Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2021/02048

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2021/02048

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж. тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт байрлах,  ХХК /РД:5959209/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, Ш овогт С.Х-д холбогдох,

  

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 20,705,036 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч С.Х нь И ХХК-аас 2019 онд 15,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн барьцаанд  тоотод байрлах, 696 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, 128 м.кв хувийн сууцыг барьцаалсан байдаг. Хариуцагч зээлийн төлөлтийг графикид заасан цаг хугацаанд төлж байгаагүй. Үүнээс болж 2019 оны дийлэнх саруудын хүү нь хуримтлагдсан. Хариуцагч С.Х нь нийт 7,860,000 төгрөгийг төлсөн байгаа. Үүнээс үндсэн зээл 293,851 төгрөг, хуримтлагдсан хүү 6,886,539 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 679,610 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 14,706,149 төгрөг, хуримтлуулсан хүү 5,998,888 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 20,705,036 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах хүсэлттэй байна гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  И ХХК-аас 15,000,000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн хүүнд тодорхой хэмжээний мөнгийг төлсөн. Нэхэмжлэгчийн гаргасан тооцооллын дагуу 5,998,888 төгрөгийг төлбөл өмнө төлсөн 7,566,000 төгрөгтэй нийлээд 14,000,000 төгрөгийг зөвхөн хүүнд төлөх болоод байна. Би 15.000.000 төгрөгийн зээл аваад 14,000,000 төгрөгийн хүү төлөхөөр болоод байна. И ХХК-д төлөх ёстой хүүгээ төлсөн байгаа. Үндсэн зээлээс бага төгрөг төлсөн. Үндсэн зээлээ би төлнө гэж бодож байна. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүү гээд байгаа 5,998,888 төгрөг бол алданги байна. Тухайн үеийн нөхцөл байдал надаас шалтгаалаагүй. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед 2 жил лангуу хаасан. Би худалдаа эрхэлж орлого олдог. Дэлгүүр, лангуу хаагдсан учир надад орлого олох боломж байгаагүй. Гэхдээ зээлийнхээ хүүг төлж байсан. Би нэхэмжлэгч талаас 6,000,000 төгрөгийг бүгдийн хасаж өгөхийг хүсээгүй, 50 хувь буюу 3,000,000 төгрөгийг хасаж өгөхийг хүссэн. Хэрвээ өвчин гараагүй байсан бол зээлээ төлөх бүрэн боломжтой байсан. Коронавирусийн нөхцөл байдлын үед ямар байсныг бүгд мэдэж байгаа. Надад дэндүү хатуурхаж байгаа юм шиг санагдаж байна. Шүүхээс гарсан шийдвэрийг эсэргүүцэхгүй. Ковид-19 цар тахлаас болж том компаниуд хүртэл хаалгаа барьж байсан. Нэхэмжлэгч талаас та төлөх боломжгүй болбол зээлийнхээ хүүг төлж байгаарай гэхээр нь би зээлийнхээ хүүг төлж байсан. Намайг дэлгүүрээс өөр орлогогүй гэдгийг мэдэж байгаа. Үндсэн зээлийн 14,706,149 төгрөгийг төлнө. Хуримтлагдсан хүүгийн 50 хувийн хасаад өгөхийг хүссэн. Бүгдийн хасуулмаар л байна. Гэхдээ өөрийнхөө хариуцлагыг хүлээгээд тал хувийн төлөхийг зөвшөөрсөн. Зах зээлийн нөхцөл байдлыг бодож, хүсэлт тавьсан гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

       

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч С.Х холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,705,036 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй бөгөөд зээлийн хүүгийн зарим хэсгийг төлөх боломжгүй гэж маргасан болно.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч С.Х 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 20190501 тоот зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар зээлдүүлжээ.

Мөн нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч С.Х 2019 оны дугаар сарын 02-ны өдөр БГ/20190501 тоот барьцааны гэрээ байгуулж, 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан 20190501 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар С.Х, Ж.Э, Ж.Э нарын өмчлөлийн  тоот хаягт байрлах, 696 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Г-00000000 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Э.Т, С.Х, Ж.Э нарын өмчлөлийн тоот хаягт байрлах, 128,6 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү000000 дугаартай, хувийн сууцыг барьцаалжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн байх тул дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэж, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтын дагуу шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.

Барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

Гэрээний хугацаа 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл зээлийн хүү тооцож, үндсэн зээлийн үлдэгдэлд 14,706,149 төгрөг, хуримтлагдсан хүүнд 5,998,888 төгрөг, нийт 20,705,036 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч С.Х нь үндсэн зээлийн үлдэгдэл 14,706,149 төгрөгийн талаар хүлээн зөвшөөрч, маргаагүй бөгөөд гэрээний хугацаанд 7,860,000 төгрөгийн хүү төлсөн тул нэхэмжилсэн 5,998,888 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан бизнес нь тасалдсан тул төлөхгүй гэж маргасан бөгөөд энэ байдлаа нотлох баримтаар нотлоогүй болно.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан.

Хариуцагч нь зээл болон зээлийн хүүг сар бүр тэнцүү төлөлт хийхээр тохиролцсон боловч гэрээний хугацаанд сар бүр төлөх төлбөрөө хуваарийн дагуу төлж ирээгүйн улмаас түүний төлөх хүүгийн хэмжээ нэмэгдэж, өмнө төлсөн төлбөр нь зээлийн хүүгээс хасагдсан байна. Иймд хүүгийн 50 хувийг хасах боломжгүй тул нэхэмжлэгч И ХХК нь үндсэн зээлийн үлдэгдэл 14,706,149 төгрөг, зээлийн хүү 5,988,888 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэн хариуцагчаас зээлийн төлбөрт 20,706,036 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

Түүнчлэн хариуцагч С.Х нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар барьцааны гэрээний зүйлийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Хишигнямаас улсын тэмдэгтийн хураамжид 332,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч С.Х зээлийн гэрээний үүрэгт 20,705,036 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд  тоот хаягт байрлах, 128,6 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-20000000000 дугаартай, хувийн сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 332,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


 

                                         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.МӨНХЦЭЦЭГ