Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/408

 

 

 

 

 

 

 

 

 

      2024         05          20                                      2024/ШЦТ/408

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,

улсын яллагч Т.Баянмөнх,

шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос БоржБигон овогт М-н Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын 1**-ний өдөр * аймагт төрсөн, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл **, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн ** дүгээр хороо ** дугаар хорооллын ** байрны ** тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Б овогт М-н М /регистрийн дугаар **/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч М.М 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” нэртэй бааранд үйлчлүүлж байхдаа Ш.Ш-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.М өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мийн өгсөн “...Би мөрдөн шалгах ажиллагаанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,  

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Ш-н хохирогчоор өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 2 найзын хамт Баянгол дүүргийн  * дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бааранд үйлчлүүлж байгаад тек дээр юм захиалаад сууж байтал нэг залуу хажуугаар орж ирээд намайг түлхэхээр нь “би энд юм захиалж байна, яах гээд байгаа юм бэ” гэж хэлэхэд “хуц” гэж хэлчихээд явчихсан. Манай найз ирэхгүй болохоор нь араас нь яваад очсон чинь манай найзыг 2 залуу газар унагаачихсан байсан. Би салгах гээд нэг залуугийн араас татахад нөгөө залуу миний нүд рүү гараараа цохиход миний шүд уначихсан. Шүд хийлгэхэд 2.200.000 төгрөгөөс 2.600.000 төгрөгийн зардал гарна гэсэн тул хохирлоо авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Т-н гэрчээр өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 22 цаг өнгөрөөгөөд М, М, Г нарын бааранд хамт орсон. 0.7 литрийн хэмжээтэй виски хувааж уусан. Бүжиглэж байхад манай найз Мийг гадаа байхад нь 2 залуу дээрэлхсэн гэж хэлсэн. М бид 2 тооцоо хийх гэж байхад М “намайг дээрэлхсэн 2 залуу энэ байна” гэж заахаар нь би нэг залуугийнх нь дагз руу цохисон. Гэтэл нэг залуу намайг тэвэрч унагаасан, зууралдаж байгаад босож ирэхэд надтай зууралдсан залуугийн найз нь “танай найз миний шүдийг унагаачихлаа” гэж хэлсэн. М тэр залуу хоёр хоорондоо тохиролцоно гэж ярьж байгаад гарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Б-ний гэрчээр өгсөн: “...Тухайн өдөр намайг бааранд байхад 3, 4 залуучууд текэн дээр тооцоо хийх гэж байгаад хоорондоо маргалдан нэг залуу нь нэгнийхээ нүүр рүү цохисон чинь шүд нь уначихлаа гэж яриад байсан. Манай хамгаалагч нар маргалдаад байсан залуучуудыг гадагш гаргасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “Ш.Ш-н биед зүүн дээд 1 дүгээр шүдний хүзүүвч хэсгээрх хөндлөн хугарал, доод уруулд шарх, зүүн ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

 

           Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 40 дэх тал/,

 

           Хохирогч Ш.Шийлэгтөмөрийн гаргасан “...хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх баримт /хавтаст хэргийн 75 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Мийн яллагдагчаар өгсөн: “...Би бусдын биед халдаж, нүүр рүү нь цохиж шүдийг нь унагааж гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн өдөр найз Тэмүүлэнтэй бааранд үйлчлүүлж байгаад баарны текнээс пиво авах гэж очиход 4, 5 залуу тек таглаад зогсчихсон байсан. Би нэг залууд “холдож байгаарай, юм захиалаадхъя” гэж хэлсэн. Гэтэл нөгөө залуу нилээн согтуу намайг “чи хэн юм” гээд агсан тавиад байсан ба хамт явсан залуус нь тэр залууг болиулсан. Гэтэл Т хүрч ирээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэмүүлэнг нэг залуу цохисон чинь Т зөрүүлж цохиод харилцан барилцаад авсан. Гэтэл нэг найз нь Т рүү дайрахаар нь Т рүү дайрсан залуугийн нүүр рүү  цохиход шүд нь уначихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 дэх тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.М хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч М.М өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай...” санал, дүгнэлт гаргав.

 

Иймд шүүгдэгч М.М хохирогч Ш.Ш-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос М.Мэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч М.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Мэд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Мэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж, хохирол нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч М.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Ш.Ш-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.1-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг тусгасан байна.

Мөн тушаалын 2 дахь хэсгийн 2.3-т “Энэ журмын 2.1-т заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2023 оны А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэрэгт хавсаргана гэж заасан байх ба энэ талаарх баримт хавтаст хэргийн 40 дэх талд авагдсан байна.

 

Иймд хохирогчийн уг гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдлыг тус тус харгалзан Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 3.300.000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг хохирогч Ш.Ш-н сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцсон болно.

 

Шүүгдэгч М.М энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт м-н Мийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч М.Мэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай. 

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Мэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-т заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар М.Мээс 3.300.000 /гурван сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ш.Ш-т олгосугай.

 

6. Шүүгдэгч М.М цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ