Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/318

 


 



     

                                                                                                                                                                                                                                                      

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн,

Улсын яллагч М.Эрдэнэзаяа

            Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******н *******д холбогдох эрүүгийн 2405006190225 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ******* дүүргийн .. дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

******* овогтой *******н ******* /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.******* “...2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ******* дүүргийн .. дугаар хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын .. дугаар дунд сургуулийн зүүн урд талын байрлах автомашины зогсоол дээр иргэн С.ийн биед "дайвар ачаа урдуур орж булаалаа" гэх шалтгаанаар халдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохиж, хамар яс болон хамрын таславчийн хугарал, мурийлт, хамарт зулгаралт, хоёр нүдний уг, хамар, баруун хацарт цус хуралт, баруун нүдний зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх гэмт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

 

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* “...2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ******* дүүргийн ... дугаар хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын .. дугаар дунд сургуулийн зүүн урд талын байрлах автомашины зогсоол дээр иргэн С.ийн биед "дайвар ачаа урдуур орж булаалаа" гэх шалтгаанаар халдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа 2 удаа цохиж, хамар яс болон хамрын таславчийн хугарал, мурийлт, хамарт зулгаралт, хоёр нүдний уг, хамар, баруун хацарт цус хуралт, баруун нүдний зовхи, хацар, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн өгсөн “... мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2405006190225 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.ийн хохирогчоор өгсөн “...2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн орчим ******* дүүргийн дугаар хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын дугаар дунд сургуулийн зүүн урд байрлах автомашины зогсоолд нутаг явах замдаа ганц нэг дайвар авах гээд эхнэрийн хамт зогсож байсан чинь надтай дайвар булаацалдлаа гэж ******* гэх хүн надтай маргаан хийсэн. Тэгэхээр нь би олон дайвар ирж байгаа юм чинь хэдүүлээ ээлжлээд авчихъя гэж хэлсэн чинь чи юу гээд дарвалзаад байгаа юм бэ, чи энд зогсохгүй шүү өөр газар очиж дайвраа ав гэж хэлсэн хамт байсан нэг үл таних эрэгтэй нь хажуугаас орж ирээд та нар энд зогсохгүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаа зогсохоо та нараар заалгана гэж юу байсан юм гэж хэлсэн тэгсэн ******* нь намайг заамдаж аваад чи ер нь юу гээд хуцаад байгаа юм гэж хэлсэн тэгсэн хамт байсан хүн нь больцгоо гэж хэлээд миний гараас бариад авсан тэгсэн ******* миний нүүр хэсэг рүү 2 удаа цохиод авсан тэгсэн хамраас цус гарахаар нь би цусаа тогтоох гээд байж байсан чинь *******тэй хамт явж байсан үл таних залуу миний толгойноос доош дарж байгаад намайг өшиглөөд авсан тэгсэн тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан тэгэхээр нь би цагдаа дуудаад цагдаа нар ирсэн. Би гомдолтой байна. Би тухайн залуугаас эмчилгээний зардал болон ажил хийж чадаагүй хөлс бензин тосны мөнгө гэх мэт 4,900,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Баттогтохын гэрчээр өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өглөөний 10 цаг 30 минутаас 11 цагийн хооронд төмөр замын авто вогзал дээр ******* руу явуулах гэж байсан дайвар ачаан дээрээс болж өргөдөл өгсөн гээд байгаа залуутай маргалдсан. Маргалдаж байсан чинь манай хуурай дүү  ******* // ирээд "Яагаад ахтай маргалдаад байгаа юм боль гэж тэр залууд хэлсэн. Тэр залуу ******* рүү дайраад байсан тэгэхээр нь ******* нэг алгадсан тэгсэн чинь "Та нарын өмчлөөд өгсөн газар юм уу би яагаад дайвар авч болохгүй юм" гэж хэлээд дайраад байсан. Тэгээд салаад байж байсан чинь тэр залуу дуудлага өгчихсөн байсан. Төд удалгүй цагдаа нар ирээд дуудлага өгсөн залууг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-13/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1668 дугаартай шинжээчийн “...С.ийн биед хамар яс болон хамрын таславчийн хугарал, мурийлт, хамарт зулгаралт, хоёр нүдний уг, хамар, баруун хацарт цус хуралт, баруун нүдний зовхи, хацар, хамар, зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Б.Баяртогтохын өгсөн “...Зулай дагзны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Харин бусад гэмтлүүд нь хамтдаа хөнгөн зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Эдгээр гэмтлүүдийг тус тусад нь ялгах боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

С.ээс эмчилгээний зардалтай холбоотой баримт “...669,700 төгрөг...” /хх-ийн 34-35/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 40-44/,

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47/

Б.*******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 52-62/

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөрсөн маягтын загвар /хх-ийн 77/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.*******гийн яллагдагчаар өгсөн “...Би хүлээн зөвшөөрч байна. Тухайн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/

С.ийн тоот дансанд хохирол гэж 677.786 төгрөгийг төлсөн Хаан банкны хуулга /хх-ийн 85/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч С.ийн биед хамар яс болон хамрын таславчийн хугарал, мурийлт, хамарт зулгаралт, хоёр нүдний уг, хамар, баруун хацарт цус хуралт, баруун нүдний зовхи, хацар, хамар, зулай, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1668 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/, хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 6/, Б.Баттогтохын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-9/, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 12-13/, шинжээч эмч Б.Баяртогтохын мэдүүлэг /хх-ийн 21-22/, шүүгдэгчийн мэдүүлэг /хх-ийн 29 / болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1668 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 1668 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч С. нь гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 8.000.000 /найман сая/ төгрөг, мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн талаарх хүсэлтийг бичиж шүүхэд ирүүлсэн  байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд шүүх хэргийг шийдвэрлэж тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, нотлогдсон байдалд дүгнэлт хийн хэрэв тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлж болохоор хуульчилсан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийхэд хохирогч С. нь гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 8.000.000 төгрөгийг ямар тооцооллын дагуу нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, мөн гэмт хэргийн улмаас түүний сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэл санаа, сэтгэц, амьдралын чанарт гарсан сөрөг үр дагавруудад шүүх дүгнэлт хийх боломжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасны дагуу хохирогч нь өөрт учирсан хохирол хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүдэгч Б.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол эмчилгээний зардалд 677.786 төгрөг /хх-ийн 85/-ийг төлсөн болохыг дурдаж байна.

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүхээс шүүгдэгч Б.*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 / зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 30 /гуч/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогтой *******н *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 30 /гуч/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг  даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар сарын цалин болон ажилгүй байсан хугацааны орлого 8.000.000 /найман сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг, ажилгүй байсан хугацааны цалин орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогч С.т эмчилгээний зардалд 677.786 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .1, .2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ