Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 26

 

Н.Мөнхзаяагийн  нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 133/ШШ2018/00366 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 7-26 тоотод оршин суух Боржигон овгийн Нарангэрэлийн Мөнхзаяагийн /РД: ДБ92060101/ нэхэмжлэлтэй,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 4-16 тоотод оршин суух Жалайр овгийн Мэнджаргалын Түвшинбаярт /РД: ДЮ8903191/ холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай  иргэний хэргийг 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Мөнхзаяа, түүний өмгөөлөгч М.Энхзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Мөнхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат Н.Мөнхзаяа миний бие 2007 онд М.Түвшинбаяртай анх танилцаад хамтран амьдраад 10-аад жил болох хугацаанд 2014 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр охин Т.Өлзий-Орших төрсөн. Бид хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч хүүхдээ эцэг М.Түвшинбаярын нэрээр овоглосон юм. М.Түвшинбаяр нь 2014 оноос хойш байнга архи ууж, хэл амаар доромжилж, зодож цохих болсон, тэр бүү хэл миний хамрыг хүртэл муруйлгаж байсан. Бас ээжийг минь барьж авч зодож байсан. Архи уугаагүй эрүүл үедээ ч гэсэн зүгээр байж байгаад байнга харддаг, хэл амаар доромжилж, байж суух аргагүй болгож нэр төрийг маань гутаан доромжилж байдаг тул цаашид хамтран амьдрахад бэрхшээлтэй байгаа юм. Цаашид энэ хүнтэй нэг гэрт амьдрахад айдастай хэцүү байсан тул бид хамт амьдрахаа болиод 2 жил орчим болж байгаа юм. Иймд 2014 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн, охин Т.Өлзий-Оршихыг эх Н.Мөнхзаяа  миний  асрамжид  үлдээж  эцэг  М.Түвшинбаяраас  хүүхдийн   тэтгэлэг

гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Түвшинбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Түвшинбаяр миний бие Н.Мөнхзаяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. М.Түвшинбаяр миний бие Н.Мөнхзаяатай хамтран амьдарч байсан удаа байхгүй бид үерхдэг байсан. Н.Мөнхзаяа нь 2014 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр охин Т.Өлзий-Оршихыг төрүүлж, миний нэрээр охиноо овоглосон. Н.Мөнхзаяаг гуйж, гэр бүл больё гэсэн чинь өөр залуу дагуулж ирж би чамтай суухгүй манай охины эцэг нь Алтайбаатар гээд энэ залуу байна гэж надад дагуулж ирсэн. Чамд энэ охин хамаагүй, би чамтай би суухгүй гээд явсан. Гэтэл одоо Н.Мөнхзаяа нь өөрийн охин Т.Өлзий-Оршиход хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна  гэжээ.

Анхан шатны шүүх:  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2014 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн охин, Түвшинбаярын Өлзий-Оршихыг эх Нарангэрлийн Мөнхзаяагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Түвшинбаярын Өлзий-Оршихыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /хэрэв  суралцаж  байгаа  бол   18  нас  хүртэл/ тухайн  бүс  нутагт тогтоогдсон амьжиргааны   доод   түвшингийн   хэмжээгээр   сар   бүр   тэтгэлэг   гаргуулж,    эцэг М.Түвшинбаяраар тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Мөнхзаяад даалгаж, Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч М.Түвшинбаяр  нь  Гэр бүлийн тухай  хуулийн  38 дугаар  зүйлийн  38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Түвшинбаяраас 100.382 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2  дахь  хэсэгт  зааснаар   шийдвэр  танилцуулан   сонсгомогц  хүчинтэй  болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор  нэхэмжлэгч,  хариуцагч,  тэдний төлөөлөгч,  өмгөөлөгч  нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэний хэргийн хариуцагч М.Түвшинбаярын өмгөөлөгч Ж.Дорждэрэм миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 133/ШШ2018/00366 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н.Мөнхзаяагийн гаргасан хүүхдийн асрамж тогтоож,   хүүхдийн   тэтгэлэг   гаргуулах   нэхэмжлэлийн  шаардлагыг  бүхэлд  нь  хангаж

 

шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Т.Өлзий-Орших нь хариуцагч М.Түвшинбаярын хүүхэд биш гэж Н.Мөнхзаяа нь гэр бүл болохгүй салсан байдаг бөгөөд Т.Өлзий-орших нь М.Түвшинбаярын хүү гэсэн шинжээчийн дүгнэлт гараагүй байхад буюу хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Мөнхзаяа нь хариуцагч М.Түвшинбаярт холбогдуулан  хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлээ 2018 оны 4 дүгээр сарын 26-ний өдөр  шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүх 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж,  хариуцагчийн эрх үүргийг тайлбарлаж өгсөн байна.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүхээс тогтоосон хугацаа болох 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн дотор шүүхэд ирж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүрэгтэйг тайлбарлаж өгчээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж хариуцагч М.Түвшинбаяр нь охин Т.Өлзий-Оршихыг өөрийн хүүхэд мөн гэдэгт эргэлзэж байгаа тул эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж, үнэн мөнийг тогтоосны дараа хүүхдийн тэтгэлэг төлөх эсэхийг шийднэ гэсэн хүсэлт гаргасныг шүүх 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 133/ШЗ2018/00936 дугаартай шүүгчийн захирамжаар шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч шүүгчийн заасан хугацаанд хариуцагч нь уг шинжилгээг хийлгэж, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй, үүргээ биелүүлээгүй байна.

 

М.Түвшинбаяр, Н.Мөнхзаяа нар өөрсдийн дундаас төрсөн охин Т.Өлзий-Оршихын эцэг, эх гэж овоглон төрсний гэрчилгээг авсан нь Т.Өлзий-Оршихын эцэг нь М.Түвшинбаяр мөн гэж үзэх үндэслэлтэй, эцэг нь биш гэж маргаж байгаагаа өөрөө нотолж чадаагүй гэж шүүх дүгнэсэн нь буруу биш байна.

Хариуцагч М.Түвшинбаяр шүүгчийн захирамжийг заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй нь хариуцагчийн хуульд заасан эрхээ эдлэх боломжоо өөрөө алдсан гэж үзэхээр байх тул түүний давж заалдсан гомдлыг шүүх хангах боломжгүй байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зохигчийн хуульд заасан эрхийг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 133/ШШ2018/00366 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.382 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш .БАТТОГТОХ

                               ШҮҮГЧИД                                     Ч.ЭНХТӨР

                                                                                     Т.ЖАРГАЛСАЙХАН