Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 27

 

Д.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2018/00372 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн 1-1 тоотод оршин суух Олхонууд овгийн Доржсэмбийн Мөнхжаргал /РД: ДЗ69122002/ нэхэмжлэлтэй,

Говь-Алтай аймгийн Тайшир сумын Эрүүл мэндийн төвд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай  иргэний хэргийг 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагчийн төлөөлөгч З.Ариунзаяа, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан, нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Мөнхжаргал миний бие Говь-Алтай аймгийн Тайшир сумын Эрүүл мэндийн төвийн тогоочоор 2017 оны 9 дүгээр сарын 19-нд ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл ажил олгогч байгууллагын дарга З.Ариунзаяа нь 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтыг үндэслэн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч З.Ариунзаяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус байгууллагад тогоочоор түр ажиллаж байсан Д.Мөнхжаргалыг дараах үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болно. Сумын ард иргэдэд шаардлагатай шинжилгээг газар дээр нь авч эмчилгээний чанар, үйлчилгээний чанарыг сайжруулахад Лаборантын орон тоог заавал нэмэх шаардлагатай байсан тул тус байгууллагад лаборантын ажлын байрыг нэмэгдүүлж үйлчилгээний ажилчдаас түр тушаалтай байгаа ажилтанг чөлөөлсөн. Д.Мөнхжаргал нь өмнө нь цомхотголоор ажлаасаа гарч тэтгэмжээ авсан бөгөөд тус байгууллагад өргөдөл өгөхдөө түр ажиллах хүсэлт гаргасан байсан. Д.Мөнхжаргалын ажлын байран дээр өмнө нь тогтвор суурьшилтай ажиллаж байсан үйлчилгээний ажилчдаас тогооч мэргэжилтэй хүнийг томилсон болно. Иймд Д.Мөнхжаргалын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан    Олхонууд    овогт   Доржсэмбийн    Мөнхжаргалыг    Хүний    гавъяат    эмч З.Сарайдамбын нэрэмжит Говь-Алтай аймгийн Тайшир сумын Эрүүл мэндийн төвийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай  хуулийн 69 дүгээр  зүйлийн 69.1   дэх  хэсэгт зааснаар хариуцагч Хүний гавъяат эмч З.Сарайдамбын нэрэмжит Говь-Алтай аймгийн Тайшир сумын Эрүүл мэндийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.267.336 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнхжаргалд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Д.Мөнхжаргалын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Тайшир сумын Эрүүл мэндийн төвд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хүний гавъяат эмч З.Сарайдамбын нэрэмжит Говь-Алтай  аймгийн  Тайшир  сумын  Эрүүл  мэндийн төвөөс ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.267.336 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 34.966 төгрөг нийт 105.166 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ний өдрийн 133/ШШ2018/00372 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хариуцагч тал нь Д.Мөнхжаргалыг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Б/11 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн байгаа боловч чөлөөлсөн тушаалаа 2018 оны 7 дугаар сарын 16-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар хүчингүй болгосон байгаа. Нэхэмжлэгч талаас 2018 оны 7 дугаар сарын 16-ний өдрийн тушаалд ямар нэгэн гомдол гаргаагүй. Санал хүсэлт байхгүй гэсэн байгааг харахад 2018 оны 7 дугаар сарын 16-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг зөвшөөрсөн харагдаж байгаа.

Иймд Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ний өдрийн 133/ШШ2018/00372 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, уг үнэлгээнд эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрлөх харилцаанаас үүссэн маргаантай хэргийг зөв шийдвэрлэжээ.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг тухайн харилцаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Мөнхжаргал нь Хүний гавьяат эмч З.Сарайдамбын нэрэмжит Говь-Алтай аймгийн Тайшир сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд шилжүүлэхийг хариуцагч байгууллагад даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч маргаж буй үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь заалтыг үндэслэн Д.Мөнхжаргалыг ажлаас чөлөөлсөн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Б/11 тоот тушаалыг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 тоот тушаалаар хүчингүй болгож, 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн, мөн өмнө тогоочоор ажиллаж байсан Д.Отгон-Эрдэнийн чөлөөтэй байх хугацаанд 6 сарын хугацаатай түр ажиллахаар харилцан тохиролцож ажилд авсан ба түр ажиллах уг хугацаа дууссан учраас ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

Эрүүл мэндийн төвийн тогоочийн ажлын байр нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний нөхцлөөс харахад батлагдсан норм, үнэлгээ сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр нь ээлж давтамжтайгаар үргэлжилдэг байнгын ажлын байр гэж үзэхээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулахаар заажээ.

Хэрэгт авагдсан баримтаар ажил олгогч нь тогооч Д.Отгон-Эрдэнийн 6 сарын чөлөөтэй байх хугацаа буюу 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Д.Мөнхжаргалтай хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулан ажиллажээ.

Шүүхээс ажил олгогчийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн Б/11 тоот тушаалаар нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн байна гэж дүгнэн нэхэмжлэгч Д.Мөнхжаргалыг Тайшир сумын Эрүүл мэндийн төвийн тогтоочийн ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 133/ШШ2018/00372 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105.166 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш .БАТТОГТОХ

                               ШҮҮГЧИД                                     Ч.ЭНХТӨР

                                                                                     Т.ЖАРГАЛСАЙХАН