Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 111/ШШ2018/0019

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би, Баяраам ХХК-аас Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 7/03 дугаартай Уул уурхайн үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: Баяраам ХХК-аас 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 03/35 тоот албан бичгээр Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ээлжит бус 7 дугаар хуралдаанаар Уул уурхайн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцэн Уул уурхайн үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай 7/03 дугаар тогтоолыг баталсан. Баяраам ХХК-аас тус тогтоолыг Илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн үндэслэлд тогтоолын үндэслэл нь холбогдох хуулийн заалтуудтай нийцэхгүй, гаргасан шийдвэрээ гаргах эрх бүрдээгүй гэж дурдсан байна. Иймд тус тогтоолыг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх /Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно/ заалтын дагуу сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх болно. гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Баяраам ХХК тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 7/03 дугаартай Уул уурхайн үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Эрдэнэ-Очир Баяраам ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 7/03 дугаартай Уул уурхайн үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариу тайлбарыг ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасан Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 7/03 дугаартай Уул уурхайн үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох Баяраам ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 35100 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Баяраам ХХК-д буцаан олгосугай.

 Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

  

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     С.САЙНБИЛЭГ