Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2024/00053

 

“М” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/03462 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2024/00070 дугаар магадлалтай,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“С” ХХК-д холбогдох

Алданги 170,127,465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н-н хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК-аас хариуцагч “С” ХХК-д холбогдуулан алданги 170,127,465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/03462 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн хариуцагч “С” ХХК-нд холбогдуулан гаргасан алданги 170 127 465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,012,000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2024/00070 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/03462 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,012,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж заасны дагуу хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, үндэслэлгүй магадлал байна.

Тодруулбал, магадлалын Хянавал хэсгийн 4.6-д “Шүүх нэхэмжлэлийг 2023.05.23-ны өдөр хүлээн авч, улмаар 2023.05.30-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн атлаа 2023.10.31-ний өдөр буюу анхан шатны шүүх хуралдааны болсон өдөр эрх, үүрэг танилцуулсан баримтад гарын үсэг зуруулсан нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг хангалттай хугацааны өмнө тайлбарлаж, нотлох баримтаа бүрдүүлэх боломжоор хангасан гэж үзэхээргүй байна”, 5-т “Иймд шүүхээс хуульд заасан ажиллагаагаа бүрэн гүйцэт явуулж хэргийн оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлаагүй атлаа зохигчийг нотлох баримтаа ирүүлээгүй талаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нэг үндэслэлээ болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөвтгөх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн зүгээс түүнийг иргэний хэрэгт төлөөлөн оролцох итгэмжлэлийг А-д 2023.05.22-ны өдөр 01/156 дугаартайгаар, Б-д 2023.10.03-ны өдөр 01/288 дугаартайгаар тус тус олгосон бөгөөд 2023.10.03-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс гаргасан “...Өчигдөр хариуцагч тал шинээр нотлох баримт гарган өгсөн байна. Тиймээс хэргийн материалтай танилцах хүсэлтэй байна”, “...хэргийн материалтай танилцах шаардлагатай байгаа тул 2023.10.23-ны өдөр товлогдсон шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтүүдийн дагуу шүүх хуралдаан хойшлогдсон болно. Энэ нь хавтаст хэргийн 110, 112, 113 дэх талууд дахь баримтуудаар нотлогдож байгаа. 2023.10.03-ны өдрийн 183/ТМ2023/04831 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл дээрээс шүүгч нь хэргийн оролцогчдод эдлэх эрх, хүлээх үүргийг амаар тайлбарласан ба нэхэмжлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс эрх, үүргээ ойлгосон эсэхийг нь тодруулахад “Ойлгосон” гэх хариуг өгсөн болох нь нотлогдож байгаа. Улмаар 2023.10.31-ний өдрийн 183/ТМ2023/05601 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь хэрэгт оролцоход эдлэх эрх, хүлээх үүргээ ойлгосон, нэмэлтээр гаргаж өгөх нотлох баримт байгаагүй болох нь дахин нотлогдож байна.

Иймээс давж заалдах шатны шүүх нь Монгол улсын дээд шүүхийн 2002.07.24-ний өдрийн 263 дугаартай “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 14 дэх хэсэгт “...хэргийн оролцогчоос хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бүх нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдааны өмнө гаргах үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогч нь нотлох баримт бүрдүүлэх эрх, үүргийг нь шүүх тайлбарласаар байтал энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд давж заалдах болон хяналтын шатанд шинээр гаргасан нотлох баримт анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж ойлгож хэрэглэнэ” гэх хэргийн оролцогчдод эрх, үүрэг тайлбарлахтай холбоотой заалтын тайлбараас өөрөөр хуулийг тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн уг иргэний хэрэг нь 2023.05.30-ны өдөр үүссэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 -т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хэргийн материалтай танилцах, нотлох баримтаа бүрдүүлэх эрхэд хэн ч халдаагүй харин ч анхан шатны шүүхээс хэргийн материалтай танилцах, нотлох баримтаа бүрдүүлэх боломжоор хангаж, тэдэнд эдлэх эрх, хүлээх үүргийг нь сануулж, хэргийн материалтай танилцсан болно. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь нөлөөллийн болон эрх, үүрэг танилцуулсан тухай баримтуудад санаатайгаар гарын үсэг зурахгүй байсан бөгөөд шүүгчийн туслах болон нарийн бичгийн тус баримтууд дээр гарын үсгээ зур гэх шаардлагыг удаа дараа биелүүлээгүй мөн “машиндаа юмаа мартчихаж, буцаж орж ирээд зурна” гэх мэтээр худал хэлээд огт гарын үсэг зурахгүй байж байгаад 2023.10.31-ний өдрийн огноотойгоор сүүлд гарын үсгүүдээ нөхөн зурсан болно.

Иймээс давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэж заасан нөхцөл байдал үүсээгүй, анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжоор бүрэн хангасан байхад хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүх нь иргэний хэрэгт бүрэн бодитой үнэлэлт дүгнэлт өгч хэргийг тал бүрээс нь шийдвэрлээгүй, хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т “магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н-ийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.02.29-ний өдрийн 001/ШХТ2024/00261 дүгээр тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж  шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч “М” ХХК хариуцагч “С” ХХК-д холбогдуулан алданги 170,127,465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “...хариуцагчтай 2020.03.09-ний өдөр Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх ... тоот гэрээ байгуулж, гүйцэтгэгч тал нь Ө-д өрөмдлөгийн ажил гүйцэтгэхээр, 2022.01.18-ны өдөр ... өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгэхээр MS22/01 тоот Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. Дээрх гэрээний дагуу гүйцэтгэгч тал болох “М” ХХК нь гэрээгээр тохиролцсон ажлыг тухай бүр захиалагчийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэсэн боловч захиалагч нь төлбөр төлөх хугацааг олон хоногоор хожимдуулж манай байгууллагад ихээхэн хохирол учруулсан. Талуудын байгуулсан гэрээний 7.10-т заасны дагуу захиалагч тал нь гүйцэтгэлийн төлбөрийг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.1 хувиар алданги төлөхөөр тохирсон бөгөөд “С” ХХК нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй удаа дараа хожимдуулснаас бидний хувьд ихээхэн хохирол үүссэн боловч бодит хохирол бус зөвхөн алдангийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд “С” ХХК-аас гэрээний алданги болох 170,127,465 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тайлбарласан,

Хариуцагч тайлбартаа: “...Талуудын хооронд 2020.03.09, 2022.01.18-ны өдөр тус тус өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ болон нэмэлт гэрээ байгуулагдсан талаар маргахгүй. Уг гэрээний төлбөр тооцоо бүгд хийгдэж дууссан, талууд тооцоо нийлэх акт үйлдсэн. Мөн ковид цар тахалтай холбоотойгоор хугацаа хойшилсон талаар хэн аль нь мэдэж байгаа, нийтэд илэрхий үйл баримт юм. Талууд тооцоо нийлээд дууссан буюу 2022 онд нэхэмжлэгчээс төлбөрийн баталгаа өгсөн, үүнд төлбөрийн үлдэгдэл байхгүй гэсэн байдаг. Гэтэл одоо алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд үндсэн төлбөрийг бүрэн төлж дуусгасан тул алданги гэж нэхэмжилсэн 170,127,465 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...зохигчийн хооронд 2020.03.09, 2022.01.18-ны өдөр тус тус Өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу нэхэмжлэгч нь ажлыг гүйцэтгэсэн болон хариуцагч төлбөрийг бүрэн төлж дуусгасан үйл баримтын талаар зохигч маргаагүй,  харин төлбөрийг хугацаандаа төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээний 7.10-т зааснаар алданги нэхэмжилсэн боловч нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг хэрхэн хэтрүүлсэн болохыг баримтаар нотлоогүй, мөн тооцооны үлдэгдлийн баталгаа, хэрэгт авагдсан баримтаар үүрэг дуусгавар болсон, өглөг байхгүй гэсэн байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардсан нь үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийсэн бол,

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаад: “...анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг 2023.10.31-ний өдөр буюу анхан шатны шүүх хуралдаан болсон өдөр танилцуулсан нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, зохигчид эрх үүрэг тайлбарласан тухай баримтаар нотлогдож байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар ...хэрэг үүсгэсэн шүүгч зохигчид эрх, үүргийг нь тайлбарлах хуульд заасан тодорхой ажиллагаануудыг явуулах ёстой ...атлаа шүүх хуралдаан болсон өдөр эрх, үүргийг танилцуулсан баримтад гарын үсэг зуруулсан нь хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг хангалттай хугацааны өмнө тайлбарлаж, нотлох баримтаа бүрдүүлэх боломжоор хангасан гэж үзэхээргүй байна.

Иймд ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нэг үндэслэлээ зохигчийг нотлох баримтаа ирүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөх боломжгүй, дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, маргааны талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй...” гэсэн дүгнэлт хийснээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

9. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцээгүй байна. 

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэл болгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т   хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгоно гэж, 167 дугаар зүйлийн 167.1.5-д энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана гэж тус тус зохицуулсан.

Хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн эрх зөрчигдсөн, ийнхүү зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр байвал түүнийг ноцтой зөрчил гэж үзэж давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

11. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч “М” ХХК 2023.05.22-ны өдөр буюу шүүхэд нэхэмжлэл гаргахдаа А-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс түүнд хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулж, тайлбарлаж өгсөн, харин 2023.10.03-ны өдөр Б-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэмж оролцуулааар итгэмжлэл олгосон байна.

12. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Б 2023.10.03-ны өдрийн шүүх хуралдаанд: “...хариуцагчийн гаргаж өгсөн 78 хуудас материалтай танилцах болон тулгалт хийх, хэргийн материалтай танилцах шаардлагатай үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах...” тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хуралдааныг 2023.10.31-ний өдрийг хүртэл 28 хоногийн хугацаагаар хойшлуулжээ. /хх-110-113/

Анхан шатны шүүх 2023.10.03-ны өдрийн шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө шүүх хуралдаанд оролцогчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлүүдэд заасан заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарлаж өгсөн, улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б тус өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон үндэслэлээр хэргийн материалтай танилцах, хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан, шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд бэлтгэх, мэтгэлцэх, хариу тайлбар, нотлох баримт гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлэх боломж олгож, шүүх хуралдааныг хойшлуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна./хх-112/

13. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн эрх, үүргийг 2023.10.03-ны өдөр танилцуулснаар тэдэнд 2023.10.31-ний өдрийн шүүх хуралдаанд бэлтгэх, нотлох баримт гаргах, мэтгэлцэх зэрэг хуулиар олгогдсон эрхээ эдэлж, үүргээ хэрэгжүүлэх боломж олгосон байх тул тэдгээрийн эрхийг хязгаарласан, зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгохдоо: “...шүүх хэрэг хянан шийдвэрлэх өдөр буюу 2023.10.31-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулсан нь тэднийг шүүх хуралдаанд бэлтгэх, нотлох баримт бүрдүүлэх, мэтгэлцэх хангалттай хугацаа олгоогүй, эрхийг нь ноцтой зөрчсөн...” гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан баримтад нийцээгүй, шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн, анхан шатны шүүх эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй талаар ямар нэг гомдол гаргаагүй байна.

14. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хуульд зааснаар эрх, үүргийг танилцуулж, тайлбарласан, хэргийн материалтай танилцуулсан нь дээр дурдсан баримтаар нотлогдож байх бөгөөд харин энэ ажиллагааг гүйцэтгэсэн тухайгаа хожим баримтжуулсан зөрчил гаргажээ.

Дээрх зөрчлийг шүүхийн шийдвэрт нөлөөлөх ноцтой зөрчил гэж үзэхгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтад нийцээгүй гэж үзнэ. 

15. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлтэй, харин давж заалдах шатны шүүх зохигчийн маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийг шийдвэрлээгүй тул хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Иймд магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2024/00070 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н-н гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “С” ХХК-аас 2024.02.06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,008,587.32 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Д.ЦОЛМОН

                                                                                                    Х.ЭРДЭНЭСУВД