Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/230

 

 

 

 

 

 

 

2024           03           21                                         2024/ШЦТ/230

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

иргэдийн төлөөлөгч Р.Уянгатөгс,

улсын яллагч Г.Ариунзул,

шүүгдэгч Г.Т- түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн, Л.Чинбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х- түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Г-ын Т-од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000000342 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймаг Шарын гол суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл, эцгийн хамт Чингэлтэй дүүрэг *** хороо *** гудамж *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-ын Т-.

 

Шүүгдэгч Г.Т- нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Хувьсгалчдын Д-1 дүгээр гудамж 11 тоотод иргэн Н.У-той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хөлөөрөө хэвлийн тус газарт нь өшиглөж зодсоны улмаас амь хохирогч Н.У- нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн, эрчимт эмчилгээний тасагт 12 хоног хэвтэн эмчлэгдэж байгаад “нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн серозон бүрхүүлийн язрал, нарийн гэдэс, чацархайн цус хуралт, хэвлийн хөндий дэх бохир шингэн хуралдалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т- мэдүүлэхдээ: “Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Тухайн үед би ийм зүйл болно гэж бодоогүй байсан. Тухайн өдөр Жаргалын Б- ахтай хальт таарахад утсаар ярьж байх шиг байснаа бүгд машинд суу гэхээр нь юу болж байгааг мэдээгүй тэднийг дагаад машинд суугаад явтал гэр хорооллын нэг хашааны үүдэнд зогсоод буу ийшээ оръё гэсэн. Буугаад хашаанд ороход хэдэн согтуу эрэгтэй хүмүүс бас хоёр гурван эмэгтэй хүн байх шиг байсан. Дээгүүрээ цээж нүцгэн нэг эрэгтэй хүн заадуур бариад над руу дайрахаар нь айгаад яахаа мэдэхгүй өөрийгөө хамгаалах гээд заадууртай гарыг нь барихаар ноцолдож байхад Ж.Б- ах ирээд заадуурыг авахаар сандраад эргээд харахад нүүр лүү цохихоор нь зөрүүлж нэг цохиод газар унахаар нь нэг удаа өшиглөхөд нэг талаас цагаан нохой дайраад хүмүүс орилолдоод байхаар нь айсандаа хашаа даваад зугтаасан. Тэр хашаанд олон согтуу хүн байгаа зодоон цохион хийхээр тийшээ явж байгааг би мэдээгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х- мэдүүлэхдээ: “2023 оны 2 дугаар сарын 9-ны орой Д- гэдэг хүн Уугий ирээд хувцсаа ав гээд амь хохирогчийг дуудаад тэгээд очиж хувцсаа авахаар гэрээсээ гарч явсан. 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр над руу залгаад ийм хүмүүс ирээд намайг зодоод би одоо гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орох гэж байгаа талаар хэлсэн. Миний бие өвдөөд хадам аав руугаа залгаж хэлэхэд аав, амь хохирогчийн эмэгтэй дүүтэй нь хамт гэмтлийн эмнэлэгт очсон. Хагалгаанд ороход ар гэрээс нь гарын үсэг зуруулсан. Би маргааш нь  очиж сахихад шүүгдэгч хоригдоогүй байсан. Би 11 хоногийн хугацаанд сахиж, хадам ах цаана өрөөндөө сахидаг байсан. Зургаан настай хүүхэд минь аав нь эмнэлэгт хэвтсэнээс хойш 11 өдрийн турш халуурсан. Би хүүхэд дээрээ нэг очиж, эмнэлэгт нэг ирж, хоол цай зөөгөөд нааш цаашаа явдаг байсан. Тэр Ж.Б- ах гээд байгаа хүн олдоогүй. Амь хохирогчийг нас барсан гэх үед л цагдаа ирж бид нараас мэдүүлэг авсан. Тэгээд цагдаа юу болсон бэ гэхээр нь сая 2 цагт нас барсан гэхэд Баянгол дүүргийн цагдаа нар эд нарыг хайж баривчилж хорьсон байсан. Нэг мэдэхэд хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн байснаа дараа нь зүйлчлэлээ өөрчилсөн байсан. Энэ талаар прокурор бид нарт танилцуулаагүй. Эрдэнэдалай мөрдөгч хоёр удаа мэдүүлэг өгсөн. 2023 оны 10 дугаар сард анхан шатны шүүх хурал болж хэрэг мөрдөн байцаалтад шилжсэн. Шүүх хурал хойшлогдсоор байсан. Амь хохирогч бид хоёрт гэрлэлтийн батлуулаагүй байсан. Хохирол төлбөрийн талаар миний өмгөөлөгч ярина би сайн мэдэхгүй байна” гэв.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 8-19 дэх тал/

 

Цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 20-24 дэх тал/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан “... миний нүд рүү газ мэт шингэн зүйл цацаж дараа нь талийгаач У-ыг газар хэвтэж байхад нь түүний хэвлий рүү хөлөөрөө 2 удаа өшиглөсөн эрэгтэй хүн тухайн үед бор хүрэн өнгийн богино нэхий хүрэм өмссөн, жижиг, зууван хэлбэрийн шар дуу царайтай эрэгтэй хүн нь надад үзүүлж буй хүмүүсийн зургууд дундаас баруун гар талаас 2 дахь эрэгтэй хүний зураг буюу Г.Т-ыг мөн гэж түүний зургийг зааж байх бөгөөд У-ыг газар хэвтэж байхад нь хөлөөрөө 2 удаа өшиглөсөн эрэгтэй хүний зураг мөн болохыг би түүний нүд болон нүүрний дүр төрх, царайгаас нь таньж байна гэж хариулан зааж байв. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 25-33 дахь тал/

 

Н.У-ын гэрчээр өгсөн “... Баянгол дүүргийн 11 дүгээр хороо хувьсгалчдын 4 тоотод ирээд Д-, Н-, Доогий, М- нарын хамт архи ууж хоносон. 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хамт архи уусан Зоогий гэдэг ах хүү гэнэт нэг хүнтэй утсаар яриад байсан. Удалгүй гэрт байж байхад танихгүй хүмүүс ороод ирсэн. Гэрээс гараад хартал 10 гаруй залуучууд байсан. Тэр дунд урд нь 409 дүгээр ангид хамт таарч байсан Жаргалын Б- нь тэр залуучуудыг толгойлж байсан. Тэр дунд өндөр савхин куртиктэй жинсэн өмдтэй шардуу цагаан царайтай эрэгтэй нь намайг унагасан байхад гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. Намайг Жаргалын Б- хавсарч унагасан.

... Өндөр шар цагаан царайтай залуу хэвлий рүү газар унасан байхад 2-3 удаа өшиглөсөн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 47-48 дахь тал/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-гийн “... Би талийгаачийн эхнэр нь бөгөөд бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч 2015 оны оноос хойш нас барах хүртэл нь эхнэр, нөхрийн харилцаатай байсан. Бид хоёр дундаасаа нэг хүүтэй. Хүү маань 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн.

... Нөхрийн маань амь нас хохирсон хэргийн гол шалтгааныг Зоригт гэдэг хүн үүсгэсэн бөгөөд Зоригт нь гэмт этгээдүүдийг дуудаагүй байсан бол миний нөхөр амьд байх байсан. ...” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 16 дахь тал/

 

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Гантуяагийн “... Дээрх гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,599,700 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг баримтаар тогтоогдож байна. Дээр тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.Т-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /3 дахь хавтаст хэргийн 21 дэх тал/

 

Гэрч С.Э-ын “... З- ах өөрийн гар утсаараа хүн рүү залгаад яриад байсан ба улмаар тухайн үед бид нар тоогоогүй. Гэтэл 15 цаг 30 минутын орчим хашааны хаалга дугараад байсан бөгөөд тухайн үед Д- гэрээс гараад хаалгыг онгойлгоход гаднаас Б- болон арваад залуугийн хамт хашаан дотор орж ирсэн. Улмаар Б- бид нарын нүд рүү газ цацаад улмаар бид нартай зодолдож эхэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 51-52 дахь тал/

 

Гэрч Т.Б-гийн “ ... Үгийн зөрүүгүй Д-, У-, Доогий бид нарыг зодсон. Д- ахыг өндөр савхитай залуу хутгалж, У-ыг газар унагаж өшиглөж дэвсэж цохисон. Тэнд байсан залуучууд бүгд зодсон.

... Өндөр савхитай залуу Д- ах руу хутга барьж дайрч гарыг нь хутгалсан. У-ыг тэр залуу газар хэвтүүлж ирсэн залуус бөөндөө өшиглөж цохиж зодсон. Өндөр савхитай залуу голчлон зодоон хийгээд байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 55-56 дахь тал/

“... Д- ах байшингийн урд газар унасан байхад цайвар царайтай туранхайвтар хар савхин хүрэмтэй, 175 см орчим өндөртэй 20 гаран насны залуу болон саарал куртиктэй 175 см өндөртэй 20 орчим нас залуу хутга барьсан байхаар нь гүйж очоод болиоч хүн аллаа гэсэн чинь У- ахыг гэрийн урд хэсэгт гадаа хэвтэж байхад нь очоод гэдэс болон нүүр, нуруу хэсэг рүү нь өшиглөөд байсан. Түүний араас нөгөө хар савхин хүрэмтэй 175 см орчим өндөртэй 20 гаран насны залуу очоод У-ын гэдэс хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөөд байсан.

Түүний араас ганц нэг өөр залуучууд ирээд У-ыг толгой нуруу нь өшиглөөд яваад байсан. Бас хажуугаар тэд нар Н- ахыг гэрийн урд хэсэгт газар унасан байх үед хар савхин хүрэмтэй, 175 см орчим өндөртэй 20 гаран насны залуу толгой руу нь хүрзний иш хэсгээр нь цохиж зодоод байсан.

... Харин тэр Зоригоо гэж эрэгтэй тэр дундуур хүмүүст зодуулахгүй зүгээр явж байгаад тэр хүмүүсийг явах үед хамт хар өнгийн Crown болон саарал өнгийн Prius 20 маркийн автомашин дотор суугаад л яваад өгөх шиг болсон.

... У-ыг гэрийн урд хэсэгт гадаа үүдэнд газар унасан байх үед нь цайвар царайтай туранхайвтар хар савхин хүрэмтэй, 175 см орчим өндөртэй 20 гаран насны залуу олон удаа нуруу гэдэс рүү нь хөлөөрөө өшиглөөд байсан ба анх У-ын нүүр хэсэг рүү цохиж газар унагаасан. Тэр хүнийг дахиад харвал танина. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 96-97 дахь тал/

 

Гэрч З.Г-ын “... Б- ах надад ахын дүү ахад нь нэг гуйлт байна, ах нь хэдэн дүү нартайгаа хамт явж байгаа юм, Зурагтын ойролцоо хүргээд өгөөч гэж надад хэлсэн. Улмаар би зөвшөөрсөн бөгөөд миний унаж явсан тээврийн хэрэгсэлд Б- ахаас гадна 1 хүн суусан ба тухайн үед Б- ах бас Mercedes benz маркийн тээврийн хэрэгсэл араасаа дагуулаад явж байсан.

Би Зурагтын ойролцоо байх гэр хороолол дунд явж байхад саарал өнгийн 2 давхар байшингийн ойролцоо очоод ахын дүү ингээд автомашинаа байрлуулчхаад хойноос ороод ирээрэй гэж хэлсэн. Миний автомашинаас буусан. Тэгээд би өөрийн тээврийн хэрэгслээ байрлуулаад тухайн хашаа руу яваад ортол зодоон болж байсан ба би хамт ирсэн хүмүүсээ тухайн хашаанаас залгаж гаргаад бид нар явсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 59-61 дэх тал/

“... Т- хашаа руу ороод дотор нь байсан эрэгтэй хүмүүс рүү дайр давшлан хүн бүрийг 1, 2 удаа гараараа цохиж байтал хашаан дотор байсан хүмүүсийн нэг нь болох дээгүүрээ хувцасгүй, нүцгэн эрэгтэй хүн /хаанаас гаргаж ирснийг нь мэдэхгүй байна/ заазуур гартаа барьчихсан ална шүү гэж орилсон чинь Т- наад заазуур чинь миний бие рүү ордоггүй юм гэснээ үргэлжлүүлэн Б- ахыг өмөөрсөн утгатай үг хэлээд заазуур барьсан эрэгтэй хүн рүү явж очоод гараараа нүүр лүү нь цохиод ноцолдож байтал Б- ах явж очоод хамт ноцолдож байгаад Т- болингуутаа эргэж хараад ганцаараа зогсож байсан эрэгтэй хүний араас нь явж очоод нуруу руу нь хөлөөрөө тийртэл нөгөө эрэгтэй нь газар унасан чинь Т- баруун хөлөөрөө гэдэс рүү нь 1, 2 удаа өшиглөөд үргэлжлүүлэн толгой руу нь бас 1, 2 удаа өшиглөнгүүтээ холдоод яваад өгсөн.

Тэр үед Б- халааснаасаа хутга гаргаж ирээд хашаан дотор байсан хүмүүс рүү очиж явахад нь Т- боль гээд хутгыг нь авах гэхэд Б- шаахгүй бол болдоггүй юмаа гэсэн утгатай зүйл хэлтэл Т- түлхсээр байгаад хашааны үүд рүү дөхөөд ирэхээр нь би Б-ын гарт байсан хутгыг нь булааж аваад Т-, С-, Б- болон Mercedes benz маркийн автомашины жолооч бид нар хашаанаас гараад машин машин руугаа явтал Б- ах ганцаараа хашаан дотор нөгөө танихгүй хүмүүстэй үлдсэн.

“... Тэгснээ Б-, Б-, С- гурав хоорондоо тэр бие нь муу байгаа хүнийг Т- зодсон гэж яриад байсан. Тэр гурвыг тэр талаар ярьж байхад Mercedes Benz маркийн автомашиныг жолоодож явсан эрэгтэй ямар нэгэн зүйл хэлэхгүй чимээгүй суугаад байсан.

... Хашаан дотор ороод Т- ганцаараа нөгөө хүмүүс рүү дайраад эрэгтэйчүүдийг нь 1-2 удаа цохитол хашаан дотор байсан хүмүүсийн дээгүүрээ цээж нүцгэн 1 эрэгтэй нь заазуур барьчихсан ална шүү гэхэд Т- явж очоод тухайн эрэгтэй хүний нүүр лүү цохисон. Дараа нь Т- ганцаараа зогсож байсан эрэгтэйн араас нь явж очоод нугас руу нь хөлөөрөө тийрч газар унагаагаад унасных нь дараа гэдэс рүү нь 1-2 удаа өшиглөөд үргэлжлүүлэн толгой руу нь 1-2 удаа өшиглөсөн. Миний одоо санаж байгаагаар ийм л зүйл болсон.

Т-ын ар нуруу нь тийрч газар унагаагаад гэдэс, толгой руу өшиглөсөн эрэгтэй хүний нүүр нь цус болсон байсан. Хаанаас нь цус гарсан гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Мөн Т-од өшиглүүлээд газар хэвтэж байсан эрэгтэй хүн бид нарыг хашаанаас гаран гартал газраас босож ирэхгүй, газар хэвтээд байсан. Бас нэг эмэгтэйн дух нь нэлээн хавдчихсан байх шиг байсан.

Б- ах бор хүрэн өнгийн савхин богино хүрэмтэй, Т- бордуу өнгийн богино нэхий куртиктэй, С- урт хар өнгийн куртиктэй, Б- хар өнгийн куртик өмссөн байсан шиг санагдаж байна. Би дээгүүрээ хар өнгийн куртиктэй, доогуураа жинсэн өмдтэй, хөлдөө богино түрийтэй ботинк гутал өмссөн байсан.

... Нөгөө автомашины жолооч эрэгтэй бид хоёр хэн нэгэнтэй зодолдож ноцолдоогүй учир ямар ч гэмтэл учраагүй. Мөн Б-, С-, Б- гуравт ил харагдах гэмтэл бэртэл огт учраагүй байсан. Харин тухайн газраас хөдлөөд явж байхад Т- Б-оос хутгыг нь булааж авах гэж байгаад гараа зүссэн гэж ярьж байсан. Өөр ямар нэгэн гэмтэл бэртэл учирсан хүн байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 111-113 дахь тал/

 

Гэрч П.Д-н “... Манай гэрт эхнэр Д- эхнэрийн найз Баясуук, манай найз Эрдэнэбат, манай ах Д-, хуурай дүү У- бид хэд өглөөнөөс хойш 3 шил архи ууцгаасан. Ууж байхад Эрдэнэбатын хамт ирсэн /нэрийг нь мэдэхгүй/ залуу утсаар нэг хүнтэй дүрст дуудлага хийгээд яриад байсан бөгөөд 16 цагийн үед хашааны хаалга нүдээд байхаар нь би онгойлгосон чинь үл таних 7-8 залуучууд 2 автомашинтай ирчихсэн, нэг залуу нь шууд миний нүүр лүү газ цацсан.

... Тэгээд нэг харахад Н- ах, У- хоёр гэрийн гадаа гарчихсан 2-3 залуучууд газар хэвтүүлчихсэн дээр нь дэвсэлж байсан. Манай эхнэр цагдаад дуудлага өгөх гэсэн чинь шууд газ цацаад хүрзний иш хугалж байгаад дух руу нь цохиод гараад явчихсан. Араас нь гарсан чинь улсын дугааргүй Crown маркийн автомашин байхыг нь харсан. Нөгөө автомашиныг нь хараагүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 63 дахь тал/

“... Манайд У- ямар нэгэн шарх, сорви байхгүй, эв эрүүл согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ирсэн. У-ыг Б-тай хамт ирсэн хүмүүс л зодсон. Тэд нар л гэмтээсэн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 105-106 дахь тал/

“... У- ямар зорилгоор гэдгийг нь мэдэхгүй байна. Ямартай ч тухайн заазуурыг гартаа барьсан байхаар нь би заазуураа амьтан хүн гэмтээчих вий гэж бодоод явж очоод талийгаач У-оос тухайн заазуурыг нь булааж авах гэж байгаад зүүн гарын эрхий хурууныхаа хойд үе хэсэгт 1 удаа санамсаргүйгээр өөрөө зүсчихсэн юм. Түүнээс тухайн гэмтлийг хэн нэгэн надад санаатайгаар учруулсан зүйл байхгүй.

... Түүнээс миний биед хэн нэгэн санаатайгаар хутгаар халдсан үйл явдал болоогүй. Тухайн үед намайг гэрээс гарахад талийгаач У-, Н- ах хоёр газар уначихсан байсан бөгөөд талийгаач У-, Н- ах хоёрыг хэн газар унагааж зодсон талаар би яг өөрийн нүдээрээ сайн харж чадаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 121 дэх тал/

 

Гэрч О.Д-гийн “... Архи уугаад сууж байхад Зоригоо гэдэг ах нэг хүнтэй гар утсаар яриад байсан. Төд удалгүй би Н-н хамт дэлгүүр орох гэж гараад явж байхад манай гэрийн гадаа автомашинаас 10 гаруй залуучууд манай гэр лүү орох гээд алхаж байсан. Тэгэхээр нь бид нар гэр лүү гүйж ороод баахан хүмүүс орж ирж байна гээд хэлсэн. Тэгээд гэрээсээ гарсан чинь Н-г 10 гаруй залуучууд хашаан дотор зодсон байж байсан. Өмөөрөөд урдуур нь орсон чинь өөдөөс газ цацаад энд тэндээс үсчиж орж ирээд бид нарыг бүгдийг нь зодсон.

Тухайн залуучууд нь газ, гав, бороохой, хутга гартаа барьсан байсан. Би цагдаа дуудлаа гээд ярьсан чинь бүгдээрээ гараад зугтаасан. Зугтаасны дараа У- нь газар хэвтчихсэн, нүүр амандаа цохиулсан байдалтай яая, яая гээд хэвтээд байсан. Далайтайн зүүн гарыг хутгалсан. Миний дух хавдаж арьс нь зулгарсан. Н- нь толгойгоо хагалуулаад газар хэвтсэн байдалтай байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 66-67 дахь тал/

“... Энэ үед У- газар ертөнцийн зүгээр зүүн тийшээ хараад унасан байсан. Өндөр цагаан шар царайтай бор өвдгөө хүрсэн нэхийтэй халимаг дуу үстэй, үсээ гурван талаас нь авсан. 20 гаран насны залуухан залуу нь У-ын хэвлий хэсэг рүү 2-3 удаа өшиглөж байсан. У-ын өшиглөсөн залуу нь эргэж хараад нуруу хэсгээсээ өргөн балиус шиг хар ногоон иштэй хутга гаргаж ирээд Д-г хутгалах гэж байхад миний найз Б- нь дундуур нь ороод Д- нь гараа урагш нь болгож хамгаалахад зүүн гар талын эрхий хурууны сарвуу хэсэгтээ хутгалуулсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 101-103 дахь тал/

“... У- биеийнхээ баруун талаар газар хэвтэж байх үед түүний анх миний нүд рүү шингэн зүйл цацсан өндөр нуруутай, бор хүрэн өнгийн богино хүрэм өмссөн залуу хөлөөрөө гэдэс хэсэг рүү нь 2 удаа өшиглөөд холдоход У-ын хамраас нь цус гарсан байдалтай ёолоод байсан.

... Миний харснаар У-ын биед өндөр нуруутай, бор хүрэн өнгийн богино хүрэм өмссөн залуу ганцаараа халдсан. Намайг хашаанаас гарчхаад буцаж ороход У-ыг газар хэвтэж байхад нь өндөр нуруутай, богино хүрэмтэй залуу хэвлий рүү нь 2 удаа өшиглөснөөс хойш У- газраас огт босоогүй.

Би тухайн эрэгтэй хүнийг дахин харвал царайгаар нь маш сайн таних болно. Тэр залуу жижигдүү толгойтой, шовгор, шардуу царайтай, тод хар өнгийн хөмсөгтэй байсан. Би тэр залууг одоо хэлж буй дүр төрхөөр нь таних болно.

Хамраас нь цус гараад нүүрнийх нь шанаа хэсэгт халцарчихсан байдалтай, гадаа эвхэрч хэвтчихээд босож чадахгүй ёолоод байхаар нь бид нар түүнийг өргөж гэрт оруулаад газар зассан гудсан дээр хэвтүүлээд би гар утсаа цэнэглэж байгаад цагдаа дуудсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 108-109 дэх тал/

 

Гэрч Э.З-ын “... Маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 4 шил архи авч уусан. Монгол гэрт Н-, Д-, Э-, Д-н эхнэр Баясаа билүү нэг хүүхэн байсан. Би гар утсаа оролдож байгаад Жаргалын Б-тай facebook чатаар ярьсан. Холбогдоод би Б-аас архи нэхсэн. Б- над руу ямар юмнуудтай уугаад яваад байгаа юм гээд түрэмгий зантай ярьсан. Д- миний гар утсыг аваад Б-тай хэрэлдэж эхэлсэн. Д-н эхнэр гэрийнхээ хаягийг Б-ад өгсөн. Бүгдээрээ согтуу Б-ыг хүрээд ир гээд орилолдоод байсан.

Хэсэг хугацааны дараа монгол гэрт байж байхад Д-н эхнэр гаднаас монгол гэрт орж ирсэн. Гаднаас баахан залуучууд ирж байна гээд хэлсэн. Бүгдээрээ гэрээс гарсан. Гэрээс гарч байхад хашааны хаалгаар танихгүй 30 гаран насны 4-5 залуучууд орж ирсэн.

Б- ард нь хамт явж байсан. Өөдөөс нэг залуу бүх хүмүүсийн нүд рүү шингэн цацаад явсан. Нулимс асгаруулагч биш байсан. Нулимс асгаруулагч байсан бол нулимс асгарах байсан. Нэг бацаан нь намайг танихгүй, нүүр лүү цохиод тэр залуутай барьцалдаж авсан. Монгол гэрийн гадаа пижигнэлдээд Б-ын дагуулж явсан залуучууд монгол гэрээс гарч ирсэн хүмүүсийг зодоод байсан. Тэгээд намайг хар өнгийн Prius 30 маркийн автомашин руу аваад суулгасан. Автомашинд миний хажууд 2 залуу, урд 2 залуу, урд талын суудал дээр сууж байсан. Урд талын суудал дээр Б- жолоочийн хамт суусан. Намайг хороолол хавьцаа буулгасан. Б- нь би чамайг энэ архичдаас холдуулж байна, одоо харь гэж хэлээд буулгасан.

... Би У-ыг хаана, хэнд зодуулсныг нь мэдэхгүй байна. Би санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 72-73 дахь тал/

“... намайг танихгүй залуу цохиж унагаасан. Тэгтэл Б- намайг автомашинд сууж бай гээд автомашинд суулгасан. Тэгээд тэндээс хөдөлж намайг хорооллын нэг буудалд буулгасан. Тэгээд Б- нь над руу миний бие муу байна, надаас битгий мөнгө асуу гэж гомдож хэлээд тэгээд надаас салаад явсан. Би тэндээс 4-5 цагийн үед Зурагт-Яармаг чиглэлийн автобусанд суугаад гэр лүүгээ харьсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 75 дахь тал/

 

Гэрч Т.А-ийн “... Б-, С-, Т- 3 хуваагаад ууж байтал Б- ах ганцаараа өөр өрөөнд ороод гар утсаараа нэг хүнтэй ярьж байснаа ирээд Б-, С-, Т-, Б- дөрвийг бос, хамтдаа Зурагт орж хүнтэй уулзчихаад ирье гээд тэр тав 13 цаг нэлээн өнгөрч байх үед гарч яваад орой 18 цаг өнгөрч байх үед Б- ганцаараа ороод ирэхээр нь нөгөө хэд чинь яасан юм гэхэд араас өөр автомашинтай ирж байгаа, санаа зоволтгүй хайраа гэж хэлээд байж байтал Б-, Саруунболд, Б- гурав орж ирсэн бөгөөд Т-ыг замдаа буусан гэж хэлсэн.

Б- ах орж ирээд хүнтэй маргалдсан гэсэн зүйл ярьж байсан боловч яг хэнтэй, хаана, яагаад маргалдсан талаар нь би ямар нэгэн зүйл мэдэж чадаагүй.

...Т- Б- ахыг өмөөрөөд тухайн эрэгтэй хүнтэй нь зодолдож байгаад заазуураар нь өмсөж явсан куртикээ зүсүүлсэн. Мөн тэдгээр эрэгтэйчүүдийн нэгийг нь ар нуруу нь хөлөөрөө тийрч газар унагаагаад унасан хойно нь толгой дээр нь хөлөөрөө 2-3 удаа дэвссэн чинь толгой руугаа дэвсүүлсэн хүн нь огт босож ирэхгүй байхаар нь зодоон хийж байсан газраасаа бөөндөө гараад Т- өөрийгөө замдаа бууж хүмүүстэй уулзаж архи ууж байгаад ирлээ гэж надад хэлэхээр нь би чамд толгой руугаа дэвсүүлсэн хүн нь зүгээр юм уу гэж асуухад Т- ямартай ч үхээгүй, гэмтэлд хэвтэж байгаа гэж хэлж байсан.

... Б- ах Д- бид хоёрт хандаж 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Б-, С-, Т-, Б- нартай хамт Зурагтад очоод хэдэн хүмүүстэй маргалдсан чинь Т- ганцаараа тэр хүмүүс рүү орилж чарлаж зодолдож байгаад нэг эрэгтэйн нуруу руу хөлөөрөө өшиглөж газар унагаагаад толгой дээр нь 2-3 удаа дэвссэн чинь нөгөө хүн нь гэмтэл аваад Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барчихсан байна гэж хэлсэн.

... Тухайн өдөр Б- ах тусдаа өрөөнд утсаар ярьж байснаа гэнэт би банди биш шүү гэж хэлээд уурлаж байгаад Б-, С-, Т-, Б- дөрвийг дагуулаад гараад явсан. Ямар хүмүүстэй, ямар шалтгаанаар маргалдсан гэдгийг нь би мэдэхгүй байна.

 Т-ын гар нь гадна хэсэгтээ бага зэрэг шалбарсан байснаас өөрөөр нөгөө хэдийнх нь биед ямар нэгэн гэмтэл бэртэл огт учраагүй байсан.

... 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Б-, Б-, С-, Т-, Б- нар буудлаас гарахдаа ширээний шургуулгад байсан 1 ширхэг газыг С- ах аваад гарсан. Үлдсэн 2 газ нь хэнд байсныг би мэдэхгүй байна. Гэхдээ Б- ах биедээ байнга цацдаг газ авч явдаг. Мөн Б- ах газнаас гадна биедээ мөнгөлөг өнгийн бугуйн гав авч явдаг.

Тухайн үйл явдлаас хойш буюу 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бид нар 13 дугаар хороололд түрээсэлсэн байрандаа байцгааж байтал Т- согтуудаа Б- ах руу уурлаад та яах гэж хутга авч гарсан юм бэ гээд уурлаад байсан бөгөөд Т-ыг тэгж хэлж уурлахад нь би 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тэр хэд буудлаас гарахад Б- ах бид нарын хоол хийдэг хутгийг аваад гарч явсан гэдгийг мэдсэн. Гэхдээ тэр хутгаар хэн нэгнийг хутгалсан эсэхийг би мэдэхгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 79-81 дэх тал/

 

Гэрч Б.Б-ын “... У-ын нүүр нь цус болчихсон /түүний нүүр яагаад цус болсон гэдгийг би мэдэхгүй байна/ явган суусан байдалтай хамуудаа одоо больё гэж хэлтэл Т- У-ын ар нуруу луу нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн чинь У- биеийн урд хэсэг болон нүүрээрээ газар маш хүчтэй унатал Т- үргэлжлүүлэн У-ын нүүр лүү нь нэг, ар дагз руу хоёр удаа нийтдээ гурван удаа өшиглөсөн чинь У- ямар нэгэн хариу үйлдэл огт үзүүлэлгүй газар хэвтээд үлдсэн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 83-85 дахь тал/

 

Гэрч Б.Д-гийн “... Баасансүрэн эгчээс мөнгө авах ёстой хүн гээд Б- гэдэг ах манай ажил дээр байнга ирдэг байсан бөгөөд Б- ах ирэхдээ Б-, Т-, С-, Б- гэдэг эрэгтэйчүүдийг хааяа дагуулж ирдэг байсан тул эдгээр эрэгтэй хүмүүсийг зүс таньдаг болсон. Б-, Т-, Б-, Б-, С- нар манай ажил дээр ирж хөзөр тоглож байгаад явдаг байсан бөгөөд би Т-той арай илүү дотно харьцаж байнга чат бичдэг байсан.

... Тэгээд шөнө 02 цагийн үед Т- ганцаараа орж ирээд А-ьтай хамт шар айраг ууж байснаа өдөр Б-, Б-, Б-, С-, Т- нар нь нэг газар очиж хүмүүстэй маргалдаад Т- Б- ахыг өмөөрөөд нэг эрэгтэй хүнийг өшиглөж унагаагаад толгой дээр нь дэвсчихсэн. Тэгсэн чинь нөгөө эрэгтэй хүн нь эмнэлэгт очоод яаралтай хагалгаанд ороод биеийн байдал нь маш хүнд байгаа гэж хэлээд уйлж байгаад унтсан.

... Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн өглөө Т- намайг бие засах өрөө рүү дагуулж ороод чи намайг хүлээж чадах уу гэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ гэж асуухад 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Т-ын зодсон хүн нь өнгөрчихсөн гэнээ гэж хэлээд уйлаад надаас уучлалт гуйгаад байхаар нь би итгэхгүй Б- ахаас асуухад нөгөө хүн нь өнгөрчихсөн гэж надад хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 114-115 дахь тал/

 

Гэрч П.Н-н “... 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр миний төрсөн дүү Д- бид нарын амьдардаг Баянгол дүүргийн 11 дүгээр хороо ХД 4 гудамж 101 тоот гэртээ Д- түүний эхнэр Д-, Д- бид хоёрын найз Э-, У- мөн түүний дагуулж ирсэн Зоригоо, Д-гийн найз эмэгтэй хүмүүсийн хамтаар архи ууцгааж байтал Зоригоо гэх эрэгтэй гар утсаараа нэг эрэгтэй хүнтэй дүрсээ харж ярьж байсан бөгөөд гэнэт Д- Зоригоогийн утсаар ярьж байсан эрэгтэй хүнтэй утсаар маргалдаад хүрээд ир гэсэн чинь нөгөө эрэгтэй хүн танай гэр хаана байдаг юм гэхэд Д-, Д- хоёрын нэг нь тухайн эрэгтэй хүнд гэрийнхээ хаягийг зааж өгсөн.

... тухайн эрэгтэй хүмүүсийн нэг нь миний нүүр лүү газ цацахаар нь би зугтаагаад хашааны цаад буланд байрлах байшингийн араар орж нуугдах гэж байгаад бүдэрч унаад толгойгоороо хашаа мөргөчихсөн. Тэгтэл нөгөө хүмүүс хашаа руу орж ирээд бид нартай хамт архи ууж байсан У- болон бусад хүмүүсийг зодож цохиод байсан. Би гүйж байгаад унахдаа толгойгоороо юм мөргөж унасан учир толгой өвдөөд газар хэвтэж байсан.

Тэгээд хэсэг хугацааны дараа нөгөө эрэгтэй хүмүүс хашаанаас гараад явчихаар нь газраас босоод иртэл миний толгойноос цус гарчихсан байхаар нь би байшин руу орж цусаа цэвэрлэчхээд гэр лүү ортол У- гэр дотор газар хэвтчихсэн гэдсээ дараа өвдөөд байна гээд хэвтээд байхаар нь Д- цагдаа, түргэн дуудаад эмнэлэг ирээд У- бид хоёрыг авч яваад У- тэр чигээрээ эмнэлэгт хэвтсэн.

Тэгээд би дараа нь Д-гаас юу болсон талаар асуухад талийгаач У- тухайн үед өөрийгөө тухайн залуучуудаас хамгаалах гэж хашаанд байсан заазуур барихаар нь Д- заазуурыг нь булааж авах гэж байгаад гараа зүсчихсэн. Бас тухайн залуучуудын нэг нь У-ыг газар унагааж байгаад гэдсэн дээр нь дэвссэн гэж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 118-119 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №674 дугаартай:

“...1. Талийгаач Н.У-ын цогцост нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн серозон бүрхүүлийн язрал, нарийн гэдэс, чацархайн цус хуралт, хэвлийн хөндий дэх бохир шингэн хуралдалт, хоёр нүдний зовхи, цээжинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тогтоогдсон нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн серозон бүрхүүлийн язрал, нарийн гэдэс, чацархайн цус хуралт, хэвлийн хөндий дэх бохир шингэн хуралдалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Талийгаач нь хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл үжлээр хүндэрч нас баржээ.

5. Талийгаач нь 2023.02.23-ны 14:35 цагт нас баржээ.

6.7. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

8. Цус нь 2-р бүлгийн харьяалалтай байна.

9. Цусанд спиртийн агууламж илрээгүй.

10.11. Талийгаачид шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. ...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 120-145 дахь тал/

 

Шинжээч Э.Б-ын “... Тухайн гэмтлүүдээс хэвлийн битүү гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Хэвлийн битүү гэмтэл болох нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн серозон бүрхүүлийн язрал, нарийн гэдэс, чацархайн цус хуралт, хэвлийн хөндий дэх бохир шингэн хуралдалт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэгт тогтоох журмын 3.1.12-т зааснаар хүнд зэрэгт, хоёр нүдний зовхины цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Энэхүү гэмтлийг авсан хүн амь нас аврагдах боломжтой, боломжгүй эсэх нь харилцан адилгүй байдаг. Тухайн гэмтэл талийгаачид учирсны дараагаар эмнэл зүйн зовууриуд болох хэвлийгээр хүчтэй өвдөх, хэвлийн булчин чангарах мөн тухайн хүн албадмал байдалтай хөдөлгөөн их бага хэмжээгээр хязгаарлагдах зэрэг зовууриуд илрэх бөгөөд тухайн гэмтлийг авсан тэр даруйд үхэлд хүргэхгүй.

Талийгаач Н.У-од хийсэн шинжилгээгээр цогцсын гавлын яс болон тархины эдэд ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй.

Тухайн хэвлийн битүү гэмтэл болон нойр булчирхай бүдүүн гэдэсний серозон бүрхүүл гэмтлийн улмаас хэвлийн хөндийд бохир шингэн /гэдэсний агууламж болон нойр булчирхайн шүүрэл/ хуралдаж эхэлнэ. Үүний улмаас хэвлийн гялтан хальс цочирч хэвлийн гялтангаас эхлэн бүх биеэр үрэвслийн процесс явагдаж байгааг үжил гэж тусгасан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 150-151 дэх тал/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ. /1 дэх хавтаст хэргийн 179-214 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №643 дугаартай:

“...1. Талийгаач Н.У-ын биед хийгдсэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2023.02.12, 2023.02.16-ны өдрийн толгойн компьютер томограф шинжилгээний 2 ширхэг СD-г дүрс оношилгооны шинжээч эмчээр дахин уншуулахад тогтоогдсон баруун зулай, чамархай ясны үргэлжилсэн шугаман хугарал нь хуучин гэмтэл байна.

2. Талийгаачийн биед хийгдсэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2023.02.20-ны өдрийн толгойн соронзон резонанаст томограф шинжилгээгээр бага тархины зүүн талд голомтлог эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх бага тархины эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь үхэлд нөлөөлөхгүй. ...” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 241-250 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №713 дугаартай:

“...1. 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 674 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. ...

2. 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 643 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

... 4.6. Талийгаачид бага тархины зүүн дэлбэн, уртавтар тархины голомтлог няцрал бүхий гэмтэл учирсан байжээ.

7. Дээрх бага тархины зүүн дэлбэн, уртавтар тархины голомтлог няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт. /2 дахь хавтаст хэргийн 10-21 дэх тал/

 

Г.Т-ын яллагдагчаар өгсөн “... 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр үдээс хойш /цаг хэд болж байсныг санахгүй байна/ танил Бөхөө ах над руу залгаад мэнд мэдээд намайг завтай бол Улаанбаатар их дэлгүүрийн хажууд байдаг Miami зочид буудалд хүрээд ир гэхээр нь би Бөхөө ахын хэлсэн зочид буудал руу ортол үүдэнд Бөхөө, Бямбаа, Саруул, Баачка ах дөрөв өөдөөс гарч ирж таараад бүгдтэй нь мэнд мэдээд байж байтал Бөхөө ах намайг 1 айл руу хамт очоодохъё гэхээр нь би зөвшөөртөл буудлын гадаа зогсоол дээр байсан Г- гэдэг залуугийн Prius 41 маркийн автомашинд Бөхөө ах урд суугаад Бямбаа ах суугаад бид нар хоёр автомашинтай зочид буудлын үүднээс хөдлөөд Зурагтын эцэс дээр байрлах гэр хороолол руу нэг айл руу очсон. Тухайн айл руу очиход Бөхөө ах зам зааж өгөөд тухайн газар аваачсан.

... Би тухайн үед хар өнгийн савхин хүрэмтэй, хар өнгийн жинсэн өмдтэй, гутлаа ямар гутал өмссөн байснаа санахгүй байна. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 55-56 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон үйл баримт

2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар их дэлгүүрийн ойролцоо байрлах Miami зочид буудлаас Ж.Б- нь Б.С-, Э.Б-, Б.Б-, З.Г-, шүүгдэгч Г.Т- нарыг дагуулан Э.З- болон П.Д- нартай үүсгэсэн маргааны улмаас тэдгээртэй уулзахаар О.Д-, П.Д-, П.Н- нарын гэрт очжээ.

Ингээд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Хувьсгалчдын Д-1 дүгээр гудамж 11 тоотод очоод шүүгдэгч Г.Т- болон Б.С-, Э.Б-, Ж.Б- нар нь бусдын биед халджээ.

Энэ үед шүүгдэгч Г.Т- нь тэнд байсан амь хохирогч Н.У-ыг хөлөөрөө хэвлийн тус газарт нь өшиглөж зодсоны улмаас түүний биед нойр булчирхайн сүүл хэсгийн няцрал, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн серозон бүрхүүлийн язрал, нарийн гэдэс, чацархайн цус хуралт, хэвлийн хөндий дэх бохир шингэн хуралдалт бүхий хүнд гэмтэл учирчээ.

Уг гэмтлийн улмаас амь хохирогч Н.У- нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгмэл үрэвсэл, үжлээр хүндэрч нас баржээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

1.2 Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.3 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

1.4 Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Г.Т- нь Н.У-ын үндсэн эрх, эрх чөлөө болох хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтлийг учруулсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгчид холбогдуулан 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзэв.

Учир нь шүүгдэгч Г.Т- нь амь хохирогч Н.У-ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулахдаа амь насыг хохирооход чиглэсэн санаа зорилгогүй байсан байна.

Энэ нь “Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хүн түүний үйлдлийн улмаас хохирогч үхэж болохыг ухамсарлах боломжгүй буюу энэхүү хор уршгийг хүсээгүй ... боловч түүний үйлдлийн улмаас хохирогч нас барсан ... бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлд заасны дагуу “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн” гэж үзнэ гэсэн Улсын Дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 661 дүгээр тогтоолд тайлбарласантай нийцэж байна.

Ийм учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан “Хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн хүсэлт хууль зүйн үндэслэлгүй юм.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Р.Уянгатөгс  дүгнэлтдээ “ ... Өөрийгөө хамгаалах үйлдэл нь гэм буруутайд хүргэж байна” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй ба шүүгдэгч Г.Т- өөрийн амь нас, эрүүл мэндийг эсрэг тулгарсан довтолгооны эсрэг хийсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, мөн ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж, гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зохицуулсан.

Гэвч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” заасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х-гийн Сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм.

Тодруулбал, шүүгдэгч Г.Т-ын үйлдсэн гэмт хэрэг 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн ба дээрх хуулийн заалтад цаг хугацааны хувьд хамаарахгүй.

Гэхдээ тэрээр тэжээгчээ алдсаны тэтгэвэрээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болно.

Иймд шүүгдэгч Г.Т- нь амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд нийт 12,100,000 төгрөгийг төлж барагдуулсан /2 дахь хавтаст хэргийн 3-5 дахь тал/ байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт төлөх төлбөргүй гэж үзэв.

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,599,700 төгрөгийн зардал гарсныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжилсэн бөгөөд холбогдох баримтууд авагдсан /2 дахь хавтаст хэргийн 135 дахь тал/ тул шүүгдэгч Г.Т-оос уг төлбөрийг гаргуулж иргэний нэхэмжлэгч байгууллагад олгуулахаар шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлт гаргасан бөгөөд өмгөөлөгч А.Буяндэлгэр дэмжин оролцов.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Намнансүрэн, Л.Чинбат нараас “ Тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар шүүгдэгч Г.Т-од 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий саналыг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, улсын яллагчийн дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Т- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-ын цагдан хоригдсон 260 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-ын Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Г.Т-ыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Г.Т-од оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Г.Т-ын цагдан хоригдсон 260 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Г.Т-од авсан авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.Т- гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.4.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Х- нь гэм хор учруулсны төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Т-оос 2,599,700 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Т-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ

 

 

                                   ШҮҮГЧ                                    М.ДАЛАЙХҮҮ

 

 

                                    ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ