Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2024/00050

 

“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/02858 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/00004 дүгээр магадлалтай,

“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ө.Б, Д.Г, Б.Б нарт холбогдох

Үндсэн нэхэмжлэл: Геодезийн багаж болох хүлээн авагч 2 ширхэг, невелер хөл, аккумлятор, 2 ширхэг нөүтбүүк, геодезийн хэмжил зүйн лабораторийн гэрчилгээ, бусад бичиг баримт болон хохиролд нийт 347,871,543 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: Цалин, олох байсан ашигт 62,755,253 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д хариуцагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Ө” ХХК нь хариуцагч Ө.Б, Д.Г, Б.Б нарт холбогдуулан геодезийн багаж болох хүлээн авагч 2 ширхэг, невелер хөл, аккумлятор, 2 ширхэг нөүтбүүк, геодезийн хэмжил зүйн лабораторийн гэрчилгээ, бусад бичиг баримт болон хохиролд нийт 347,871,543 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, цалин, олох байсан ашигт нийт 62,755,253 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/02858 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар хариуцагч Б.Б, Ө.Б, Д.Г нараас 30,300,000 төгрөгийн үнэ бүхий 0025911 гэрчилгээний дугаартай CHCNAV I50 маркийн 3459289 хувийн дугаартай GNSS хүлээн авагч 1 ширхэг, 0025912 гэрчилгээний дугаартай CHCNAV I73 маркийн 3452235 хувийн дугаартай GNSS хүлээн авагч 1 ширхэг, нийт 2 ширхэг хүлээн авагч, 220,000 төгрөгийн үнэ бүхий невелер хөл, 290,000 төгрөгийн үнэ бүхий аккумлятор, 4,619,700 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг нөүтбүүк, нийт 35,429,700 төгрөгийн үнэ бүхий багаж, тоног төхөөрөмж, мөн 0025911, 0025912 дугаар бүхий гэрчилгээг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ө” ХХК-д хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нийт 347,871,543.5 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1, 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар нэхэмжлэгч “Ө” ХХК-аас хөлсөөр ажиллах гэрээний болон хамтран ажиллах гэрээний үүрэгт 20,918,417 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Бд, 20,918,417 төгрөгийг гаргуулж хариуцагч Ө.Бөд, 20,918,417 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.Г нарт тус тус олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,155,212 төгрөг, хариуцагч Б.Б, Ө.Б, Д.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471,727 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Ө.Б, Д.Г нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Ө” ХХК-аас 471,727 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Б, Ө.Б, Д.Г нарт олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/00004 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/02858 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нараас гэсний дараа 9,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгож гэж нэмж, “...347,871,543.5 гэснийг “...338,871,543” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1, ...хөлсөөр ажиллах гэрээний болон” гэснийг тус тус хасч, “...477.1” гэсний дараа “480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт тус тус зааснаар дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1, 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгч “Ө” ХХК-аас хөлсөөр ажиллах гэрээ болон хамтран ажиллах гэрээний үүрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган нийт 62,755,253 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн.

4.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэг заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хэмээн үзэж байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дах хэсэгт “хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелэгдээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна” гэж зааснаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч тал буюу инженер техникийн ажилчид гэрээнээсээ 2022.08.19-ний өдөр огт мэдэгдэлгүй нууцаар “Ө” ХХК-ийн үндсэн хөрөнгө болох геодезийн 30,300,000 төгрөгийн үнэ бүхий CHCNAV I50 маркийн 3459289 дугаартай долгионы GNSS хүлээн авагч комоороо, невлер хөл 220,000 төгрөг аккумлятор 290,000, 2 ширхэг нөүтбүүк 4,619,700 төгрөг, нийт 35,429,700 төгрөгийн эд зүйл, 1.372.000 төгрөгийн түлшээр өөрсдийн машин, канистр дүүргэн авч явсан байдаг. Ингэж явахдаа “Ө” ХХК-ийн удирдлагад огт мэдэгдээгүй, гэнэт ажлаа орхин явсан. Явах болсон шалтгаан нь Улаанбаатар хотод өөр ажлын гэрээ байгуулсан байдаг. Энэ нь нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд шүүхэд гаргаж өгөх гэтэл шүүх хурлаас хоцорсон гэх шалтгаанаар гаргаж өгч чадаагүй болно.

4.2.Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэхээр” заасан байдаг. Гэвч огт мэдэгдээгүй ажлыг хаяж явсан байдаг. Түүнчлэн Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт “Гэрээний талууд эцсийн тооцоог хамтран хийж, шаардлагатай мэдээллийг өгөх үүрэгтэй, мөн үүргээ шударгаар гүйцэтгэх зарчим хэвээр үйлчлэх учиртай бөгөөд гэрээнээс гарч байгаа талын авах хувь хэмжээг түүний төлөх ёстой байсан хураамжийн хэмжээгээр багасгадаг байхаар” хуульчилсан байдаг.

Мөн Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.5-д “Гэрээнээс гарахад талуудын дундын хөрөнгө тэдний хүлээсэн нийт үүргийг биелүүлэхэд хүрэлцэхгүй байвал гэрээнээс гарч байгаа тал өөрт ногдох хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг бусдад төлнө” гэж заасан. Давж заалдах шатны шүүх “Н” ХХК-тай Ө аймгийн Х сумын нутаг дэвсгэрт хийгдэж буй Т-М-Х чиглэлийн ачаа тээврийн авто зам барих төсөлд 108-ын Section-6-аас 10 км шороон далангийн ажлыг 2022.06 сараас 2022 оны 10.30-ны өдөр хүртэл хугацаанд ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэх зорилгоор хамтран ажиллахаар амаар гэрээ байгуулсан. Хамтран ажиллах гэрээний ашгийн 60% “Ө” ХХК, 40% хариуцагч нар тус тус хуваарилан авахаар тохиролцсон. Хариуцагч Д.Г нь нэг ч өдөр тухайн төсөл хэрэгжүүлж буй газарт очиж ажиллаж үзээгүй. Гэсэн хэдий ч цалин хөлс гэж 7 сард 5,000,000 төгрөг авсан. Цаашид ажиллана, энэ цалин хөлс болон урьдчилгаанд авсан мөнгөө хасч тооцохоор тохирсон байдаг.  Урьдчилан авсан мөнгийг ажил гүйцэтгэсний эцэст хасч тооцохоор тохиролцсон гэдэг. Урьдчилгаа 30,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг хариуцагч нар авч өөрсдөө ажилд хэрэглэх автомашин худалдан авсан гэдгээ хүлээн зөвшөөрч маргахгүй хэмжээн тайлбарласаар ирсэн.

Мөн 2022.7 сард хариуцагч тус бүр 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч маргахгүй байхад аль ч шатны шүүх анхаарч үзэж, дүгнэлт хийж чадаагүй. Хамтран ажиллах гэрээ гэж дүгнэсэн атлаа мөн магадлалын 3.4-т “Ө” ХХК нь “Н” ХХК-тай 2022.08.09-ний өдөр ХХАГ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь CHCNAN фирмийн 150BASE173 ROVER GNSS иж бүрдлийн хүлээн авагчийг 30,300,000 төгрөгөөр тооцон худалдах, худалдан авагч нь үнийг төлөхөөр харилцан тохиролцсон баримт авагдсан гэж, мөн “Ө” ХХК дэд захирал Д.М нь “А” ХХК-аас 2022.06.03-ны өдөр 4,619,700 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг нөүтбүүкийг худалдан авсан болох нь хэрэгт авагдсан зарлагын падаан болон талуудын тайлбараар тогтоогджээ гэж дүгнэсэн. “Ө” ХХК-ийн өмч бөгөөд дээрх бүх төлбөрийг “Ө” ХХК төлж дээрх зүйлсийг худалдан авсан байтал магадлалын 4 дэх хэсэгт талууд хамтран ажиллах гэрээ байгуулагдсаны дараа буюу хамтран ажиллах гэрээ хэрэгжих явцад дээрх эд хөрөнгүүдийг бусдаас худалдан авсан үйл баримтыг шүүх зөв дүгнэж эдгээр тоног төхөөрөмжүүд болон холбогдох гэрчилгээг тус тус хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгаж шийдвэрлэснийг буруутгахгүй гэсэн атлаа 10.2-т Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дах хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилах зохицуулалтын хүрээнд шүүх нэг хариуцагчаас цалин хөлс 8,064,516 төгрөг. тоног төхөөрөмжийн нийт үнэ 30,810.000 төгрөг, 26,237,705 төгрөгийн ашгийн 40% буюу 8,745,417 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн.

Хөлсөөр ажиллах гэрээ биш хамтран ажиллах гэрээ гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байж магадлалын 10.2-т “цалин хөлс гаргуулахаар, мөн ашиг хуваарилж” шийдвэрлээд байгаа нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

4.3.Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг зохих эрх зүйн хэм хэмжээгээр оновчтой зөв тогтоож хянан шийдвэрлэж чадаагүй. Хөлсөөр ажиллах гэрээ биш гэж дүгнэж шийдвэрт өөрчлөлт оруулчхаад цалин хөлс олгуулахаар шийдвэрлэж байгаа нь зохигчийн хоорондын маргааныг зохицуулахад хамааралгүй хэм хэмжээг хэрэглэсэн гэж үзэж байна.

Тухайлбал анхан шатны шүүх иргэний хэрэг шийдвэрлэхдээ, нэхэмжлэгч хариуцагч нар гэрээнээс татгалзаж геодезийн багаж нууцаар авч явснаас “Н” ХХК-тай байгуулсан төсөл хэрэгжүүлэх ажил гүйцэтгэх гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж компанид хохирол учирсан тул хохирол төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасан ....бусад хэрэг маргааныг анхан шатны шүүх 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхээр заасан учир хохиролтой холбоотой хэрэг маргааныг шүүгч дангаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг урьдчилан зохицуулсан. Энэ нөхцөлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулиар зохицуулсан журмыг шүүх зөрчих нь хяналтын гомдол гаргах үндэслэл болдог.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 178 дугаар зүйлийн 178.6 дах хэсэгт зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.02.29-ний өдрийн 001/ШХТ2024/00260 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч “Ө” ХХК нь хариуцагч Ө.Б, Д.Г, Б.Б нарт холбогдуулан геодезийн багаж болох хүлээн авагч 2 ширхэг, невелер хөл, аккумлятор, 2 ширхэг нөүтбүүк, геодезийн хэмжил зүйн лабораторийн гэрчилгээ, бусад бичиг баримт болон хохиролд нийт 347,871,543 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, “... 2022 оны 05 дугаар сард “Н” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр Ө аймагт 10 км авто замын далангийн ажлыг гүйцэтгэхээр болсон. Уг ажилд инженерийн баг шаардлагатай байснаас  хариуцагч нартай  хамтран ажиллах, ашгийн 60 хувийг компани, 40 хувийг тэд  авахаар тохиролцсон.  ...ажлын тодорхой хувийг хийсэн боловч хариуцагч нар  мэдэгдэлгүйгээр ажлаа орхиж явсан, ажилд зориулж өгсөн компанийн геодезийн багаж, нөүтбүүк авч явснаас “Н” ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдаж, улмаар бидний хамтын ажиллагаа дуусгавар болсон. Иймд 2022.08.19-ний өдрөөс 2022.09.08-ны өдөр хүртэл сул зогссоноос  40,883,864 төгрөгийн, “Н” ХХК-д барьцаанд үлдээсэн 39,577,938 төгрөгийн багажгүйн улмаас талбайд буулгасан 3000 м.куб шороог тэгшлээгүйгээс  акт тавигдаж 31,500,000 төгрөгийн, ажил гүйцэтгэх гэрээг дуусгаагүйгээс 485,896,235 төгрөгийн ашиг олох боломжоо алдсан тул үүний 60 хувь болох 219,537,741 төгрөгийн хохирол тус тус компанид учирсан. Мөн ажлын урьдчилгаанд авсан 30,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгөөр хариуцагч нар  автомашин авсан, уг машин хариуцагч нарт байгаа. Явахдаа нийт 3952 литр, 1,372,000 төгрөгийн түлш авсан байсан. Иймд багаж, нөүтбүүк, дурдсан хохирлыг гаргуулж өгнө үү” гэжээ.

8.Хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, “...бид “Н” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр 10 км авто замын далангийн ажлыг гүйцэтгэхэд “Ө” ХХК-тай хамтран ажиллахаар болсон. ... 2022 оны 07 дугаар сард 424,020,674 төгрөгийн газар шорооны ажил гүйцэтгэж, “Н” ХХК-д суутгуулах зардал, урьдчилж авсан 30,000,000 төгрөг, нийт 77,007,680 төгрөгийн өрийг дарж, 262,220,198 төгрөгийн санхүүжилт авахаар болж үүнээс 212,000,000 төгрөг нь 2022.08.18-ны өдөр нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн дансанд орсон. Нэхэмжлэлд дурдсан  геодезийн иж бүрэн багажны төлбөрийг “Н” ХХК-аар урьдчилан төлүүлж, уг төлбөрийг тус компаниас авах мөнгөнөөс хасч 262,220,198 төгрөгийн санхүүжилтийг олгохоор болсон тул эдгээр нь хамтын ажиллагааны явцад, дундын хөрөнгөөр бий болсон. Мөн дээрх 262,220,198 төгрөгийн гүйцэтгэлээс 100,000,000 төгрөг Д.Гын, 112,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Х.Аын дансанд шилжүүлж, үүнээс Д.Г нь 6 сарын ажлын хөлс, түрээсийг, Х.А нь 7 сарын ажлын хөлс, түрээсийг ажилласан хүмүүст төлөхөөр болсон. Иймд багажийг хариуцагч нь өмчлөх болон ажил гүйцэтгэгчийн барьцааны эрхтэй, бусад санхүүжилтийн мөнгө, ашиг, хөрөнгийг нэхэмжлэгч өөртөө үлдээсэн тул буцаан өгөх үндэслэлгүй. Нэхэмжлэгч 7, 8 дугаар сарын ажлын хөлсийг шилжүүлээгүй, автогрейдерийн түрээсийг дутуу шилжүүлснээс маргаан үүсч, талууд хамтран ажиллахаа зогсоох шийдвэрийг нэхэмжлэгч гаргасан. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй” гэсэн.

9.Хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан 62,755,253 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлийг “...нэхэмжлэгч сар бүр ажлын хөлс өгөхөөр тохиролцсон боловч 07 дугаар сарын 5,000,000 төгрөг, 8 дугаар сарын 3,064,516 төгрөг, нийт 8,064,516 төгрөгийг олгоогүй тул хариуцагч тус бүрд дээрх мөнгийг гаргуулна уу. Геодезийн иж бүрэн багажны үнээс нэхэмжлэгч нарт оногдох 40 хувь буюу 12,324,000 төгрөг, ажил гүйцэтгэсэн хугацааны буюу 2022 оны 08 дугаар сарын байдлаарх ашиг 29,237,705 төгрөг, урьдчилгаанд талуудын хувааж авсан 30,000,000 төгрөгийн зөрүү 3,000,000 төгрөгийг хасаад, бүгд 62,755,253 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй байна.

10.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний болон үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нэмж хангасан өөрчлөлтийг оруулжээ.

11.Хоёр шатны шүүх зарим нэхэмжлэлийн үндэслэлтэй холбоотой талуудаас гаргасан тайлбарт үнэлэлт  өгөөгүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны төрлийг өөрөөр тодорхойлсон,  давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээс шүүхүүд хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүх илрүүлж засаагүй тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын хүрээнд хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

12.Анхан шатны шүүх зохигчийн хооронд хамтран ажиллах болон хөлсөөр ажиллах хоёр төрлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэнийг  давж заалдах шатны шүүх уг харилцаа нь бүхэлдээ хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан гэж  дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

12.1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

12.2.Хэргийн баримтаас үзэхэд, нэхэмжлэгч “Ө” ХХК нь “Н” ХХК-ийн захиалгаар Т-М-Х М чиглэлийн хатуу хучилттай авто замын 10 километр  далангийн ажлыг гүйцэтгэн, ажлын үр дүнг 2022.10.30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх ажлыг гүйцэтгэхдээ Д.Г, Б.Б, Ө.Б нартай хамтран ажиллахаар амаар тохиролцож, нэхэмжлэгч нь ажлын материал, хүн хүч, техник тоног төхөөрөмжийг бүрэн хариуцах, хариуцагч нар тухайн ажлыг гүйцэтгэхэд геодезийн болон авто замын лабораторийн инженер мэргэжилтэй, ажлын туршлагатайн хувьд ажлыг хариуцан гүйцэтгэх, олсон ашгийн 60 хувийг нэхэмжлэгч, 40 хувийг хариуцагч нар тус тус авахаар тохиролцсон тухайд зохигч маргаагүй, энэхүү нь ашиг олох зорилготойгоор талууд нэгдсэн, нэхэмжлэгч  тодорхой хөрөнгө гаргах, тоног төхөөрөмжөө ашиглуулах, хариуцагч нар хөдөлмөрөөр хувь оруулах хэлбэрээр хураамж төлсөн, олсон ашгаа зохих хувиар хувааж авахаар шийдвэрлэсэн байдлаас  үзэхэд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, энэ гэрээ хүчин төгөлдөр талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

12.3.Харин хамтын үйл ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хариуцагч нарт 2022 оны 07 дугаар сарын цалин гэсэн утгатай тус бүр 5,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөг шилжүүлсэн нөхцөлийг анхан шатны шүүх зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээнээс гадна Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан  хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

Зохигч хамтран ажиллахаас гадна бие даасан өөр ажлыг гүйцэтгэх, гүйцэтгэсэн ажлын хөлсөнд сар бүр цалин хөлс хэлбэрээр мөнгө төлөхөөр тохиролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл, хариуцагч тус бүрийн авсан 5,000,000 төгрөг нь зохигчийн хамтын үйл ажиллагаа явуулсны үр дүнд авах ашигт тооцох агуулгатай, иймээс  анхан шатны шүүхийн хөлсөөр ажиллах гэрээ гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх залруулж зассан нь хуульд нийцжээ.

13.Хамтын үйл ажиллагааны хүрээнд талууд тодорхой хэмжээний ажлыг гүйцэтгэсэн боловч уг ажиллагааг 2022 оны 08 дугаар сард дуусгавар болгосныг зохигч маргаагүй бөгөөд хамтран ажиллах гэрээ дуусгавар болох эсхүл дуусгавар болсонд тооцох үндэслэлүүдийг Иргэний хуулийн 480 дугаар зүйлд заасан байна.

Зохигч хамтран ажиллах гэрээг цуцалж буюу гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой дуусгавар болгосон ба энэ тохиолдолд хамтын үйл ажиллагаагаа дүгнэж, гэрээгээр хүлээсэн үүргээ хэн нь хэрхэн биелүүлсэн, ашиг, алдагдлаа хэрхэн хуваарилахаа тодорхойлж болох байсан боловч маргаан гарсан  байна. Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны талаар дүгнэлт хийхдээ  Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т заасныг буюу хамтын ажиллагааг цуцалж  дуусгавар болсны дараа тухайн гэрээний талуудын хооронд үүсэх үр дагаврыг зохицуулсан зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу биш байна.

Хамтран ажиллах гэрээний хувьд “гэрээнээс гарах” гэсэн ойлголт байдаг бөгөөд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг гэрээнд шууд заагаагүй, өөрөөр хэлбэл, тодорхой бус, урт хугацаанд үргэлжлэх гэрээний явцад оролцогч талуудын хувьд гэрээг цааш үргэлжлүүлэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болвол хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч гарч болох, харин хугацаатай гэрээнд гагцхүү зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө гэрээнээс гарч болохыг хуульд тусгайлан заасан байна.

Зохигчийн хувьд хэн нэг нь  дээр дурдсан хүндэтгэн үзэх шалтгаанаар хамтран ажиллах гэрээнээс гараагүй, харин гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гэрээ цуцлагдаж дуусгавар болсон  үйл баримт тогтоогдсон байх тул  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.5-д заасан “гэрээнээс гарахад талуудын дундын хөрөнгө тэдний хүлээсэн нийт үүргийг биелүүлэхэд хүрэлцэхгүй байвал гэрээнээс гарч байгаа тал өөрт ногдох хувьтай тэнцүү хэмжээний мөнгийг бусдад төлнө “гэсэн зохицуулалт энэ маргаанд хамааралгүй.

14.Хамтын үйл ажиллагаанд ашиглагдаж байсан геодезийн багажууд болон 2 ширхэг нөүтбүүк, геодезийн хэмжил зүйн лабораторийн гэрчилгээ, бусад бичиг баримт хариуцагч нарт байгаа, эдгээрийг гаргуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд хариуцагч нар гомдол гаргаагүй.

Харин дээрх нэхэмжлэлтэй холбоотой геодезийн багажны үнэ 30,810,000 төгрөгийн  40 хувь 12,324,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Ө” ХХК 2 нөүтбүүкийг өөрийн хөрөнгөөр бусдаас худалдан авсан нь, харин геодезийн багаж болох хүлээн авагч, невелер хөл, аккумляторыг зохигч хамтын үйл ажиллагаанд зориулж “Н” ХХК-аас худалдан авсан, ингэхдээ гэрчилгээг “Ө” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн боловч уг эд хөрөнгийн үнэ 30,810,000 төгрөг хамтын үйл ажиллагааны буюу ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Н” ХХК-аас авах авлагаас суутгагдсан нь тогтоогдсон, үүнийг үгүйсгэх баримтыг нэхэмжлэгч гаргаагүй  тул эдгээр эд хөрөнгө нь талуудын бий болгосон дундаа хэсгээр өмчлөх дундын хөрөнгө болно гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хариуцагч нар тухайн геодезийн иж бүрдэл багажийг, гэрчилгээ бичиг баримтын хамт  нэхэмжлэгчид өгөхөд татгалзаагүй, шүүх энэ нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй байна.

Нэгэнт эдгээр эд хөрөнгө нь талуудын дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгө ба  хөрөнгийг нэхэмжлэгчид олгож байгаа тохиолдолд сөрөг нэхэмжлэлийн хүрээнд талуудын тохиролцсон хувь хэмжээгээр буюу үнэ 30,810,000 төгрөгийн  40 хувь 12,324,000 төгрөгийг хариуцагч нарт /тус бүр 4,108,000 төгрөг/ ногдох хэсэг гэж үзэн гаргуулж олгох нь хууль зөрчихгүй. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 12,324,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгосонтой холбоотой гомдлыг хангахгүй орхив.

15.Хамтын ажиллагааны явцад талууд “Н” ХХК-аас урьдчилгаанд 30,000,000 төгрөг авснаас 15,000,000 төгрөгийг “Ө” ХХК, 15,000,000 төгрөгийг хариуцагч нар тус тус авсныг зохигч маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас уг мөнгийг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх 9,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

15.1.Хариуцагч нар дээр дурдсан 15,000,000 төгрөгөөр ажлын хэрэгцээнд автомашин худалдан авсан, хамтын ажиллагаа дуусгавар болоход өөрсдөө авч явсан талаар  маргаагүй  байна.

Нэхэмжлэгч 15,000,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй, хариуцагч уг нэхэмжлэлтэй холбоотой нийт авсан 30,000,000 төгрөг 60, 40 гэсэн харьцаагаар хуваарилагдах тул зөрүү 3,000,000 төгрөг төлнө гэсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх энэхүү 15,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “автомашин хариуцагч нарт байгаа эсэх нь тодорхой бус” гэсэн үндэслэл заасан нь  дутагдалтайгаас гадна ийм дүгнэлт хийсэн атлаа сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ илүү авсан ашгийн  зөрүү 3,000,000 төгрөгийг суутгах нь зүйтэй  гэсэн дүгнэлт хийсэн нь зөрчилтэй байна.

Харин давж заалдах шатны шүүх автомашин нь зохигчийн дундаа хэсгээр өмчлөх хөрөнгө бөгөөд хариуцагч өөртөө үлдээхэд татгалзаагүй, иймд  үнийн 60 хувь буюу 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж  гаргуулж шийдвэрлэсэн, энэ талаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул иргэний хэрэг хянан шийдвэрлэх диспозитив зарчмын хүрээнд уг шийдлийг хэвээр үлдээх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

16.Нэхэмжлэгчийн бусад нэхэмжлэлийн шаардлага буюу сул зогссоны улмаас 40,883,864 төгрөгийн,  “Н” ХХК-д барьцаанд  суутгуулсан 39,577,938 төгрөгийн, багажгүйн улмаас талбай дээр буулгасан 3000 м.куб шороог тэгшлээгүйгээс акт тавигдсанаас  31,500,000 төгрөгийн, түлш 1,372,000 төгрөгийн, “Н” ХХК-тай байгуулсан гэрээг зохих ёсоор хийж гүйцэтгэж дуусгасан бол олох байсан ашгийн 60 хувь болох 219,537,741 төгрөгийн  шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасантай нийцсэн байна.

Гэрээ цуцлахад хүргэсэн гэм буруутай тал нь нөгөө талд учирсан хохирлыг төлөх үүргийг хүлээх ба хэргийн баримтаар ийм байдал нотлогдоогүй байна.

Хоёр шатны шүүхийн дүгнэснээр зохигчийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ цуцлагдсан шалтгаан нь нэхэмжлэгчээс шалтгаалсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсон. Тухайлбал, тухайн компанийн дотоод зохион байгуулалт, багаж тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, ажиллах хүчний хомсдол, ажилчдад хийсэн ажлын хөлс нь олгогдоогүй байдлаас гэрээ цуцлагдсан, гэрээ цуцлагдахад хариуцагчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Иймээс дээрх шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.

17.Сөрөг нэхэмжлэлээр шаардсан хариуцагч тус бүрт 7, 8 сарын цалин 8,064,516 төгрөг шаардлагыг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байх бөгөөд энэ нь тус шүүхийн зохигчийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсээгүй гэсэн дүгнэлттэй нь нийцээгүй, тухайлбал цалин хөлс гаргуулсан нь үндэслэл муутай болсныг залруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хангаж, хариуцагч тус бүрт цалин гэсэн агуулгаар 8,064,516 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

18.Сөрөг нэхэмжлэлийн ажил гүйцэтгэсэн хугацааны буюу 2022 оны 08 дугаар сарын байдлаарх ашиг 29,137,705 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, хариуцагч нар үндэслэлээ, “ ...нэхэмжлэгч нь сүүлд толгой компанитай ажлын тооцоогоо дуусгаад  105,600,000 төгрөгөөс барьцааны мөнгийг суутгаад Х банкаар авчихсан, тохирсноор бол “Х” банк ХХК-ийн 1,2 гарын үсэгтэй дансаар авах байсан. Уг мөнгө нь дундын ажлын гүйцэтгэлийн үр дүн” гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд тайлбар гаргаагүй.

18.1.Хамтран ажиллах гэрээг дуусгавар болгосон 2022.08.19-ний өдөр хүртэл зохигч ажлыг гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлыг “Н” ХХК хүлээн авч, “Ө” ХХК-д 105,600,000 төгрөгийн ажлын хөлс өгөхөөр тухайн 2 компани тооцоо нийлсэн баримт үйлдсэн нь хэрэгт авагдсан байна.

18.2. Мөн зохигчийн хамтын ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “Н” ХХК-аас урьдчилгаанд авсан  30,000,000 төгрөгийн 15,000,000 төгрөгийг, дараагийн тооцоо 212,000,000 төгрөгийн ажлын хөлснөөс 112,000,000 төгрөгийг, гэрээ дуусгавар болсон үеийн тооцооноос 66,022,062 төгрөгийг /105,600,000 төгрөгөөс барьцаанд 39,577,938 төгрөг суутгасныг хасч/ тус тус авчээ. 

18.3. Хариуцагч нар цалин гэсэн утгаар тус бүр 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг авсан нь тэдэнд ашиг байдлаар үлдсэн, 15,000,000 төгрөг авч автомашин худалдан авснаас автомашин нь үлдсэн, харин үүний 60 хувь 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгөхөөр болсон,  100,000,000 төгрөг авсан боловч үйл ажиллагаанд зарцуулсан нь нотлогдсон. /үлдэгдэл 1,400,000 төгрөгийг буцааж нэхэмжлэгч талд шилжүүлсэн/

Хоёр шатны шүүх энэ нэхэмжлэлээс 26,237,705 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй боловч шийдвэр, магадлалд дээрх мөнгийг гаргуулсан үндэслэлээ тодорхой заагаагүй  нь дутагдалтай байгааг дурдав.

Хариуцагч нар цалин гэсэн утгаар тус бүр 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг авсан нь тэдэнд ашиг байдлаар үлдсэн, 15,000,000 төгрөг авч автомашин худалдан авснаас автомашин нь үлдсэн, харин үүний 60 хувь 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгөхөөр болсон,  100,000,000 төгрөг авсан боловч үйл ажиллагаанд зарцуулсан нь нотлогдсон /үлдэгдэл 1,400,000 төгрөгийг буцааж нэхэмжлэгч талд шилжүүлсэн/, эдгээр нөхцөл байдал тогтоогдсон.

“Н” ХХК болон “Ө” ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн сүүлийн ажлын хөлсөнд авах  66,022,062 төгрөгийг хамтын үйл ажиллагаанд зарцуулсан эсэх баримт, тооцооллыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй, зохигч алдагдалтай ажилласан гэх үндэслэл тогтоогдоогүй тул 40 хувь буюу 26,237,705 төгрөгийг /нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тус бүр 8,745,901 төгрөг/ хариуцагч нарт ногдох ашиг гэж үзэхэд хууль болон гэрээг зөрчихгүй тул нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

19.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгч дангаар бус бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх байсан гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг, эрх зүйн маргааныг тодорхойлон заасан, үүнд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хэлцлийн улмаас үүссэн иргэний эрх зүйн харилцааг хамааруулжээ.

Зохигчийн хооронд үүссэн маргаан нь тэдний хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ, уг гэрээ дуусгавар болсонтой холбоотой байна, иймээс шүүгч хэргийг дангаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй гэж үзэв.

20.Дээр дурдсанаар сөрөг нэхэмжлэлийн хүрээнд хууль хэрэглээний болон нэхэмжлэгчээс нийт 62,755,251 төгрөгийг гаргуулж хариуцагч тус бүрт 20,918,417 төгрөг гаргуулж  шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын энэ хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчээс нийт  38,561,703 төгрөг гаргуулж  хариуцагч нарт /тус бүр 12,853,901 төгрөг/ гаргуулж олгохоор, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/00004 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2023/02858 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 2 дах заалтыг нэгтгэж “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8, 480 дугаар зүйлийн 480.3, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Б.Б, Ө.Б, Д.Г нараас 30,300,000 төгрөгийн үнэ бүхий 0025911 гэрчилгээний дугаартай CHCNAV I50 маркийн 3459289 хувийн дугаартай GNSS хүлээн авагч 1 ширхэг, 0025912 гэрчилгээний дугаартай CHCNAV I73 маркийн 3452235 хувийн дугаартай GNSS хүлээн авагч 1 ширхэг, 220,000 төгрөгийн үнэ бүхий невелер хөл, 290,000 төгрөгийн үнэ бүхий аккумлятор, 4,619,700 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг нөүтбүүк, мөн 0025911, 0025912 дугаар бүхий 2 гэрчилгээ болон 9,000,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нийт 338,871,543 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Ө” ХХК-аас нийт 38,561,703 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Бд 12,853,901 төгрөгийг, хариуцагч Ө.Бөд 12,853,901 төгрөгийг, хариуцагч Д.Гт 12,853,901 төгрөгийг тус тус олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 24,193,550 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг 2 дахь заалт болгож, “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,155,212 төгрөг, хариуцагч Б.Б, Ө.Б, Д.Г нараас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 471,727 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, Ө.Б, Д.Г нараас 229,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Ө” ХХК-аас 350,759 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Б, Ө.Б, Д.Г нарт олгосугай” гэж, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Ө” ХХК 2024.02.01-ний өдөр төлсөн 335,099 төгрөг, 1,852,308 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ                                      

ШҮҮГЧИД                                                          Н.БАЯРМАА

                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                 Х.ЭРДЭНЭСУВД