Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/256

 


                                                                                                                                                                                                                                                                                                                                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,

Улсын яллагч: М.Анхбаяр

            Шүүгдэгч: А.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2405000000094 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...оны ...дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт ******* дүүргийн .. дугаар ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй

******* овогт *******гийн ******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.******* нь “...2024 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр ******* дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* бааранд хохирогч Э.*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас түүнийг гараараа цохих, үсдэж унагаах зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь 1-р шүдний сулрал, баруун хацар уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.******* нь “...2024 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр ******* дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* бааранд хохирогч Э.*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас түүнийг гараараа цохих, үсдэж унагаах зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь 1-р шүдний сулрал, баруун хацар уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ийн өгсөн “... гэм буруутай...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2405000000094 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.*******ын хохирогчоор өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 03-ны орой би өөрийн ажил болох дээр байдаг "Ц" нэртэй пабд ажлаа шөнө 01:00 цагийн үед тараад байж байсан чинь манай найз миний 86892305 дугаарт өөрийнхөө 80800563 дугаараас залгаад найз нь хөдөө явах гэж байна ганц гарах уу гэхээр за тэгье гээд ажлаа тараад гараад ирсэн чинь нь нэг машинтай ирсэн байсан тэгээд бид хоёр хорооллын бичилд байдаг "Кастле" нэртэй бааранд бараг 02:00 цаг болж байх үед ороод нэг нэг 0.33 литрийн "Хайникен" нэртэй пиво аваад би хальт амсаад тэгээд бид хоёр бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байсан чинь танихгүй хар хувцастай 25-27 орчим насны надтай адил 167 орчим өндөр эмэгтэй хүн намайг мөрлөөд шүргэлцээд тэгээд намайг араас түлхэхээр нь эргээд харсан чинь тэр эмэгтэй намайг наашир хөөе гэхээр нь би очоод бид хоёр үсдэлцээд газар унаад би дээр нь гарч байж байгаад доор нь орсон байсан тэгээд бид хоёрыг хүмүүс салгаад бараг 5 минут орчим болсон тэгсэн чинь тэр эмэгтэй миний хүзүүг маажсан байна цагдаа дуудлаа гэхээр нь за тэг гээд зогсож байсан чинь над руу хүрч ирээд миний нүүрний баруун талд нэг удаа гараараа хүчтэй нэг удаа цохисон тэр үед миний уруулаас цус гараад тэнд байсан хүмүүс тэр эмэгтэйг барьж аваад тэгээд байж байх үед цагдаа ирээд бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр мэдүүлэг өгөөд явсан байгаа. Баруун хацар хавдсан, уруул язарсан, үүдний шүд хөдөлсөн. Май чи ингээд цагдаагаа дууд гээд тэр эмэгтэй намайг цохисон. Тэр эмэгтэйтэй цагдаагийн хэлтэс дээр ирээд байж байх үед нэрийг нь ******* гэж байсан нэр нь. Шүдээ л гайгүй болгочих юм бол адилхан эмэгтэй хүн болохоор гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.ын гэрчээр өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 02-ны орой 10 жилийн найз болох *******тай фэйсбүүк чат утсаар холбогдоод уулзахаар болоод тэгээд би нөхрөөрөө хүргүүлээд *******ын ажил болох дээр байдаг "Ц" пабын үүдэнд хүлээж байгаад ******* 00:30 цагийн үед ажил нь тараад бид хоёр такси бариад хорооллын Өргөө кино театрын ард байдаг "Кастле" нэртэй бааранд 01:00 цаг өнгөрч байх үед эрүүл ямар архи пиво уугаагүй ороод бид хоёр нэг нэг ширхэг 0.33 литрийн Хайникен нэртэй пиво аваад ууж байгаад бид хоёр бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байсан чинь нэг 26-27 орчим насны 165 см орчим өндөртэй задгай үстэй хар фупволка өмссөн охин намайг мөрлөөд миний хажууд бүжиглэж байсан *******ыг мөрлөсөн чинь ******* зөрүүлээд мөрлөсөн чинь эр охин *******ыг гэдэс хэсэг рүү нэг удаа өшиглөсөн тэгээд тэр хоёр үсдэлцээд зууралдаж байгаад цуг шалан дээр унаад тэгээд байж байх үед баарны хамгаалагч ирээд салгаад үргэлжлүүлээд бид хоёр ширээн дээрээ очоод яриад сууж байсан чинь хамгаалагч ирээд нөгөө охин чинь гомдолтой гэнэ цагдаа дуудна гэнэ гээд бид хоёрыг 00-н үүдэнд дуудахаар нь ******* бид хоёр очоод юм яриад байж байсан чинь нөгөө охин *******ын нүүрэнд нь нэг удаа гараараа хүчтэй цохисон тэгээд хажууд байсан хамгаалагч салгаад манай найз *******ын баруун талын хацар нь хавдсан тэгээд манай найз цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 1149 дугаартай шинжээчийн “...Э.*******ын биед 1 шүдний сулрал, баруун хацар уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Б.гийн өгсөн “...Э.*******ын биед учирсан нэг шүдний сулрал, уруул цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун хацрын гэмтэл нь мөн тусдаа нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун хацрын цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд А.*******ийн яллагдагчаар өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 03-ны шөнийн 00-01 цагийн үед хорооллын өргөөгийн ард байдаг "Кастле" нэртэй бааранд ороод би очих үедээ гайгүй согтсон зүйл байхгүй гэхдээ 2 шот виски, шонфанск 1 сткан, цагаан архинаас 3 шотыг уусан тэгээд бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад нэг хохирогч гээд байгаа ******* гэж эмэгтэйтэй биеэрээ мөргөлдөөд тэгээд муудалцаад намайг эхлээд үсдэхээр нь би адилхан үснээс нь зулгаагаад бид хоёр бүжгийн талбай дээр газар унаад тэгээд байж байсан чинь хамгаалагч нар бид хоёрыг салгаад би 00 ороод буцаж гарч ирээд сууж байсан чинь ******* гэж эмэгтэй хүрч ирээд тэгээд чи намайг маажсан байна гэж хэлсэн чинь угаасаа цагдаа дуудна тэгэхээр нь би намайг эхлээд үсдээд маажсан болохоор гомдсон гэх юм уу нэг удаа баруун гараараа нүүр хэсэгт нь цохисон чинь амаа дараад хоёр тийшээ салсан, тэгээд дараа нь үүдэнд таарсан чинь тэр охин намайг чи цохиод шүд хөдөлгөчихлөө гэж хэлж байсан, тэгээд цагдаа нар ирээд бид хоёрыг аваад явсан байгаа. Болсон зүйлсээ санаж байгаа, зодоон болсон талаар санаж байгаа. Өмнө зодолдоод уурандаа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/

Хохирогч Э.*******ын “ямар нэгэн сэтгэцийн эмгэг учраагүй тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тайлбар /хх-ийн 44 тал/

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай “Э.*******ыг 100.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас” /хх-ийн 45 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

Шүүгдэгч А.******* нь хохирогч Э.*******ын биед 1-р шүдний сулрал, баруун хацар уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь 2024 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 1149 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19 тал/, хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 9 тал/, Э.ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 15 тал/, шинжээч эмч Б.гийн мэдүүлэг /хх-ийн 25 тал/, шүүгдэгчийн мэдүүлэг /хх-ийн 35 тал / болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 1149 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 1149 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч А.*******ийн “...2024 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр ******* дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* бааранд хохирогч Э.*******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас түүнийг гараараа цохих, үсдэж унагаах зэрэг үйлдлээр зодож эрүүл мэндэд нь 1-р шүдний сулрал, баруун хацар уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Э.******* нь хэрэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй бөгөөд ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 44 тал/ гэсэн байх тул шүүгдэгч А.*******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ. 

Шүүхээс шүүгдэгч А.*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 / таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 30 /гуч/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.*******д 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.*******д оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 30 /гуч/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг  даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

5. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч  нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ