Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2021/01869

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2021/01869

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  хаягт оршин суух, И овогт У.А/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, С овогт Б.А-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.А, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2015 онд танилцаад, Би Солонгос улс руу явсан. Би зуны амралтаараа Улаанбаатар хотод ирээд, уулзсан. Би өөрийнхөө зарчмын талаар эцэг, эх, хамаатан садантай муу харилцаатай байвал бид хоёр салж магадгүй гэдгээ хэлж байсан. Би Б.А-ыг сайн таньсан гэж бодоод, бие биедээ хайртай гээд гэрлэсэн. 2017 онд хуримаа хийсний дараа байр авахаар ааваасаа хэдэн төгрөг авсан. Байр авахаар хайгаад, Б.А-т таалагдаагүй. Дараа нь мөнгөө сайн цуглуулж байгаад гайгүй байр авья гээд байр аваагүй. Жирэмсэн байхад нь миний эцэг эх хөдөө байгаа, цэвэр агаартай газар хүүхдээ төрүүлбэл сайн гээд хэлж байсан. Гэтэл манай аав, ээжийг голоод хөдөө яваагүй. Хэд хэдэн удаа намайг гүтгэж, доромжилж байсан. 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр охин А.Е төрсөн. Манай эцэг эх хөдөөнөөс бэлэг сэлт явуулахад Хятадын хэрэгцээгүй юм байна гэхээр нь эцэг, эхтэйгээ уулзуулаагүй. 2018 оны хавар Б.А Хятад улсад сурч байсан сургуулиа төгсөхөд нь би Солонгос улсаас Хятад улс руу ирсэн. Тэр үед 1 сар гаран хамт байсан боловч муудалцаад Солонгос улс руугаа буцаад явсан. Солонгос улс руу явсны дараа би ээжид нь бид хоёр хоорондоо таарч тохирохгүй юм байна, эртхэн салсан дээр юм байна гэдгээ хэлсэн. Ээж нь хоорондоо ярилцаад, эвлэр гэж хэлж байсан. Над руу өдөр болгон мессеж бичээд, Би буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн. Жоохон таарамжгүй зүйл болохоор хүүхдүүдтэй уулзуулахгүй гэж хэлдэг. Би хүүхдүүдийнхээ эцэг нь учраас надтай уулзуулах эрхтэй. Би хүүхдүүдээсээ зугтах хүн биш. Хуулиараа бүх юм шийдэгдэх учраас хүүхдүүдтэйгээ уулзах боломжтой болмоор байна. Над руу ярихаар нь би эвлэрсэн. Солонгос улс руу ирэхээр болсон. Би Солонгос улс руу ирүүлэх гээд визний материал явуулсан. Гэтэл нөгөө муухай ааш нь хөдлөөд манай эцэг эх, ах дүү нарыг доромжлоод янз бүрээр хэлэхээр нь чи засраагүй намайг хуураад байгаа юм байна гээд визний материалаа болиулсан. Дараа нь дахиад уучлаарай, миний буруу гэхээр нь эргээд эвлэрсэн. Би 2019 онд Солонгос улсаас ирсний дараа 2, 3 хоноод бид дахиад таараагүй учраас салья гээд Баянгол дүүргийн шүүхэд өргөдөл гаргаж өгөхөд Б.А жирэмсэн болсон байсан. Үүнээс болж өргөдлөө шүүхээс буцааж авсан. Жирэмсэн болсны дараа хэсэг хамт амьдарсан. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүү А.Н төрсөн. Төрсний дараа 1 сар гаран хамт амьдарсан. Хоёр дахь хүүхэддээ би А гэдэг нэр өгч байсан. Гэтэл төрсний гэрчилгээг нууж аваад, нэрийг нь сольсон байсан. Б аймагт 2 өрөө байр түрээслээд эхнэр хүүхдээ ирнэ гэж бодож 4 сар гаран ажил хийсэн. Тэрнээс хойш холбогдохгүй болсон. Б.А зан харилцаа хувьд засрахгүй байсан учраас салж байгаа. Хүүхэддээ шинжилгээ хийлгэхэд би үнэхээр эргэлзсэн. Гэрлэлтээ цуцлуулсан ч гэсэн миний хүүхэд гэдэгт өөртөө итгэлтэй болохын тулд шинжилгээ хийлгэсэн. Тухайн үед жирэмслэлтээс хамгаалж байсан учраас эргэлзсэн. Надад буруу ойлгосон зүйл байгаа байх. Би гэр бүлийн хүчирхийлэл болон зэрлэг зүйл хийдэггүй. Иймд гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. Охин, хүү хоёроо ээжийнх нь асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Дундын эд хөрөнгө байхгүй гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 7 сард гэрлэж байсан. 2 сарын дараа Солонгос улс руу явахаас нь өмнө аавынх нь 3 өрөө том байртай, би нэг өрөөнд нь амьдарья гэж хэлэхэд Үгүй гээд намайг хөөж гаргасан учраас би ахындаа очиж амьдарч байсан. Манай ёс заншилд гэрлэснээс хойш 1 жилийн дотор буцаж гэртээ очих болохгүй байдаг. Намайг хүчээр гэр рүү явуулсан. 12 сард би охиноо төрүүлсэн. Манай охин 3,4 сар эмнэлгээр явсан. Хүүхдээ хараад гэртээ байсан учраас надад санхүүгийн боломж байгаагүй. Аавынхаа надад хадгалсан мөнгийг хүүхэддээ зориулсан. У.А надад 1.000.000 төгрөг зээлээч хүүхдээ эмнэлгээр үзүүлэхэд мөнгө хүрэхгүй байна гэхэд аав ээжээсээ ав гэж хэлсэн. У.А 5,000,000-6,000,000 төгрөгийн цалинтай 2 жил ажилласан. Тэр хугацаанд надаас нуугаад, аав ээж рүүгээ мөнгө шилжүүлж байсан. Охиндоо зориулаад, төрсөн өдрөөр нь бэлэг авч өгч үзээгүй. Өдийг болтол би 2 хүүхдээ ганцаараа өсгөж байгаа. Иймээс У.А-ыг хуулийн өмнө эцэг хүний хариуцлагыг хүлээлгэж, хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байгаа. Тэмдэглэлт баяраар хэрүүл маргаан үүсгээд, өөрөө алга болдог байсан. Хүүхдүүд минь энэ хугацаанд эцгээс бэлэг авч, уулзаж ч үзээгүй. Би 2 хүүхдийг нь төрүүлсэн байхад аав ээж нь над руу нэг ч удаа залгаж байгаагүй. Хүүхдүүдийг харахаар ирж байгаагүй. Яагаад өөрсдийг нь хүндлээгүй гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Би нэг удаа охиноо бодоод уучлалт гуйснаас хойш гэр бүлээрээ над руу залгаж, хэрүүл маргаан хийдэг байсан. 2018 оны 02 сард У.А салахаар шүүхэд өргөдөл өгсөн. Тэр үед би жирэмсэн байсан учраас шүүх цуцлагдсан. У.А хариуцлага хүлээхийг хүсээгүй учраас миний хүүхдийг хүлээн зөвшөөрөөгүй. Миний аав, ээж, ах, эгч рүү залгаад охины чинь тээж байгаа хүүхэд минийх биш гэж намайг доромжилсон. Тэгээд 9 сар сураггүй алга болсон. Энэ хугацаанд надад шийдвэр гаргахад үнэхээр хэцүү байсан. Би охиноо гаргаад 2 жил гэртээ суусан. Дахиад хүүхэд гаргаад гэртээ сууснаас хүүхдээ авахуулах талаар бодож байсан. Намайг 10 сард төрөхөд У.А 1 сар ирсэн. Тэгээд алга болоод өмнө жилийн 6 сард ирээд чамаас саллаа, ахиж чамтай нийлэхгүй гэж хэлээд Б аймаг руугаа явсан. Сураггүй болоод 1 жилийн дараа ирээд надаас уучлалт гуйсан. Хоёр хүүхдээ бодоод, сүүлийн удаа уучилсан. Солонгос улс руу яваад, араас нь би явахаар ярилцаад явсан. Солонгос улсад очоод ажил төрөл нь бүтээгүй, 7 хоног болохгүй буцаад ирсэн. Би аавынхаа гэрт 4 жил амьдарлаа надад ичгүүртэй байна. Аавынхаа хажууд амьдрах надад хэцүү байна. Ядаж байр түрээслээд, хамтдаа амьдарья гэхэд би чамаас салаад,  явна гэж хэлсэн. Энэ бүх хугацаанд бие болон сэтгэлийн санааны хүчирхийлэлд өртөж байсан. 2 хүүхдээ бодоод тэвчиж байсан. Би У.А-ыг өөрчлөгдөхийг хүлээсэн. Одоо бол ахиж хамт амьдарч чадахгүй. Сэтгэл санаа амар тайван амьдармаар байна. 2 хүүхдээ би асрамждаа авна. Одоо өөрөө ажил хийж байгаа. Санхүү эдийн засгийн ухааны доктороос гадаадад сурч байгаа. Өдий хүртэл нэг ч удаа тусалж байгаагүй байж шүүхэд тайлбар хэлж байгааг хараад гайхаж байна. У.А-д нөхөр, эцэг хүний хариуцлагыг хуулийн дагуу үүрүүлмээр байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч У.А нь хариуцагч Б.А-т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаар гэрлэлт цуцлуулахаар шаардсан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн тайлбар гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч У.А, хариуцагч Б.А нар нь 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсноо 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн 00000000 болох гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар, охин А.Ень 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, хүү А.Н нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

Зохигчид үзэл бодлын зөрүү, биесээ болон гэрлэгчдийн эцэг, эх, ах дүү нарыг хүндэтгэх тал дээр үл ойлголцол үүсч, улмаар үүнээс үүдэн маргаантай байх болсон, хамтдаа урт хугацаанд гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай амьдарч байгаагүй зэрэг нь гэрлэлт цуцлах шалтгаан болжээ.

Гэрлэгчид хэн аль нь цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна гэж тайлбарласан, нэхэмжлэгч хөдөө орон нутагт амьдарч байгаа нь эвлэрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд ач холбогдолгүй байдал үүсгэж байгаа, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг үндэслэж шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, охин, хүү хоёр нь төрсөн цагаас эхийн асрамжид Улаанбаатар хотод амьдарсан, хүүхдийн орчин нөхцөлийг өөрчлөх ноцтой шалтгаан байхгүй, нэхэмжлэгч хүүхдүүдээ бага насных тул эхийн асрамжид байх нь зөв гэж тайлбарласан байдлыг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин А.Е, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү А.Н нарыг эх Б.А-ын асрамжид үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин А.Елен, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү А.Нурали нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг У.А-р тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөхгүй болохыг эцэг У.А-д, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар У.Айымбек нь эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байх үүрэгтэйг эх Б.А-т даалгаж байна.

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь заалтыг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ители елтох овогт У.А, хариуцагч С овогт Б.А нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг баримтлан 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин А.Е, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү А.Н нарыг эх Б.А-н асрамжид үлдээсүгэй.   

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин А.Е, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү А.Н нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг И овогт Улагпаны А-р тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

5. Эцэг У.А-г үр хүүхэдтэйгээ уулзахад хүүхэд хүсээгүйгээс бусад үед саад болохгүй, харилцан тохиролцон уулзуулж байхыг эх Б.А-т даалгасугай.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ