Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 123/2014/0742/з |
Дугаар | 221/МА2017/0061 |
Огноо | 2017-01-17 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2017/0061
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Маралгуа, Я.Шархүү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Туяа, хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амартүвшин нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 890 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Артконстракшн” ХХК-ийн төлөөлөгч М.Баасанжав, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Туяа, хариуцагч Барилга, хот байгуулалтын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амартүвшин, хариуцагч Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлэгсайхан нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Артконстракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Барилга, хот байгуулалтын сайд, Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 890 дүгээр шийдвэрээр: Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Артконстракшн” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Барилга, хот байгуулалтын яамны 2014 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 3/2536 дугаар мэдэгдэл, Худалдан авах ажиллагааны газрын 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн А/173 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, зургийн даалгавар батлаагүй, 320 дугаар гэрээг сунгаагүй эс үйлдэхүй нь тус тус хууль бус болохыг тогтоож, Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээ-г хуульд заасан журмын дагуу сунгахыг Барилга, хот байгуулалтын яаманд, Дархан-Уул аймгийн төв, Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зургийн даалгаврыг зохих журмын дагуу хянаж, баталсан шийдвэр гаргахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад тус тус даалган, нэхэмжлэлийн үлдэх 2013 оны 320 дугаар гэрээний дагуу олгогдох ёстой байсан 231.452.160,00 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “Артконстракшн” ХХК-ийн төлөөлөгч М.Баасанжав, түүний өмгөөлөгч Д.Туяа нар давж заалдах гомдолдоо: “...Барилга хот байгуулалтын яам, “Артконстракшн” ХХК-ийн хооронд 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 320 дугаартай “Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээ” байгуулагдаж, гэрээний тусгай нөхцөлийн 6.4-ийн а-д “Гэрээний үнийн дүнгийн 30%-тай тэнцэх дүнг, эхлэлийн буюу судалгааны ажлын тайлангийн талаарх захиалагчийн хяналтын тайланг ирүүлсэн үед төлнө” гэж заасны дагуу тус компани эхлэлийн тайланг гаргаж, захиалагчийн төлөөлөгч Зураг төсөл, эрдэм шинжилгээний институтэд хүргүүлсэн.
“Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт” УТҮГ-ын захирал Н.Бат-Эрдэнэ, дэд захирал Д.Чинзолбоо, мэргэжилтэн Н.Содномцэрэн болон “Артконстракшн” ХХК-ийн захирал М.Баасанжав нар 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрээт ажлын 30%-ийг гүйцэтгэсэн, гэрээний үнийн дүнгийн 771.507.198.00 төгрөгийн 30%-тай тэнцэх 231.452.160.00 төгрөгийг олгохыг санал болгож, Ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын эхлэлийн буюу судалгааны ажлын тайланг дүгнэсэн тухай 01 дүгээр актыг үйлдсэн, мөн гэрээт ажлын явцыг 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 05/01 актаар дүгнэж, үүгээр “Гүйцэтгэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт ажлын 30% /зургийн даалгаварт заагдсан масштабтай байр зүйн зураглал, инженер геологийн судалгааны ажлын тайлан, хот байгуулалтын суурь судалгаа/-тай гүйцэтгэсэн, гэрээт ажлын гүйцэтгэл шаардлага хангаж байгаа тул ажил гүйцэтгэх 2013 оны 320 дугаар гэрээний тусгай нөхцөлийн 6.4 дэх заалтын дагуу санхүүжилтыг хийх боломжтой гэж үзэж, гэрээт ажлын үнийн дүнгийн 30%-тай тэнцэх /хоёр зуун гучин нэгэн сая дөрвөн зуун тавин хоёр мянга нэг зуун жар/ төгрөг олгохоор шийдвэрлэж захиалагч Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат, тус газрын мэргэжилтэн Я.Сумхүү, “Артконстракшн” ХХК-ийн захирал М.Баасанжав, архитектор Я.Шархүү нар гарын үсэг зурж баталгаажуулсан.
Үүний дагуу 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 23073 дугаар баримтаар 231.452.160.00 төгрөгийг Барилга, хот байгуулалтын яам хөрөнгө оруулалтын дансандаа шилжүүлэн авсан боловч энэ талаар манайд мэдэгдээгүй, өгөөгүй болох нь Сангийн яам болон хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан баримтуудаар нотлогдож байна.
Шүүх гэрч Ц.Батбаяр, Д.Чинзолбоо, Н.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгүүдийг үндэслэн тус компанийн 320 дугаартай гэрээний нэгэнт бодитойгоор хийгдсэн гүйцэтгэлийг үгүйсгэж, нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй.
Шүүх “шинжээч Ж.Гомбо, С.Одон нарын дүгнэлтээс үзвэл “Артконстракшн” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Байр зүйн зураглал, инженер геологийн судалгааны ажлын тайлан, орчны тойм гэх зэрэг ажил нь 320 дугаар гэрээний дагуу хийгдсэн ажил болохыг нотолсон боловч энэ нь акт үйлдэх үед буюу 12 дугаар сарын 09-ний өдөр бүрэн гүйцэд хийгдэж, хүлээлцсэн болохыг нотлох дүгнэлт биш” гэж дүгнэснээрээ нэхэмжлэгчийн нэгэнт хийсэн гүйцэтгэлдээ гэрээ ёсоор эхний санхүүжилтийг авах эрхийг хөндлөө. Шүүх ийнхүү дүгнэсэн нь нэхэмжлэгч 12 дугаар сарын 09-ний өдөр гэрээний 30%-ийг гүйцэтгэж байж л 231.452.160.00 төгрөгийг авах эрхтэй гэсэн агуулгатай атлаа “цаг хугацааны хувьд нийт хийгдэх ёстой ажлын 30%-ийг гэрээ байгуулснаас хойш зургийн даалгаваргүйгээр 12 дугаар сарын 04-ний өдөр 7 хоногийн дотор бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байх боломжит нөхцөл байдал харагдахгүй байна" гэж дүгнэсэнтэй нийцэхгүй, ойлгомжгүй байна.
Түүнчлэн “Артконстракшн” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 11 хоногийн хугацаанд эхлэлтийн тайланг боловсруулж хүлээлгэж өгснийг 7 хоног гэж буруу бичсэн. Цаг хугацааны хувьд нийт хийгдэх ёстой ажлын 30 хувийг гэрээ байгуулснаас хойш батлагдсан зургийн даалгаваргүйгээр бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байх боломжит нөхцөл харагдахгүй байна гэснийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.
...Худалдан авах ажиллагааны газрын 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 7/4212 тоот албан бичгээр тендерт шалгарсныг бидэнд мэдэгдсэний дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тус компани нь гэрээний баримт бичиг, тендерийн баталгаа, тендерийн гүйцэтгэлийн баталгаа мөнгөн хөрөнгийг зохих дансанд байршуулж, 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр БХБЯамтай ажил гүйцэтгэх 320 дугаартай гэрээ байгуулан судалгааны ажлаа албан баримт болгох, тайлбар бичгийн хэлбэрт оруулах ажлыг гүйцэтгэж эхэлсэн.
Судалгааны ажлын эхлэлийн тайланг 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн албан бичгээр хүргүүлснийг Барилга, хот байгуулалтын яамны Зураг төсөл, эрдэм шинжилгээний институт хүлээн авч акт үйлдэн, Монгол Улсын Сангийн Яамнаас анхны санхүүжилт 231.452.160 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Артконстракшн” ХХК-ийн нэр дээр Барилга, хот байгуулалтын яамны дансанд шилжүүлэн авсан боловч тус компанид мэдэгдээгүй, төлөөгүй. Эхний ээлжийн санхүүжилт нь хот байгуулалтын баримт бичгийг иж бүрнээр боловсруулах, инженерүүдийн ажлын хөлсийг төлөх, магадлал хийлгэх зэрэг ажлуудын санхүүгийн эх үүсвэр болдог ч “Артконстракшн” ХХК ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг үргэлжлүүлэн хийсээр байсан.
Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх хот байгуулалтын үзэл бодлогыг тодорхойлох, хэтийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Ухаалаг” хотын түвшинд боловсруулах асуудлыг шинжлэх ухааны үндэстэйгээр шийдвэрлэх асуудал чухал онол практикийн судалгаа явуулах, шинийг эрэлхийлэн хотыг төлөвлөх асуудал чухлаар тавигдаж тус компани нь захиалагчаас ямар ч санхүүжилт авалгүйгээр инженер-геологийн судалгаа байр зүйн зураглал, хүн ам, нийгэм эдийн засгийн хөгжил, зам тээвэр, дэд бүтцийн одоогийн байдал, ногоон байгууламж, хог хаягдлын менежмент, байгаль орчны хамгаалалтын одоогийн байдалд хийсэн судалгаа, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураглалуудыг өөрийн хөрөнгөөр хийгээд байна.
Шүүх “нэхэмжлэгч, зургийн даалгавар батлагдаагүй байхад ажил хийгдэх боломжгүй гэх атлаа эхлэлийн тайланг өгсөн хэмээн маргаж байгаа нь үндэсгүй” гэжээ. Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулахаар тендерийн урилгад хавсаргасан Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан ажлын даалгаварт заасан ажлыг гүйцэтгэхээр тендерт оролцон шалгарч гэрээ байгуулсан, зургийн даалгавар нь тендерийн урилгын бүрдэл хэсэг болох батлагдсан ажлын даалгаварт нийцсэн байх ёстой.
Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зургийн даалгаврын үлгэрчилсэн загварыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 226 дугаар тушаалаар батлагдсан “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшөөрөлцөх, экспертиз хийх дүрэм”-ийн 2 дугаар хавсралт болгон баталсан. Зургийн даалгаврын төслийг 2 талын мэргэжлийн хүмүүс хамтран боловсруулж, Барилга, хот байгуулалтын яамны мэргэжилтэн Я.Сумхүү, Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэгч Зураг төсөл, эрдэм шинжилгээний институтийн Н.Содномцэрэн, “Артконстракшн” ХХК-ийн захирал, зөвлөх архитектор, архитектор, инженерүүдийн хамт Дархан хотод 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр биечлэн очиж, Дархан хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газарт танилцуулсан боловч уг зургийн даалгаварт тодорхой санал өгөөгүй.
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 226 дугаар тушаалаар батлагдсан “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшөөрөлцөх, экспертиз хийх дүрэм”-ийн 3 дугаар хавсралт “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах зургийн даалгаврыг зөвшөөрөлцөх, батлах дүрэм”-ийн дагуу Бүсийн хөгжлийн тулгуур төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зургийн даалгаврыг Барилга, хот байгуулалтын яам зөвшөөрөлцөж, Барилга, хот байгуулалтын сайд батлахаар заасан боловч энэ үүргээ биелүүлээгүй, зургийн даалгаврын төсөл бэлэн байсан хэдий ч батлагдалгүй өдийг хүрсэн.
Манай компани тендерийн урилгатай ирүүлсэн батлагдсан ажлын даалгавар, батлагдаагүй зургийн даалгаврын төсөл, хот байгуулалтын баримт бичиг боловсруулахад дагаж мөрдөх хууль тогтоомж, холбогдох норм, дүрэм, аргачлал, зааврын дагуу ерөнхий төлөвлөгөөний эхний ээлжийн судалгааны ажлуудыг бүрэн, судалгааны үр дүнд үндэслэн бусад ажлуудыг тодорхой хэмжээнд гүйцэтгэсэн. Үүнийг хэрэгт авагдсан баримт, шинжээчийн дүгнэлт хангалттай нотолж байхад 231.452.160.00 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 231.452.160.00 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, уг мөнгийг тус компанид гаргуулж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Барилга, хот байгуулалтын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амартүвшин, Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бэлэгсайхан нар давж заалдах гомдолдоо: “...Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар зураг төслийн “Артконстракшн” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан “Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах” 320 дугаар гэрээний хавсралт 1 /ажлын даалгаврын/-ийн 4 дүгээр зүйлд зургийн даалгавар, боловсруулах, батлуулах үе шатыг тодорхойлохдоо гүйцэтгэгч нь “Дархан хотын эдийн засаг, нийгмийн хөгжил, нутаг дэвсгэрийн нөхцөл нөөцөд тулгуурласан зургийн даалгаврыг “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшөөрөлцөх, экспертиз хийх дүрэм”-ийн дагуу захиалагчтай хамтран боловсруулж батлуулна” гэж заасан.
Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайдын 2014 оны 1/242 тоот албан бичгээр орон нутгийн холбогдох байгууллагатай хамтран ажиллах чиглэл, гэрээний биелэлтийг ханган ажиллах талаар зөвлөмжийг хүргүүлж байсан боловч биелэлтийг хангаж ажиллаагүй болно. Гүйцэтгэгч байгууллага нь орон нутгийн удирдлагуудтай зөвшилцөх, тавьсан саналыг хүлээн авахгүй байгаа талаар Дархан-Уул аймгийн удирдлагуудаас Барилга, хот байгуулалтын яаманд удаа дараа мэдэгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан материалуудаас харагдана.
Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасны дагуу тус яамнаас гэрээт ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэхтэй холбогдуулан орон нутаг болон гүйцэтгэгч нар хамтран ажиллах асуудлаар зохих чиглэл өгөх, бусад холбогдох арга хэмжээнүүдийг авч удирдлага, зохицуулалтаар ханган ажилласан болно. Гэвч тус компани гэрээнд заагдсан үүргээ биелүүлэх арга хэмжээ авч ажиллаагүй тул гэрээг цуцалсан.
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 226 дугаар тушаалаар баталсан “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшөөрөлцөх, экспертиз хийх дүрэм”-ийн 2.1.2-т “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах даалгавар”-ыг энэхүү дүрмийн хавсралт 1, 2-д заасан үлгэрчилсэн загварын дагуу боловсруулна. Захиалагч нь “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах даалгавар”-ыг боловсруулж, зөвшөөрөлцөж, баталгаажуулах ба эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран боловсруулж болно” гэж заагдсан бөгөөд практикт тухайн хотын ерөнхий төлөвлөгөөний ажил боловсруулах ажлын хүрээнд тус ажлыг гүйцэтгэхээр шалгарсан гүйцэтгэгч байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулах, ажлын даалгаварт зургийн даалгаврыг гүйцэтгэгч, захиалагч, орон нутагтай зөвшилцсөний үндсэн дээр хамтран боловсруулж, захиалагчаас гадна тухай орон нутгийн Засаг дарга даргатай хамтран батлуулах талаар тодорхой заалт оруулж хэрэгжүүлсэн байдаг.
Тухайлбал, нэхэмжлэгч “Артконстракшн” ХХК-иас боловсруулсан “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газрыг түшиглэн хөгжих хот, тосгоны /Багануур хот/ хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зургийн даалгавар”-ыг Барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг дарга болон гүйцэтгэгч нар хамтран боловсруулж, Барилга, хот байгуулалтын сайд, нийслэлийн Засаг дарга нарын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хамтарсан тушаалаар баталсан.
Аливаа хот, суурины хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг нь тухайн хот, суурины хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах таатай орчинг бүрдүүлэхэд чиглэгдсэн байдаг бөгөөд Хот байгуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу тухайн орон нутагтай нягт хамтран ажиллах шаардлагатай байдаг тул ажил гүйцэтгэх гэрээ, ажлын даалгаварт “Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар болон холбогдох яамдаас төлөвлөлтийн шатанд санал авч, оновчтой саналыг тусган, “Хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлэх журам”-ын дагуу ерөнхий төлөвлөгөөг олон нийтээр хэлэлцүүлнэ” гэж заасан.
Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг Хот байгуулалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д заасны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас тус ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай 771.507.198 сая төгрөгийг 2013-2014 оны улсын төсөвт тусгасан боловч гүйцэтгэгч байгууллага нь гэрээт ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгээгүйн улмаас Сангийн яамнаас 2015 оны төсөвт тусгаагүй.
Мөн хөрөнгийн эх үүсвэрийг 2016 оны төсөвт тусгуулахаар санал боловсруулж Сангийн яаманд хүргүүлсэн боловч хасагдсан ба Монгол Улсын 2016 оны төсвийн тодотгол хийж дуусах хүртэлх хугацаанд авах зарим арга хэмжээний тухай 2016 оны 38 дугаар тогтоолоор “Эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэлтэй төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор төсвийн урсгал зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлэх, 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө гэрээ байгуулсан боловч худалдан авалт нь эхлээгүй арга хэмжээний санхүүжилтийг зохих журмын дагуу зогсоох” гэж, эдийн засаг, төсвийн хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2017 оны төсөвт Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад шаардлагатай санхүүжилт тусгагдаагүйн улмаас уг төслийг цаашид хэрэгжүүлэх боломжгүй болоод байна.
Иймд шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч “Артконстракшн” ХХК нь Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах зөвлөхийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад “хамгийн сайн” үнэлэгдэж, Барилга, хот байгуулалтын яамтай 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах тухай” 320 дугаар гэрээг байгуулсан боловч Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 3/2536 дугаар албан бичгээр тус хуулийн этгээдийг ажлын тайлан, гүйцэтгэл ирүүлээгүй, санхүүжилт хийгдээгүй, гэрээний хугацаа 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дууссан гэх үндэслэлээр гэрээг цуцалж буйгаа мэдэгдсэн байна. Улмаар Худалдан авах ажиллагааны газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/173 дугаар тушаалаар Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулжээ.
Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 7.1.3-д “Хот байгуулалтын норм ба дүрэм, журам батлах”, 7.1.8-д “Нийслэл болон бүсийн хөгжлийн тулгуур төв хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл боловсруулах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангаж, зохицуулах”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоотой төлөвлөлтийн зарчмыг тусгаж ажиллана” гэж тус тус заасан байна.
Дээрх зохицуулалтуудын дагуу Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам нь Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулах гэрээт ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэхтэй холбогдуулан орон нутаг болон гүйцэтгэгч нар хамтран ажиллах асуудлаар зохих чиглэл өгөх, бусад холбогдох арга хэмжээнүүдийг авч удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллах учиртай.
Түүнчлэн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 226 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах, зөвшөөрөлцөх, экспертиз хийх тухай” дүрмийн 2.1.2-т “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах даалгавар”-ыг энэхүү дүрмийн хавсралт 1, 2-д заасан үлгэрчилсэн загварын дагуу боловсруулна. Захиалагч нь “Хот байгуулалтыын баримт бичиг боловсруулах даалгавар”-ыг боловсруулж зөвшөөрөлцөж баталгаажуулах ба эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагатай хамтран боловсруулж болно”, 3.3-д “Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах даалгавар”-т зөвшөөрөлцөх байгууллагуудыг тусгайлан нэр зааж тусгах бөгөөд зөвшөөрөлцөж баталгаажуулахдаа энэхүү дүрмийн хавсралт 3-т заасныг баримтална” гэж тус тус заасны дагуу уг зургийн даалгаврыг сайд эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагатай хамтран боловсруулж болохоор заасан атал хариуцагч Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд өөрийн хүлээсэн уг зургийн даалгаврыг баталгаажуулах үүргийг нэхэмжлэгч “Артконстракшн” ХХК компани гүйцэтгээгүй гэж үзэх боломжгүй.
Өөрөөр хэлбэл, Барилга, хот байгуулалтын сайд зургийн даалгавар батлаагүй байхад нэхэмжлэгч “Артконстракшн” ХХК нь гэрээнд заасан тайланг гүйцэтгэх боломжгүй тул гэрээнд заасан хугацаанд төлөвлөгөө боловсруулж, экспертизийн дүгнэлт гаргуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Мөн хууль тогтоомжид заагаагүй буюу орон нутагтай зөвшилцөөгүй гэдэг үндэслэл зааж гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн нь хууль бус байна.
Харин нэхэмжлэгч “Артконстракшн” ХХК нь “...зургийн даалгавар батлагдаагүй байхад ажил хийгдэх боломжгүй” гэх атлаа эхлэлийн тайланг өгсөн хэмээн маргаж байгаа нь үндэсгүй төдийгүй хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр санхүүжилт авах зорилгоор талууд судалгааны ажлын тайланг дүгнэсэн тухай акт үйлдсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “2013 оны 320 дугаар гэрээний дагуу олгогдох ёстой байсан 231.452.160,00 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.
Ийнхүү Барилга, хот байгуулалтын яамны 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 3/2536 дугаар мэдэгдэл, Худалдан авах ажиллагааны газрын 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/173 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, зургийн даалгавар батлаагүй, 320 дугаар гэрээг сунгаагүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, “Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах гэрээ”-г хуульд заасан журмын дагуу сунгахыг Барилга, хот байгуулалтын яаманд, Дархан-Уул аймгийн төв, Дархан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зургийн даалгаврыг зохих журмын дагуу хянаж, баталсан шийдвэр гаргахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад тус тус даалган, нэхэмжлэлийн үлдэх “2013 оны 320 дугаар гэрээний дагуу олгогдох ёстой байсан 231.452.160,00 төгрөг гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 890 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч болон хариуцагч Барилга, хот байгуулалтын сайд, Барилга, хот байгуулалтын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН