Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/193

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

иргэдийн төлөөлөгч Б.Наранбат,

улсын яллагч Г.Ариунзул,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Батбаяр,

шүүгдэгч Б.Б- түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Ч овогт Б-ын Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000001342 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүрэг *** хороо *** гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/874 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн, Ч овогт Б-ын Б-.

 

Шүүгдэгч Б.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Full нэртэй зочид буудлын 306 тоот өрөөнд хохирогч Т.Б-ын хэвлий тус газар нь 1 удаа хутгалж биед нь хэвлийд хүйсийн зүүн талаар нэвтэрч нарийн гэдэс, чацархайг нэвт гэмтээж хатгагдсан шарх бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 3-10 дахь тал/

 

Хохирогч Т.Б-ын “... Би 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр танил болох Маралаатай цуг Шар хаданд автомашин дотор гэр хорооллын гудамжинд зогсож байсан чинь манай найз М- руу хоёр эгч нь залгаад буудалд дуудаад хүрээд ирээч жоохон ууя гэж байна гэхээр нь би Т-, Ханзо буюу А, М-, Е, Т-гийн найз охин Содгэрэл бид хэд Модны хоёрт байдаг Full гэдэг нэртэй зочид буудлын гадна зогсоолд 16 цагийн үед ирээд манай найз М- ганцаараа ороод уулзаад гараад ирье гээд ганцаараа буудал руу орсон.

Тэгээд гадаа нь бид хэд хүлээгээд 30-40 минут болоод удаад байхаар нь би өөрийн гар утсаараа М- руу facebook чатаар яасан бэ гээд бичсэн чинь ороод ир гээд чат ирэхээр нь би Е, Ханзо бид гурав хоёр давхарт байдаг 306 дугаартай өрөөнд орсон чинь Б-, О гэж бид хэдийг бодвол арай ахимаг насны эмэгтэй, М- нар хоёр ортой өрөөнд байсан.

Орох үед өрөөнд нь 2,3 уут лаазтай шар айрагны хоосон сав байсан. Хоёр бүтэн 2,5 литрийн Сэнгүр нэртэй шар айраг байсан. Тэгээд бид хэдийг орох үед О гэдэг эгч нь бид хэдийг цуг жоохон уугаад суугаач гэсэн.

Тэгэхээр нь бид гурав цуг тэнд байсан 2 том шар айраг, нэг тал байсан том шар айргийг бид хэд хувааж ууж дуусгаад О, Ханзо гэж найзтай цуг гараад 3 ширхэг 2,5 литрийн Сэнгүр нэртэй шар айраг авчраад ууж байх үед О гэж эгч намайг эр хүнийг сорви чимдэг юм гээд миний фудволк дотуур гараа хийж байгаад миний цээж хэсгийг хоёр гараараа маажсан.

Тэгээд би дургүйцсэн чинь зүүн гараараа алгадахаар нь би арагш болсон чинь миний нүүрэн дээр хальт хүрээд өнгөрсөн. Тэгсэн баруун гараараа миний зүүн чихний урд хэсэг хацар орчим хүчтэй алгадсан. Тэгээд эр хүнийг сорви чимдэг юм за юу гэхээр нь би чимээгүй, за аниа гээд чимээгүй өнгөрсөн.

Тэгээд бид хэд авчирсан 3 ширхэг шар айргаа ууж дуусаад О болон Е-ТЭЙ гараад 3 ширхэг 2,5 литрийн Сэнгүр нэртэй шар айраг авчраад тэрийг уугаад сууж байх үед юунаас болсон юм анзаараагүй О, Б- хоёр маргалдаад байсан.

Би Ханзо гэж найзтайгаа хоёр орны хойд талын орны хөл хэсэгт зогсож байсан чинь миний зүүн талд сууж байсан Б- сууж байснаа О гэж найз нь чаддаг юм бол хутгалчих гээд хэлсэн чинь Б- миний гэдэсний зүүн талд сууж байгаад босох үедээ зүүн тал руу хутгалсан.

Тэгээд би тэрхэн үед цочролд ороод айгаад байж байх үедээ ганцаараа бие засах өрөө рүү ороод өрөөний хаалгыг дотор талаас түгжихгүй бол дахиж орж ирээд намайг дахиж хутгалж магадгүй гэж бодоод түгжээд хутгалсан газраас цус алдаад байхаар нь нойлын цаасаар дарах гэж байгаад тэр үед түр зуур ухаан алдсан.

Хэсэг хугацааны дараа хаалга нүдээд намайг сэрээгээд би тэрхэн үедээ сэргээд хаалгаа тайлсан чинь М- цагдаа дуудсан. Одоо айлтгүй гэж хэлсэн. Тэгээд миний гэдэс аймар өвдөөд байхаар нь би хойд талын орон дээр хэвтээд хутгалсан газрыг гараараа дарсан цус алдаад тогтохгүй, тэгээд хэвтэж байсан чинь 103 эмч болон цагдаа орж ирээд түргэн тусламжийн эмч үзээд яаралтай хагалгаанд орох шаардлагатай юм байна гээд намайг Ханзотой цуг түргэн тусламжийн автомашинаар Госпиталь эмнэлэгт хүргээд би тэндээ эмнэлэгт хүргэгдээд 1-2 цагийн дараа яаралтай хагалгаанд ороод маргааш өдөр нь 13 цагийн үед сэрээд би эмчтэй уулзах үед миний нарийн гэдсийг нэвт хатгасан байсан тул хэвлийн хөндийг нээж гэмтсэн эрхтэнг нөхөн сэргээх мэс засал хийж нарийн гэдэс болон чацархайн нэвт хатгагдсан шархыг оёж, чацархай дотор хурсан цусыг гадагшлуулсан. Хэвлийг угааж гуурс залгасан гэж хэлсэн.

Шалтгааныг би мэдээгүй. Ханзо гэж найзтайгаа ойр зуур юм яриад байж байсан гэнэт намайг хутгалсан. ... нэг төө хэрээний жижиг бор шаргал өнгийн иштэй байсан. Манай найз Ханзо буюу А-ын хутга байж магадгүй.

... Миний эрүүл мэндэд хохирол учирсан. Мөн хагалгааны зардал 2,980,000 төгрөг болсон. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж эмч хэлсэн. Би цаашид гарах зардлуудаа өөрөө гаргаж өгнө.

Маш их гомдолтой байна. Холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дэх тал/

 

Гэрч Б.М-гийн “... Б-, Ханзо, Б-, О, би бид тав сууж байсан чинь Ханзо цамцаа авна гээд маргаад байсан. Би сайн мэдэхгүй байна Б- юм уу, Ханзо хоёроос гарч ирсэн хутга байхаа Б- эгч Ханзо барьж байх үед нь булааж аваад хажууд нь зогсож байсан Б-ын гэдсэнд хутгаараа зүүн гараараа нэг удаа дүрсэн. Тэгээд би цагдаа дуудах уу, эмч дуудах уу гэсэн чинь Б- яах юм бэ, би зүгээр гээд байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 21 дэх тал/

 

Гэрч Х.А-ын “ ... Тэгээд Б- надад хиам зүсэх зүйл байна уу гэхээр нь би үүрч явсан жижиг цүнхэнд байсан хутгаа гаргаж өгөөд тэгээд Б- тэр хутгаар хиам, тахиа зүсээд дуусаад ширээн дээр ирээр нь зоогоод үлдээсэн байсан.

Тэгсэн чинь Маралаагийн хоёр эгч хоорондоо юм яриад байсан. Яг юу ярьж байсан талаар бол сайн мэдээгүй. Маргаад байх шиг байсан. Тэгээд байж байсан чинь Маралаагийн хоёр эгчийн арай залуухан өндөр охин нь ширээн дээр байсан хутгийг аваад манай найз Баяраа буюу Б-ын гэдэс хүйсний хавьд нь нэг удаа зоосон.

Тэгээд бид хэд шууд эмнэлэг дуудсан чинь удалгүй эмнэлэг цагдаа ирээд манай найз Б- бид хоёрыг болохоороо түргэн тусламж аваад Цэргийн төв эмнэлэг орсон. Үлдсэн хэдийг цагдаа аваад үлдсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7221 дугаартай:

“...1. Т.Б-ын биед хэвлийд хүйсний зүүн талаар нэвтэрч нарийн гэдэс чацархайг нэвт гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 30-31 дэх тал/

 

Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “ ... Тухайн өрөөнд ороод бид хоёр цуг байсан. Би өмнөх өдөр нь төрсөн эгчтэйгээ муудалцаад сэтгэл санаа тавгүй байсан тул уумаар санагдаад арай илүү уусан.

Тэгээд байж байх үед Маралаа facebook чатаар залгаад очиж унтая, шөнөжин нойргүй явсан гэл үү тийм юм ярьсан. Тэгэхээр нь би өрөвдөөд хүрээд ир гэж хэлсэн чинь нээх удалгүй 1 билүү 2 залуутай орж ирээд бие засах өрөө орох гэж байгаа ч гэл үү нэг юм хэлээд орж ирсэн.

Би ер нь жоохон согтолттой байсан тул сайн санахгүй байгаа. Яагаад цуг байснаа санахгүй байна. Манай өрөөнд тэр залуучууд муудалцаад гараад явсан. Хэсэг байж байгаад буцаж орж ирсэн байсан. Би нэг сэрсэн чинь бид хэд тойроод суусан шар айраг ууж байсан.

Юм яриад сууж байх үед улаан малгайтай Ханзо гэж залуугаас хутга гарч ирээд би тухайн үед яг сайн санахгүй байгаа. Тэр залуу лав гэдсээ ил гаргасан миний зүүн талд зогсож байхаар нь би аль гартаа хутга барьсан байснаа санахгүй байна, тэр хутгалуулдаг Б- гэж залуу чаддаг юм бол намайг хутгал би гомдолгүй гээд байхаар нь би гэдсэнд нь 1 удаа хутгаараа хүрсэн чинь тэр залуу ямар нэгэн зүйл хэлээгүй гэдэснээс нь жоохон цус гараад тэгсэн чинь Б- зүгээр, зүгээр гээд тэрүүгээр яваад байсан.

Тэр үед Маралаа түргэн тусламж дуудсан байх. Тэгээд байж байсан чинь удалгүй цагдаа түргэн тусламж орж ирээд Б-ыг аваад явсан. Цагдаа ирээд О- бид хоёрыг цагдаагийн хэлтэс хүү аваад явсан.

Шар айраг хэтрүүлэн хэрэглээд өөрийгөө хянаж чадахгүй болтлоо уусан болохоор ийм үйлдэл гаргалаа. Би тухайн үед болсон асуудлаа муухан л санаж байгаа. Миний буруу, би гэм буруугаа ухамсарлаж байна. Би тэр асуудлаас хойш болсон асуудалдаа маш ихээр харамсаж сэтгэл санаагаар унасан. Маш их харамсаж байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 52-53 дахь тал/

“... Би яг юунаас болсон талаар санахгүй байна. Миний зүүн талд сууж байсан байхаа. Б- гэж залуугийн гэдэс хэсэгт нь 1 удаа хүрсэн. Өөр зүйл болоогүй.

... Тухайн үед нэлээн согтуу байсан болохоор яг сайн санахгүй байгаа. Миний санаж байгаагаар бол Б- би ямар ч гомдолгүй, чи чаддаг юм бол намайг хутгал гээд байхаар нь би хутгалсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 114 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Б.Б- нь найз Х.О-гийн хамт 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Full нэртэй зочид буудлын 306 тоот өрөөгөөр үйлчлүүлэхдээ Б.М-г дуудсан ба Б.М- нь Х.А, хохирогч Т.Б- нар болон бусдын хамт уг зочид буудалд очиж согтууруулах ундааны зүйл хэрэглэжээ.

Ийнхүү согтуурсан үедээ шүүгдэгч Б.Б- нь тодорхой шалтгаангүйгээр Х.А-ын биедээ авч явсан хутгаар хохирогч Т.Б-ын хэвлийн тус газарт хутгалж биед нь хэвлийд хүйсний зүүн талаар нэвтэрч нарийн гэдэс чацархайг нэвт гэмтээсэн хатгагдсан шарх гэмтэл бүхий амь насанд аюултай эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулжээ.

          Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

          Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Б- нь Т.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Т.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7221 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Шүүх хуралдаанд өмгөөлөгч Ж.Батбаяр хохирогч Т.Б-ын өөрт учирсан хэвлийд хүйсний зүүн талаар нэвтэрч нарийн гэдэс чацархайг нэвт гэмтээсэн хатгагдсан шархыг эмчлүүлэхтэй холбогдон гарсан 1,899,646 төгрөгийн зардлын баримтыг гарган өгсөн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б- нь хохирогч Т.Б-д нийт 2,168,000 төгрөгийг шилжүүлсэн талаарх мөнгөн шилжүүлгийн баримтууд болон өмгөөлөгч Ж.Батбаярын тайлбараар тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ийг гэмт хэргийн улмаас учирсан, хохирол хор уршигт төлөх төлбөргүй гэж үзэв.

Гэхдээ хохирогч Т.Б- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хугацаатай хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар  хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн утга бүхий саналыг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан бөгөөд энэхүү хэсэгт шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш учраас дээрх шүүгдэгчийн нөхцөл байдлыг харгалзан өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,  эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ажлын хэсэг 10 см урттай, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч овогт Б-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг 10 см урттай, бор өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг устгасугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ

 

 

                                   ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ

 

                                   

                                            ШҮҮГЧ                                      Ц.МӨНХ-ЭРДЭНЭ