Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/160

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Н.Энхтөр,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* овогт ******* Сэргэлэнд холбогдох эрүүгийн 2305044130056 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “******* *******” ХХК-нд харуул ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хан-Уул дүүрэг 14-р хороо, “******* *******” 4-р гудамжны ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* Сэргэлэн /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хархорин” худалдааны төвийн 4-р давхрын 27а тоот лангуу эзэмшигч буюу хохирогч Г.Батмөнхөөс “мөнгийг нь эхнэр шилжүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 720.000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй, эмэгтэй 2 хос, 4 ширхэг адууны арьсан гутлыг өөрийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч :

“...2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн ажилладаг Баянгол дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төвийн 4-р давхрын 27а тоот лангуун дээр гутал худалдан борлуулж байтал өдөр 11 цаг 10 минутын орчим манай лангуун дээр үл таних 25-30 орчим настай, 165-170 см орчим өндөр нуруутай, хар өнгийн куртик, улаан хүрэн өнгийн саравчтай малгай, цэнхэр жинсэн өмд, хар өнгийн богино түрийтэй гуталтай эрэгтэй хүн орж ирээд гутал үзэж байгаад эрэгтэй хүний хар саарал өнгө, урт түрийтэй адууны арьсан гутал нэг ширхгийг, эмэгтэй хүний цагаан өнгө, урт түрийтэй адууны арьсан гутал тус бүр нэг хосыг худалдан авахаар болсон. Тэгээд “надад мөнгө байхгүй манай эхнэр миний мөнгийг шилжүүлнэ” гэж хэлээд надаас миний дансны дугаарыг аваад хэсэг хүлээсэн. Тэгээд хэсэг зогсож байгаад миний дугаарыг надаас асуугаад өөрийн дугаараасаа над руу залгаад “энэ миний гар утасны дугаар манай эхнэр эмнэлэгт ажилладаг болохоор завгүй байх шиг байна завтай болохоороо шилжүүлэх байх болохгүй бол над руу залгаарай” гэж хэлээд гутлаа аваад явсан. Тэгээд тэр эрэгтэй хүнийг явсны дараа өөрийн дансаа шалгатал мөнгө орж ирэхгүй болохоор нь өгсөн дугаар луу залгахад эхлээд дуудаж байгаад сүүлдээ холбогдох боломжгүй болчихсон. Гар аргаар хийсэн түрий хэсэг нь адууны арьсан материалтай, ул нь эсгий, эсгийн доор резин уллагаа, түүрийн дотор хэсэг хонины нэхий дотортой гутал байсан, тус бүрийг нь 270.000 төгрөгөөр худалдан борлуулж байгаа...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

Гэрч :

“...89720313 дугаарыг 10 жилийн өмнөөс эхлэн ашиглаж байна. 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай хамтран амьдрагч Сэргэлэн миний гар утастай хамт авч яваад орой 17 цагийн орчим манай ажил дээр ирээд “хайр нь чамд гутал авсан” гэж хэлээд цагаан өнгийн урт түрийтэй үстэй гутал өгсөн. Тэгээд би Сэргэлэнд хандаж “хаанаас хэдэн төгрөгөөр гутал авсан” талаар асуухад “Хархорин” захаас 900.000 төгрөгөөр худалдан авсан цаа бугын арьсан гутал шүү” гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

“Дамно” ХХК-ий 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн БГ2-24-112 дугаартай шинжээчийн:

“...Гар аргаар хийсэн, түрий хэсэг нь адууны арьсан материалтай, ул эсгийн доор резин уллагаа, түрийн дотор хэсэг хонины нэхий дотортой, хос 2 ширхэг гутал нийт 720.000 болохыг тодорхойлсон дүгнэлт, /хавтаст хэргийн 24-27 дахь тал/,

Шүүгдэгч *******гийн:

“...2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр би Баянгол дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хархорин” худалдааны төв дотроос 4 давхарт нэг лангуунаас адууны арьсан гутлыг 2 хосыг хуурч мэхлэн авсан. Мөнгийг нь “хэсэг хугацааны дараа шилжүүлье” гэж хэлээд явсан. Ингээд хэсэг хугацааны дараа цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн. Хохирогчийн гутлыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн, миний бие гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

Эд зүйлийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хавтаст хэргийн 21-22 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч Г.Батмөнхийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хархорин” худалдааны төвийн 4-р давхрын 27а тоот лангуу эзэмшигч буюу хохирогч Г.Батмөнхөөс “мөнгийг нь эхнэр шилжүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 720.000 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй, эмэгтэй 2 хос, 4 ширхэг адууны арьсан гутлыг өөрийн хууль бус эзэмшилд шилжүүлэн авсан болох нь хохирогч Г.Батмөнх, гэрч Б.Энхцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Дамно” ХХК-ий 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн БГ2-24-112 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас хохирогч нарт хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Батмөнхөд 720.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид “хоёр хос гутлыг” биет байдлаар буцаан өгсөн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч *******тэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******гийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305044130056 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 /дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ