Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 127

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Анхбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.Алтанцэцэг,

шүүгдэгч: Т.Ганболд, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн /0440/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

   Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Төмөрчөдөрийн Ганболдод холбогдох эрүүгийн 2017 2400 0042 дугаартай, 2 хавтас хэргийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Монгол улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “АПУ трейдинг” ХХК-д түгээлтийн жолоочоор ажиллаж байсан, одоо эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3-10 насны 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 4 дүгээр гудамжны 62 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ШД 84011818, Боржигон овогт Төмөрчөдөрийн Ганболд.

 

Шүүгдэгч Т.Ганболд нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн
үед Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах
Еverest pub-ын баруун замд “АПУ трейдинг” ХХК-ийн  эзэмшлийн 38-70 УБЕ улсын дугаартай, “Форд транзит” маркийн автомашин жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 а-д заасан зөрчилтэй хориглосон тээврийн
хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, мөн дүрмийн 7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах
үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын
тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс
чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Мөнгөнцэцэгийг дайрч амь насыг хохироосон хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Т.Ганболд мэдүүлэхдээ:

Би “АПУ трейдинг” ХХК-д жолоочоор 1 жил 6 сар ажилласан. Энэ хугацаанд “Форд транзит” маркийн автомашиныг барьдаг байсан ба 38-70 УБЕ улсын дугаартай машиныг хэрэг гарахаас 2-3 хоногийн өмнө барьсан. Миний өмнө нь барьж байсан машин нь адилхан “Форд транзит” маркийнх байсан боловч дугаар нь өөр юм. Тэр өдөр бараа хүргэж, буулгаж өгөөд буцаж гарахдаа урд машинаасаа зай авч зогсоод, 2 талын толиндоо хартал ар талд хүн харагдаагүй юм. Би ухрах үйлдэл хийхээсээ өмнө машинаасаа бууж харсан бол хүний амь нас хохирохгүй  байсан. Миний буруугаас болж хүний амь нас хохирсонд маш их гэмшиж байна. Хохиролд нийт 10 600 000 төгрөг төлсөн ба үүнээс 1 600 000 төгрөгийг би өөрөө,  компаниас 5 000 000 төгрөг, даатгалаас 4 000 000 төгрөг өгсөн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би 3 хүүхэдтэй, эхнэр удахгүй төрнө. Цаашид хохирогчийн ар гэрийнхэнд тус дэм болж, аливаа юманд анхаарал болгоомжтой байх болно. Би энэ хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би хойшдоо биеэ зөв авч явна. Надад хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч-Ц.Алтанцэцэг мэдүүлэхдээ:

Талийгаач Ц.Мөнгөнцэцэг нь миний төрсөн дүү юм. Дүү маань Төмөр замд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан, түүнээс хойш “Номин” их дэлгүүрийн ард байрлах тоглоомын газар үйлчлэгчээр ажиллаж байсан. Түүний нөхөр нь 3 жилийн өмнө нас барснаас дүүгийн маань сэтгэл санаа нь тайван биш байдаг байсан. Хүүхдүүд нь насанд хүрсэн, том охин нь 43 настай,  бага охин нь 37 настай Герман улсад ажиллаж, амьдарч байгаа юм. Би талийгаачийн хүүхдүүдтэй нь зөвлөлдөж, тэд намайг хууль ёсны төлөөлөгчөөр оролцохыг зөвшөөрсөн. Т.Ганболд ажил явдалд туслаж, надад маш их дэм болсон. Түүнээс оршуулгын зардалд 5 600 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөг, нийт 10 600 000 төгрөг авснаас 5 000 000 төгрөгийг нь талийгаачийн ач охин болон Герман улсад сурч байгаа хүүхдэд нь өгсөн. Нас барсан хүнийг босгож ирж чадахгүйгээс хойш Т.Ганболдод хөнгөн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Тэр цаашид талийгаачийн хүүхдүүдэд туслана гэж хэлсэн тул түүнд итгэж байна. Би гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй. Шүүгдэгч Т.Ганболд нь бага насны хүүхдүүдтэй, эхнэр нь жирэмсэн зэргийг харгалзаж хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Ц.Мөнхжаргал мэдүүлэхдээ:

...“Форд транзит” маркийн, 38-70 УБЕ улсын дугаартай автомашин нь “АПУ трейдинг” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Ажилчдаас жолооч Т.Ганболдыг машин барьж яваад ухрахдаа эмэгтэй хүн дайрсан талаар сонссон гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 66 дугаар хуудас)

 

    Мөрдөн байцаалтад гэрч-Р.Алтангэрэл мэдүүлэхдээ:

    ...2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 10 цаг өнгөрөөд Хан-Уул дүүргийн 120-ын “АПУ трейдинг” ХХК-ийн агуулах дээр ганцаараа очсон. Тэгтэл Т.Ганболд нь тус компанийн эзэмшлийн цагаан өнгийн “Форд транзит” маркийн, 38-70 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ирчихсэн байсан. Улмаар бид хоёр машиндаа харилцагч нарт өгөх зорилгоор торхтой пивонуудыг машиныхаа арын амбаарт ачиж, Улаанбаатар хотоор түгээлтэнд явсан. Тэгээд ойролцоогоор 15 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “Номин” худалдааны төвийн ертөнцийн зүгээр чанх хойд талд “English Inn” нэртэй пабд торхтой пивонуудаа буулгаж өгөх зорилгоор баруун гар тийшээгээ эргэж ороод “Номин” худалдааны төвийн бараа авдаг хаалган дээр зогсолт хийгээд хойшоогоо ухраад явж байтал нэг танихгүй эрэгтэй урд талд нэлээн зайтай зогсчихсон даллаад байхаар нь зогссон. Тэгээд бид хоёр машинаасаа буусан. Намайг машинаас буух үед миний талд буюу баруун урд дугуйныхаа хойд талд улаан өнгийн куртиктай эмэгтэй хэвтэж байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 69 дүгээр хуудас)

   

    Мөрдөн байцаалтад гэрч-С.Батзориг мэдүүлэхдээ:

    ...2017 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 08 цагаас 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 08 цаг хүртэл Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Номин” худалдааны төвийн чанх хойд талд байх “Болор” сервис ХХК-д хамгаалагчаар 24 цагийн хугацаатайгаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд өдөр 15 цаг өнгөрч байхад манай компанийн захирал машинаа барьж ирээд зам хаагаад тавьчихсан юм. Улмаар дарга намайг дуудаад машин зогсоолд байрлуулаад ороод ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би машиных нь түлхүүрийг аваад ажлын урд талаас саарал өнгийн “Хаймер” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод хойшоогоо ухарч, гараад, “Дурсамж” баарны урд талд очиж эргээд буцаад зогсоол руу оруулж тавих санаатай ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй дөнгөж эргээд зогсож байтал цагаан өнгийн “Форд транзит” маркийн тээврийн хэрэгсэл нь урдаасаа хойшоо чиглэлтэй ухарч байсан. Тэгтэл уг тээврийн хэрэгслийн доод талд нь улаан өнгийн зүйл чирэгдээд явж байгаа харагдсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 71 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 212 тоот дүгнэлтэд:

1. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн задлан гавлын орой суурь ясны хугарал, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины ховдлууд дахь цус хуралт, толгойн хуйханд цус хуралт, зүүн талын 2, 3, 4, 5, 6, 7-р хавирга суганы дунд шугамаар 8, 9, 10-р хавирга суганы арын шугамаар шууд хугарал, хугарал орчмын зөөлөн эдэд цус хуралт, 2 талын уушгины эдийн цусархаг няцрал, элэгний эдийн няцрал, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, духанд зулгаралт, баруун гарын сарвуу, зүүн хөхөнд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

2. Дээрх гэмтлүүдийн үүссэн дарааллыг тогтоох боломжгүй бөгөөд үүсэх үедээ амь насанд аюултай гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь дээрх гавал, тархи, цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.

6. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19 цагт үзлэг хийхэд нас бараад 2-3 цаг болжээ. 

7. Талийгаачийн цус, шээсэнд спиртийн агууламж илрээгүй байна.

8. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломж багатай байжээ гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтасны 109 дүгээр хуудас)

 

Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 55 тоот дүгнэлтэд:

   1. “Форд транзит” маркийн, 38-70 УБЕ улсын дугаартай автомашины жолооч Т.Ганболд нь Замын хөдөлгөөний дүрмийн

2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 7.17.Бусдын
хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах
үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын
тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс
чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Ц.Мөнгөнцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтлийн байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 175 дугаар хуудас)

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

          Т.Ганболд ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 145 дугаар хуудас)

           

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Т.Ганболд нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн
үед Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах
“Номин” их дэлгүүрийн арын зогсоолд “АПУ трейдинг” ХХК-ийн  эзэмшлийн 38-70 УБЕ улсын дугаартай, “Форд транзит” маркийн автомашин жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 а-д заасан зөрчилтэй хориглосон тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож,

мөн дүрмийн 7.17. Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хохирогч Ц.Мөнгөнцэцэгийг дайрч, амь насыг хохироож, хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцэцэг, гэрч Р.Алтангэрэл, С.Батзориг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 212 тоот дүгнэлт, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 55 тоот техникийн шинжээчийн дүгнэлт, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Т.Ганболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоосон байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Т.Ганболдыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь талийгаачийн оршуулгын зардалтай холбоотой 3 183 614.45 төгрөгийн нотлох баримтыг мөрдөн байцаалтад гаргаж өгсөн боловч иргэний хариуцагч “АПУ трейдинг” ХХК болон шүүгдэгч нар гэм хорын 10 600 000 төгрөгийг төлсөн болох нь хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцэцэг цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул Т.Ганболд бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтанцэцэг нь Т.Ганболдод холбогдуулан гаргах гомдол, саналгүй, түүнд хөнгөн ял оногдуулахыг хүссэн,  шүүгдэгч нь хувийн байдлаар төлөв томоотой, жирэмсэн эхнэр, 3-10 насны охин Г.Энхцэцэг, Г.Энхчимэг, хүү Г.Ганпүрэв нарыг тэжээн тэтгэдэг зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн, уг ялыг тэнсэж, хянан харгалзав.

Т.Ганболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй.