Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/184

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Б.Солонго,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2305042840078 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-ийн “*******” бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 2, эцгийн хамт,  суух, урьд

- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6-р хороо, “*******” бааранд иргэн ийг “баар хаах цаг болсон, баарнаас гар” гэж үл ялих зүйлээр шалтаглан газар унагаж, толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь духанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-09 дэх тал/,

Хохирогч *******:

“...2023 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-ны шилжих шөнө 03 цагийн үед би найз Баярмагнайн хамтаар Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” бааранд орсон. 03 цаг 35 минутын орчим “баар хаалаа” гэж хэлсэн. Тэр үед тэнд ажилладаг саарал пиджактай, жижиг биетэй, туранхай хүүхэн бид 2 дээр ирээд “баар хаах гээд байхад яагаад суугаад байгаа юм, гар” гэж хэлэхээр нь “за одоо гарлаа” гэж хэлэхэд намайг “хачин юм чинь” гэж хэлхээр нь би “чи яахаараа намайг хачин юм гэж хэлдэг юм, атигар хүүхэн чинь” гэж хэлтэл тэр эмэгтэй хураалгаатай сандлыг над руу далайсан. Тэгэхэд нь би босож ирээд “чи яахаараа үйлчлүүлэгчтэй ингэж харьцдаг юм” гээд ширээн дээр байсан пивоны шил барьж автал 2 хамгаалагч хүрч ирээд намайг чирч унагаад нүүр нь эрээн болчихсон залуу нь толгойг маань доош дарж байгаад толгой хэсэг рүү 4-5 удаа цохисон. Тэгэхэд нь манай найз утсаараа бичлэг хийхэд тэр хүмүүс надаас холдоод явсан. ...хохирол учирсан тухайн баримт надад байхгүй тул баримтаар нэхэмжлэх зүйл байгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15, 21 дэх тал/,

Гэрч *******:

“...Би 2023 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө цагийн нарийн сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар 02 цагийн үед Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байлах “*******” төвд өөрийн найз Ганзоригийн хамтаар орсон. Тухайн үед бид хоёр бага зэргийн согтолттой байсан. Удалгүй тухайн баар нь хаах болоод зөөгч нь гээд нэг үл таних эмэгтэй ирээд “манайх хаах гэж байна гараарай” гэж хэлсэн тухайн үед Ганзориг бид хоёр 4 шил пивоныхоо хоёрыг нь уучихсан 2 шилийг нь уугаагүй байсан. Зохион байгуулагч гэх 35-40 орчим насны намхан туранхай эмэгтэй ирээд “гарцгаа манайх хаалаа” гээд аягүй бүдүүлэг өнгө аястай хэлсэн бид 2 “яагаад үйлчлүүлэгчтэйгээ ингэж бүдүүлэг харьцаад байгаа” талаар нь асууж тодруулаад байж байх хооронд тухайн баарны хамгаалагч нь гээд өндөр 30-35 орчим насны нүдний шилтэй нүүрэндээ толбо мэт дүрстэй залуу ирээд манай найз Ганзоригийг элдвээр хэлээд заамдаад аваад газарт хавирч унаагаад хөлөөрөө толгойн тус газарт нь хэд, хэдэн удаа өшиглөсөн би тухайн хамгаалагч ирээд манай найзад халдаж байгааг өөрийн гар утсаараа баримтжуулж бичлэг хийж авсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

Гэрч :

“...Тухайн 2 залуу хүний 2 шил “Сэнгүр” нэртэй пиво авч уусан. Би хэсэг баараа тойрч байгаад манайх 03 цаг гээд хаадаг бөгөөд хүмүүсээ гарахыг шаардаад ширээгээ тойроод явж байхад тухайн үл таних 2 залуу пиво уугаад сууж байсан. “Манайх хаах гэж байна та 2 гарах болж байна уу” гэхэд тухайн 2 залуу бага зэрэг согтолттой байсан бөгөөд “гарна гарахгүй” гээд маргаан болсон. Манай хамгаалагч болох ******* нь орж ирээд тухайн 2 залууд хандаад “манайх хаалаа” гээд уг 2 залуугийн нэг залууг татаад ширээнээс нь босгоход тухайн залуу нь *******тэй маргалдаж тэр 2 маш хурдан зууралдаад авсан. ...хавиралцаад 2 уулаа газарт унасан. ..******* тухайн үл таних залуу 2 огт салж өгөхгүй байсан тэгээд нэг харахад хоёулаа салаад газраас босоцгоосон газраас босохдоо тухайн үл таних залуугийн хамраас цус гарсан бололтой нүүр нь цус болчихсон байдалтай босож ирсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

Гэрч :

“...Надад 2 хонгийн дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр баар хаасны дараа 2 согтуу залуу архи согтууруулах ундааны зүйл нэмж авах гээд хэрүүл маргаан үүсгэсэн, “өгөхгүй” гэж хэлтэл зөөгч рүү шил барьж дайраад манай хамгаалагч нартай маргалдсан тэгээд манай хамгаалагч *******тэй зууралцаад газарт унасан гэж хэлсэн. ...*******ийг харахад түүнд ил харагдах ямар нэгэн гэмтэл бэртэл харагдахгүй тэр хэвийн ажиллаа хийж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн:

“...******* биед духанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

Яллагдагч *******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нар хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 11 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6-р хороо, “*******” бааранд иргэн ийг “баар хаах цаг болсон, баарнаас гар” гэж үл ялих зүйлээр шалтаглан газар унагаж, толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь духанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч , гэрч , , нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14454 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч  ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ийг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “шүүгдэгч *******тэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн болно.  

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн прокурорын ялын төрөл, хэмжээний тухай саналыг тус тус зөвшөөрсөн байх тул шүүгдэгч *******ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч *******ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305042840078 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан   шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ