Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 209

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч А.Сайнбаяр,

           шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа ҮД:04-75,

шүүгдэгч Б.Хишигсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хархорин хотод 1979 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хэрэг үйлдэх  үедээ хувиараа мужааны цехэд ажилдаг,  ам бүл-5,  эхнэр 01 сар-16 насны  3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо,  Монелийн 33-р гудамжны 20 /а/ тоотод оршин суух хаягтай , улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа  бүрэн Сүмбэр овогт Базарваанийн Гомбосүрэнд /РД:ЙР79011976/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 0714 дугаартай 105/2017/0210/Э индекстэй хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ

Шүүгдэгч Б.Гомбосүрэн  нь 2017 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Z” караокед иргэн Ч.Эрдэнэсүхийг үл ялих зүйлээр шалтаглан цохиж биед хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гомбосүрэн мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн  мэдүүлэг дээр нэмж хасах зүйл байхгүй, Хэргийн талаар дахин ярихгүй гэв.

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтанд хохирогч Ч.Эрдэнэсүхийн:…Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “Зэ” караокед зөөгч ажилладаг. 2017 оны 02 дугаар сарын 05-ны орой 21 цаг өнгөрч байхад 10-иад залуучууд  манай караокед үйлчлүүлэхээр  орж ирсэн. Тэд нар үйлчлүүлээд  шөнө 01 цаг 15 минутын орчим гарцгаасан ба гарахдаа үүдэнд хоорондоо маргалдаад зодолдсон. Би зодолдохоор нь очиж салгаад больцгоо гэсэн чинь богино улаан хүрэн куртиктэй 30 гаран насны залуу намайг шууд хамар луу 1 удаа цохиод авсан. Намайг цохингуут би зуурч аваад цагдаа дуудаарай гэж хашгирсан.. гэх мэдүүлэг / хх-ийн 9-р тал/

 Мөрдөн байцаалтанд гэрч А.Гэрэлчимэгийн: ..Тэгэхэд 21 цагийн орчим 10-аад залуучууд манайхаар үйлчлүүлэхээр орж ирсэн. Тэдгээр залуучууд 4 номерийн өрөөнд орцгоосон бөгөөд шөнө 01 цагийн орчим гарцгаасан. Тооцоо нь 227.000 төгрөг гарсан шиг санагдаж байна. Гарахдаа цуваад гарсан бөгөөд дарга нь эхлээд гарсан. Сүүлд нь 3,4 залуучууд нь гарах гээд коридорт явж байтал жижиг биетэй шар куртиктэй залуу зодоон болох гээд байна уу үгүй юу гээд хашгиртал улаан куртиктэй залуу хар куртиктэй залуутай хоорондоо заамдалцаад авсан. Тэгэхээр нь Эрдэнэсүх очоод улаан куртиктэйг салгах гээд очтол нөгөө залуучууд нь тойрч зогсчихоод ойртуулаагүй. Тэгтэл улаан куртиктэй залуу эргэж хараад шууд Эрдэнэсүхийн нүүр лүү 1 удаа гараараа хүчтэй цохисон. Эрдэнэсүх нүүрээ дараад доошоо суугаад цагдаа дуудаарай битгий гаргаарай, хамар хугарчихлаа гээд хувцаснаас нь зуурсан чинь үснээс нь зулгаагаад доошоо дарсан... гэх мэдүүлэг. / хх-ийн  21-22-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч А.Отгончимэгийн:..намайг бие засах өрөөнөөс гарч ирэхэд зөөгч Эрдэнэсүх хамраа цохиулчихсан, хамраас нь цус гарч байсан..Эрдэнэсүх өөрөө улаан куртиктэй залууг нь барьчихаад гаргахгүй гээд зуураад байсан чинь нөгөө залуу Эрдэнэсүхийг зөрүүлээд үсдээд доош дарсан.гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч Н.Лхагвабаатарын:..Ингээд шөнө 01 цагийн орчим гарахаар болоод караокены коридорт нь 2 биенээрээ тоглоом наргиа хийж байгаад хоорондоо муудалцаад хоорондоо зууралцаад авсан.Тэгтэл Гомбосүрэн ах гаднаас орж ирээд бид 2-ыг салгаад барьж байсан савтай усаараа боль гээд толгой руу цохисон. Тэгтэл зөөгч залуу ирээд Гомбосүрэн ахыг зодоон хийж байна гэж ойлгоод салгах гээд араас нь татсан чинь Гомбосүрэн ах эргэж хараад нүүр лүү нь цохиод авсан. Нөгөө залуу нь хамраа дараад доошоо суусан…гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/

Мөрдөн байцаалтанд гэрч С.Чойжалын:..Лхагвабаатар, Мяасүрэн нар хоорондоо муудалцсан. Тэгсэн чинь гаднаас Гомбосүрэн ах орж ирээд тэр хоёрыг зодолдож байна гэж буруугаар ойлгоод Лхагвабаатарын толгой руу барьж байсан савтай усаараа цохиод салгах гэсэн чинь караокены зөөгч залуу зодоон хийж байна гээд буруу ойлгоод Гомбосүрэн ахын араас нь татсан чинь Гомбосүрэн ах эргэж хараад нүүр лүү нь цохиод авсан. Нөгөө залуу нь хамраа дараад доошоо суусан..гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/

-Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Шүүх эмнэлгийн  ¹2490 тоот  дүгнэлтэнд :

           1.Эрдэнэсүхийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Г.Энхбаатар гэсэн дүгнэлт /хх-ийн 12-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас  дүгнэхэд  Б.Гомбосүрэн нь  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  олон нийтийн  газар  хохирогч Ч.Эрдэнэсүхийг эрх чөлөөнд халдан  биед нь  гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан байна. Уг гэмт хэрэг нь танхайн сэдэлттэй байна.

Иймд  Б.Гомбосүрэн  нь 2017 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Z” караокед иргэн Ч.Эрдэнэсүхийг үл ялих зүйлээр шалтаглан цохиж биед хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь талуудын хүсэлтээр  шинжлэн  судалсан  хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Б.Гомбосүрэнг  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Гомбосүрэн нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /хх-н 59-р тал/

Хохирогч Б.Гомбосүрэн нь өөрт учирсан хохиролд 1.500.000 төгрөгийг хүлээн авсан шүүх хуралд суухгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон тул     одоогоор төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-н 113-р тал/

Шүүгдэгч Б.Гомбосүрэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55 дугаар зүйлийн 55.1.9-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэж түүнд оногдуулсан  хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Сүмбэр овогт Базарваанийн Гомбосүрэнг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хохирогчийн биед  гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар Базарваанийн Гомбосүрэнг 3  /гурван/ жил  1  /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Б.Гомбосүрэнд оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Б.Гомбосүрэн нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар Б.Гомбосүрэнд оногдуулсан 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Гомбосүрэнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш   14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Гомбосүрэнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ч.АЛТАНЦЭЦЭГ