Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 111/ШШ2018/0020

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, Н.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй,Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Ууганбаярт холбогдох Хүрээмарал сумын сургуулийн захирлын тушаал гарган өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарган өгөхийг Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын сургуулийн захиралд даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Хүрээмарал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Ууганбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус сургуульд багшаар ажиллаж байсан Норовын Нарангэрэлийн Баянхонгор аймгийн Захиргааны Хэргийн Анхан Шатны Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа.

Багш Н.Нарангэрэлийн нэхэмжлэлд дурьдсан 2010 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 38 тоот тушаалыг сургуулийн архиваас нягтлан шалгахад /Багш түр авч ажиллуулах тухай/ тушаал байгаа нь үнэн болно. Тушаалыг хавсаргав.

Мөн тус сургуулийн 2010 оны архивт багш Н.Нарангэрэлийг ажлаас чөлөөлсөн тухай захирлын тушаал гаргаагүй байгаа нь үнэн болно.

Багш Н.Нарангэрэлийн нэхэмжлэлийн агуулгад дурьдсан тухайн үеийн захирал Б.Бямбасүрэн, багш Н.Нарангэрэл нарын хоорондын харилцааны асуудпыг манай байгууллага хариуцахгүй бөгөөд тухайн үед Хими, биологийн багшаар ажиллаж байсан багш Н.Нарангэрэлийн 2010 оны 08 дугаар сараас ажиллаагүйг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас чөлөөлсөн тушаалыг нөхөн гаргахыг зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Нарангэрэл тус шүүхэд Хүрээмарал сумын сургуулийн захирлын тушаал гарган өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарган өгөхийг Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын сургуулийн захиралд даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Ууганбаяр 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд албан бичигтээ ... хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаал нөхөн гаргахыг зөвшөөрч байна. гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, тайлбар ирүүлсэн.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Хүрээмарал сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Ууганбаярт холбогдох Хүрээмарал сумын сургуулийн захирлын тушаал гарган өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гарган өгөхийг Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын сургуулийн захиралд даалгах шаардлага бүхий Н.Нарангэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь буюу 35100 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Н.Нарангэрэлд буцаан олгосугай.

Хэргийн оролцогч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

  

ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН