Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 139

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оюунжаргал,

шүүгдэгч: Г.Цэрэндагва, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар /1054/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Партизан овогт Галбадрахын Цэрэндагвад холбогдох 2016 2602 2705 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1995 оны 12 сарын 26-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер технологийн сургуулийн хүнсний технологичийн 3 дугаар курсын оюутан, Булган аймгийн Гурванбулаг сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, ам бүл 6, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 10 дугаар гудамжны 16 тоотод түр оршин суух, регистрийн дугаар ГГ 95122618, Партизан овогт Галбадрахын Цэрэндагва.

 

Шүүгдэгч Г.Цэрэндагва нь бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж,
нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.Цэрэндагва мэдүүлэхдээ:

2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө “+25” нэртэй бааранд 5 найзын хамт орж бүжиглэж байхад гаднаас 3 эмэгтэй орж ирээд сууж байгаад бүжиглэсэн. Манай найз О.Гарьдмагнай бид 2 хохирогчийн эхнэр гэх бүсгүйтэй бүжиглэж байтал нөгөө эмэгтэйн найз залуу нь ирээд “эхнэрээ авъя” гэхэд манай найз “бүжиглэе” гэсэн. Гэтэл Б.Бодьгэрэл гэдэг залуу ирээд манай найзыг заамдсан. Тэгтэл Б.Гантулга бас манай найз руу дайраад байхаар нь би түүнийг дагуулж яваад хамар руу нь нэг удаа цохиод, нэг удаа мөргөсөн. Би хохиролд 840 000 төгрөг төлсөн. Хохирогчийн найз нь эхлээд манай найзыг хэл амаар доромжилж,  заамдсан. Энэ үед хохирогч тэднийг салгах гэж ирээд салахгүй болохоор нь манай найз руу дайраад байсан. Би эхлээд хохирогчийн шанаа руу, дараа нь хамар руу нь цохисноос түүнд гэмтэл учирсан болохыг зөвшөөрч байна. Би найзыгаа өмөөрсөн юм. Тухайн үед би 2-3 шил пиво уусан байсан. Хохирогчийн хохирол төлбөрийг манай аав төлсөн. Би хойшид дахин ийм хэрэг үйлдэхгүй, томоотой байна. Ийм хэрэг үйлдсэн нь миний буруу. Би өөрийн гэм буруутайг ойлгож байна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Гантулга мэдүүлэхдээ:

...2016 оны 10 сарын 08-ны өдөр Модны 2-ын “+25” бааранд эхнэр Э.Хандсүрэн, найз Б.Бодьгэрэл нарын хамт дөнгөж орж ирээд байж байсан юм. Бид гурав бүжгийн талбай дээр бүжиглээд байсан юм. Г.Цэрэндагва гэх хүний найз нь манай эхнэрийг өдөх маягтай шахаад бүжиглээд байхаар нь би “цаашаа бай” гэхэд тэр манай найзтай маргалдаад байж байсан би дундуур нь ороод “болиоч ээ” гэхэд Г.Цэрэндагва үсэрч орж ирээд намайг цохисон. Би “болиоч ээ, яах гээд байгаа юм бэ” гэхэд дахиж намайг мөргөсөн. Миний хамар хугарсан учир тэр дор нь цагдаад хандсан. Г.Цэрэндагвын найз нь шахаад шалтгаангүй өдөөд байсан, би “болиоч ээ” гэхэд Г.Цэрэндагва нь учраа мэдэхгүй намайг цохичихсон. Миний хамрын хянга яс хугарсан үзүүр нь бага зэрэг нугаларч мурийсан гэжээ. (хэргийн 12, 13 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Э.Хандсүрэн мэдүүлэхдээ:

...+25 бааранд найз Б.Бодьгэрэл, нөхөр Б.Гантулгын хамт 00 цаг өнгөрч байхад ороод бид 3 нэг, нэг пиво аваад сууж байгаад бүжиглэж байтал 4-5 залуучууд тулж, ойртож бүжиглээд, нэг нь шахаж бүжиглээд байхаар нь манай найз Б.Бодьгэрэл “цаашаа бай, чи согтуу байна” гэтэл нөгөө шахаад байсан залуу “чи юу юм” гээд дайраад түүнийг заамдаад авахад Т.Бодьгэрэл буцаагаад заамдаж авахад тэрний найзууд гэх 4-5 залуучууд ирээд нэг жижиг бор залуу нь манай нөхөр рүү дайраад “гаръя, үзье” гээд Б.Гантулгыг тек рүү шахаад яваад байсан. Тэгээд текенд тулаад зогсоход тэр жижиг залуу үсэрч ирээд Б.Гантулгыг цохиод авсан. Баарны хамгаалагч нар салгаад гараад асуудлаа шийд гэсэн. Тэр үед Б.Гантулга хамраа дараад яваад байсан. Баарны зохион байгуулагч нь цагдаа дуудаад Б.Гантулга, Б.Бодьгэрэл, намайг болон Б.Гантулгыг цохисон гэх залууг аваад явсан. Араас нь тэр жижиг бор залуугийн найзууд нь дагаж ирээд “та нар ямар танил талтай юм, эр хүн шиг үзэлцээд асуудлаа шийдье” гээд байсан. Хамгийн эхэлж түлхсэн залуу нь өндөр туранхай залуу байсан, тэр хэрүүл маргааныг эхлүүлсэн. Эхлээд өндөр залуу бүжгийн талбай дээр байхад шахаад өдөөд “цаашаа бай” гэхэд явахгүй буланд шахаад дахиад ойртоод боосон. Өндөр залуу Б.Гантулгыг бооход хараагүй намхан бор залуу нь Б.Гантулгыг цохихыг харсан гэжээ. (хэргийн 16, 17, 75, 76 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Бодьгэрэл мэдүүлэхдээ:

...хажууд хэдэн залуучууд манай найзын эхнэр болох Э.Хандсүрэнг өдөх маягтай наашаа шахаад байхаар нь бид гурав тайзнаас бага зэрэг холдоод бүжиглэж байтал тэр залуучууд дахиж дөхөж ирээд өдөөд шахаад байхаар нь би “боль наад охин чинь нөхөртэйгээ хамт явж байна” гэхэд тэнд байсан нэг залуу намайг заамдаад авсан. Тэгэхэд Б.Гантулга ирээд салгах гээд бид хоёрын голоор ороход надаас бага зэрэг намхан залуу ирээд Б.Гантулгыг цохиод авсан. Тэгэнгүүт нь Г.Гантулга ухраад текний тийшээ явсан. Би араас нь гарахад өмсөж явсан цамц нь цус болсон байсан. Очоод “яасан, юу болов” гэхэд миний хамар хугарчих шиг боллоо гээд гараад цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд бид нарыг болон Б.Гантулгыг цохисон залууг найзтай нь хамт аваад цагдаа ирээд өргөдлөө өгөөд гэмтлийн эмнэлэг дээр очиж хамрынх нь зургийг авахуулсан юм гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Х.Бямбадорж мэдүүлэхдээ:

...+25 бааранд Очирхүү, Б.Энхманлай, О.Гарьдмагнай, Г.Цэрэндагва, У.Сандагдорж бид нар орсон. Тэгээд бүжиглээд байж байтал нэг эмэгтэй ирээд бүжиглээд байсан. Тэгтэл цаанаас нь 2 залуу ирээд О.Гарьдмагнайг “чи яагаад байгаа юм” гээд түлхсэн тэгсэн чинь тэр уурлаад “бааранд хэнтэйгээ яаж бүжиглэх нь хэвийн үзэгдэл биз дээ, юу яриад байгаа юм чи” гээд хэлтэл нэг залуу нь О.Гарьдмагнайг заамдаад авсан. Тэгэхэд О.Гарьдмагнай уурлаад зөрүүлээд заамдаад “тавиач чи” гэхэд шар үстэй эмэгтэй шил аваад түүнийг цохих гэхэд У.Сандагдорж тэр эмэгтэйн гарыг түлхэхэд шил нь цааш үсрээд зөөгчийн мөрийг оносон. Би “гараад учраа олъё” гээд У.Сандагдорж бид 2 түрүүлээд гараад явсан. Араас тэд нарыг ирэх байх гээд гарсан гарч ирэхгүй байхаар нь эргээд ортол Г.Цэрэндагва хүний хамар цохичихсон гээд хамгаалагч нь барьчихсан байсан гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Энхманлай мэдүүлэхдээ:

Хэрэг болдог өдөр би О.Гарьдмагнай, Очирхүү, Х.Бямбадорж, Г.Цэрэндагва нартай хамт модны 2-ын “+25” бааранд пиво уугаад сууж байсан. Би тамхи татах гээд гараад хамгаалагчтай юм яриад нилээн удсан, намайг Очирхүү дуудахаар нь яваад очтол Г.Цэрэндагва хүний хамар цохичихсон гээд буланд зогсож байсан гэжээ. (хэргийн 74 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-У.Сандагдорж мэдүүлэхдээ:

...О.Гарьдмагнай нэг эмэгтэй хүнтэй бүжгийн талбай дээр муудалцаад байсан тэр эмэгтэй пивоны шил О.Гарьдмагнай руу авч шидсэн. Би Х.Бямбадоржтой гараад буцаад ороод иртэл Г.Цэрэндагвыг баарны хамгаалагч барьчихсан үүдэн дээр зогсож байсан гэжээ. (хэргийн 78 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 13938 тоот дүгнэлтэд:

 1. Б.Гантулгын биед хамар ясны хугарал, зулгаралт, мөр, зовхинд цус хуралттай гэмтэл тогтоогдлоо.

         2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.Цэрэндагва ял шийтгэгдээгүй гэжээ. (хэргийн 41 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Г.Цэрэндагва нь 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 08-ны өдөрт шилжих шөнө  Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “+25” баарны бүжгийн талбайд бүжиглэж байхдаа ямар ч шалтаг шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хохирогч Б.Гантулгын хамар луу гараараа цохиж бие махбодид нь хамар ясны хугарал, зулгаралт, мөр, зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Гантулга, гэрч Э.Хандсүрэн, Б.Бодьгэрэл, Х.Бямбадорж, Б.Энхманлай, У.Сандагдорж нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 13938 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Г.Цэрэндагвын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан,

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгчийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Цэрэндагвыг бусдыг илтэд үл хүндэтгэн, ямар ч шалтгаангүйгээр хохирогч Б.Гантулгыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Хохирогч Б.Гантулга нь “Төгс Ялгуун” эмнэлэгт үзлэг хийлгэж 10 000 төгрөг, Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзлэг хийлгэж 20 000 төгрөг төлжээ.

 Шүүгдэгч 840 000 төгрөг хохирогчид төлснийг бусдад учруулсан гэм хорын хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд бүрэн төлсөн гэж үзэв.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх,

согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөлд тус тус тооцов.

 

Шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, мөн хохирогчийн гомдолгүй байгаа, Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер технологийн сургуулийн хүнсний технологичийн 3 дугаар курсын оюутан тул суралцах боломжоор нь хангаж, түүнд ногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан болно.