| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Борхүүгийн Бямбаабаатар |
| Хэргийн индекс | 188/2023/1381/Э/220/2024/0466 |
| Дугаар | 2024/ШЦТ/374 |
| Огноо | 2024-03-26 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Д.Түмэнжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/374
2024 03 26 2024/ШЦТ/374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж, шүүгч Л.Баатар, С.Сэржмядаг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа,
улсын яллагч Д.Түмэнжаргал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, өмгөөлөгч Д.Очирваань,
иргэдийн төлөөлөгч С.Баттулга,
шүүгдэгч ***, өмгөөлөгч О.Санчирбал, Л.Батжаргал,
гэрч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Хэргийн товч агуулга: *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод ***тай маргалдан цээжин тус газарт нь хутгалж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
1.1 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
- Улсын яллагчаас “2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 971 дугаартай яллах дүгнэлт болон хавсралтад тусгагдсан (1-р хавтаст хэргийн 2, 5-18, 19-24, 38-44, 53, 63-65, 69-71, 75-76, 78-79, 84, 90-91, 150-155, 2-р хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас)”,
- Өмгөөлөгч Д.Очирвааниас “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч ***, *** нарын мэдүүлэг, хохирлын баримтууд, талийгаачийн дөрвөн хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, ажлын газрын тодорхойлолт зэргийг шинээр гаргаж өгөв (1-р хавтаст хэргийн 66-67, 86-88 дугаар хуудас)”,
- Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбалаас “хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч ***, *** нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд (1-р хавтаст хэргийн 29-51, 69, 84 дүгээр хуудас)”,
- Өмгөөлөгч Л.Батжаргалаас “амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, түүний мэдүүлэг, Цагдан хорих 461-р хаалттай ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 246-249, 2-р хавтаст хэргийн 62-65, 239 дүгээр хуудас)”,
- Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас “шинжлэн судлуулах баримт байхгүй“ гэцгээв.
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод ***тай маргалдаж, улмаар цээжин тус газарт нь хутгалж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Дуудлагын лавлагааны хуудас (1-р хавтаст хэргийн 2 дугаар хуудас),
- Хэргийн газрын үзлэг болон цогцост хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 5-18, 19-24 дүгээр хуудас),
- ***ийн биед үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтаст хэргийн 38-44 дүгээр хуудас),
- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***гийн өгсөн “2023 оны 6-р сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоот гэртээ хүү ***ын хамт байсан. *** өчигдөр орой нь гарч яваад өглөө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд унтаад өгсөн. Хажуу талын айлын байшин нь шатаад байх шиг болохоор нь хүүгээ дуудаж сэрээгээд байж байтал ***, нөхөр ***ын хамт хүрч ирээд “Танайхыг шатаж байгаа юм болов уу гэж бодоод ирлээ” гээд хэсэг байж байгаад гараад явсан. Хүү маань бас цуг явсан. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад өнөөдөр буюу 2023 оны 6-р сарын 23-ны өглөө хүмүүс ирээд хүүг маань өөд болсон талаар хэлсэн” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 63-65 дугаар хуудас)”,
- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** “...миний хүүг нэг эмэгтэй хүн дагуулж очсон гэсэн. Яагаад бусад хүмүүс нь салгаж болоогүй юм бэ? үүнийг би гайхаад байна. Миний хүү намайг болон хүүхдүүдээ ажил хийгээд тэжээдэг байсан. Таван хүүхэд нь над дээр байдаг. Хүүхдийнхээ ажлын цалинг нэхэмжилж байна. Оршуулгын зардал 4.800.000 төгрөг болон өөр маш их зардал гарсан. Би нарийн тооцоолоогүй. Оршуулгын зардалд 3.000.000 төгрөгийг өгсөн. 30.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.
- Гэрч ***гийн “Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоот гудамжинд ***, *** бид гурвыг байхад манай найз *** залгаад “Юу хийж байна” гэхээр нь “***, *** бид гурав байна” гэхэд *** “*** гэдэг хуурай дүүтэйгээ байна” гэж хэлсэн. ***, ***, *** бид дөрөв авсан том пивоо хувааж уусан. *** “5.000 төгрөг байна, та мөнгө нэмээд нэг пиво авчхаач” гэж хэлхээр нь “Эгчид нь мөнгө байгаа” гээд ***ыг дэлгүүр рүү явуулж нэг том пиво авсан. *** утсаар нөхөртэйгөө ярьсан. Тухайн үед гэрт нь *** бид хоёр л байсан. Манай нөхөр *** гадаа тамхи татаж байсан. *** нөхөртэйгөө дүрсээ харж яриад “Чи хурдан ирж хүүхдээ ав” гэж хэлсэн. Нөхөр нь “Чи уучихсан юм уу? Хэнтэй уусан юм” гэж асуухад *** “Хуурай эгч нартайгаа уусан” гэж хэлээд салгасан. Манай найз *** ***т хандаж “Чи миний хүүхэд шиг хүн. Нөхөртөө худлаа хэлж болохгүй” гэж хэлэхэд “Та чимээгүй бай, миний амьдралыг мэддэг юм уу?” гэж хэлээд нөхөр рүүгээ залгаад “Чи ирж байна уу?, ямар тамтай юм бэ?, гудамжны архичин орж ирээд намайг гичий янхнаар нь дуудаад байна” гэж хэлээд утсаа салгасан. *** ***т “Чи яагаад худлаа яриад байгаа, би нөхөртэй чинь яръя” гэж хэлсэн. *** босоод ***ын зогсож байсан гал тогооны өрөө ороод “Чам шиг юм миний аав бол биш байгаа шүү, алчихна шүү” гэж хэлэхээр нь өндийгөөд хартал *** цээжнийхээ зүүн хэсэгт хутгалагдсан байдалтай цус урсаж байсан. Би байшингийн хаалга онгойлгоход *** гадаа үүдэнд тамхи татаад зогсож байсан. *** миний хажуугаар зөрж гараад гадаа жорлонгийн хажууд унаад өгсөн. Би гэр рүү нь гүйж ороод ***ийн утсыг аваад эхлээд *** руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь ***ийн нөхөр *** руу залгасан утсаа авахаар нь “*** ***ыг хутгалчихлаа, гялс хүрээд ир” гэж хэлээд салгасан. *** надаас утсаа булаагаад авсан. Би гадаа гартал *** дээшээ хараад хэвтэж байсан. Хажууд нь *** футболкоор цусыг нь тогтоох гээд шарх дээр нь дарж байсан. Би ***ын нүүр рүү нь гараараа алгадахад нүдээ нээсэн. Буцаж гэр рүү нь гүйж ороход *** утсаар ярьж байхаар нь би утсыг нь булааж авахад нөхөр нь байхаар нь “танай эхнэр хүн хутгалчихлаа, хурдан ирээч” гэж хэлэхэд утсаа салгасан” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 69-71 дүгээр хуудас)”,
- Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч *** мэдүүлэхдээ “*** бид нарыг ***ийн гэрт аваачсан. Тэгээд “Машинд нэг пиво уучихъя” гэсэн чинь *** “Манай гэрт ороод уучихъя” гэхээр нь би “Яахын бэ” гэсэн чинь *** “Гэр сэрүүхэн байгаа, манайд оръё” гээд бид гэрт нь орсон. ***ийн гэрт ороод нэг пиво уух гэсэн чинь ***ийн ээж нь залгаад “Гадуур гарч юм авмаар байна” гэсэн. Тэгэхээр нь “Энэ пивыг уучихаад хамт явъя” гэсэн чинь *** “Энэ хэдийг үлдээчих, та яваад ир” гээд ***ийг явуулсан. Бид дөрөв нэг пиво хувааж уучихаад байж байсан чинь *** “Эгчээ 5000 төгрөг байна уу, нэг пиво авъя” гэхээр нь би “Яах юм бэ, чи маргааш хүүхдэдээ юм авч өг” гээд би нэг пиво авсан. Тухайн пивыг ууж байгаад *** нөхөртэйгөө видео каллаар ярьсан. Нөхөр нь ***ийг “Чи уучихсан юм уу, хэнтэй уусан юм бэ” гэсэн чинь *** “Тийм ээ би уучихсан, хоёр эгчтэйгээ уусан юм” гэсэн. Тэр үед би ***тэй том өрөөнд цонхны хажууд сууж байсан. Талийгаач гал тогооны өрөөнд сууж байсан. *** гадаа тамхи татах гээд гарчихсан байсан. *** нөхөртэйгөө ярьж дуусаад байж байсан чинь талийгаач гал тогооны өрөөнөөс гарч ирээд “Чи бараг миний хүүхэд шиг хүн байна” гэж хэлсэн чинь *** утсаа аваад нөхөр рүүгээ залгаад “Гаднаас нэг гудамжны архичин орж ирчихээд намайг янхан, гичий гэж дуудаад байна” гэж худлаа ярьсан. Тэгсэн чинь талийгаач “Чи яасан худалч хүүхэд вэ, нөхөртэй чинь яръя” гэсэн чинь *** утсаа тасалчихаад том өрөөнөөс гараад гал тогооны өрөө рүү орсон. Талийгаач “Чи ямар худалч хүүхэд вэ, би бараг чиний аав шиг хүн байхад” гэж хэлсэн чинь *** “Надад чам шиг аав байхгүй, алчихна шүү” гэхээр нь би “Хөөе” гээд босоод гал тогооны өрөөнд ороход талийгаачийн цээж рүү хутгалсан байсан. Би “Хүүе ээ, чи яаж байгаа юм бэ” гэж ***т хэлэхэд “Яадаг юм, энэ ах чинь миний дургүйг хүргэсэн биз дээ” гэсэн. Би хаалга онгойлгоод *** руу “Хөөе ***, *** талийгаачийг хутгалчихлаа” гэсэн чинь талийгаач өөрөө гэрээс гарсан” гэв.
- Гэрч ***ын “...Тухайн байшинд ***, ***, ***, *** бид тавуулаа пиво хувааж уусан. *** руу нөхөр нь залгаад удалгүй явсан. ***, ***, *** бид дөрөв юм ярьж сууж байгаад дахин нэг том пиво авч хувааж уусан. Би бие засах гээд байшингаас ганцаараа гараад үүдэнд нь тамхи асаагаад татаж байтал *** баруун гараараа зүүн цээжээ тэвэрчихсэн, футболк нь нэлэнхийдээ цус болчихсон, зүүн гартаа шаргал өнгийн бариултай жижиг хутга барьчихсан, сонин болчихсон байдалтай байшингийн хаалгаар гарч ирсэн. *** “Хөгшөөн, энэ охин намайг шаачихлаа ш дээ” гээд уйлагнаад байшингийн үүднээс хашааны хаалга руу 2-3 удаа алхаж байхад нь манай эхнэр *** араас нь “*** наад ***ыг чинь энэ охин хутгалчихлаа” гээд гарч ирсэн. *** дахиад 2-3 удаа алхаж байгаад газар унаад өгсөн. Би *** дээр очоод футболкоор цээжийг нь дараад байж байтал *** хүүхдээ тэвэрчихсэн, гартаа гар утсаа барьчихсан байхаар нь утсыг нь шууд булааж аваад түргэн рүү залгасан. Би ***д “Чи яачихсан юм бэ” гэсэн чинь надад “*** гэдэг найз чинь түрүүнээс хойш миний дургүйг хүргээд байсан юм” гэхээр нь “Чи хутгалчихсан юм биш үү, би цагдаа дуудчихлаа” гэсэн чинь “Чи цагдаад наад ***аа өөрөө өөрийгөө хутгалчихсан гээд хэлчихээч” гэхээр нь би юм яриагүй сууж байсан. Удалгүй түргэн, цагдаа ирсэн. Түргэний эмч ***ыг үзээд нас барчихсан байна гэсэн” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас)”,
- Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч *** мэдүүлэхдээ “...***ийн гэрт очоод бид нар хоёр ширхэг пиво уусан. Тухайн үед ***, талийгаач, ***, түүний хүүхэд байсан. Хоёр дахь пивоо ууж байгаад би тамхи татах гээд гарсан хойгуур ийм зүйл болсон байсан. Талийгаач биедээ хутгатай гарч ирээд “Энэ намайг хутгалчихлаа” гээд гэрийн хашааны үүдэнд унаад өгсөн” гэв.
- Гэрч ***ын “2023 оны 6-р сарын 22-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад эхнэр *** *** дугаараас над руу залгаж “Ажил чинь тарах болоогүй юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Дөнгөж 18 цаг болж байна ш дээ” гэж хэлээд ярихад согтуу юм шиг яриад байхаар нь “Фейсбүүк чатаар яриадах, чи хэнтэй байгаа юм, алив харъя” гэж хэлсэн. Гэрийнхээ эргэн тойрныг харуулахад хүүхэдтэйгээ хоёулхнаа байж байсан. Дахиад удалгүй над руу залгаад “Согтуу хүн хашаан дотор орж ирээд намайг доромжлоод байна” гэж хэлсэн. Цаана нь эрэгтэй хүн дуугарахаар нь тэгж ойлгоод утсаа тасалсан. Ажлаасаа гараад гэр рүүгээ явж байсан чинь дахиж над руу залгаад “Ирж хүүхдээ ав, би хүн хутгалчихлаа” гэж хэлсэн. Нэг эмэгтэй хүн утсыг нь булааж аваад “Танай эхнэр хүн хутгалчихлаа” гэсэн. Би гэрийн ойролцоо очиж явж байсан болохоор очоод хашаан руу машин ордог хаалганы хажууд танихгүй эрэгтэй хүн дээгүүрээ шалдан, футболк нь цустай байсан. Намайг очиход эрэгтэй, эмэгтэй хоёр танихгүй хүн хашааны гадаа нааш цаашаа уйлаад сандарчихсан гүйгээд байсан. Харин манай эхнэр хүүхэдтэйгээ хамт байшингийн урд талд хаалганы тэнд сууж байсан. Тухайн хутгалуулсан гэх залуугийн толгойны баруун талд бор иштэй жижиг хутга газар хэвтэж байсан. Би төмрөөс нь барьж аваад гэрийнхээ амбаар руу оруулчихсан. Цагдаа нар удалгүй ирсэн. Намайг анх очиход тухайн хутгалуулсан хүн нь амьсгаатай байж байсан. Би шар дээр дарсан байсан футболкоор цус гаргахгүй гэж бодоод дээрээс нь дарж, алгадаж үзсэн. Эрүүг нь зууруулахгүйг бодоод доош нь хүртэл дарсан. Түргэн тусламж иртэл аль болох сэрүүн байлгах гэж үзсэн. Тухайн залуугийн зүүн талын цээжин хэсэгт хутганы шархтай байсан, өөр ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас)”,
- Гэрч ***гийн “...манай том ах над руу 18 цаг 18 минутад яриад “*** архи ууж байгаад хүн алчихсан юм шиг байна” гэхээр нь “Юу яриад байгаа юм, одоо хаана байгаа юм” гэхэд “Цагдаагийн хэлтэс дээр байна” гэсэн. Цагдаагийн хоёр дугаар хэлтэс дээр ирээд нөхөр ***тай уулзахад “*** над руу 2023 оны 6-р сарын 22-ны орой 18 цаг 01 минутад залгаад “Согтуу хүн дээрэлхээд байна” гэхээр нь “Юу гэнээ” гэхэд цаана нь эрэгтэй хүн дуугарсан. Тэгэхээр нь машинаа асаагаад гэр рүү ирж байхад 18 цаг 06 минутад эргэж залгаад “Би хүн алчих шиг боллоо” гэж хэлээд утсаа салгачихсан. Гэртээ иртэл *** хүүхдээ тэвэрчихсэн, гэрийнхээ үүдэнд сууж байсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 84 дүгээр хуудас)”,
- Гэрч ***ын “Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод хэвлийдээ хутгалуулсан, ухаан алдсан байна” гэж дуудлага мэдээлэл ирсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу хаягт очиход хашаан дотор 35-40 орчим насны эрэгтэй хүн цээж хэсэг нь дээш харсан, цээжний зүүн дээд хэсэгт хутгалуулсан байдалтай цус гарсан, ямар ч ухаангүй газар хэвтэж байсан. Хажууд нь байсан хүмүүсээс “Юу болсон” талаар асуухад хамт байсан *** гэх эмэгтэй *** руу заагаад “Тэр хутгалсан” гэж хэлсэн. Би ***ийг гавлаад машин дотор “Юу болсон” талаар асуухад “Би хүн алчихлаа, би хутгалсан” гэж хэлээд уйлаад байхаар нь тайвшруулаад дахин асуухад дуугарахгүй байсан. ***ийн өмсөж байсан өмд нь цус мэт зүйлээр бохирлогдсон байсан. ***, *** нарын хувцас ямар нэгэн зүйлээр бохирлогдоогүй байсан. Тухайн хүмүүсээс согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэж байсан” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас)”,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1739 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр “Талийгаач ***ын цогцост зүүн талд цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг цоолж зүрх хатгасан шарх, зүүн хөх, хоёр шуу, шилбэнд сорви, зүүн гуянд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, зүүн өвдөгт шарх, баруун сарвуунд зулгаралт, баруун гарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг цоолж зүрх хатгасан шарх нь ажлын хэсэг нь 10-12 см-аас доошгүй урттай, 0,9 см доошгүй өргөнтэй ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хатгах үйлдлээр үүснэ. Уг гэмтэл нь амь насанд аюултай гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад зүүн гуянд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, зүүн өвдөгт шарх, баруун сарвуунд хуучин зулгаралт, баруун гарт хуучин шарх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүсгэгдэнэ. Зүүн гуянд цус хуралт, зүүн тохойд зулгаралт, зүүн өвдөгний өнгөц шарх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Баруун сарвууны хуучин зулгаралт, баруун гарын хуучин шарх гэмтлүүд нас барахаас 5-7 хоногийн өмнө үүссэн, нас барсан шалтгаантай холбоогүй гэмтэл болно. Зүүн хөх, хоёр шуу, шилбэнд сорвины гэмтэл нь хэзээ үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаач цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг цоолж зүрх хатгасан шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдаж зүрх чихэлдэж нас баржээ. Талийгаач нас баран үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Шүүх химийн шинжилгээгээр цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, нас барах үедээ мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглээгүй байжээ. Шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. АВО системээр В(III) бүлгийн цустай байна” гэсэн дүгнэлт (1-р хавтаст хэргийн 150-155 дугаар хуудас)”,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын “*** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. *** нь үнэн зөв мэдүүлэг өгөх, өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна. *** нь хэрэг хариуцах чадвартай байна. *** нь гэмт хэргийн үйлдлийн үед санаа сэтгэл нь цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. *** нь хэрэг хариуцах чадвартай тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэсэн дүгнэлт (2-р хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас)” зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон дээр дурдсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч *** нь шууд санаатай үйлдлээр, амь хохирогч ***тай маргалдан цээжин тус газарт нь хутгалж, улмаар цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг цоолж зүрх хатгасан шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдаж зүрх чихэлдэж нас барсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг шинжийг хангажээ.
Нөгөөтээгүүр шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой, амь хохирогчийг зэвсэг хэрэглэн алсан үйлдэл хангалттай тогтоогдсон, хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл нь тохирсон байх тул шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж Шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “***ийг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай” гэж үзсэн бөгөөд түүний дүгнэлт нь шүүхийн шийдвэртэй зөрүүгүй байсан тул Шүүх бүрэлдэхүүн тусгайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгчээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байгаа”, түүний өмгөөлөгчдөөс “...хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай” оролцсон болохыг тэмдэглэв.
1.3 Хохирол, хор уршиг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж тодорхойлсон.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал...шаардах эрхтэй” гэж хуульчилсан байна.
Тус гэмт хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***гээс шүүхийн шатанд баримтаар буяны зан үйлд “Дөл буян” ХХКомпанийн 4.800.000 төгрөгийн багц, буяны ажилд 1.048.680 төгрөг, сэтгэл санааны хохиролд 30.000.000 төгрөгийг нэхэмжилсэн.
Шүүхээс хохирогчийн гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ амь хохирогчийн оршуулгын зан үйл болон бусад зардалд 5.848.680 төгрөг /4.800.000+1.048.680/-ийг хохиролд тооцож /талууд харилцан зөвшөөрсөн/, шүүгдэгч ***ээс 2024 оны 01-р сарын 18-ны өдөр дансаар шилжүүлсэн 3.000.000 төгрөгийг хасаж, үлдэх 2.848.680 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, сэтгэл санааны хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Учир нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны хохирлыг тодорхойлохдоо “амь хохирогчийн асрамжид байсан 5 хүүхэд, эхнэр нь гэр оронгүй хамт амьдардаг, сэтгэл санааны хүнд байдалд байгаа, ажил хөдөлмөр хийж тэжээдэг байсан” гэх боловч сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хангалттай нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул шүүх өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, тодорхой тооцоолол хийх боломжгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисон болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 12 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...”,
Шүүгдэгчийн өмгөөлөгчид “....шүүгдэгч *** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдлын буюу жирэмсэн, 1 нас 05 сартай хүүхэдтэйг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж 08 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг танилцуулж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “...нялх хүүхэдтэй болохоор ялыг жаахан багасгаж өгөөч” гэх саналыг гаргав.
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хавтаст хэргийн 249 дүгээр хуудас)-аар *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдан зэвсэг хэрэглэн хүнийг алсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нэг хүний амь нас хохирсон, оршуулгын зардлаас зарим хэсгийг төлсөн), шүүгдэгчийн хувийн байдал (*** онд төрсөн, *** настай, жирэмсэн, бага насны хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн саналыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу тус шүүхийн шүүгчийн захирамж /1-р хавтаст хэргийн 92, 2-р хавтаст хэргийн 32-33, 53-54 дүгээр хуудас/-аар шүүгдэгч ***ийг 2023 оны 06-р сарын 23-ны өдрөөс 2023 оны 07-р сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 26 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй юм.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд нь тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангана гэж Шүүх бүрэлдэхүүн үзсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчдийн дүгнэлтийн “...08 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” хэсгийг хүлээн аваагүй болно.
Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, шүүгдэгч ***т урьд авсан “хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл түүнд “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авч, ***ийн *** /РД:***/-д асран хамгаалагч тогтоох, түүнтэй холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад үүрэг болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т арван нэгэн жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ийн баривчлагдсан, цагдан хоригдсон нийт хорин зургаан хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***ээс 2.848.680 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар ***ийн *** /РД:***/-д асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад үүрэг болгосугай.
7. Эрүүгийн *** дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***т урьд авсан “хязгаарлалт тогтоох; хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх хорих ялын хугацааг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБААБААТАР
ШҮҮГЧИД Л.БААТАР
С.СЭРЖМЯДАГ