Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 34

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Б-д холбогдох, 2035000230058 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нар оролцов.

Монгол улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 28-нд Увс аймгийн Т суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Увс аймгийн Т сумын .. дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Д-ийн Б /РД:.../.

Шүүгдэгч Д.Б нь Увс аймгийн Т сумын.. дугаар багийн нутгаас 2019 оны 9 дүгээр сарын 02-наас 03-нд шилжих шөнө хохирогч Ш.Д-гийн 13 тооны бог мал, хохирогч Г.Б-гийн 12 тооны бог мал нийт 25 тооны бог мал буюу олон тооны бог мал хулгайлж, нийт 1.915.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Д-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан бусдын олон тооны мал хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Б-д 2 /хоёр/  жил 3 /гурав/ сар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Д.Б  энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Д.Б давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие бусдын олон тооны мал буюу нутгийн таньдаг хүмүүсийн 25 бог мал хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Би энэ тухай анх ял сонсгож байхад үнэнээ хүлээж мэдүүлсэн. Цаашид хулгайн хэрэгт холбогдохгүй гэдгээ илэрхийлж байна. Д.Б би мал маллаж олон нялх хүүдүүдээ тэжээдэг. Одоо эхнэр маань нялх биетэй, бага насны олон хүүхэдтэй хэцүү байдалтай байгаа. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг багасгаж 1 жил болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав  давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Бд оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг хөнгөрүүлэх хэд хэдэн үндэслэл байгааг анхаарч үзнэ үү.

1. Б хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар мөрдөн байцаалтанд 2019 оны 9 дүгээр сарын эхээр өөрийн алга болсон нэг гүү хайж 2-З танихгүй айлаар орж архи уусан. Сүүлийн айлаасаа гараад гэр лүү явж байх замд хохирогч Ш.Дгийн  мал нь гэрээсээ нилээн хол байхаар нь хэсэг мал туугаад гэрийн гадна байсан өөрийн малд нийлүүлсэн. .. гэж мэдүүлж гэм буруугаа хүлээсэн.

2. Хохирогч нарт мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.000.000 төгрөгийг төлж барагдуулж, гэмт хэргийн хохирол, хор уршигаа арилгасан.

3. Миний үйлчлүүлэгч  бусдын 25 тооны бог мал буюу олон тооны бог мал хулгайлсан үйлдлээ хүлээж, гэм буруутайдаа гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гомдол давж заалдах шатны шүүхэд гаргасан юм.

Д.Б урьд нь ямар нэгэн байдлаар эрүү болон зөрчлийн хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон, 03 сараас 12

насны, насанд хүрээгүй нялх 4 хүүхэдтэй,  эхнэр нь ганцаараа малаа маллаж өрх толгойлон амьдралаа авч явах нөхцөл байдал үүсээд байна.

Иймээс Д.Б-ын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, бага насны хүүхэдтэй эхнэр нь ганцаараа үлдэж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг багасгаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хорих ялыг 1 жил болгож хөнгөрүүлж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 88 дугаар  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Бд холбогдох 2035000230058 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 02-наас 03-нд шилжих шөнө Увс аймгийн Тэс сумын 3 дугаар багийн нутагт оршин суух Ш.Дгийн малын хотноос Ш.Дгийн өмчлөлийн 13 тооны бог мал, хохирогч Г.Бгийн өмчлөлийн 12 тооны бог мал, нийт 25 тооны бог мал буюу олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь  тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хэргийн үйл баримтыг нотлож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Бын гэм бурууг хянан хэлэлцэж, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжид түүний үйлдэл хамаарч буйг тодорхойлж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нар нь “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Д.Бд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх” агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан. Энэхүү зохицуулалт нь агуулга, онолын үзэл баримтлалын хувьд анхан шатны шүүхээр гэм буруугийн асуудал хэлэлцэгдэх болон түүний өмнөх шатанд хэрэгждэг заалт төдийгүй шүүгдэгчид ял оногдуулахдаа заавал хэрэглэгдэхээр шүүхэд үүрэг болгосон заалт биш юм.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б “Би бусдын малыг хулгайлаагүй, манай малд хохирогч нарын мал бэлчээр дээрээс нийлсэн“ гэж гэм буруугийн талаар маргаж, гэм буруугаа хүлээгээгүй байх бөгөөд анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэлийг оногдуулсан байна.

Түүнчилэн анхан шатны шүүхээс  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр жил гурван сар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс ял хөнгөрүүлэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч  Д.Бын  анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2020 оны 5 дугаар сарын 19-ны өдрөөс 2020 оны 07 дугаар  сарын 9-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 50 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан  тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч  Д.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдсан гомдлуудыг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Д.Б-ын 2020 оны 5 дугаар сарын 19-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 9-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 50 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан  тооцсугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                   Л.АЛТАН

 

                                                                Н.МӨНХЖАРГАЛ