Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/259

 

 

  

 

 

 

 

 

   2024            02            27                                          2024/ШЦТ/259

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч ***, өмгөөлөгч Б.Энхтүвшин

хохирогч ***,

иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***ын *** (регистрийн дугаар ***), 19*** оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, “***” ХХКомпанид жолоочоор ажилладаг, Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод оршин суудаг, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан.

 

Хэргийн товч агуулга: *** нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн *** хороо, ***ы замд “***” ХХКомпанийн эзэмшлийн “***” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.14-т заасан заалтуудыг зөрчиж ***ын жолоодон явсан “***” ОНӨААТҮГазрын эзэмшлийн “***” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, тус тээврийн хэрэгсэлд зорчин явсан ***гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1. Шүүх хуралдаанд шүүгдэгч *** “мэдүүлэг өгөхгүй” гэв.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 41 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан (хавтаст хэргийн 4-13, 16, 19, 21, 25, 31, 34, 38, 43-44, 66-68, 83-84, 88-89, 130, 132 дугаар хуудас)”,

- Өмгөөлөгчөөс “иргэний хариуцагч ***ийн мэдүүлэг, яллагдагчаар өгсөн ***ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 34, 141 дүгээр хуудас)”,

- Шүүгдэгч, хохирогч нар “шинжлэн судлуулах баримт байхгүй” гэцгээв.

1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч *** нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн *** хороо, ***ы замд “***” ХХКомпанийн эзэмшлийн *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж иргэн ***ын жолоодон явсан “***” ОНӨААТҮГазрын эзэмшлийн *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөн зорчигч ***гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            - Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-13 дугаар хуудас),

            - Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***гийн өгсөн “2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 40 минутын орчим харих гээд 5 шарын автобусны буудлаас *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суусан. Би жолоочийн ард талын баганаас бариад явж байтал гэнэт жолооч орилсон. Урд талд явж байсан цэнхэр өнгийн автобус замаа чөлөөлөөгүй гэнэт нэгдүгээр эгнээнд зогссон. Миний сууж явсан автобус араас нь мөргөөд тас гэх чимээ гараад зогсох үед урагшаагаа унасан. Нэг хэсэг ухаан балартаад сэрэхэд баруун гар, хөл, цээж өвдөөд босож чадахгүй байсан. Хүмүүс түргэн, цагдаад дуудлага өгсөн. Удалгүй түргэн ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Шууд хэвтээд хагалгаанд ороод 12 дугаар сарын 01-ний өдөр гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

- Шүүхийн хэлэлцүүлэгт ***гээс “2023 оны 11 дүгээр сарын 24-ний өглөө ээлжийн ажлаасаа буугаад *** дээрээс шугамын автобусанд суухад надад суух сандал олдоогүй. Жолоочийн ард талын босоо баганаас барьчихсан явж байсан чинь гэнэт ***ы цэнхэр өнгийн автобус тулаад ирсэн. Тэгээд нэг мэдэхэд би урагшаа уначихсан байсан. Боссон чинь миний хөл, гар аймар өвдөөд гар руугаа харсан чинь гарын алга эргэчихсэн байсан. Түргэний машин ирээд намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэр өдрөө шууд гэмтлийн эмнэлгийн гар, сарвууны тасагт хэвтсэн. 11 дүгээр сарын 28-ны өдөр хагалгаанд орж гараа хадуулсан. 12 дугаар сарын 01-ний өдөр гэмтлийн эмнэлээс гарсан. Гадуур боолтоо хийлгэсэн. Миний гар гайгүй болохгүй болохоор нь дахиад гар сарвууны эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хурууны шөрмөсний гэмтэлтэй, шөрмөс суулгана, эхлээд 21 хоног хатуу чиг тавиад явуулъя, 02 дугаар сарын 29-ний өдөр ирж үзүүл гэсэн. 10.000.000 төгрөг нэхэмжилж байгаа” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            - Иргэний нэхэмжлэгч ***гийн “2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 11 цаг 30 минутын орчимд гэр рүүгээ харихаар сургуулиасаа гараад “***” худалдааны төвийн урд талын автобусны буудлаас *** явах чиглэлийн *** маркийн автобусанд суусан. Би хойд хаалганы урд талын суудалд суусан. *** гэх буудалд жолооч зогсох гээд хурдаа сааруулахад нь би суудлаасаа босоод зогсож байснаа санаж байна. Сэрэхэд осол гарсан би автобусны гадаа байсан. Тэгээд удалгүй эмнэлэг ирээд намайг үзээд зүгээр байна, эмнэлэгт үзүүлээрэй гэж хэлсэн. Гомдолтой байна, өөрөөс гарсан зардлаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас),

            - Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ***гийн “*** маркийн *** улсын дугаартай нийтийн тээврийн дунд оврын автобус нь “***” ОНӨААТҮГ-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл, ***аас *** хүрэх чиглэлд *** дугаартай явдаг юм. Тухайн өдөр жолооч *** нь жолоодон явсан, тэрээр “автобус буудал руу орж зогсох гэж байхад нь араас нь автобус ирж мөргөсөн” гэж надад хэлсэн. *** улсын дугаартай дунд оврын автобус нь оношилгоонд орсон байсан. Үнэлгээгээр гарсан хохирлыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

            - Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч ***ийн “*** ХХКомпанид механикаар ажиллаад 06 сар болж байна. Манайх нийт 6 ширхэг автобустай, *** тосгоноос *** захын чиглэлд явдаг. *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч *** нь намайг анх ажилд ороход л унадаг байсан. Осол гардаг өдөр би ажил дээр байсан. Тухайн тээврийн хэрэгслийг унаад чиглэлдээ гарсан. Үдээс хойш надад осол болсон талаар хэлсэн. Үнэлгээгээр 6.220.750 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31, 34 дүгээр хуудас), 

            - Гэрч ***ын “*** баазад жолооч хийдэг. 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 12 цагийн орчимд *** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй зургаан зорчигчтой ***аас *** орохоор явж байсан. *** автобусны буудал дээр зогсох гээд дохиогоо өгөөд зорчигчийг буулгах гээд хаалгаа онгойлгоогүй байхад араас явж байсан автобус мөргөсөн. Жолооч нь бууж ирээд “тоормосгүй болоод нэгдүгээр араандаа хийгээд зогсоох гэтэл зогсоож чадсангүй” гэж хэлсэн. Манай автобусанд сууж явсан нэг эмэгтэй гэмтээд эмнэлэг явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

            - Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***гийн “Дээрх гэмт хэргийн улмаас *** нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын тусламж үйлчилгээ авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үйлчлүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.542.000 төгрөг, ***д 280.000 төгрөг гаргасныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000200800 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 130 дугаар хуудас),

            - Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14846 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ***гийн биед баруун атгаал ясны далд хугарал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас),

            - “Хас Үнэлгээ” ХХКомпанийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1462 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээгээр “...*** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.370.000 төгрөгийн хохирол” гэсэн тайлан (хавтаст хэргийн 66-68 дугаар хуудас),

            - “Мастер Үнэлгээ” ХХКомпанийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №13367/ДД№28307292 дугаартай автомашин эвдрэл, хохирлын үнэлгээгээр “...*** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6.220.750 төгрөгийн хохирол” гэсэн тайлан (хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас),

            - Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Сүхбаатарын 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дугаартай “...*** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.14-т заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. “***” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч *** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна” гэсэн магадлагаа (хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тээврийн прокурорын газрын хяналтын Прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримтууд нь шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоож чадсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч *** нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 12 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн *** хороо, ***ы замд “***” ХХКомпанийн эзэмшлийн “***” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 11.14-т заасан заалтуудыг тус тус зөрчиж ***ын жолоодон явсан “***” ОНӨААТҮГазрын эзэмшлийн “***” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, тээврийн хэрэгсэлд зорчин явж байсан хохирогч *** биед хүндэвтэр хохирол учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.

Тиймээс шүүгдэгч ***ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *** нь “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч”, түүний өмгөөлөгчөөс “хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай” тус тус оролцсон болохыг тэмдэглэв.

1.4. Хохирол, хор уршиг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тодорхойлсон.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад баримт (хх 148-157)-аар 1.313.900 төгрөгийг, “...би гэртээ хувиараа Монгол дээл оёдог. Нэг сардаа 1.000.000 төгрөг олдог, цаашид хөдөлмөрийн чадвартай болж ажлаа хийхээ мэдэхгүй байна. Бүх зардалд 10.000.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (хх-16), шүүхийн хэлэлцүүлэгт “... ***ээс ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. “***” ХХКомпаниас 10.000.000 төгрөгийг хоёр хувааж авсан” гэсэн мэдүүлгийг өгөв.

Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийн шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ”, 4 дэх хэсэгт “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, хүснэгт”-ыг тодорхойлсон байна. 

Хавтаст хэрэгт авагдсан эрх бүхий байгууллагын шинжээчийн дүгнэлтэд “хохирогч ***гийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүд нь удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна” гэснээс үзэхэд дээрх аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад заасан хэргийн зүйлчлэл тохирсон, нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтийн “Гуравдугаар” зэрэглэлд хамаарч “нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтооно” гэж заажээ.

Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг зэрэглэл, хүснэгтээс гадна хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, сөрөг үр дагавар, нас болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн гэм буруу хүлээн зөвшөөрч оролцсон, хийсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал, эмчилгээтэй холбоотой цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ[1]-г 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8.580.000 төгрөгийн сэтгэл санааны нөхөн төлбөр, эмнэлгийн тусламж үйлчилгээ болон эм, бэлдмэл авсан зардлыг тооцон 1.313.900 төгрөгийг тус тус хохиролд тооцож, иргэний хариуцагч “***” ХХКомпаниас хохирогчид төлсөн 10.000.000 төгрөгийг дүйцүүлэн, ***д энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж шийдвэрлэв.

Тодруулбал, тухайн зам тээврийн осол гаргасан ***” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “***” ХХКомпанийн эзэмшлийнх болох нь баримт /хх-28,83,88,99-103/-аар тогтоогдсон тул Иргэний хуульд зааснаар шударга эзэмшигч, өмчлөгч гэж үзэх бөгөөд хуулийн этгээдээс хохирогчид учирсан гэм хорын төлбөрийг тэргүүн ээлжид төлж барагдуулсныг буруутгах боломжгүйг тэмдэглэж, ***тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заагдсаны дагуу шаардах эрхтэйг тусгах нь зүйтэй юм.

Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацаанд олох байсан орлогыг тооцоход хангалттай тогтоосон баримт хэрэгт авагдаагүй /ямар ажил, хөдөлмөр хувиараа эрхэлдэг эсэх, сардаа хэдэн төгрөгийн орлого олдог байсан талаар нотолсон дансны баримтгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг эсэх/, шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүхээс тодорхой тооцоолол хийх боломжгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч *** нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын тухайд:

- Иргэний нэхэмжлэгч ***гийн биед хөнгөн /дух, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт/ хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14837 дугаартай дүгнэлт /хх56-57/-ээр тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааны явцад баримт /хх-118/-аар 68.600 төгрөгийг нэхэмжилсэн,

- Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч ***, *** нарт эмчилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд нийтдээ 2.822.000 төгрөг зарцуулсан талаарх баримт (хх125-127) хэрэгт авагдсан ба Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***гаас “...*** нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үйлчлүүлж 2.542.000 төгрөгийн төлбөр гарсан. *** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 280.000 төгрөг гарсныг гэм буруутай этгээдээс гаргуулан Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хх130-134),

- “***” ХХКомпанийн эзэмшлийн “***” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн талаарх “Мастер Үнэлгээ” ХХКомпанийн №13367/ДД№28307292 дугаартай үнэлгээ /хх82-84/-ээр тогтоогдсон 6.220.750 төгрөг /үнэлгээчний ажлын хөлс 378.000 төгрөгийг төлсөн талаарх баримт/-ийн хохирлыг тус тус шүүгдэгч ***ээс гаргуулан иргэний нэхэмжлэгчдэд олгож (68.600+2.822.000+6.220.750+378.000=9.489.350төгрөг),

- Иргэний нэхэмжлэгч “***” ОНӨААТҮГазрын эзэмшлийн “***” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд “Хас Үнэлгээ” ХХКомпанийн 1462 дугаар тайлан /хх66-68/-гаар тогтоогдсон 3.370.000 төгрөгийг дээр дурдсан үндэслэлээр иргэний хариуцагч “***” ХХКомпаниас гаргуулан олгож, уг шинжээчийн дүгнэлт гаргахдаа үйлчилгээний хөлс 248.000 төгрөг /хх-68/-ийг шүүгдэгч ***ээс гаргуулж шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***эд 02 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах”, өмгөөлөгчөөс “...зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг дэмжиж байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр хязгаарлаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг танилцуулав.  

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийдвэрийн хуулбар, холбогдох баримт (хавтаст хэргийн 104, 107-114, 116 дугаар хуудас) зэргээс үзэхэд шүүгдэгч *** нь урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 748 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (замын хөдөлгөөнд оролцогч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэн сацуу уг дүрмийн заалт зөрчсөн үйлдлээс шалтгаалан зам тээврийн осол гарах шалтгаан болсон), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн гэмтэл учруулсан, улмаар аж ахуйн нэгжид эд хөрөнгийн хохирол учруулсан), шүүгдэгчийн хувийн байдал (19*** онд төрсөн, *** настай, “***” ХХКомпанид жолооч ажилтай, эхнэр, таван хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод оршин суудаг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг[2]т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***эд эрх бүхий байгууллагын хяналтад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг 03 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, хэрвээ уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч ***эд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч ***эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой эрх төдийгүй, тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь дээр дурдсан гэмт хэргийн шинж чанар, нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх шударга ёс, гэм буруугийн зарчмыг хангасан, өмгөөлөгчийн дүгнэлтээс “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах” гэснийг хүлээн авах боломжгүй буюу хэт өргөн хүрээгээр тогтоосноор зорчих эрхийн хязгаарлах ял үр нөлөөгүй, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж үзсэн болно.

Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***эд эрх бүхий байгууллагын хяналтад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг гурван сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.   

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***ээс нийт 9.489.350 төгрөгийг гаргуулан дараах иргэний нэхэмжлэгч ***д 68.600 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт 2.822.000 төгрөгийг, “***” ХХКомпанид 6.598.750 төгрөгийг олгож; иргэний хариуцагч ***” ХХКомпаниас 3.370.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч “***” ОНӨААТҮГазарт олгосугай.

 

 5. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 248.000 төгрөг /Хас үнэлгээ ХХКомпанийн үйлчилгээний хөлс/-ийг шүүгдэгч ***ээс гаргуулж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хохирогч ***гийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 8.580.000 төгрөг, эмчилгээний зардал 1.313.900 төгрөгийг иргэний хариуцагч “***” ХХКомпани төлж барагдуулсан, энэ тогтоолоор түүнд төлөх төлбөргүйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар хохирогч ***гийн “ажилгүй байсан хугацаанд олох орлогоо гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, тэрээр цаашид эрүүл мэндтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “***” ХХКомпани нь нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг тогтоолд тусгасугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***эд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.БЯМБААБААТАР

 

[1] Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 660.000 төгрөгөөр тогтоосон

 

[2] Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.