Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 111/ШШ2018/0021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Дагвадорж,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгох, өмнө эрхэлж байсан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, түүнд холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны хурлын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоол нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Дагвадорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баясгалангомбо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Дагвадорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сэр-Одын Дагвадорж нь сургуулиа төгссөний дараа Баянхонгор аймгийн Богд суманд багшилж байгаад Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 1990 онд биеийн тамирын багшаар шилжин ажилласан.

Дараа нь тус сумын сургуулийн захирлаар 1996-2004 он хүртэл ажиллаж байгаад 2004-2008 онд тус сумын Засаг даргаар дөрвөн жил ажилласан. Сонгуулийн үр дүнгээр огцорсны дараа 2009- 2015 он хүртэл тус сумын "Цогц эрдэм" бүрэн дунд сургуулийн насан туршийн боловсролын менежерээр ажиллаж байгаад 2015 оны 11 сарын 16-ны өдрөөс тус сургуулийн захирлын сонгон шалгаруулалтанд орж тэнцэн, захирлаар ажиллаж байсан болно.

Миний өмнө ажиллаж байсан захирал Д.Батсүх нь ар гэрийн шаардлагаар шилжин тус сургуулийн захирлын орон тоо гарч тус орон тоонд сонгон шалгаруулалт зарласан тул би тус сонгон шалгаруулалтад орсон зургаан хүний дундаас хамгийн өндөр оноо авч захирлаар томилогдсон. Захирлын ажилд томилогдсноос хойш хоёр жил ажиллах хугацаандаа тус сургуулийн хэвийн ажиллах нөхцөл бололцоог хангаж, мэргэжилтэй багшлах боловсон хүчнээр бүрэн хангасан, багш нарын 70 хувь нь мэргэжлийн зэрэгтэй багш нар болсон, 2016 онд элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор сурагчид 2016 онд 11 дүгээр байранд орж байсан бол 2017 онд Баянхонгор аймагт 1 -р байранд шалгарсан.

Урлаг спортын хувьд манай сургуулийн багш, сурагчид аймагт эхний таван байранд байнга амжилттай, хэвиин үил ажиллагаатай ажиллаж байсан нь миний ажил доголдоогүйг илтгэнэ.

Би 2017 онд 320 хүүхдийн хичээлийн байрыг их засварт оруулж багш сурагчид, ажиллагсадын тав тухтай байх орчинг бүрдүүлсэн. 2017 оны 08 сарын 04-07-ны хооронд сургуулийн түүхт 90 жилийн ойг тэмдэглэж,энэ ойн хүрээнд 210 сая төгрөгний хөрөнгө оруулалтыг татаж, сургуулийн материаллаг баазыг бэхжүүлсэн ч намайг ажлаас чөлөөллөө.

Намайг нийтдээ Эрдэнэцогт сумаас аймагт найман удаа дуудаж би долоон удаа ирж дээрх шахалтанд орсон.

Хууль бус актын талаар:

1.Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 01 сарын 04-ний өдрийн Б/16 дугаар захирлын ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгох үндэслэлийн талаар: Сумын засаг дарга намайг 2018 оны 01 сарын 05-ны өдөр 17 цаг 30 минутанд дуудаад "Аймгийн засаг дарга таныг ажлаас чөлөөлсөн, оронд нь томилогдсон захирал Ш.Гэрэлмаа энд ирсэн байна, одоо ажил хүлээлц" гэсэн шаардлага тавьсан.

Тэгэхэд нь би "намайг ажлаас чөлөөлсөн захирамж миний гар дээр ирээгүй, өнөөдөр ажлын цаг дуусчамралтын өдөр эхэлж байгаа тул ажлаа хүлээлцэх боломжгүй" гэж хэлээд татгалзсан. 2018 оны 01 сарын 08-ны өглөө 10 цагт тамгын газар дээр шуурхай зөвлөгөөнтэй гэж дуудаад, очиход захирамжийн канондсон хувийг надад өгч шинээр тоимлогдсон Ш.Гэрэлмааг "шинээр томилогдож байгаа захирал" гэж танилцуулаад захирлын ажлыг хүлээлцэнэ гэсэн. Тэгээд 12 цагт захирлын ажлыг хүлээлцүүлсэн.

Энэ захирамжийг гаргахдаа надад албан ёсоор урьдчилж мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгээгүй албан ёсоор тайлбар аваагүй.

Гэнэт ажлаас чөлөөлөх захирамж гарсан байсан. Захирамжийн үндэслэлээ Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 30.1.17, Төрийн албаны тухай хуулийн 23.1.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг үндэслэн ажлаас чөлөөлжээ. Энэ захирамжийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Энэ захирамж илт хууль бус актыг үндэслэн гарсан, төрийн жинхэнэ албан хаагчийн баримтлах заалтыг удирдлагаа болгосон, надад сонсох ажиллагаа хийж урьдчилан мэдэгдээгүй, улс төрийн зорилгоо, зориудаар намайг ажлаас чөлөөлөх гэж миний хөдөлмөрлөх эрхэд халдсан, хөдөлмөрийн хуулийн аль нэг зүйл заалтыг бариагүй хууль бус захирамж болсон.

Боловсролын газартай яаж зөвшилцсөн, миний хөдөлмөрийн гаргасан үр дүнг, хөдөлмөрийн гэрээг ямар үндэслэлээр зөрчсөн гэж чөлөөлсөн нь тодорхойгүй байтлаа хөдөлмөрийн гэрээг цуцалсан учраас дээрхи захирамжийг хүлээн зөвшөөрөөгүй болно.

Дээрхи хууль бус актын улмаас миний хөдөлмөрлөх эрх, төрөөс цалин хөлс авах эрх зөрчигдөж байгаа тул Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 01 сарын 04-ний өдрийн Б/16 дугаар захирлын ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгох, өмнө эрхэлж байсан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын сургуулийн захирлын ажилд буцаан тогтоолгох, хууль бус актын улмаас учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, түүнд холбогдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С.Дагвадорж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны хурлын 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоол хууль бус болох талаар:

Баянхонгор аймгийн тамгын газрын дарга Ц.Дашцэрэн 2017 оны 9 сарын сүүлээр намайг дуудаж Та улс төр мэддэг хүний хувьд захирлын ажлаа өг, таныг бид нар хохироохгүй, соёл хүмүүжлийн менежер гэдэг ажилд тавина, таныг хохироохгүй, таны оронд Ш.Гэрэлмаа гэдэг хүнийг томилох гэж байгаа" гэж хэлсэн. Энэ асуудлыг би хүлээн зөвшөөрөөгүй. Үүний дараа Баянхонгор аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын дарга М.Мөнхбат, аймгийн Засаг дарга Г.Батжаргал нар удаа дараа дуудаж Та улс төр мэддэг хүн байна, ажлаа өг, таныг хохироохгүй" гэж хэлэхэд нь би мөн зөвшөөрөөгүй байсан юм.

Гэтэл Дотоод аудит 2017 оны 10 сарын 19-ний өдөр Баянхонгор аймгаас хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Г.Төртогтох, нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Баясгалангомбо, санхүүгийн хяналт аудитын албаны дарга Б.Нармандах, нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн н.Чулуунцэцэг нар "иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу шалгалт хийж байна" гэсэн нэрээр
сургууль дээр шалгалт хийсэн. Тэгэхдээ дөрвөн хүний өргөдөл ирсэн гэж хэлсэн боловч өргөдлийг надад үзүүлээгүй. Анх ирэхдээ тамгын газрын дарга Ц.Дашцэрэнгийн удирдамжийн дагуу иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу шалгалт хийж байна гэсэн боловч надад удирдамжаа өгөөгүй.

Тэгээд сургуулийн бичиг баримтыг бүгдийг авч үзсэн. Улмаар 2017 оны 11 сарын 20-ны өдөр шалгалтын дүнгийн талаар танилцуулахдаа анх ирсэн хүмүүс бүгд очоод өргөдлийн талаар шалгалаа гээд дүнг танилцуулаад энэ дүнгээ дотоод аудитын хурлаар оруулна гэж хэлээд явсан.

Дараа нь намайг 2017 оны 12 сарын эхээр аймагт дуудаж Баянхонгор аймгийн Засаг даргын дотоод аудитын хорооны хурлаар өрөөнд оруулж гарсан зөрчил дутагдал гэх зүйлээ танилцуулж аймгийн Засаг даргад хариуцлага тооцохоор тогтоолд зааж байна" гэж хэлсэн. Бичгээр надад ямар нэгэн тогтоол өгөөгүй.

Улмаар 2017 оны 12 сарын 27-ны өдрийн огноотой 31 гэсэн дугаартай хурлын тогтоол гэх бичиг гарсан байсныг намайг ажлаас чөлөөлсөн захирамж гарсны дараа би өөрөө санхүүгийн аудитын албан дээр 2018 оны 01 сарын 12-ны үед очиж хуулбарлаж авсан. Ингэснээр энэ тогтоол гарсныг мэдсэн. Харин надад тус тогтоолыг Дотоод аудитын хорооноос одоог хүртэл албан ёсоор
гардуулж өгөөгүй байгаа, би канондсон хувиа хавсаргаж сангийн сайдад хандсан.

Дээрхи тогтоол нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, хөдөлмөрийн хуулийн сахилгын шийтгэл авах арга хэмжээг заасан, зориудаар намайг ажлаас чөлөөлөхийн тулд очиж шалгалт хийн уг тогтоолыг гаргасан гэж үзэж байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд "Зөрчил гарсан гэж үзэж түүнийгээ батлах зорилгоор хийсэн хяналт шалгалт хүчингүй" байдаг гэж зохицуулсан байдаг. Баянхонгор аймгийн дотоод аудитын хороо нь улс төрийн зорилгоор намайг ажлаас чөлөөлөх гэжзориудаар шалгалт хийсэн, уг шалгалтын дүнг үндэслэж намайг ажлаас чөлөөлсөн Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 01сарын 04-ний өдрийн Б/16 дугаар захирамж гарсан.

Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, Засаг дарга, түүний харьяа хяналт шалгалтын албууд нь зөвхөн намайг ажлаас чөлөөлөхийн тулд ажлын хэсэг гаргаж намайг ажлаас чөлөөлөхийн тулд төрөөс зардал мөнгө гарган очиж, намайг ажлаас чөлөөлөхийн тулд бүхэл бүтэн ажлын хэсэг, баг очиж ажиллаж байж ажлаас чөлөөлөх захирамж гаргасан нь миний хөдөлмөрлөх эрх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг зөрчсөн. Мөн тус хорооны тогтоолыг
гаргахдаа ямар нэгэн сонсох ажиллагаа хийгээгүй. Урьдчилж мэдэгдээгүй.

Дотоод аудитын хорооны тогтоол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэхь "сахилгын шийтгэл ногдуулах тухай", "Төсвийн түхай хуулийн 70.1 энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ", дотоод аудитын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан заалтуудыг тус тус үндэслэнгаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа юм.Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

Иймд: Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны хурлын 2017оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 31 дугаар тогтоол нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа урьд эрхэлж байсан албан тушаалын цалингийн зөрүү нэг сарын 23,000 төгрөг гаргуулах гэж тодруулж байна, мөн энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагаас татгалзаж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэхСанхүүгийн хяналт, аудитын алба, хорооноос Эрдэнэцогт сумын сургуульд 2017 онд шалгалт хийгээд С.Дагвадоржийг санхүүгийн зөрчил гаргасан тухай дүгнэлт хийсэн байдаг. Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны хурлын тогтоол хууль зүйн үндэслэлтэй юу гэдэг дээр бол Дотоод аудитын дүрмийн 2.1-т орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд гол зорилго байхад тухайн хорооноос явуулж байга үйл ажиллагаа бол хүмүүст арга хэмжээ авах юм байна. Дэмжлэг үзүүлэх, арга хэмжээ авах сайжруулах үйл ажиллагаа хийгдэггүй юм байна. Тухайн хорооны хурлын тогтоол нь хэд хэдэн хууль зөрчсөн үндэслэлийг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т сахилгын шийтгэл ногдуулах тухай үндэслэл байсан нь Засаг даргын эрх хэмжээний асуудал. Төсвийн тухай хуулийн 70 дүгээр зүйлийн 70.1-д Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны хурлын тогтоол шийдээд байна. Дотоод аудитын дүрмийн 7.1. Дотоод аудитын нэгж нь тухайн жилийн болон дунд хугацааны төлөвлөгөөтэй байх бөгөөд төлөвлөгөөг төсвийн ерөнхийлөн захирагч батална. Ямар төлөвлөгөөний дагуу яагаад арга хэмжээ аваад байгаа агуулга нь тодорхой харагдаад байна. Дээрээс нь хяналт шалгалтын дүнгээр Үлгэрчилсэн дүрмийн 1.4-г зөрчсөн гэж үзвэл Үлгэрчилсэн дүрмийн 5.1-д заасан хариуцлагыг сум дүүргийн Засаг дарга, Шүүгч, Боловсролын хяналтын улсын байцаагч гээд 3 субъект хүлээлгэнэ гээд заачихсан байгаа. Боловсролын хуулийг зөрчөөд Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны хурал шууд С.Дагвадоржид сахилгын зөрчил хүлээлгэсэн харагдаад байна. Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны хурлын тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасныг зөрчсөн илт хууль бус гэж үзэж байгаа.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/16 дугаар захирамж нь өөрөө хууль зөрчөөд гарчихсан байдаг. Боловсролын газрын ажилтан бол үйлчилгээний албан хаагч байдаг. Үйлчилгээний албан хаагч болохын хувьд хөдөлмөрийн тухай хуулийн дагуу зохицуулах ёстой. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг барьсан хэдий ч гол хөдөлмөрийн тухай хуулийн ямар ч зүйл заалтыг бариагүй, ямар актаар чөлөөлж байгаа эсэх нь тодорхой биш байна. Төрийн албаны тухай хуулийн 23.1.1-д заасан төрийн жинхэнэ албан хаагч гэдэгт төрийн захиргааны албан хаагч, төрийн тусгай албан хаагч нар ордог, тэгтэл төрийн үйлчилгээний албан хаагчийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэж албан тушаалаас нь буруулсан шинжтэй харагддаг. Мөн ажлын байрны тодорхойлолтонд заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэл нь үндэслэх ёсгүй хуулиудыг барьж шийдвэр гаргасан байдаг. С.Дагвадоржийг ажлаас чөлөөлөх процессийн үйл ажиллагаа нэг талыг барьсан хүчилсэн шинжтэй харагдаж байгаа. Аливаа захиргааны акт гаргахдаа эхлээд нөхцөл байдлыг тодорхойлно, өөрөөс нь тайлбар авна, сонсох ажиллагаа явуулна, бичгээр мэдэгдэл хүргүүлнэ, сонсох, сонгох боломжийг нь бүрдүүлнэ, хувийн хэрэг нээнэ, нотлох баримт цуглуулна, оролцогчийг сонгож тайлбар авна, ач холбогдол бүхий мэдээлэл цуглуулах, гэрч, гуравдагч этгээдээс мэдүүлэг, тайлбар авах зэрэг процессийн шинжтэй нөхцөл байдал огт явагдаагүй. Зүгээр л утсаар ярьсан шинжтэй зүйлийг өөрсдөө бүрдүүлээд өгсөн, сонсох ажиллагаа танилцсан гарын үсэг зуруулаагүй, захиргааны ерөнхий хуулийн 27.2-т зааснаар сонсох ажиллагаа огт хийгдээгүй, 25.3-т зааснаар бичгээр мэдэгдэл хүргүүлээгүй процессийн үйл ажиллагаа явуулаагүй. Тухай захиргааны актад сонсох ажиллагаа хийхгүй байх нөхцөл байдал тогтоогдоогүй байдаг. Мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасан хувийн хэрэг, дагалдах акт гэж огт байдаггүй. Засаг даргын захирамжинд барьсанСанхүүгийн хяналт, аудитын алба, хорооны хурлын 34-р тогтоолыг барьсан үүнийгээ техникийн алдаа гэж тайлбарлаад байна. Өөр хүний тогтоолыг барьж захирамж гаргасан нь хууль бус гэж үзэж байна. Сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөхдөө хэд хэдэн удаа дуудан улсын төрийн шинжтэй ажлаа өг гэж Засаг дарга болон тамгын газрын дарга нь амаар болон үйлдлээр шахалт дарамт үзүүлсэн гэдгийг С.Дагвадорж өөрөө хэлдэг. Үүний цаана улс төрийн зорилготой Ш.Гэрэлмаа гэж хүнийг ажлын байраар хангаж Эрдэнэцогт сумын сургуулийн удидлагыг намын харъяалалтай хүнийг томилсон байна. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баясгалангомбо шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч С.Дагвадорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны хурлын 2017 оны 12 сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг илт хууль бус тул хүчингүй болгох, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 01 сарын 04-ний өдрийн Б/16 дугаар захирлын ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгох, Эрдэнэцогт сумын сургуулийн захирлын ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын төлөлт, түүний бичилтийг нөхөж хийлгэх зэрэг шаардлага гаргажээ. Аймгийн Засаг дарга Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 30.1.17- д зааснаар хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд С.Дагвадоржтой албан тушаал бууруулж ажиллуулахаар, мөн Боловсрол соёл урлагийн газрын даргатай зөвшилцсөн

3ахирамжийн үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 Албан тушаал ажлын байрны зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдгийг:

а/Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цогц эрдэм" сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Дагвадорж нь аймгийн Засаг дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн даргад албан ёсоор мэдэгдэж чөлөө, амрах зөвшөөрөл аваагүй бөгөөд энэ нь аймгийн Засаг даргатай 2017 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.12. Ажлын өдөр хүндэтгэн үзэх шалтгаан гарсан тохиолдолд аймгийн Засаг дарга, бодлогын хэлтсийн даргад албан ёсоор мэдэгдэж байх, /мэдэгдээгүй тохиолдолд ажил тасалсанд тооцно/- гэсэн заалтыг зөрчин ажил тасалсан, байгууллагын жилийн ажлын төлөвлөгөө түүний биелэлтийг тооцон дүгнээгүй, мөн гэрээний 8.4. ажил, албан тушаалтай холбогдох эрх зүйн актуудыг судалж, мөрдөх гэсэн заалтыг биелүүлж ажиллаагүй бөгөөд Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Засгийн газрын тогтоолоор баталсан үндэсний болон дэд хөтөлбөрүүд, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, Засаг даргын захирамжийн холбогдох заалтыг хяналтад авч хэрэгжүүлээгүй, хяналт тавиагүй, дотуур байрны сурагчдын эцэг эх асран хамгаалагч нартай байгуулсан гэрээнд нэг хүүхдээс 10.000 төгрөгний хураамж авахаар тусгаж, хураан авсан нь Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7 буюу суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно, 48 дугаар зүйлийн 48.2.6 суралцагчийн бие мах бодид халдсан, сэтгэл санааны дарамт үзүүлсэн, мөнгө өгөх, ном, бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгасан, тэдний хувийн нууцыг задруулсан, хуульд заагаагүй төлбөр, хураамж авсан нь баримтаар тогтоогдсон багш, ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний тегрөгөөр, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох; гэсэн заалтыг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээний 10.5. Эцэг эхээс мөнгө эд хөрөнгө авсан, зээлсэн зэрэг нөхцөл байдал нь тухайн иргэдээс ирүүлсэн бичиг гомдлын дагуу шалгахад нотлогдсон бол хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл үндэслэлтэй гэж үзэж байна.

Сургуулийн захирал С.Дагвадорж Эрдэнэцогт сумын Цогц-Эрдэм бүрэн дунд сургуулийн дотуур байрны сурагчдын эцэг, эх, асран хамгаалагч, сурагчтай хийсэн гэрээ-ний 4-д Байранд хийсэн засварын зардалд байранд суух сурагчдаас 10000 төгрөг гаргуулж няраваар дамжуулан санхүүгийн тооцоог хийнэ гэсэн албадлагын шинжтэй заалтаар мөнгийг тэнцүү хэмжээтэйгээр авсан,түүнчлэн цуглуулсан мөнгөнөөс тодорхой тооны мөнгийг баримтгүйгээр зарцуулж төсвийн орлогын бүрэлдэхүүнд оруулаагүй, Зочид, төлөөлөгчдийн хоол хүнс, хүлээн авалтад зориулж нядалсан хонь, ямааны арьсыг өөрөө борлуулж тодорхойгүйгээр зарцуулсан, сургуулийн дотуур байранд мах нийлүүлэх гэрээний тодорхой заалтуудыг зөрчиж дур мэдэн мах нийлүүлсэн зэргээр зөрчилтэй үйлдлүүдийг гаргаж Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт-д заасан Ажлын байрны үндсэн зорилт-ын 3-д заасан шалгуур үзүүлэлтэд Төсвийн ил тод, нээлттэй байдал, тайлагналт, Эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, сургуулийн төсвийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулсан байдал гэсэн заалтуудыг зөрчиж байна.

Иймд Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт-д заасан Хүчин зүйлс" хэсгийн 2-т Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага хэсэгт Ажлын байрны зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааг биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан, үүсгэн байгуулагч болон аймаг, нийслэлийн Боловсролын газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан, ажлын байранд тавигдсан шалгуур, шаардлагыг хангаагүй, авлига, ашиг сонирхлын зөрчил гаргасан тохиолдолд үр дүнгийн гэрээ, байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн хууль, бусад хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ гэж заасныг

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Иргэдээс аймгийн Засаг даргын тамгын газарт Эрдэнэцогт сумын Цогц эрдэм сургуулийн захирлын талаар ирүүлсэн гомдлын дагуу тус сургуулийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр баталсан удирдамжийн дагуу шалгахад ажлын байрны зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн, санхүүгийн зөрчил дутагдал гаргасан нь ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон үндэслэлүүдийг тус тус үндэслэн чөлөөлсөн.

Төрийн албаны шалгалт өгч тэнцсэн Ш.Гэрэлмааг төрийн албаны салбар зөвлөлийн саналын дагуу томилсон. Ш.Гэрэлмааг ажилд томилсны дараа Аймгийн Засаг даргын зүгээс С.Дагвадоржийг төсвийн шууд захирагчийн эрх үүргийнхээ дагуу ажлын байраар хангах асуудлыг судлан шийдвэрлэхийг амаар болон бичгээр санал болгосон. Үүний дагуу 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01 тоот тушаалаар Соёл хүмүүжлийн менежерийн ажилд томилон ажиллуулж байгаа.

Иймд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Дагвадоржийг захирлын ажлаас чөлөөлсөн захирамжийн үндэслэл зөв хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тул хүчингүй болгох шаардлагагүй. С.Дагвадоржийг буцаан тогтоох боломжгүй. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу ирүүлсэн өргөдлүүдэд тусгагдсан санхүүгийн холбогдолтой хүсэлт гомдолд тодруулах, илрүүлэх, зөвлөн туслах чиглэлээр хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгч, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд чиглэгдэн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.10 дахь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, 69 дүгээр зүйлийн 69.3 дахь Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна гэсэн заалт, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрэм-д заасан бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулсан.

Хяналт шалгалтын үр дүнг аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны хуралд танилцуулж хэлэлцүүлээд эцсийн шийдвэр гарч тогтоол гаргасан.
Хяналт шалгалтын үр дүнгээр Цогц-эрдэм сургуулийн захирлаар ажиллаж байхдаа С.Дагвадоржид холбогдуулан гаргасан өргөдөлд заагдсан алдаа дутагдлыг хэлэлцээд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг биелүүлээгүй байна гэж үзээд хариуцлага тооцох асуудлыг тогтоолоор эрх бүхий албан тушаалтанд даалгасан байдаг.

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн
удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна гэсний дагуу Санхүүгийн хяналт аудитын алба байгуулагдсан, Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрэм-ын 7.7-д Санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч, дотоод аудитор нь хяналт, шалгалт аудитын тайланг бэлтгэн нэгжийн даргад танилцуулна. Хэрэв Дотоод аудитын хороотой бол тайланг тус хороогоор хэлэлцүүлнэ гэсний дагуу аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хороо 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж хяналт шалгалтын үр дүнг хэлэлцэж шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь олноороо хэлэлцэж гаргасан шийдвэр болох тогтоол юм.

Хариуцлага тооцох асуудлыг Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрэм-ийн 7.6-д Дотоод аудитын нэгжийн дарга дараах асуудлыг Дотоод аудитын хороо, төсвийн ерөнхийлөн захирагчид танилцуулж тайлагнана гэсний 7.6.5-д аудитад хамрагдсан байгууллага, нэгжийн үйл ажиллагаанд анхаарах асуудал, холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох санал гэж заасны дагуу хяналт шалгалтын үр дүнгээс тооцож үзээд хариуцлага тооцох саналыг аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны хуралд санал оруулсан. Хариуцлага тооцох санал аймгийн Засаг даргад тогтоолоор хүргүүлсэн болно. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Дагвадорж нь тус шүүхэд хандаж, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдуулан Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгох, өмнө эрхэлж байсан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах, түүнд холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны хурлын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаан дээр дээрх шаардлагаас ...ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах... гэснийг ...цалингийн зөрүү гаргуулах... гэж тодруулж, мөн ...нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх... гэсэн шаардлагаасаа татгалзсан болно.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын болон тэдгээрийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлэн дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгох, өмнө эрхэлж байсан Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох-ыг хүссэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч С.Дагвадорж нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цогц эрдэм сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаад Аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Б/16 дугаар захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

Аймгийн Засаг дарга нь 2018 оны Б/16 дугаартай С.Дагвадоржийг ажлаас чөлөөлөх тухай захирамждаа, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 30.1.17, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалт, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба хорооны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр хурлын тогтоолыг тус тус үндэслэсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах талаар тусгаж, 23.1.1-д ...албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тохиолдолд албан тушаал бууруулахаар хуульчилсан байхад энэхүү заалтыг үндэслэн С.Дагвадоржийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус болжээ.

Ажил олгогч буюу аймгийн Засаг дарга нь 2017 онд сургуулийн захирал С.Дагвадоржтой хөлөдмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээг тус тус байгуулж, тус үр дүнгийн гэрээг 87,2 буюу В үнэлгээтэй дүгнэсэн байх ба холбогдох баримтууд хэрэгт авагдсан байна.

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар аймгийн Засаг дарга нь сургуулийн захирлыг ажлаас чөлөөлөх эсэх талаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газартай зөвшилцөж, санал авахаар хуульчилсан атал ажил олгогч нь ...С.Дагвадоржийг чөлөөлөх эсэх талаар санал авах тухай... албан бичгийг 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлж, тус газраас С.Дагвадоржийг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэсэн агуулгатай албан бичгийг 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр аймгийн Засаг даргад хүргүүлж, харин С.Дагвадоржийг ажлаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын захирамж 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр гарчээ.

Тэгэхээр аймгийн Засаг дарга нь С.Дагвадоржийг ажлаас чөлөөлөхдөө Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасны дагуу аймгийн Боловсрол соёл, урлагийн газраас санал авсан гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн аймгийн Засаг даргын 2018 оны Б/16 дугаар захирамжид үндэслэл болгосон аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг үндэслэсэн ба энэ нь Эрдэнэцогт сумын сургуулийн захирал С.Дагвадоржид хамааралгүй, харин Эрдэнэмандал сургуулийн захирал Л.Ононхүү гэх хүнд хамааралтай тогтоол байгааг дурдах нь зүйтэй.

С.Дагвадоржийн урьд эрхэлж байсан Эрдэнэцогт сумын сургуулийн захирлын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарах боловч Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь зохицуулалтыг 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар нэмснээр үр дүнгийн гэрээ байгуулж ажиллах эрх зүйн үндэслэл бүрдсэн, хөдөлмөрлөх эрхийн харилцаа нь Төрийн албаны, Хөдөлмөрийн, Боловсролын тухай хуулиудаар зохицуулагдахаар байхад Баянхонгор аймгийн Засаг дарга нь 2018 оны Б/16 дугаар захирамждаа Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримтлаагүй, Төрийн албаны тухай хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, Боловсролын тухай хуулийн холбогдох заалтыг баримтласан хэдий ч хэрэгжүүлээгүй, мөн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэрийн хувийн хэргийг нээгээгүй, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, сонсох ажиллагаа хийх гэх мэт оролцогчийн эрхийг хамгаалуулах аливаа үйлдлийг хийлгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ньтүүний хөдөлмөрлөх эрхийг зөрчээ.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгож, С.Дагвадоржийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Хоёр....урьд авч байсан цалингийн зөрүүг гаргуулах...-ийг хүссэн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч С.Дагвадорж нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа ТҮБД-7-5 дахь шатлалаар цалинжиж, ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Б/16 дугаар захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, улмаар Эрдэнэцогт сумын сургуулийн захирлын 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр тушаалаар тус сургуулийн Соёл, хүмүүжлийн менежерийн албан тушаалд томилогдож, ТҮБД-6-5 дахь шатлалаар цалинжижээ.

Түүний урьд эрхэлж байсан албан тушаалын цалин, одоо ажиллаж байгаа албан тушаалын цалингийн зөрүү нь нэг сарын 23,000 төгрөг байх ба энэ нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна.

Иймд, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж заасны дагуу 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны С.Дагвадоржийн албан тушаалын цалингийн зөрүү 184.000 /нэг зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

 

Гурав.Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны хурлын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоол нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлагын хувьд:

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цогц эрдэм сургуулийн талаар тус сумын иргэдээс аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн гомдлын дагуу тус сургуулийн үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийж, үүний дагуу илтгэх хуудас, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны танилцуулга, аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны хурлын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоол зэрэг гарчээ.

Тус сургуулийн талаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу Эрдэнэцогт сумын сургуулийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд байрны хүүхдүүдээс гэрээ хийх нэрээр мөнгө авдаг талаар, сургуулийн 90 жилийн ойгоор багш, ажилтнуудаас мөнгө хураан авч няравын дансанд байршуулсан талаар, хандиваар өгсөн малыг борлуулсан гэх мэдээллийн талаар холбогдох баримтыг бүрдүүлэн шалгасан нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.10-д өөрийн эрхлэх асуудлын хүрээнд дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, 69.1-д Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна.",69.3-т Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна., 69.5-д Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батална. гэж заасантай, мөн Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсанДотоод аудитын дүрэм-ийн 6, 7 дугаар зүйлүүдтэй тус тус нийцсэн байна.

Иймд Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны хурлын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоол нь илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 23 дугаар зүйлийн 23.1.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.10, 69 дүгээр зүйлийн 69.1, 69.3, 69.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн С.Дагвадоржийг ажлаас чөлөөлөх тухай Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгож, С.Дагвадоржийг урьд эрхэлж байсан ажил болох Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, Баянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба, хорооны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 31 дүгээр тогтоолыг хүчингүй болгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Дагвадоржийн урьд ажиллаж байсан албан тушаалын цалингийн зөрүүг 2018 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл тооцож, нийт 184,000 /нэг зуун наян дөрөв/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг дарга /түүний Тамгын газар/-аас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар нэхэмжлэгч нь ...нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх... тухай шаардлагаасаа татгалзсан тул энэхүү татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.СУВДМАА