| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2021/00342/И |
| Дугаар | 102/ШШ2021/01907 |
| Огноо | 2021-08-12 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2021/01907
| 2021 оны 08 сарын 12 өдөр | Дугаар 102/ШШ2021/01907 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, З.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, Б овогт Т.Э-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Б нь тоот байрыг 2017 онд худалдан авсан байдаг. 2019 оны 5 дугаар сараас эхлэн төрсөн дүү З.Б, түүний хамтран амьдрагч Т.Э болон 3 хүүхдийн хамтаар орон сууцны 1 өрөөнд амьдарч байна. Дүү З.Б нь 2020 оны 12 сараас байрыг чөлөөлсөн. Т.Э нь тус байранд амьдрахгүй байгаа боловч эд зүйл нь байгаа болохоор хүссэн үедээ ирж дарамт учруулж байна. Өмчлөгч нь өөрийн өмчөө хүссэнээрээ чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй бөгөөд бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар орон сууцыг Т.Эн эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч Т.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нөхөр З.Б 2010 онд танилцаж, гэр бүл болж амьдраад дундаасаа 2, 3, 8 насны гурван хүүхэд төрүүлсэн. Бид нар хадам ээж С.Эн өмчлөлийн тоот, 2 өрөө байранд 2011 онд орж, хадам ээжийнхээ хамт амьдарч байгаад ээж маань 2019 онд хүнд өвчний улмаас нас барсан. Манай нөхрийн ах З.Б эхнэр хүүхдүүдийнхээ хамт өөрсдийн амьдарч байсан хашаа байшингаа зараад энэ байранд 2018 онд түр нүүж ирснээс хойш хамт амьдарч байгаа. Хадам ээжийг амьд сэрүүн байхад манай нөхөр байрны хамтран өмчлөгч байсан. Одоо ах болох З.Бн байр болсныг ойлгохгүй байна. З.Б түүний эхнэр, хүүхэд бид нарыг байнга хөөж тууж элдэв янзаар хавчин доромжилж, бага насны хүүхдүүдийн минь эрх дураараа байх байдлыг хязгаарлаж зурагт үзүүлэхгүй төхөөрөмж унтраачихдаг нэг өрөөнөөс гаргахгүй элдэв янзаар харааж зүхэж дарамталдаг. Манай нөхрийг өдөөн хатгаж элбэж зодож нүддэг. Энэ байдал хүүхдүүдийн хүмүүжилд маш муугаар нөлөөлж байна. Манай нөхөр З.Б нь байнга архи ууж агсам согтуу тавьж, зодож нүдэж үр хүүхдээ айлгаж байхад ах нь зогсоох байтал эсрэгээрээ дэмжиж хамт нийлж танхайрдаг. Иймэрхүү байдал нь миний үр хүүхдүүдэд хар толбо үүсгэж байна. Манай нөхөр З.Б нь ээжтэйгээ байрныхаа хамтран эзэмшигч байсан хирнээ ямар шалтгаанаар ахынхаа нэр дээр болгосныг би мэдээгүй байсан. Би шүүхэд өргөдөл гаргасан цагаас эхэлж мэдсэн. Би гурван хүүхдээ дагуулаад хаана очих вэ. Би энэ байрнаас гарах үндэслэлгүй гэж бодож байна. Иймд З.Бн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Б нь хариуцагч Т.Эт холбогдуулан орон сууц чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь тус байранд 2011 оноос хойш амьдарч байгаа бөгөөд нөхөр З.Б нь тус байрны хамтран өмчлөгч тул чөлөөлөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Т.Э нь уг орон сууцанд 2011 оноос хадам ээж болон нөхрийн хамт амьдарч байсан гэж тайлбарласан боловч хорооноос ирсэн нэхэмжлэгчийн дүү З.Б хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт бүртгэлгүй байна.
Түүнчлэн нөхөр З.Б нь уг орон сууцны хамтран өмчлөгч тул чөлөөлөхгүй гэж маргасан боловч орон сууцны хувийн хэргээс үзэхэд 2015 оны 9 дүгээр сарын 29-ний орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийн дагуу өмчлөгчөөс хасагдаж, С.Э гэсэн нэг иргэний өмч болсон байна.
Улмаар 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр тоот орон сууц нь нэхэмжлэгч З.Б өмчлөлд шилжиж ирсэн болох нь худалдах худалдан авах гэрээ, Ү0000000 эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотлогдлоо.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар З.Б тоот орон сууцны хамтран өмчлөх эрх 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хэлцлийн үндсэн дээр дуусгавар болж, З.Бн хувьд орон сууцны өмчлөх эрх 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хэлцлийн үндсэн дээр шинээр үүссэн байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч З.Бр нь өөрийн өмчлөлийн орон сууцаа чөлөөтэй эзэмших, ашиглах эрхтэй.
Гэтэл хариуцагч Т.Э нь нэхэмжлэгчийн орон сууцыг гэрээний болон хуулийн дагуу эзэмших, ашиглах эрхгүй атлаа нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй хамтран эзэмшиж, ашиглаж, нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу орон сууц чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгч З.Бн өмчлөлийн Ү-00000000 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, тоот хаягт байрлах, орон сууцыг хариуцагч Т.Э хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч З.Б өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, тоот хаягт байрлах, орон сууцыг хариуцагч Т.Э хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Э улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Бт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ