Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/159

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Б.Солонго,

иргэдийн төлөөлөгч О.Уянга,

хохирогч З.Батсүх,

гэрч *******,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000001631 тоот дугаартай, 3 хавтас хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймаг, Шивээ-Овоо суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт ******* дүүргийн *******-р хороо, ******* тоотод оршин суух, урьд

- Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 366 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 456 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 4 сар, 14 хоногийн хугацаагаар хорих ял,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороо, 48/2 дугаар байрны 602 тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч цээж /зүрхэн тус газарт/ руу хутгалж алахыг завдсан,

- мөн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3-р хороо, “Улсын их дэлгүүр”-ийн урд талын явган хүний гарц дээр хохирогч эзэмшлийн “Айфоне 12 про” загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******* дүүргийн 19-р хороо, “ тэнгэр 2” хотхоны -р байрны 11 тоотод хохирогч эзэмшлийн “Самсунг галакси нөт 10/5 жи” загварын гар утсыг газар шидэж, дээрээс нь дэвсэх зэргээр эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 675.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтолттой байсан учраас юу болсон талаар санахгүй байна. Маргааш нь дүү З.Батсүхийг эмнэлэгт байгаа талаар мэдсэн. Юу болсон талаар санахад хутга булаацалдаж байгаад өөрийн буруутай үйлдлээс болж дүүгээ гэмтээсэн байсан. Хохирогч гар утсыг хулгайлсан нь үнэн, мөн хохирогч гар утсыг шидсэн үйлдэлд маргах зүйл байхгүй...” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батсүх мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр том ах *******ын төрсөн өдөр болсон бөгөөд ах *******, ******* нарын хамтаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн. ******* ахтай ширээний хоёр талд суугаад юм ярьж сууцгаасан. Тухайн үед над руу манай найз залгасан тул утсаар маргалдсан. Тэгээд би гал тогооны тавцан дээр байсан хутгыг аваад өөрийгөө саатуулаад зогсож байсан. Тухайн үед би найзтайгаа ууртай ярьж байсан болохоор ******* ах ирээд намайг загнаад “ах, дүү нар чинь унтаж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “цаашаа байж бай” гэж хэлэхэд “ахын дүү боль” гээд гараас татаад, би гараа татаж авах гээд уурлаад “цаашаа бай танд хамаагүй” гэж хэлсэн. Миний буруутай үйлдлээс болж би өөрөө өөрийгөө гэмтээсэн байх гэж бодож байна. Одоо надад гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр архи уусан тул согтолттой байсан бөгөөд унтаж байгаад босож ирсэн. Тэгэхэд “хутга булаацалдаж байгаад ийм юм боллоо” гэж хэлээд З.Батсүх гараад явсан. Би тухайн үед биеийн аль хэсэгт хутгалсан талаар мэдээгүй, буцаад унтсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Цагдаагийн байгууллагад 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр холбоо мэдээллийн хэрэгслээр ирүүлсэн “...З.Батсүх нь цээжин тус газраа хутгалуулсан байдалтай, ГССҮТ-д ирсэн...” гэсэн гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 23 дахь тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд “...цэнхэр өнгийн гар утсыг эд мөрийн баримтаар тооцон 2 дугаараар..., ягаан өнгийн иштэй хутга байсныг 6 дугаараар тэмдэглэн гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав...” гэсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 24-38 дахь тал/,

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан нийт 30 см урттай 1 ширхэг хутга, “Самсунг” загварын гар утсыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 47 дахь тал/,

Шүүгдэгч *******ийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 49-53 дахь тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 54-59 дэх тал/,

Хохирогч З.Батсүхийн:

“...2023 оны 08 дугаар сарын 26-ний өглөө нь 06 цагийн гэр лүүгээ найз Нямбаярын хамт ороод унтах гэж байтал Ууганбаяр ах над руу залгаад “юу байна ахын дуу өчигдөр төрсөн өдөр боллоо” гэж ярихаар нь “би яваад очих уу, ахаа” гэж асуухад “тэг, тэг ахын дуу би хоол унд хийгээд байж байя” гэж хэлсэн. Тэгээд би 08 цагийн үед Нямбаярын хамт Ууганбаяр ахынд очсон. Ууганбаяр ахын төрсөн өдөр болсон байсан тул би тэднийх рүү явах замдаа “Саппоро” дээр байдаг “Миний сүлжээ дэлгүүр”-ээс нэг шил 1 литрийн “Соёрхол” гэх нэртэй архи авч орсон. Намайг ороход Ууганбаяр ахын дүү ******* ах байсан бөгөөд тэр 2 сууж байсан. ...Нямбаяр машин барьж явж байсан тул архи уулгүйгээр хажууд суугаад харин Ууганбаяр ах, ******* ах бид 3 миний авчирсан архийг хувааж ууж эхэлсэн. Нэлээд ууж байгаад Ууганбаяр ах тасраад том өрөөнийхөө буйдан дээр унтаад өгсөн. Тэр үед бас Нямбаяр ээжтэйгээ утсаар ярья гээд гэрээс гараад явсан байсан. ...******* ах бид 2 үргэлжлүүлж ууж сууж байгаад би Сандагдорж гэх найзтайгаа мөнгөний асуудлаас болж маргалдаж эхэлсэн. ...би өөрийгөө саатуулах гээд гал тогооны хэсэгт гампанз дээр байсан хоолны хутгыг гартаа бариад гампанзыг цохиод зогсож байтал ******* ах босож ирээд “ахын дүү битгий орилоод бай, наад хутгаа тавь” гээд миний баруун гарын шуунаас татахаар нь би гараа татаж авах үед хутганы үзүүр зүүн хөхний толгой хэсэг рүү хатгачих шиг болсон. ...******* ах шоконд орсон, эсхүл сандарсан эсэхийг мэдэхгүй, ямар ч байсан “эмнэлэг дуудна” гэж хэлээд гараад явсан. Тэгээд би түүний араас гадагш гараад орцны үүдэнд Нямбаяртай тааралдаад Нямбаяр намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэрт нь Ууганбаяр ах, түүний хүү Хүслэн, ******* ах нар байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67-68 дахь тал/,

“...Би цэргийн төв эмнэлэгт цээж, хэвлий хэсэгтээ хагалгаанд орсон. Дотор эрхтэн сэмж, үнхэлцэг, уушги, өрц, зүрх зэрэг эрхтэндээ хагалгаа хийлгэсэн. ...Сандагдоржийн утасны дугаар нь байхгүй, одоо хаана юу хийж байгааг нь мэдэхгүй, ...Би гол тогооны өрөөнөөс ягаан өнгийн том, урт хутга авсан, хэжээгийн сайн хэлж мэдэхгүй байна. Миний зүрхэн доод хэсэгт 16 см гүн хутга нэвтэрч орсон байна гэж эмч хэлсэн...” гэсэн дахин мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 70-72 дахь тал/,

Гэрч :

“...2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ...09 цагийн үед Батсүх бид хоёр Гурвалжингийн гүүрний цаад талд байх “Арвай” хотхоны А орц, 6 давхар 602 тоотод хамт очсон. ....Ууганбаяр, Ууганбаярын төрсөн дүү нь болох *******, Ууганбаярын 3 настай эрэгтэй хүүхэд байсан.  Ууганбаяр, *******, Батсүх 3 согтууруулах ундааны зүйл хувааж хэрэглэсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй автомашин барьж байсан. 11 цагийн үед би ээж Жамъанмядагтай утсаар яримаар санагдаад Ууганбаярын гэрээс гараад байрны гадаа ярьсан. ...би нэг давхраас явган шатаар дээш алхаж өгсөөд 3 давхарт явж байхад ******* миний хажуугаар шатаар доош гүйгээд явсан. Би *******т хандаж “хөөе хаачих гээд байгаа юм бэ” гэхэд над руу эргэж харалгүй гүйгээд явсан.  ...би дээш үргэлжлүүлж шатаар алхаад явж байтал Батсүх 6-р давхраас доош шатаар ганцаараа алхаж яваад 5-р давхарт надтай таарсан. Батсүхээс “юу болсон, хэн хутгалсан бэ” гэж асуусан. Тэгсэн чинь Батсүх “Ууганаа ах, ******* 2 намайг нийлж зодоод, ******* ах намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. ...би Батсүхийг түшээд орцноос авч гаран автомашиндаа суулгаад гэмтэл рүү аваад явсан.., Батсүх, Ууганбаяр 2 хоорондоо хамаатан садангийн холбоотой. Харин Ууганбаяр, ******* хоёр төрсөн ах дүү хоёр...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 74-76 дахь тал/,

Гэрч *******ын:

“...2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр миний төрсөн байсан. Тэгээд Өчигдөр буюу 08 дугаар сарын 26-ны өглөө үеэл дүү Батсүх над руу чатаар залгаад “ах төрсөн өдрийн мэнд” гэж ярихаар нь би “за ах нь хоол хийгээд байж байя чи хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэр үед манай гэрт төрсөн дүү ******* бантан хийгээд, мөн манай хүү Хүслэн бид 3 гэрт байсан. Тэгтэл өдөр 10 цаг өнгөрч байсан шиг санагдаж байна манайд Батсүх нэг найзын хамт ирсэн. ...хэсэг хугацааны дараа Батсүхтэй хамт ирсэн найз нь гараад явчихсан. Тэгээд *******, Батсүх бид 3 “Хар икс” гэх 0,75 литрийн архи хувааж уусан. ...дахин 1 литрийн “Соёрхол” гэх нэртэй архи Батсүх дэлгүүр гарч авч орж ирсэн. Тэгээд тэр архиа гурвуулаа хувааж уугаад сууж байтал *******, Батсүхэд бага зэрэг ахархаад “чи одоо надтай зэрэгцээд уугаад байгаа юм уу” гээд Батсүхтэй маргалдаад байх шиг байсан. ...би нойл ороод бие засчхаад гараад иртэл бөөн цус шалан дээгүүр асгарчихсан, ******* гэрт байхгүй Батсүх эмнэлэг явчих шиг болсон. Тэгээд нэг мэдсэн баахан цагдаа нар ирчихсэн байсан. ...Батсүхийн хувцас нэлээд ихээр цус болчихсон, Батсүх гэдсээ дараад байх шиг байсан. Би түүнээс “яачих ваа юу болов оо” гэж асуухад “******* ах намайг ийм болгочихлоо” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дахь тал/,

Гэрч :

“....Би хүүгээсээ хаашаа явах гэж байгаа талаар асуухад “өнөөдөр Ууганбаяр ахын төрсөн өдөр гээд намайг машинаараа үйлчлээд өгөөч гэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэг их тоогоогүй ажилдаа явахаар гарсан. Тэгтэл 12 цаг өнгөрч байхад манай хүүгийн найз Нямбаяр над руу залгаад “Батсүх, Ууганбаяр ах, ******* хоёртой муудалцаад хутгалуулаад гэмтэл дээр ирчихсэн байна” гэж хэлсэн. ...Тэр 2 манай нагац ах ******* хүүхдүүд байгаа юм. ...Цэргийн төв эмнэлгийн эмч Анужин гэх хүнтэй уулзахад зүрхэнд нь гүн орсон хүнд байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

...Би Ууганбаяртай таараад юу болсон талаар асуухад Ууганбаяр “эгчээ би согтуу тасарсан байсан, би юу ч мэдэхгүй. Батсүх, ******* л хоорондоо муудалцсан шиг байна. Намайг унтаж байхад цагдаа нар ирж намайг сэрээж авсан” гэж хэлж байсан. Би Батсүхээс юу болсон талаар асуусан. Батсүх “ээжээ би өөрийгөө мэдэж байгаа, та битгий олон юм асуугаад бай” гэж надад хэлээд байгаа юм...” гэсэн дахин мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дэх тал/,

Шинжээч Н.Энхцолмонгийн:

“...З.Батсүхийн биед цээжний талд 4-5 дугаар хавирганы завсраар зүүн уушгины доод дэлбээг нэвт хатган үнхэлцэг хальс, өрц гэмтээсэн шарх гэмтэл учирсан байна. Цээжний зүүн талаар урдаас арагш, дээрээс доош чиглэлд нэвтэрсэн хэдэн см гүн нэвтэрсэн эсэхийг хагалгаа хийсэн, хагалгааг нээж мэс засал хийсэн эмч мэднэ. Би бол нарийн хэлэх боломжгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 96-97 дахь тал/,

Гэрч :

“...2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн орчим манай мэс заслын тасаг хүлээн авахаар З.Батсүхийн зүүн цээжинд дунд шугамаар 4-5 дугаар хавирганы завсраар зах иргэм нь тэгш 3-4 см өргөн цээжний хөндий рүү нэвтэрсэн, гүн хутгалагдсан шархтай ирсэн. З.Батсүхийн биед цээжний гэмтэл яаралтай журмаар амь насны заалтаар зүүн цээжний хөндийг нээж дотор эрхтэн шалгах мэс засал хийхэд зүрхний үнхэлцэг хальс, зүүн уушгины доод дэлбээ өрц гэмтсэн байсан. Өрц гэмтэж хэвлийн хөндий рүү цус алдсан байсан. Өрцний зүсэгдсэн шархаар их сэмж гарч ирсэн байсан. Хэвлийн хөндийд 1,5 литрийн цус алдсан байсныг авсан. З.Батсүхийн цээжний хөндий рүү хутга хамгийн цаана өрц хүртэл нэвтэрч орсон..., цээжний зүүн хэсэгт хутга урдаас арагшаа дээрээс доошоо чиглэлтэй 10 см орчим гүн нэвтэрч орсон байсан. Би З.Батсүхэд өөрөө хагалгаа хийсэн. З.Батсүх 4 хоногийн дараа ухаан орсон. Би Батсүхээс уг гэмтлийг хэн учруулсан талаар асуухад З.Батсүх “манай хамаатны ах намайг хутгалсан” гэж надад хэлсэн. Харин хутгалсан хүнийхээ нэрийг хэлээгүй. ...Миний ярьсан үнэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 99-101 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 3961 дугаартай шинжээчийн:

“...Шинжилгээний ирүүлсэн хувцаснууд дээр цусны ул мөр илэрсэн, уг цус нь хүний цус байна. Малгайн дээр илэрсэн цус нь шинжилгээнд тэнцэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн футболкноос илэрсэн цус нь А(II) бүлгийн харьяалалтай байна” гэсэн дүгнэлт, шинжилгээний гэрэл зургийг үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 103-105 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн:

“...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд гэмтэлгүй байна” гэсэн 30******* дугаартай дүгнэлт, гэрэл зургийг үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 108-111 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн:

“...Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цусны ул мөр илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр илэрсэн цус нь хүний цус байна, уг цус нь А(II) бүлгийн харьяалалтай байна” гэсэн 3962 дугаартай дүгнэлт, шинжилгээний гэрэл зургийг үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 113-115 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн:

“...Шинжилгээнд ирүүлсэн хутганы ажлын хэсгийн баруун тал дээрээс 1 ширхэг, ажлын хэсгийн зүүн тал дээрээс 1 ширхэг, нийт 2 ширхэг гарын мөр илэрсэн нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй” гэсэн 3029 дугаартай дүгнэлт, шинжилгээний гэрэл зургийг үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 119-122 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн:

“...Шинжилгээнд ирүүлсэн хөвөн бамбар дээр цусны ул мөр илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн хөвөн бамбар дээр илэрсэн цус нь хүний цус байна, уг цус нь А(II) бүлгийн харьяалалтай байна” гэсэн 3963 дугаартай дүгнэлт, шинжилгээний гэрэл зургийг үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 1*******-130 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01/119 дугаартай шинжээчийн:

“...Хэргийн газраас хураан авсан 6 дугаартай 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 1-5, 7, 8 дугаартай 7 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэж буй 6 дугаартай гарын мөр нь санд MN005210007344 дугаараар бүртгэгдсэн Ишдорж овогтой ******* /Ишдорж *******/-ийн баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийг үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 132-140 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12605 дугаартай шинжээчийн:

“...З.Батсүхийн биед зүүн уушгины доод дэлбэнг нэвт хатган үнхэлцэг хальс, өрц гэмтээсэн шарх, цээж (500 мл), хэвлийн (1500 мл) хөндийн цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 145-147 дахь тал/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 18 дугаартай:

“...******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ******* урд нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ******* хэрэг хариуцах чадвартай байна. ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна. ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэсэн дүгнэлт /3 дугаар хавтаст хэргийн 04-05 дахь тал/,

Хохирогч З.Батсүхийн өвчний түүх /1 дүгээр хавтаст хэргийн 242-250, 2 дугаар хавтаст хэргийн 01-47 дахь тал/,

Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн:

 “...би 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн ах Ууганбаатарын гэрт дүү З.Батсүхийн хамт гурвуулаа архи ууж байгаад Батсүх бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж, Батсүх согтоод надад агсан согтуу тавьж Батсүх хутга авахаар нь би хутгыг булааж аваад Батсүхийн хавирганы доод талд 1 удаа хутгалсан. Харин Ууганбаяр бид хоёрын хажууд байсан, Батсүх бид хоёрыг хэрүүл хийхэд салгасан. Би Батсүхийг хутгалчхаад түрүүлээд гэрээс гараад зугтаасан. Би Батсүхээс цус гараад газар дусаж байхыг харсан. Би хэргээ хүлээж үнэн зөвөөр мэдүүлж байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 248-249 дэх тал/,

2. Цагдаагийн байгууллагад 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр холбоо мэдээллийн хэрэгслээр ирүүлсэн “...“Айфоне 12 про макс” загварын гар утсаа хулгайд алдсан...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 64 дэх тал/,

Хохирогч :

“...2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 20 цаг 40 минутын үед хамт  ажилдаг Д.Хулангийн хамт хоолонд орохоор Чингэлтэй дүүргийн 3-р хороо, “Улсын Их дэлгүүр”-ийн урд талын гарц дээр зам гарах гээд зогсож байхад урдуур 2 хүн гүйгээд өнгөрсөн.., утсаа санаад цүнх болон халаасандаа үзэхэд утас байгаагүй тэгээд Хулангийн утсаар залгатал дуудаад авахгүй байсан... 102 тусгай дугаарт залгаж дуудлага өгсөн. ...дахиад утас руу залгасан чинь “цагдаа байна хэлтэс дээр хүрээд ир” гэсэн. Би цагдаа дээр ирээд тухайн цагдаа миний утсыг хулгайлж байхыг хараад араас нь гүйж барьсан гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 67 дахь тал/,

Гэрч :

“...Тухайн өдөр үүрэг гүйцэтгэн эргүүл хийж яваад Чингэлтэй дүүргийн 3-р хороо, “Улсын их дэлгүүр”-ийн явган хүний гарц дээр нэг эрэгтэй, эмэгтэй хүний халааснаас нэг зүйл аваад намайг хараад буцаад урагшаа зам гараад Сүхбаатар дүүгийн нутаг дэвсгэр рүү алхаад явсан. Би араас нь очоод тухайн эрэгтэйг дуудахад намайг эргэж хараад нэг гар утас газар шидээд, араас нь үүрч явсан цүнх, куртик, малгай зэргээ тайлж шидээд шууд зугтаасан.  “...тэр эрэгтэйн шидсэн эд зүйлүүдийг үзэхэд “Айфоне” загварын гар утас байсан. Удалгүй тухайн утсанд дуудлага ирээд авахад “нэг эмэгтэй хүн энэ утас хаана байна, утсаа авъя...” гэж ярихаар нь “Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр хүрээд ир” гэж дуудаад гар утасны эзэн эмэгтэйтэй уулзахад “Би “Улсын их дэлгүүр”-ийн урд талын явган хүний гарц дээр явж байгаад халааснаасаа утсаа алдсан” гэх зүйлийг ярьж эд зүйлийг мөрдөгч дэслэгч Ариунсанаад хүлээлгэн өгсөн. ...Би тухайн этгээдийг танина, ******* ******* гэдэг Цагдаагийн байгууллагын халаасны хулгайн санд бүртгэлтэй хүн байгаа, хараад таньсан юм. Тухайн этгээдийг урьд өмнө нь халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж байхад нь болон эрэн сурвалжилж олон удаа барьж байсан. ...би тэр үед урьдчилан сэргийлэх чиглэлээр эргүүл хийгээд явж байхад тухайн этгээд замын урд талаас хойшоо гарах явцдаа эмэгтэй хүний халааснаас эд зүйл авч байхыг харсан, алдагдсан гар утсыг аваад цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирэхэд явган хүний гарц дээр халааснаасаа утсаа алдсан эмэгтэй мөн байсан бөгөөд өөрийгөө Мэргэн гэж байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

“Дамно” хөрөнгө үнэлгээ зуучлалын компаний  2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн “шинжилгээний объектийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 2.050.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 85-88 дахь тал/,

Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн:

“...2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Улсын их дэлгүүр”-ийн явган хүний гарцаар урагшаа гарсан. ...нэг эмэгтэйн гар утас халааснаас нь цухуйчихсан харагдаж байсан. ...би гар утсыг татсан чинь утас сугараад унасан. ...нэг эрэгтэй хүн “хөөе” гэж орилоод намайг дуудахаар нь би зугтаад гүйж явахдаа тухайн гар утсыг шидээд, куртик, өөрийн гар утсаа бас шидээд зугтаасан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 108 дахь тал/,

3. Цагдаагийн байгууллагад 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр холбоо мэдээллийн хэрэгслээр ирүүлсэн “...Миний бөгжийг авчхаад өгөхгүй байна...” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 138 дахь тал/,

Хохирогч :

“...******* гэх хүнтэй хамтдаа амьдараад 6 жил орчим болоод дундаасаа нэг хүүхэдтэй болсон. ******* 2020 онд Малайз улс руу 2 жил орчим яваад тэр очсрн газраа ял эдэлж байгаад 2022 оны 06 сард Монгол улсад ирсэн. ...2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ...17:00 цагийн орчим над руу залгаад “би гэрийн чинь гадна ирлээ” гэхээр нь гараад очсон. ...намайг хэл амаар доромжлоод байхаар нь би 20:00 цагийн орчим гэрээсээ гараад гадна машиндаа хэсэг сууж байгаад дүү рүүгээ залгаад “******* унтсан уу” гэж асуусан чинь “унтчихсан байна” гэхээр нь би 23:00 цагийн орчим гэр лүүгээ ороод унтаад өглөө 09:00 цагийн орчим би сэрээд хэвтэж байтал намайг оролдоод надтай секс хийх гээд татаж чангаагаад байхаар нь би эсэргүүцээд “яагаад байгаа юм бэ” гээд уурласан чинь миний 2 гараас хүчтэй базаад хөл рүү цохиод байхаар нь би босоод “цагдаа дуудлаа” гэсэн чинь босож ирээд миний “Самсунг галакси ноте 10/5жи” загварын утсыг шүүрч аваад өөрийнхөө утасны араас сим хатгуур гаргаж ирээд миний симийг хугалаад гэрийн хаалга онгойлгоод гэрийн үүдэнд байдаг цементэн шалан дээр цохиод дэвсээд миний утсыг эвдчихээд над руу “одоо би өөрөө цагдаа дуудаж би чамайг өөрийг чинь хорлоно” гэснээ 102 луу залгаад “миний бөгжийг авчхаад өгөхгүй байна” гээд дуудчихаад гэрээс гараад яваад өгсөн. Миний гар утас эвдсэн хохирлоо барагдуулсан. ...гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 160-161 дэх тал/,

“Дамно” хөрөнгө үнэлгээ зуучлалын компаний  2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн “...2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 675.000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 163-165 дахь тал/,

Шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн:

“...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...надад холбогдох хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаа хэргүүд дээрээ нэгтгүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 185-186 дахь тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алахыг завдсан”, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах гэсэн дүгнэлтийг,

Иргэдийн төлөөлөгч О.Уянга “...Шүүгдэгч *******ийг эдгээр гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай байна гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч хулгайлах гэмт хэрэг болон бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэх үйлдлүүдэд маргахгүй. Харин хүн алахыг завдсан гэх үйлдлийг цагаатгах байр суурьтай энэ шүүх хуралдаанд оролцож байгаа. Учир нь хүнийг санаатай алах гэмт хэрэг нь хүний амь нас хохирох, сэдэл санаа зорилго, хохирол хор уршиг үүссэн байх ба эдгээр нь шалтгаантай холбоотой байхыг шаарддаг. Миний үйлчлүүлэгч бусдын амь насыг хохироох ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийсэн эсэх нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл хохирогчийн амь насыг хохироох сэдэл санаа зорилго байсан уу гэдгийг шалгаагүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь өөрөө өөрийнхөө биед гэмтэл учруулсан гэдгээ мэдүүлж байх бөгөөд энэ нь шинжээч эмч н.Энхцолмонгийн мэдүүлэгт хохирогч нь өөрөө өөртөө гэмтэл учруулах боломжтой гэсэн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.  

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

- Хүнийг алах гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 20-р хороо, 48/2 дугаар байрны 602 тоотод хохирогч цээж /зүрхэн тус газарт/ руу хутгалж алахыг завдсан болох нь:

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт,

Хохирогч З.Батсүхийн “...би өөрийгөө саатуулах гээд гал тогооны хэсэгт гампанз дээр байсан хоолны хутгыг гартаа бариад гампанзыг цохиод зогсож байтал ******* ах босож ирээд “ахын дүү битгий орилоод бай, наад хутгаа тавь” гээд миний баруун гарын шуунаас татахаар нь би гараа татаж авах үед хутганы үзүүр зүүн хөхний толгой хэсэг рүү хатгачих шиг болсон. ...Тэгээд би түүний араас гадагш гараад орцны үүдэнд Нямбаяртай тааралдаад Нямбаяр намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч “...би нэг давхраас явган шатаар дээш алхаж өгсөөд 3 давхарт явж байхад ******* миний хажуугаар шатаар доош гүйгээд явсан. Би *******т хандаж “хөөе хаачих гээд байгаа юм бэ” гэхэд над руу эргэж харалгүй гүйгээд явсан.  ...би дээш үргэлжлүүлж шатаар алхаад явж байтал Батсүх 6-р давхраас доош шатаар ганцаараа алхаж яваад 5-р давхарт надтай таарсан Батсүхээс “юу болсон, хэн хутгалсан бэ” гэж асуусан. Тэгсэн чинь Батсүх “Ууганаа ах, ******* 2 намайг нийлж зодоод, ******* ах намайг хутгалчихлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч *******ын “...Тэр архиа гурвуулаа хувааж уугаад сууж байтал *******, Батсүхэд бага зэрэг ахархаад “чи одоо надтай зэрэгцээд уугаад байгаа юм уу” гээд Батсүхтэй маргалдаад байх шиг байсан. ...би нойл ороод бие засчхаад гараад иртэл бөөн цус шалан дээгүүр асгарчихсан, ******* гэрт байхгүй Батсүх эмнэлэг явчих шиг болсон. ...Батсүхийн хувцас нэлээд ихээр цус болчихсон, Батсүх гэдсээ дараад байх шиг байсан. Би түүнээс “яачих ваа юу болов оо” гэж асуухад “******* ах намайг ийм болгочихлоо” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч “...Би Ууганбаяртай таараад юу болсон талаар асуухад Ууганбаяр “эгчээ би согтуу тасарсан байсан, би юу ч мэдэхгүй. Батсүх, ******* л хоорондоо муудалцсан шиг байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч “...З.Батсүхийн цээжний хөндий рүү хутга хамгийн цаана өрц хүртэл нэвтэрч орсон..., цээжний зүүн хэсэгт хутга урдаас арагшаа дээрээс доошоо чиглэлтэй 10 см орчим гүн нэвтэрч орсон байсан. Би З.Батсүхэд өөрөө хагалгаа хийсэн. З.Батсүх 4 хоногийн дараа ухаан орсон. Би Батсүхээс уг гэмтлийг хэн учруулсан талаар асуухад З.Батсүх “манай хамаатны ах намайг хутгалсан” гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн 3961, 3962 дугаартай дүгнэлтүүд, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн 30******* дугаартай дүгнэлт, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн 01/119 дүгнэлт, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 12605 дугаартай дүгнэлт, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 18 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

- Хулгайлах гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3-р хороо, “Улсын их дэлгүүр”-ийн урд талын явган хүний гарц дээр хохирогч эзэмшлийн “Айфоне 12 про” загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, 2.050.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч Э.Мэргэн, гэрч Ж.Билгүүнманлай нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Дамно” хөрөнгө үнэлгээ зуучлалын компаний 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр далд аргаар авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу “хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

- Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ******* дүүргийн 19-р хороо, “ тэнгэр 2” хотхоны дүгээр байрны 11 тоотод хохирогч эзэмшлийн “Самсунг галакси нөт 10/5 жи” загварын гар утсыг газар шидэж, дээрээс нь дэвсэх зэргээр эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 675.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Дамно” хөрөнгө үнэлгээ зуучлалын компаний  2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд “эд хөрөнгө гэмтээх” гэдэг ойлголтод эд зүйлс, өмч хөрөнгийн анхны байдал нь гэмт үйлдлээс шалтгаалан ашигтай байдал нь муудаж, чанар үр дүн нь алдагдсан, эсхүл тухайн эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгосон нөхцөл байдлыг хамааруулна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд өмчлөгч, хууль ёсны эзэмшигчийн эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлийн улмаас өмчлөгч, хууль ёсны эзэмшигчид бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгчийн хувьд бусдын эд хөрөнгө буюу хохирогчийн гар утсыг гэмтээж 675.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь нотлох баримтаар тогтоогдсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогч З.Батсүхийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан хэдий боловч хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тул шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Отгонцэцэгт 675.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан, мөн хохирогч Э.Мэргэнд 2.050.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд “Iphone 12 pro max” загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн болохыг дурдав.

Харин хохирогч З.Батсүх нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900.000 төгрөгийн торгох ял тус тус оногдуулах, мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 45 хоногийг нэмж нэгтгэн нийт 8 жил 9 сар 15 хоногийн хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилээс доогуур хорих ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 4 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар хэсэгт заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч З.Батсүх гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн нөхцөл байдал, мөн урьд удаа дараа санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан атлаа нийгэмшихгүй, хүмүүжихгүй байгаа түүний хувийн байдал зэргийг харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 166 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 45 хоногийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 8 сар 15 хоногийн хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 184 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305000001631 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “18,5 см урттай, бариул хэсэг нь 11,5 см урттай, нийт урт 30 см урттай хутга”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, “Самсунг” маркийн хөх өнгийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******т буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алахыг завдсан” гэмт хэрэг үйлдсэн,

- мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн,

- мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож 45 хоногийг хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 /таван/ жил 8 /найман/ сар 15 /арван таван/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 5 жил 8 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон 184 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч З.Батсүх нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “18,5 см урттай, бариул хэсэг нь 11,5 см урттай, нийт урт 30 см урттай хутга”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, “Самсунг” маркийн хөх өнгийн гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******т буцаан олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 02 дугаар сарын *******-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч нар, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.ДАЛАЙХҮҮ

 

                      ШҮҮГЧ                                               Ц.ДАЙРИЙЖАВ

 

                      ШҮҮГЧ                                           Ц.ЭРДЭНЭЧИМЭГ