Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/211

 

 

 

 

 

 

 

 

  2024           03           15                                       2024/ШЦТ/211

 

 

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

шүүгдэгч Б.Э- түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

хохирогч Н.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Б-ийн Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000001883 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймаг Баянцогт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүрэг *** дугаар хороо Зүүн наран *** гудамж *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Э-.

 

Шүүгдэгч Б.Э- нь согтуурсан үедээ 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн наран 13 гудамж 54 тоотод “...урьд хамтран хийж байсан ажлын хөлстэй холбоотойгоор...” хохирогч Н.М-тай хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад Н.М-ын цээж, хавирга хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.М- мэдүүлэхдээ: “Өмнө нь ямаа самнасан мөнгө зэргийг өгөөгүй гэдэг үл ялих шалтгаанаар согтуу байсан учир хоорондоо маргалдсан. Тухайн үед би их согтолттой тасарсан байсан учраас юу болсон талаар санахгүй байна. Миний 3 хавирга хугарсан байсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Шүүгдэгч надад эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирлын мөнгө төлсөн. Гомдолгүй байна.” гэв.

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 16-18 дахь тал/

 

Хохирогч Н.М-ын “... 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр би гэрээс ганцаараа 19 цагийн орчимд урд талын айл болох М-ынд очсон. Тэднийд Э-, М-, танихгүй нэг залуу байсан. Тэр гурав архи уугаад согтуу байсан. Тэгээд 1 шил Хараа нэртэй 0,75 литрийн архи М-, дараа нь Э- 1 шил архи авсан. Тэгээд сууж байхад хойд талын залуу Болдоо орж ирээд архи дарсаа боль гэж хэлсэн. Тэгээд унтах гээд байж байхад Э- дахиж архи авахаар М-тай хамт явсан. Тэгээд дэлгүүрээс 1 шил Хараа нэртэй 0,75 литрийн архи зээлж авч ирсэн.

Тэгээд архи ууж байгаад Э- над руу их мөнгө олдог юм шиг яриад томроод эхэлсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд чи Өмнөговь аймагт байхдаа миний мөнгөөр тоглоод намайг буцах зардлын мөнгөгүй болгоод явуулж байсан. Тийш хоншооргүй эр хүн байна гэж хэлсэн.

Тэрнээс болж бид хоёр маргалдаж байгаад унтах гээд хэвтсэн. Тэгсэн чинь Э- босож ирээд намайг гэрийн баруун талд газар хэвтэж байхад хөлөөрөө цээж рүү 2-3 удаа өшиглөөд хэвтээд өгсөн.

Үүрээр гэр лүүгээ явах гэсэн чинь хавирга руу хатгаад босож чадахгүй байсан. Тэгээд маргааш өдөржин тэр айлын гэрт хэвтэж өнжсөн.

М-тай хамт хэвтэж байхад Э- хөлөөрөө өшиглөсөн. ... Эмчилгээнй төлбөр төлөөд өгвөл гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-26 дахь тал/

 

Гэрч Х.С-гийн “... Манай нөхөр Н.М- нь 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ойрхон гараад хүнтэй уулзаад ирнэ гэж хэлээд гэрээсээ гарсан. 18 цагийн үед гар утас руу залгахад утсаа авахгүй байсан. Маргааш өглөө нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Өдөр нь залгахад бас холбогдохгүй байсан.

... Гадуур хайгаад явж байхад танил ах танай хүн өчигдөр М-ын гэрт хүмүүстэй хамт байсан. Тэрнээс хойш харагдаагүй гэж хэлсэн. Тэгээд зогсож байхад манай нөхөр залгаад чи намайг хайгаад явж байгаа юм уу гэхээр нь тиймээ, чи хаана байна гэсэн чинь би гэрийн хойно ирээд сууж байна гэж хэлсэн. Намайг очиход нөхөр ханиалгаад гэдсээ гараараа дараад бие нь өвдсөн байдалтай байсан.

Гэрт ороод хаана юу хийж явсан талаар нь асуухад бид нар урд талын М-ын гэрт архи уусан. Тэгсэн чинь Э- намайг өшиглөөд хавирга хугалчих шиг боллоо, өвдөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өвчин намдаах эм өгсөн чинь унтаад өгсөн.

Шөнө 02 цагийн үед гэнэт өвчин намдаах эм дахиад өг их өвдөөд байна гээд байсан. Эм өгч өвчнийг нь намдаагаад 05 цагийн үед эмнэлэг, цагдаа дуудсан. Гэмтлийн эмнэлэг дээр ирээд үзүүлэхэд зүүн талын 10,11 дэх хавирга хугарсан байна гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-33 дахь тал/

 

Гэрч М.М-ын “... 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр манай гэрт М-, Э-, Урнаа бид нар архи уусан. Тэгээд сууж байхад Э-, М- хоёр маргалдаж эхэлсэн. Самранд хамт явсан мөнгөө өгөөгүй, ямаа самнахад хамт явсан мөнгөө өгөөгүй, барилгын ажил хамт хийсэн мөнгөө өгөөгүй гэж М-, Э-д уурласан. Тэгээд хоорондоо зодолдсон. Тэгэхээр нь би гэрт зодоон хийлээ гэж уурлаад манай гэр буудал биш яв гэж хэлээд тэд нарыг хөөгөөд гаргасан. Ийм л зүйл болсон.

... М-ыг гэрийн баруун талд газар хэвтэж байхад нь Э- дээрээс нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36-37 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11468 дугаартай:

“...1. Н.М-ын биед баруун 9,10,11-р хавирганы хугарал, цээжний баруун хөндийд хий хурагдалт, уушгины эдийн няцрал, зүүн сарвууны 1-р хураанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.3.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна.

5.6.9. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

8. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 40-41 дэх тал/

 

Б.Э-ы яллагдагчаар өгсөн “... 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 21 цагийн орчимд М-ынд 0,75 литрийн Хараа нэртэй архи уугаад сууж байсан. Тэр үед М-, Урнаагийн хамт орж ирсэн. Тэгээд бид дөрөв тэр архийг ууж дуусгаад М- надад хандаж боломж байвал нэг шил архи аваад өгөөч гэсэн. Надад бэлэн мөнгө байхгүй байна, харин дэлгүүрээс зээл тавиад аваад өгч болно гэж хэлээд М-, М- бид гурав замын эцсийн дэлгүүрээс 0,75 литрийн Хараа нэртэй архи нэг шилийг авсан.

М-ын гэрт ороод би архи уухгүй, унтлаа гэж хэлээд хэвтсэн. Тэгсэн чинь М- намайг хэл амаар өмнө нь цуг ажилд яваад цалин, мөнгө дутуу өгсөн, царайгүй гэх мэтээр доромжлоод агсан тавиад байсан. Тэгэхээр нь би чи хүнээр архи авхуулж уугаад агсан тавиад байдаг нь ямар учиртай юм бэ гэж хэлээд босож ирээд М-ын гэдэс рүү баруун гараараа хоёр удаа цохисон. Тэгсэн чинь гэрийн эзэн М- М-, Уранцэцэг хоёрыг унтмаар байна, та хоёр яв гээд хөөсөн. Тэр хоёр тэгээд гараад явсан. Шөнө унтаж байхад үүрээр 04 цагийн орчимд М- ганцаараа орж ирээд миний хажуугаар хэвтээд унтаад өгсөн.

... М- гэрийн хойморт сууж байсан. Тэгээд би өндийж босож ирээд М-ын гэдэсний зүүн хэсэгт хоёр удаа баруун гараараа цохисон. Би хөлөөрөө өшиглөөгүй. Харин хэвтэж байгаад өндийж ирээд гараараа хоёр удаа гэдэс рүү нь цохисон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9-11 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Б.Э- нь 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гэрч М.М-ын гэрт буюу Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн наран 13 гудамж 54 тоотод хохирогч Н.М-, гэрч М.М- нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэжээ.

Энэ үед хохирогч Н.М- нь шүүгдэгч Б.Э-ыг урьд хамтран хийж гүйцэтгэсэн ажлын цалин хөлсийг өгөөгүй гэсэн шалтгаанаар түүнтэй маргалдсан ба уг маргааны улмаас шүүгдэгч Б.Э- нь хохирогч Н.М-ын цээж, хавирга хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр биед нь халдаж биед баруун 9,10,11-р хавирганы хугарал, цээжний баруун хөндийд хий хурагдалт, уушгины эдийн няцрал, зүүн сарвууны 1-р хураанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулжээ.

   Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Э- нь хохирогч Н.М-ын Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж эрүүл мэндэд нь шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хүнд хохирол санаатай учруулсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Н.М-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11468 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.М-т учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардалд 1,750,000 төгрөгийг шүүгдэгч Б.Э-аас хүлээлгэн өгсөн талаарх баримтыг гарган өгсөн тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт улсын яллагчийн дүгнэлтийг дэмжив.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э-ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгож, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э-г торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ