Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/118

 

 2024       06             10                                            2024/ШЦТ/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгч: М.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Мгийн Жд холбогдох эрүүгийн 2435000000123 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 28-нд Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт  Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн ....... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Мгийн Ж /РД:............./

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг ....... тоотод байрлах гэртээ 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр эхнэр эхнэр Я.Хтэй маргалдаж байх явцдаа хадам эгч болох иргэн Я.Мгийн зүүн гарын шуу мушгиж хугалж улмаар түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч М.Жийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг ...... тоотод байрлах гэртээ 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр эхнэр эхнэр Я.Хтэй маргалдаж байх явцдаа хадам эгч болох болох иргэн Я.Мгийн зүүн гарын шуу мушгиж хугалсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-5 дахь тал),

Хохирогч Я.Мгийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 26, 28 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),

Гэрч Я.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

Шүүгдэгч М.Жийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 59-60 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ....... дугаартай “ Үзүүлэгч Я.Мгийн биед зүүн гарын шуу ясны доод 1/3 хэсгээр далд хугарал, хугарлын түвшинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээр гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гараараа тулж унах үед ихэвчлэн үүсдэг. Дээр гэмтлүүд 2024 оны 5 дугаар сарын 04-ний 20:30 цагийн байдлаар үүсчихсэн байсан талаар яаралтай тусламжийн №2436 дугаартай хуудсанд бичигдсэн байна. Шинэ гэмтлүүд байсан байна. Зүүн гарын шуу ясны доод 1/3 хэсгээр далд хугарал, хугарлын түвшинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал)-ээр хохирогч Я.Мгийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Ж нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Я.Мгийн биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч М.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Я.Мгийн мөрдөн байцаалтын шатанд “М.Ж надаас уучлалт гуйж холбогдох эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан. Одоо миний биед өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй ба М.Жоос нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал), Иргэний нэхэмжлэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилсэн 88.767 төгрөгийг 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 88 дахь тал)-г тус тус үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч М.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч М.Жид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч М.Ж нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч М.Ж нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 69 дэх тал)-аар тогтоогдсон.

Шүүгдэгч М.Жийн зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан үндэслэл тус тус хангагдсан гэж үзэн шүүгдэгч М.Жид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар тохиролцож ирүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Жид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ  хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Б овогт Мгийн Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Жид 600 /зургаан зуу/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч М.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Жид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7-д зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

   ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Б.ГАНСҮХ