Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/194

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч О.Н-,

хохирогч Т.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Ш овогт О-ын Н-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2405000000080 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2004 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Төв аймаг Жаргалант сум 4 баг Загдал Чандмань 1 гудамж 6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ш овогт О-ын Н-.

 

Шүүгдэгч О.Н- нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөр шилжих шөнө 03 цагийн үед Баянгол дүүргийн 6 хороо UB palace-ын гадаа буухдаа гээгдүүлсэн иргэн Т.М-н эзэмшлийн Samsung galaxy S 23 ultra загварын гар утсыг бусдын эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 2,625,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н- мэдүүлэхдээ: “Би 2024 оны 1 дүгээр сарын 12-ны шөнө 03 цагийн орчимд такси үйлчилгээнд явж байгаад хохирогчийг найзтай нь хамт хүргэж өгөхөөр болсон. Эхлээд найзыг нь хүргэж өгөөд хаашаа явах вэ гэж асуухад UB palace явна гэсэн. Хүргэж өгөөд тооцоо хийх болсон утас нь олдохгүй байна гэсэн. Тэгээд миний гар утсаар залгаад миний автомашинаас олдоогүй. Орой гэртээ очоод машинаа цэвэрлэсэн чинь утас нь гараад ирсэн. 1 дүгээр сарын 13-ны өдөр хүнтэй уулзаад зарсан. Мөнгөөрөө найзынхаа автомашинд сэлбэг аваад үлдсэн мөнгөөр нь хоол хүнс аваад мөнгө дууссан. 10 хоногийн дараа цагдаагаас дуудсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.М- мэдүүлэхдээ: “Найзыгаа хүргэж өгөөд буцах замдаа унтсан байсан. Жолооч сэрээрэй ирчихлээ гэхээр нь таксины мөнгөө шилжүүлэх гэсэн утсаа олохгүй жолоочийн утсаар залгахад дугарахгүй байсан болохоор манай найз аваад гэртээ орсон гэж бодоод буцаад найзынхаа байр луу ороод тоотыг нь мэдэхгүй болохоор айлуудын хаалгыг тогшсон. Тэгээд олоогүй болохоор гартал таксины жолооч явчихсан байсан. Миний гар утас 2,625,000 төгрөгөөр үнэлэгдсэн” гэв.

 

Хохирогч Т.М-н “... Би 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр найз Мөнхөө болон Алтангэрэлтэй Tedy гар утас худалдааны төв дээр уулзаад гадна зогсоол дээр автомашин дотроо сууж байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Уг газарт ууж байсан зүйлээ дуусгачхаад Мөнхөө гэх найзыгаа гэрт хүргэж өгчхөөд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эргэн дурсахуй шөнийн цэнгээний газар луу орсон.

... Найз Алтангэрэлийн хамт Эргэн дурсахуй шөнийн цэнгээний газрын үүдэн дээрээс таксинд суугаад UB palace-ын Дурсамж шөнийн цэнгээний газар луу явсан. Уг шөнийн цэнгээний газрын гадна таксинаас буугаад орох гэтэл манай найз Алтангэрэл одоо болъё гэртээ харья гэж хэлэхээр нь найзыгаа хүргэж өгөхөөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүслэн төв рүү явсан. Найз Алтангэрэлийг гэрийнх нь гадна буулгачхаад буцаад гэр лүүгээ явсан. Гэр лүүгээ явж байх замд би унтчихсан байсан. Намайг унтаж байх үед уг таксины жолооч сэрээрэй гэж хэлээд 25 дугаар эмийн сангийн яг хаана юм бэ гэж асуухаар нь би UB palace орно гэж хэлсэн. Тэгээд UB palace-ын үүдэнд очоод такси үйлчилгээний төлбөр төлөх гэтэл миний гар утас алга болсон байсан.

... Миний гээгдүүлсэн гар утас хар өнгөтэй, 512 gb багтаамжтай Samsung galaxy S23 ultra загварын гар утас байсан. Тухайн өдөр цагаан өнгийн хавтастай гэртэй байсан. Өөр ямар нэгэн онцлог содон шинж тэмдэг гээд байх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-11 дэх тал/

 

Дамно ХХК-ны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн БГ2-24-191 дугаартай шинжээчийн дүгнэлт. /хэргийн 17-20 дахь тал/

 

Гэрч Я.Т-ын “...Надтай хамт амьдардаг манай найз Н- 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 00 цагийн үед миний эзэмшлийн ***-*** УБӨ улсын дугаартай хар өнгийн Toyota Prius 30 маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явахаар авч явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-27 дахь тал/

“... Миний 57403517** тоот дансанд Tsalin S22 гэсэн гүйлгээний утгатайгаар 1,350,000 төгрөгийн орлого орж ирсэн нь манай найз Н-ын намайг зараад өг гэж гуйсан гар утасны мөнгө. Надад хаанаас ямар олсон гэдгээ хэлээгүй. Сүүлд цагдаа дээр мэдүүлэг өгсний дараа мэдсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30-32 дахь тал/

 

Гэрч Д.Д-ын “... Би 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн өглөө facebook ашиглаж байгаад Samsung galaxy S23 ultra загварын гар утас зарна гэсэн зарыг олж харсан байсан. Тухайн зарыг байршуулсан Т- гэсэн хаягтай холбогдож Grand plaza худалдааны төвийн урд талд 11 цагт уулзахаар тохирсон. Тэгээд 11 цагийн үед Grand plaza худалдааны төвийн урд талын зогсоол дээр уулзаж зарна гэсэн зар байршуулсан. Samsung galaxy S23 ultra загварын гар утсыг үзэж байгаад авахаар тохирч мөнгийг нь шилжүүлсэн. Тухайн мөнгийг манай эхнэр шилжүүлсэн. Уг гүйлгээ нь гар утас худалдан авсан гүйлгээ байсан.

“... Би дэлгэцийн цуурсаныг нь засуулаад барих гэтэл хар цэг үүссэн байхаар нь facebook дээр өөрийн хаягаас зар оруулж байршуулж байгаад цаг болон чихэвчний хамт 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 2,450,000 төгрөгөөр зарж борлуулсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36-38 дахь тал/

“... Би гар утастай дагалдуулан зарсан ухаалаг бугуйн цагаа 400,000 төгрөгөөр, утасгүй чихэвчээ мөн адил 400,000 төгрөгөөр үнэлж зарсан. Нийтэд нь гар утас худалдан авсан 1,350,000 төгрөг дээрээ дэлгэц засварын 300,000 төгрөг, ухаалаг бугуйн цаг, утасгүй чихэвчний 800,000 төгрөгийг нэмээд нийтэд нь 2,450,000 төгрөгөөр зарсан ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 41-42 дахь тал/

 

Я.Т-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 46-47 дахь тал/

 

О.Н-ын яллагдагчаар өгсөн “... 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр таксинд явж байгаад шөнө 04 цагийн үед UB palace-ын ойролцоо буулгасан хүний гар утас алга болсон байсан. Тэгээд тэр хүнийг буулгачхаад гэрийн гадаа очоод автомашинаа цэвэрлэж байхдаа жолоочийн эсрэг талын суудал доороос нөгөө хүний гар утсыг нь олсон. Тэрний дараа найз Т-т зараад өгчих гээд өгсөн. Олсон гар утас гэдгээ хэлээгүй.

... Би тухайн хүний хохирлыг төлж барагдуулаагүй байгаа. Удахгүй хохирол мөнгийг нь төлөөд хохиролгүй болгоно. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 84 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч О.Н- нь 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөр шилжих шөнө Toyota Prius 30 маркийн ***-*** УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байжээ.

Ингээд Баянгол дүүргийн 6 хороо UB palace-ын Дурсамж шөнийн цэнгээний газар хүргүүлэхээр явсан хохирогч Т.М-н тээврийн хэрэгсэлд гээгдүүлсэн Samsung galaxy S 23 ultra загварын гар утсыг олж авчээ.

Үүний дараа өөрийн найз болох гэрч Я.Т-аар дамжуулан гэрч Д.Д-д Samsung galaxy S 23 ultra загварын гар утсыг 1,350,000 төгрөгөөр худалдсаны улмаас хохирогч Т.М-д 2,625,000 төгрөгийн хохирол учиржээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч О.Н- нь хүний өмчлөх эрхэд халдаж хохирогч Т.М-н гээгдүүлсэн гар утсыг бусдынх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Т.М-д 2,625,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн БГ2-24-191 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Шүүхэд шүүгдэгч О.Н- нь хохирогч Т.М-д 300,000 төгрөгийг төлж барагдуулсан талаарх банкны хуулгыг гарган өгсөн тул үлдэгдэл 2,325,000 төгрөгийг түүнээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Нөгөөтэйгүүр шүүгдэгч О.Н- хохирогч Т.М-н гар утсыг зарж 1,350,000 төгрөгийн орлого олсон нь гэрч Я.Т-ын мэдүүлэг, түүний дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч О.Н-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,350,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч О.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Н-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 300,000 төгрөг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлсийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.Н- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н- нь “... 3 сарын 15-ны өдөр Япон улс руу зорчих явах гэж байгаа” талаар мэдүүлсэн, мөн улсын яллагчаас шүүгдэгчид “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах” тухай санал гаргасан тул түүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ дээр давхардуулан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар авч шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт О-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Н-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Н-ыг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Н-ыг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, О.Н-ыг баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Н-аас 2,325,000 төгрөг гаргуулж Т.М-д олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Н-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1,350,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар О.Н-ад шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ дээр давхардуулан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Н-ад авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ