтэй мессенжерээр холбогдоод ямар учиртай ийм юм явуулж байгаа талаар нь тодруулсан. Тэгэхэд надад танай нөхөртэй холбоотой зураг, видео хангалттай байгаа. Энэ мэдээллүүдийг авахын тулд та мөнгө төлөх хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол интернэт орчинд фэйсбүүк, твиттерээр танай нөхрийн гэр бүлээс гадуурх асуудлыг тараана. Энэ мэдээллүүд дунд таны нэр ч гарна шүү гэсэн. Тэгэхээр нь би энэ талаар нөхөртэйгээ яриад угаасаа манай нөхрийн фэйсбүүкийн мэдээллээ алдсан асуудал цагдаа дээр шалгагдаж байгаа учраас энэ хүнтэй холбогдож байгаад ямар нэг мэдээллийг нь олж авъя гэж шийдсэн. Тэгээд ч сонгуульд нэр дэвшиж байхад нь янз бүрийн мэдээлэл гарвал буруугаар нөлөөлж магадгүй гэж айж эмээж байсан. Тэгээд би тэр хүнтэй холбогдож байгаад 1 сая төгрөг өгч нөхрийнхөө гэх мэдээллүүдийг интернэт орчинд тараалгахгүй байх талаар ярилцсан. Нөгөө хүн хэрэв мөнгөө өгчихвөл өөрт байгаа мэдээллүүдээ танд өгнө, дахин цааш тараана гэж байхгүй гэсэн. Тэгээд би уг хүнээс Хаан банкны дансных нь дугаарыг авахад 5039569578 гэсэн дансны дугаар өгсөн. Би уг данс руу нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өөрийн 5029524595 дугаарын данснаас мобайл банкны үйлчилгээ ашиглан 1 000 000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа нөгөө хүн надад фэйсбүүк мессенжерээр манай нөхрийн хувийн мэдээллүүдийг ирүүлсэн. Тэр мэдээлэл нь манай нөхрийн фэйсбүүк, мэйл хаягт хадгалагдаж байсан мэдээллүүд байсан. Тэр хүний надтай харилцаж байсан фэйсбүүк хаяг нь сүүлдээ “Silver Ariunbileg” болж өөрчлөгдсөн. Би мөнгө шилжүүлсэн дансныхаа дугаарыг Хаан банкинд очоод “мөнгө шилжүүлэх” гэсэн юм гээд асуухад овог, нэр нь гарч ирснийг банкны ажилтнаас мэдэж авсан. Тэр дансны эзэмшигч нь Ганбаатарын Нацагдорж гэж байсан. Би уг хүнд шилжүүлж өгсөн 1 000 000 төгрөгөө нэхэмжилж байна. Мөн уг хунд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна. ”Hongorzul Ariunbileg” гэх нэртэй фэйсбүүк хаягнаас өөрөө эхлээд над руу мессеж бичээд танай нөхрийн чинь талаар мэдээлэл, баримтууд надад байна. Таньтай бичсэн чаат, зурагнууд надад байгаа. Эдгээр баримтыг авахыг хүсвэл эхлээд 600 ам.доллар өг гэж хэлсэн. Тэгээд 600 ам.доллараа монгол төгрөгт шилжүүлээд 1 сая төгрөг өг гэж шаардсан. Би тэр хаягийн эзэмшигчтэй утсаар ярилцаж байгаагүй, зөвхөн фэйсбүүкийн мессенжерээр л харилцаж байсан. Бичсэн мессежиндээ надтай тохиролцохгүй байхаар шийдсэн бол би энэ мэдээллийг сошиал орчинд тараах хэрэгтэй байх гэх мэтээр бичиж байсан. Түүнээс биш би өөрөө тэр хүнд манай нөхрийн мэдээлэл байгааг мэдчихээд худалдаж авна гэж огт хэлээгүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтасны 44-46 дугаар хуудас)
Мөрдөн байцаалтад хохирогч-М.Сайнхүү мэдүүлэхдээ:
...Би “Bon garcon” нэртэй фэйсбүүк хаягтай. Энэ хаягаараа дамжуулан 2 жилийн өмнө “Bat chimeg” гэсэн хэрэглэгчтэй найз болсон. Найз болсноос хойш тэр хаягнаас над руу байнга юу байна, танилцъя гээд мессеж явуулаад байхаар нь харилцаж эхэлсэн. Тэгээд харилцаа дотносоод эхэлсэн бөгөөд уулзъя гээд байдаг болсон. Мөн надтай харилцаж байх хугацаандаа надад зургаа явуулаач гээд байдаг байсан ба би тухайн үедээ зургаа дараад явуулдаг байсан. Тэгтэл одоогоос 1 жил хагасын өмнө нэг өдөр надтай мессежээр сексийн талаар яриад эхэлсэн бөгөөд ингэж ярьж байхдаа зургаа явуулаач гэхээр нь өөрийн зургаа аваад явуулахад бишээ нүцгэн зургаа явуул гэсэн. Тэгэхээр нь би чи өөрөө эхлээд нүцгэн зургаа явуулчих гэсэн чинь чамайг явуулсаны дараа явуулъя гэсэн. Тэгээд би хувцасаа тайлаад нүцгэн зурагаа утсаараа аваад явуулсан. Миний нүцгэн зургийг авснаас хойш “Bat chimeg” гэх хэрэглэгч надтай холбоо барихаа больсон. Тэгээд би юу ч бодоогүй байж байтал саяхан 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Silver Ariunbileg” нэртэй хаягнаас над руу мессежээр холбогдоод “чиний нүцгэн зураг, чатууд байна, олны анхааралд орох байх даа хүсвэл холбогдоорой, миний хүсэл их энгийн шүү” гээд миний нүцгэн зургийг над руу явуулсан. Тэр зураг нь миний “Bat chimeg” нэртэй хэрэглэгч рүү 1 жил хагасын өмнө явуулсан зураг байсан. Тэгэхээр нь тэр хэрэглэгчтэй холбогдоод яах гээд байгаа талаар нь асуухад надад 500 000 төгрөгтэй тэнцэх хэмжээний биткойн /bitcoin/ шилжүүл гэсэн. Тэгэхээр нь тэрийг чинь шилжүүлэхгүй бол яах юм гэхэд энэ зургуудыг чинь сошиалд share хийхээс өмнө миний саналыг сонссон чинь дээр шүү гэсэн. Тэгэхээр нь би тэр залуу миний нүцгэн зургуудыг интернэтэд тавьчихаж магадгүй гэж айгаад нилээн удаан тэр хүнтэй харилцсан. 500 000 төгрөгтэй тэнцэх биткойн гэдэг нь юу юм бэ гэхээр Монголд энэ төрлийн гүйлгээ хийдэг хүмүүс байдаг, тэр хүмүүстэй холбогдоод оройн 22 цагийн дотор надад шилжүүл гэсэн. Би тэр биткойныг нь шилжүүлж чадаагүй бөгөөд надад хугацаа өгөөч гээд хойшлуулаад байсан. Тэгтэл сүүлдээ 1 сая төгрөгтэй тэнцэх биткойн шилжүүл, 600 доллартай тэнцэх биткойн шилжүүл гэх зэргээр надаас мөнгө шаардаж эхэлсэн. Мөн мөнгө шаардахдаа хугацаа заагаад өнөөдрийн дотор шилжүүл гээд байдаг болсон. Бүүр сүүлдээ надад 1 200 000 төгрөг данс руу шилжүүлж өг гэсэн. Тэгээд намайг Хаан банкны АТМ дээр очоод мөнгө хийж байгаа зургаа явуул гэх зэргээр дарамталсан. Энэ хугацаанд нэг удаа тэр хүн над руу мессеж бичээд би Монголоос хүн явуулна, тэр хүнтэй хэлсэн цагт нь уулзаад мөнгөө өгөөд, зургаа ав гэсэн. Тэгээд би хаана очихыг нь асуухад “Тэди” дээр хүрээд ир гэсэн. Тэгснээ намайг ямар хувцастай байгааг асууснаа одоо таксинд суу гэсэн. Тэгэхээр нь суусан чинь СУИС-ийн урд оч гэсэн. Тэнд нь очоод таксинаасаа буухад “Метро молл” руу очоод АТМ-ээс мөнгөө ав гэсэн. Тэгэхээр нь АТМ-ээс өөрт байсан 5 000 төгрөгөө авсан. Тэр хүн болохоор надаас 1 000 000 төгрөг нэхэж байсан юм. Тэгээд мөнгөө авчихлаа гэхэд “Метро молл”-ын хойд талд байдаг хогийн цэгт очоод мөнгөө үлдээ, би зургийг чинь Их дэлгүүрийн тэнд үлдээнэ” гэсэн. Тэгэхээр нь би “баруун зүүнээрээ л сольвол солъё” гэхэд “үгүй” гээд байхаар нь хаяад явчихсан. Би яаж ийж уулзаж байгаад барьж авъя гэж бодож байсан юм. Иймэрхүү байдлаар “Silver Ariunbileg” нэртэй фэйсбүүк хэрэглэгч миний нүцгэн зургийг интернэтээр цацна гэж намайг 1 сар гаран дарамталсан. Би “Bat chimeg”, “Silver Ariunbileg” нэртэй фэйсбүүкийн хэрэглэгчийг удирдаж байсан хүнд маш их гомдолтой байна. Энэ асуудлаас болоод миний зургийг интернэтэд цацаж магадгүй гээд маш их сэтгэп зүйн дарамттай байсан. Тэгээд гэнэт цацчихвал эвгүй байдалд орно гэж бодоод сургуулиасаа жилийн чөлөө аваад, мөн Шилмэл загварт гэрээт моделиор ажипладаг ажлаа ч хийж чадахгүй байгаа гэжээ. (хэргийн 2 дугаар хавтасны 47, 48 дугаар хуудас)
Мөрдөн байцаалтад хохирогч-С.Эрдэнэбат мэдүүлэхдээ:
...Би 2015 онд “Erdenebat Sodnom-Ish” гэсэн фэйсбүүк хаягтай байсан бөгөөд тухайн жилийн зун над руу “Ваt chimeg” нэртэй хэрэглэгч найзын хүсэлт явуулсан. Тэгэхээр нь хүлээж авахад надтай мессенжерээр харилцаж эхлэсэн. Би тэр хэрэглэгчтэй ойр зуурын юм бичээд танилцсан бөгөөд нилээн удаан харилцаад “уулзъя” гэхээр уулзахгүй, ажилладаг газар, утасны дугаарыг нь асуухаар хэлдэггүй байсан. Тэгтэл 2015 оны зуны сүүлээр “Ваt chimeg” нэртэй хэрэглэгч нүүрээ гаргаагүй, нүцгэн байгаа зурагнуудаа над руу мессенжерээр явуулснаа “одоо чи надад зургаа явуулаач” гээд байсан. Тэгэхээр нь би өөрийн цээжнээс дооших хэсгийн, бэлэг эрхтнээ оруулсан нүцгэн зургаа аваад уг хэрэглэгч рүү явуулчихсан. Өмнө нь харилцаж байхдаа ч гэсэн надад зургаа явуулаач гэсэн мессеж ирүүлээд байдаг байсан ба би тухайн үед нь selfie хийгээд зургаа явуулж байсан. Би тэр хэрэглэгч рүү нүцгэн зургаа явуулсныхаа дараа удаан хугацаанд мессенжерээр харилцсан бөгөөд үүнээс хойш мөн хэд хэдэн удаа нүцгэн зургаа явуулж байсан. Миний санаж байгаагаар хамгийн сүүлд уг хэрэглэгчтэй 2016 оны цагаан сарын үеэр харилцсан шиг санагдаж байна. Би тэр хэрэглэгчтэй яагаад харилцахаа больчихсоноо сайн санахгүй байна. Би хариу бичихгүй таг болсон билүү, тэр хэрэглэгч хариу бичихгүй таг болсон юм. Тухайн үед “Ваt chimeg” гэдэг хэрэглэгчтэй харилцаж байхад хуурамч ассоunt юм шиг санагдахгүй байсан. Учир нь тэр хаяг нилээн олон жилийн өмнө нээсэн, олон найзтай, тогтмол пост оруулдаг, постууд нь бодитой хүн оруулж байгаа гэхээр постууд байсан. “Ваt chimeg” нэртэй хэрэглэгчтэй харилцахаа болиод нилээн удаж байтал 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Silver Ariunbileg” гэсэн фэйсбүүк хаягнаас над руу өмнө нь миний “Ваt chimeg” нэртэй хаяг руу явуулж байсан нүцгэн зурагнуудыг явуулаад, англиар “надтай холбогд” гэж бичсэн байсан. Тэгэхээр нь би хариу бичихгүй байсан чинь миний фэйсбүүк дээрээ бичиж байгаа постууд дээр мөн л англиар “надтай холбогд” буюу “соntact me” гэж бичээд байсан. Тэгэхээр нь би уг хаягийг өөрийн фэйсбүүк хаяг дээр блок хийчихсэн юм. Тэгтэл 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Заяа Заяц” нэртэй хаягнаас над руу мөн л миний нүцгэн зурагнуудыг явуулаад “чи миний хаягийг блок хийлээ гээд надаас зугтаж чадахгүй, миний хар мянган хаягийг бүгдийг нь блоклож чадахгүй шүү. Би чамайг насан туршид чинь дагаж нэр хүнд, өсөж дэвших шат, бизнес, гэр бүлд чинь том зүйл болно шүү гэсэн. Тэгснээ миний хүсэлт маш энгийн, чамд хүлээж авахаас өөр сонголт байхгүй, Монголын цагаар 17 цаг гэхэд хариу өгсөн байх ёстой шүү, чадахгүй бол би чиний нүд хальтрам фактуудыг сошиалаар цацах болно гэсэн. Тэгэхээр нь би наадах чинь нэг их сүртэй зурагнууд биш байна, би наадахаас чинь айхгүй байна. Гэхдээ чи ер нь юу хүсээд байгаа юм гэхэд надад 3 бүхэл биткойн буюу 1845 доллар шилжүүл, тэгээд хоёр талдаа багтъя гэсэн. Би тэр дор нь хариу өгөөгүй бөгөөд биткойны талаар судлаж үзэхэд цахим төгрөг гэж нэрлэгддэг нэг бүхэл биткойн нь 615 долларын үнэтэй гэж байсан. Маргааш нь буюу 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “наадах чинь их мөнгө байна, надад тийм их мөнгө байхгүй” гэсэн утгатай мессеж бичсэн боловч надтай эргэж холбоо бариагүй. Над руу миний нүцгэн зургийг явуулж дарамталснаас болоод би сэтгэл санаагаар маш их унасан. Хэзээ миний нүцгэн зургийг интернэтээр цацчих бол гээд маш их дарамт, айдастай байсан. Надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол л учирсан. Миний нүцгэн зургуудыг цааш задруулахгүй, дээрх хүнд зохих хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна гэжээ. (хэргийн 2 дугаар хавтасны 50, 51 дүгээр хуудас)
Мөрдөн байцаалтад гэрч-Т.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ:
...миний хувьд А.Мөнх-Эрдэнэ болон Г.Нацагдорж нарыг багаас нь мэддэг бөгөөд тэр хоёртой найз нөхдийн холбоотой. Бүр багаасаа нэг газар цуг өсч одоог болтол найзалж нөхөрлөж байна. Манай хоёр найз надад хэлэхдээ “А.Мөнх-Эрдэнийн ажлынх нь таньдаг хүн нь асуудалгүй гэж хэлээд Нацагдоржийн данс руу нь мөнгө хийгээд авъя, тэгээд 40 000 төгрөг өгнө гэж хэлсэн” гэсэн. Тэгээд Г.Нацагдоржийн дансанд нь 1 000 000 төгрөг хийлгээд авахуулсан ба түүнд 40 000 төгрөг өгсөн гэсэн. Тэр авч байгаа мөнгө нь фэйсбүүкээр хүний зургийг нь олж аваад мөнгө өгөхгүй бол интернэтэд цацна л гэсэн юм шиг байна лээ. Би нарийн учрыг нь сайн хэлж мэдэхгүй байна...гэжээ. (хэргийн 2 дугаар хавтасны 88 дугаар хуудас)
2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд:
/яллагдагч Ш.Батмөнхөөс хураан авсан зөөврийн компьютер нь Аsus Х54Н загварын Х54ХI235НR-SL/84NВХХВ сериал дугаартай, i3-2350М загварын СРU-тэй, windows 8, 1 Рго 64 bit үйлдлийн системтэй, 4096 МВ RАМ-тай, компьютерт/ “... 1 компьютерийн дэлгэц хэсэг дээр байгаа мэдээллүүдийг нэг бүрчлэн орж үзэхэд “Нууц тайланг уншихдаа еnаble соntent дарж уншина уу” гэсэн нэртэй макро код агуулсан word файл, “uuriiguu_shalga togloom” гэсэн нэртэй макро код агуулсан ехсеl файл, “hugjiltei togloom” гэсэн нэртэй макро код агуулсан ехсеl файлууд хадгалагдаж байлаа. Уг файлууд руу орж үзэхэд энгийн ехсеl файл биш /хlsm/ өргөтгөлтэй, энгийн word файл биш, /dосm/ өргөтгөлтэй байгаа нь уг файлууд дотор хортой код байх магадлалтай гэдгийг илтгэж байлаа. Уг файлууд дотор хадгалагдаж байж болзошгүй хортой кодуудыг хайхад С диск /users /Rseptember/ downloads гэсэн фолдер дотор Luminosity нэртэй бусдын компьютерийг зайнаас удирдах зохицуулалт бүхий хортой программ суурилуулсан байлаа. Уг программ нь мөн дэлгэц хэсэгт байрлах 2016.10.10 нэртэй фолдер дотор хуулбар хэлбэрээр мөн хадгалагдаж байлаа.
2. Мөн компьютерийн дэпгэц хэсэгт DroidJack гэх программ нь гар утсыг зайнаас удирдах, мэдээллийг олзолж авах программ бүтээх зориулалттай программ байдаг гэж мэргэжилтэн цагдаагийн дэслэгч Ж.Билгүүн хэлэв. Уг фолдер руу орж үзэхэд DroidJack программын үндсэн хэсгүүдээс гадна хортой код байж болзошгүй test12.apk, testom.арк гэсэн бичигтэй 2 ширхэг андройд үйлдлийн системийн орчинд ажилладаг аппликейшн байлаа. Уг программ андройд үйлдлийн системтэй гар утсан дээр ажилладаг бөгөөд компьютер дээр уг программын лог файлууд, уг программыг ашиглан олж авсан мэдээллүүд хадгалагдаагүй байлаа гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтасны 77-81 дүгээр хуудас)
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 6851 дугаартай дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Luminosity, Droid jack нэртэй программууд болон макро файлууд нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн Luminosity, Droid jack нэртэй программуудыг нянтай /хортой/ программын зориулалтаар ашиглах боломжтой.
3. Шинжилгээнд ирүүлсэн Luminosity, Droid jack нэртэй программууд нь Remote Access Trojan /RАТ/ төрлийн программ байна.
4. Шинжилгээнд ирүүлсэн Luminosity, Droid jack нэртэй программууд хэрхэн олж авсан, хэзээнээс хойш ашигласан, хэдэн компьютер, гар утсанд илгээснийг тогтоох боломжгүй. Өөрийн үйлдэлд тохируулан ашигласан байх боломжтой гэжээ. (хэргийн 2 дугаар хавтасны 93 дугаар хуудас)
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:
Ш.Батмөнх ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 3 дугаар хавтасны 104 дүгээр хуудас)
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:
А.Мөнх-Эрдэнэ ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 3 дугаар хавтасны 124, 125 дугаар хуудас)
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:
Г.Нацагдорж ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 3 дугаар хавтасны 117 дугаар хуудас)
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:
Шүүгдэгч Ш.Батмөнх нь Люминосити /Luminosity/ нэртэй бусдын компьютерийг зайнаас удирдах зориулалт бүхий хортой программыг шинэчлэн программчилж, нийт 6 компьютерт илгээж, бусдын аливаа сайтууд болон мэйл хаяг, фэйсбүүк хаяг, интернэт банк руу нэвтрэх нэр, нууц дугаарыг хууль бусаар олж авсан, хадгалсан буюу компьютер, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программыг бэлтгэсэн болон Дройджэк /DroidJack/ нэртэй гар утсыг зайнаас удирдах, мэдээллийг олзолж авах зориулалт бүхий хортой программыг шинэчлэн программчилсан буюу компьютер, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программыг бэлтгэсэн,
2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш “Bat chimeg” нэртэй фэйсбүүк хаягийг ашиглан олж авсан иргэн М.Сайнхүүгийн нүцгэн зургийг фэйсбүүкээр цацаж нийтэд ил болгоно гэж “Silver Ariunbileg” нэртэй фэйсбүүк хаягнаас фэйсбүүк мессенжерээр дарамтлан 1 200 000 төгрөг шилжүүлэн өгөхийг шаардаж бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн,
давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 07-оос 09-ний өдрүүдэд “Bat chimeg” нэртэй фэйсбүүк хаягийг ашиглан олж авсан иргэн С.Эрдэнэбатын нүцгэн зураг, мессенжерээр харилцсан мэдээллийг бусдад задруулна, фэйсбүүкээр цацаж нийтэд ил болгоно гэж “Silver Ariunbileg”, “Заяа Заяц” нэртэй фэйсбүүк хаягнаас фэйсбүүк мессенжерээр дарамтлан 1845 ам.доллартай тэнцэх хэмжээний 3 бүхэл биткойн /bitcoin/ буюу электрон төгрөг шилжүүлэн өгөхийг шаардаж бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн,
А.Мөнх-Эрдэнэ, Г.Нацагдорж нартай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Д.Дэлгэрбатын хувийн мэдээллүүдийг задруулна, нийтэд ил болгоно гэж “Hongorzul Ariunbileg”, “Silver Ariunbileg” нэртэй фэйсбүүк хаягнаас хохирогч Х.Оюунсувд руу мессеж бичин, түүний ойр дотны хүн болох нөхөр Д.Дэлгэрбатын нэр хүндийг нь гутаасан мэдээ, баримт тараахаар заналхийлж 1 000 000 төгрөгийг “Хаан банк“-ны дансаар шилжүүлэн өгөхийг шаардаж бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлж улмаар Ганбаатарын Нацагдоржийн “Хаан банк”-ны 5039569578 дугаартай дансаар 1 000 000 төгрөгийг шилжүүлэн авч бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдлийг гардан зохион байгуулсан,
шүүгдэгч А.Мөнх-Эрдэнэ нь Ш.Батмөнхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Д.Дэлгэрбатын хувийн мэдээллүүдийг задруулна, нийтэд ил болгоно гэж “Hongorzul Ariunbileg”, “Silver Ariunbileg” нэртэй фэйсбүүк хаягнаас хохирогч Х.Оюунсувд руу мессеж бичин, түүний ойр дотны хүн болох нөхөр Д.Дэлгэрбатын нэр хүндийг нь гутаасан мэдээ, баримт тараахаар заналхийлж 1 000 000 төгрөгийг “Хаан банк“-ны дансаар шилжүүлэн өгөхийг шаардаж бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлж улмаар Ганбаатарын Нацагдоржийн “Хаан банк”-ны 5039569578 дугаартай дансаар 1 000 000 төгрөгийг шилжүүлэн авахад Ш.Батмөнхийг Г.Нацагдоржтой уулзуулж түүний Хаан банкны дансаар дамжуулан авахад тусалсан буюу учрах саадыг арилгаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,
шүүгдэгч Г.Нацагдорж нь Ш.Батмөнхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Д.Дэлгэрбатын хувийн мэдээллүүдийг задруулна, нийтэд ил болгоно гэж “Hongorzul Ariunbileg”, “Silver Ariunbileg” нэртэй фэйсбүүк хаягнаас хохирогч Х.Оюунсувд руу мессеж бичин, түүний ойр дотны хүн болох нөхөр Д.Дэлгэрбатын нэр хүндийг нь гутаасан мэдээ, баримт тараахаар заналхийлж 1 000 000 төгрөгийг “Хаан банк“-ны дансаар шилжүүлэн өгөхийг шаардаж бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлж улмаар Ганбаатарын Нацагдоржийн “Хаан банк”-ны 5039569578 дугаартай дансаар 1 000 000 төгрөгийг шилжүүлэн авахад өөрийн Хаан банкны дансаар дамжуулан авч өгсөн буюу учрах саадыг арилгаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Дэлгэрбат, Х.Оюунсувд, М.Сайнхүү, С.Эрдэнэбат, гэрч Т.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 6851 дугаартай дүгнэлт, Си ди-д үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүхэлд нь бүрэн шалгажээ.
Иймд шүүгдэгч Ш.Батмөнхийг компьютер, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программыг бэлтгэсэн,
давтан үйлдлээр, бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн,
шүүгдэгч А.Мөнх-Эрдэнэ, Г.Нацагдорж нарыг бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Ш.Батмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 228 дугаар зүйлийн 228.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2,
А.Мөнх-Эрдэнэ, Г.Нацагдорж нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.2-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэстэй байна.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлж гэм хорыг арилгасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзав.
Шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, учруулсан хохирлын хэмжээг харгалзан тэдэнд ялгамжтай ял оногдуулсан болохыг дурдах нь зүйтэй.