Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/224

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Ц.Сайнзаяа,

иргэдийн төлөөлөгч Ч.Мөнхбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Д.Мөнх-Эрдэнэ,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Э.Нарангарав,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Зоригтбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205025310886 тоот, 2 хавтас хэргийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1974 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн хороо, , ******* гудамж, байрны тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******, /РД: /,

2. Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн хороо, “” хотхоны байрны тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******, / РД: 7/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, “” зочид буудлын 3-р давхрын 306 тоотод “охин татаж чангааж, оролдлоо” гэх шалтгаанаар С.Цогтбаатарыг зодож, улмаар биед нь баруун зулай чамархай ясны хугарал, баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, дагзны баруун талд хуйханд шарх, нүүр, цээж, хоёр шилбэнд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр охин хөдөөнөөс ирэхээр нь “” зочид буудлаас гараад охиноо аваад гэрт нь оруулахад охин маань “Оюунаа эгчийн ах миний хөнжил рүү гараа хийсэн, намайг оролдохоор нь уйлсан тэгээд Оюунаа эгчийн өвөрт орж унтсан” талаар хэлсэн. Тэгээд охиныгоо гэртээ оруулаад Төмөрөөд энэ талаар хэлсэн. Тэгээд юу ч гэсэн Оюунаатай ярилцъя, “танай дүү байна уу, дүүтэй нь уулзмаар байна” гэж хэлсэн. Цогтбаатарыг дуудаж гаргаж ирээд “цагдаа руу явъя” гэж хэлсэн. Гадаа хүн ихтэй байсан болохоор гадаа дэмий байх, буцаад гэрт нь ороод яахав гэж бодоод буудал руу дагуулаад орсон. Буудал руу ороод Оюунаа руу залгаад “хүрээд ир” гэж хэлсэн. Удалгүй эгч нь ирэхээр нь “танай дүү манай охиныг оролдсон байна” гэж хэлсэн. Буудалд Цогтбаатарыг Төмөрөө 2 удаа цохисон. Би гар хүрээгүй. Тухайн үед миний охин 10 настай байсан. Одоо сэтгэл зүйн үйлчилгээ авч байгаа. Гомдолтой байна. Би өөрийгөө хохирогч гэж бодож байгаа. Цогтбаатарыг эрүүл болгохыг хичээсэн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Нараагийн охин хөдөө явчхаад ирж байгаа гээд хүлээж байсан. Удалгүй Нараа охиноо гэртээ оруулчхаад гарч ирэхдээ “манай охиныг шөнө унтаж байхад нь оролдсон байна” гэж хэлсэн. Тэгээд Цогтбаатарыг гэрээс нь дуудаж гаргаж ирээд “цагдаа явъя” гэхэд зууралдаад байсан. Тэгээд буудал руу дагуулж ороод Оюунааг утсаар дуудсан. Тэгээд би Цогтбаатарт хандаж 10 настай хүүхэд оролдсон талаар хэлэхэд 14-15 нас хүрсэн байх гэж бодсон гэж хэлэхээр нь би 2 удаа цохисон. Буудлын ресейпшн хаалга цохиод “юу болж байгаа талаар асуухаар нь асуудал шийдэх гэж байна” гэж хэлсэн. Оюунаа дүүгийнхээ нүүрийг угаалгаад “уучлалт гуй” гэж хэлээд Цогтбаатарыг түрүүлээд гаргасан. Оюунаа нь *******г дагуулаад гарсан. Удаагүй Нараа орж ирсэн бөгөөд Оюунаа гэртээ үлдсэн гэсэн. Маргааш өглөө “манай дүү олдохгүй байна” гэж ярьж байсан. Тэгээд удалгүй гэмтэл дээр хагалгаанд орсон талаар хэлсэн. Цогтбаатар нь буудлаас “уучлаарай” гэж хэлээд гараад явсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр гэр бүлээрээ хөдөө явах гээд байж байхад ******* орж ирээд “Төмөрөөтэй тэрэлж явах гэсэн манай дунд охин хөдөө авч явсангүй гээд байна, би яаж Төмөрөөтэй явах гэж байж охиноо авч явах вэ” гээд байхаар нь би “тэгвэл манайхтай хамт хөдөө явуулах юм уу” гэхэд ******* “тэгье” гэж  хэлээд охиныг нь хөдөө авч явахаар болсон. Хөдөө явсан эхний өдөр охин нь манай охинтой гадаа машинд хоносон. Харин дараагийн өдөр нь оройн 12 цагт майханд орж ирэхээр нь би “Цогтоо ахынхаа цаагуур мишокоо тавиад унт” гэж хэлсэн. Тэгээд удалгүй бороо ороод тэнгэр дугараад, цахилгаан цахисан. Гэтэл охин нь “Оюунаа эгчээ” гээд дуудахаар нь орж ирснээс 10-20 минутын дараа охиныг өвөртөө оруулаад унтсан. Учир нь гадаа бороо ороод айсан байх гэж бодсон. Тэгээд маргааш нь охин нь юу ч болоогүй юм шиг гүйгээд тоглоод явж байсан. Тэгээд хотод ирсэн. Хотод ирсний дараа удалгүй Нараа залгаад “дүүтэй чинь уулзъя гаргаад ир” гэж хэлэхээр нь би “гаргахгүй” гэж хэлсэн. Учир тухайн өдөр гадаа балкон янзалж байсан учраас архи уучихвал хийж чадахгүй, мөн манай нөхөр гаргахгүй гээд байсан. Гэтэл удалгүй Нараа, Төмөрөө нар хаалга тогшоод “Цогтоог гаргаад ир, уулзах хэрэг байна, Төмөрөөтэй хар багын найзууд байсан байна” гэж хэлсэн. Тэгээд ******* Цогтоо, ******* нар гараад явсан. Төд удалгүй “дүүгээ ирж ав, тэгэхгүй бол дүүг чинь аллаа шүү” гэж утсаар залгаж хэлсэн. Намайг буудалд очиход нүд нь хавдсан, цус гоожсон, нил цус болсон байсан. Тэгээд ******* нь “манай охиныг оролдсон байна” гэж хэлэхээр нь “энэ талаар надад хэлэхгүй яасан юм бэ” гэж хэлсэн. Буудалд ******* нь хана мөргүүлээд цохиж зодсон, мөн ******* нь ханатай хавсарч зодсон. Тэгээд би “танай охин надад энэ талаар хэлэхгүй яасан юм бэ, дүүгийнхээ өмнөөс уучлалт гуйя” гэж хэлсэн. Тэгээд Цогтоогийн цусыг угаагаад, нойлын өрөөнөөс гаргасан. Тэгээд дахиад ******* нь хана мөргүүлж, ханатай хавсарч зодсон. Тэгээд нойлын өрөөнд орж цусыг угаагаад “гэрт очоод байж бай” гэж хэлээд гаргасан. Тэр хоёрт “дүүгээсээ асууя” гэж хэлсэн. Тэгэхэд Цогтбаатар нь дугарч чадахгүй, хацар нь чичрээд байсан юм. Үүнээс хойш би дүүгээ гэртээ асардаг болсон бөгөөд тухайн үед манай нөхөр өвчтэй гэртээ байдаг байсан бөгөөд хоёр өвчтэй хүн нэг гэрт асарч байсан. Тэгээд *******д хоёр өвчтэй хүн нэг гэрт байна гэж хэлж байсан. Манай нөхөр ч амьд сэрүүн байхдаа *******тэй уулзаж “Цогтоог өөр дээрээ ав эсвэл нэг өрөө байр авч өгөөд тусад нь гарга” гэж хэлж байсан юм. ******* нь “1 өрөө байр авч өгч чадахгүй, 50 сая төгрөг өгнө” гэж хэлсэн байсан. Одоо 128.800.000 төгрөг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 17-21 дэх тал/,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 22-31 дэх тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн:

“...тухайн өдөр 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр хөдөөнөөс дөнгөж ирээд, цай уугаад Цогтоо зурагт үзээд сууж байсан. Цогтоо эрүүл саруул, архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Тэр өдөр Нараа над руу “дүү Цогтбаатараа гаргаад ирээ, хамт архи уумаар байна” гэсэн. “Цогтоо хөдөө архи ууж байгаад ирсэн, одоо эрүүл байна, манай нөхөр балкон янзлах ажилтай байна” гээд би гаргаагүй... Нараа, Төмөрөө хоёр манай гэрт ирээд Нараа “Цогтбаатарыг гаргаад ир, манай Төмөрөө таньдаг юм байна, миний багын найз Цогтоо мөн юм шиг байна, уулзмаар байна” гээд шаардаад байсан. Нараа их ууртай ажиглагдаж байсан. Би ороод дүүдээ “Нараа чамайг дуудаад байна” гэсэн чинь Цогтоо гэрт өмсөж байсан гэрийн хувцас, табчиктайгаа гараад явсан. Улаан өнгийн биеийн тамирын цахилгаантай цамц, саарал өнгийн биеийн тамирын өмдтэй байсан. ..2022 оны хавраас Нарааг мэддэг болсон. Манай хажуу талын 6 дугаар байранд байдаг... Нараагийн нөхөр Солонгос яваад 5 жил болж байгаа. Төмөрөө нь уулздаг залуу нь юм байна лээ. ...Нараа, Төмөрөө хоёрыг би эмнэлэг дээр дуудсан... С.Цогтбаатарын хагалгаанд орсон зургийг үзүүлсэн. Нараа, Төмөрөө хоёр “Цогтбаатар хаана байсан юм бол, хаанаас олсон гэж байна, яаж үхчхээгүй юм бол доо” гэж хэлж байсан. “Оюунаа буудалд дүүгээ зодуулж байхыг хараад цочоод нүд нь далдираад харж чадахгүй байхаар нь өрөвдөөд сүүлдээ зодохоо больсон шүү” гэж Төмөрөө Нараад ярьсан байсан. Үүнийг надад Нараа эмнэлэг дээр байхдаа хэлсэн. Эмнэлэг дээр Нараа, Төмөрөө хоёр “ёстой баларсан юм боллоо, арай хэтрүүлээд зодчихжээ, архинаас л боллоо, манай охин тэр үед бид хоёрыг архи уусан байхад тийм юм хэлээд, цөс хөөрөөд Цогтбаатарыг зодоод ийм байдалд оруулчихлаа” гэж байсан... Одоогийн байдлаар 2 нүд нь таг сохорсон, ой санамж байхгүй, хүнтэй харилцан яриа байхгүй, ганцаараа ярина, мэдээгүй шээж баана, ийм байдалтай хүний асаргаанд байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42-44, 47- дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн гэрчээр өгсөн:

“...над руу ******* залгаад “ирж дүүгээ авахгүй бол дүүг чинь аллаа шүү” гэж хэлсэн. Би “хаана байна” гэхэд Нараа “ буудлын 306 билүү 309-д байна” гэж хэлсэн. Би буудлын 3 давхарт нь ороход Цогтбаатарын баруун нүд нь хавдаад нүд нь харагдахгүй, толгойны баруун талын хэсэг нь хагарч цус гоожиж байсан. Би байгаа байдлыг нь хараад “юу болов оо, яагаад ингээд хүн аймар болгож байгаа юм хүн аллаа шүү дээ” гэж хэлэхэд ******* “танай дүү чинь манай охиныг шөнө унтахад нь хөнжил руу нь 2 удаа гараа хийсэн байна, тэгээд айгаад чамтай унтсан гэж байна. Манай охин надад цөхөрч уйлж байгаад хэллээ, танай энийг алсан ч яадаг юм, шоронд нь хатаавал таарна” гэж хэлээд Цогбаатарын толгой руу цохисон. Тэгсэн Цогтбаатар сууж байхад нь Төмөрөө “ийм юм шоронд орвол амьтан болно” гэж хэлээд тохойгоороо толгой дээрээс нь цохиод хажуу талаас нь гараараа цохиж толгойг нь ханатай хавсарч цохисон. ******* үснээс нь зулгаагаад хана мөргүүлэхээр нь би “одоо болно оо, элэг рүү нь битгий цохиорой элэг томтой шүү” гэж хэлсэн. Би дүүгээ дагуулж бие засах өрөөнд нь ороод нүүрийг нь угаагаад баруун талаас нь гоожоод байгаа цусыг нь угаахад баруун талын чихний дээд хэсгээс гарч байгаа цус тогтохгүй байсан. Бие засах өрөөнөөс Цогтбаатарыг дагуулаад гараад ирэхэд ******* “наад муугаас чинь манай охиныг хэдэн настай гэж бодсон гэж асуухад 14, 15 настай гэж бодсон гэж байгаа юм даа, 14, 15 настай бол хүчиндэх байсан уу, жаахан хүүхэд хүчинддэг бузрын юмнууд” гэж хэлээд Цогтбаатарыг дахиад хэд хэдэн удаа толгой руу нь алгадаад хөлөөрөө өшиглөөд байсан. Төмөрөө нь бас хажуунаас нь толгой руу хэд хэдэн удаа цохисон. Цогтбаатар хананд шахагдаж атиралдаж суусан байхаар нь би “за одоо болно оо, наад хүн чинь үхлээ, би өмнөөс нь уучлалт гуйя, би ийм юм болсон гэдгийг мэдээгүй” гэж хэлээд Цогтбаатарыг босгох гэхэд шалан дээр гоожсон цусан дээрээ халтираад босож чадахгүй байсан. Би татаж босгоод “одоо яв гэртээ харь” гэж хэлж гаргаад Төмөрөө, ******* нартай уулзаж “уучлаарай, юу болсон гэдгийг мэдсэнгүй хөдөө очоод 2 дахь өдрийн орой танай охин намайг дуудаад миний өвөрт орж ирсэн, тэгэхэд л тийм юм болж, манай дууг уучлаарай” гэж хэлэхэд ******* цагдаад өгч шоронд нь хатаана гэж хэлэхээр нь би “тэгээ тэг” гэж хэлээд буудлаас түрүүлээд гарсан. Төмөрөө, ******* нар буудалд үлдсэн. Буудлын өрөөнд би ганцаараа очсон. Намайг ороход Цогтбаатар, Төмөрөө, ******* нар байсан. Намайг ороод хэсэг хугацааны дараа буудлын өрөөний хаалгыг хүн тогшиход Төмөрөө хаалга онгойлгоод “зүгээрээ эгчээ санаа зоволтгүй, зүгээр хүн хашрааж байна” гэж хэлээд хаалгаа хаасан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-51, 54-56 дахь тал/, 

Гэрч :

“...манай төв 6 давхар барилга, 1 давхарт ресторан, В1 давхарт караоке байдаг. ...өчигдөр зөвхөн ресторан хэвийн үйл ажиллагаа явуулсан... 14-нөөс 15-нд шилжих шөнө 1-2 цагийн үед хаагаад, би рестораны хаалгаа түгжчихээд, доошоо В1 давхраа шалгаагүй. ... өглөө 09 цаг 30 минутын үед манай үйлчлэгч Наранцэцэг ирээд В1 давхарт сонин чимээ гараад байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би В1 давхар руу ороход караокены хаалганы урд улаан цамцтай бараан өмдтэй, цайвар табочиктай, ер нь бохир хувцастай эрэгтэй хүн дээшээ хараад хэвтчихсэн, сонин чимээ гаргаад байж байсан. ... тэр үед цагдаа ирээд камер шүүх гээд камер нь болохгүй байна гээд би цагдаатай хамт ирсэн. ... Вип центр нь гаднаас ордог 3 хаалгатай, уг 3 хаалганы 2 нь камергүй, караокены гадна талаас ордог хаалга нь камергүй байдаг. ... В1 давхар руу ордог шат руу чиглэсэн камер байхгүй. Би тухайн хүнийг хэзээ, хаагуур яаж орж ирсэн талаар мэдэхгүй байна. ...тухайн үед В1 давхарт караоке ажиллаагүй учир В1 давхрыг сайтар шалгаагүй. ...би 103-ын эмчийг дөнгөж ирээд үзэхэд нь байсан тэр үед эмч цусаар бөөлжсөн байна гэж хэлээд, нил цус болсон толгойг нь тэмтэрч үзээд байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-59, 62-63 дахь тал/,

Гэрч

“...би 2022 оны 07 дугаар сарын 14-нөөс 15-ны өдөр “” зочид буудлын үйлчлэгчээр ажилласан. ...би 07 сарын 14-ний өглөө 10 цагаас үйлчлэгч Отгончимэгээс ээлжээ авсан. Урьд шөнө нь хоносон бүх хүмүүс гараад, харин 306 тоот өрөөнд хоносон эрэгтэй, эмэгтэй хоёр хүн өрөөгөө сунгасан. 40 гаран насны хүмүүс байсан. ... Би 3 давхарт цэвэрлэгээ хийгээд явж байхад 14 цагийн үед санаж байна. 306 тоотын хоёр хүн гаднаас өндөр, том биетэй эрэгтэй хүнийг дагуулаад өрөө рүүгээ орж байсан. “Хүн нэмж орохгүй шүү” гэсэн чинь “удахгүй ээ эгчээ, гарчихна” гээд орсон. Ороод удалгүй түжигнээд байхаар нь 306 тоотыг тогшсон хаалгаа нээхгүй байхаар нь өөрийн цэвэрлэгээ хийхдээ ашигладаг чипээр гаднаас нь онгойлгоод орсон чинь тэр хоёрын гаднаас дагуулж орж ирсэн залуу нь өрөөний 00-ын мухарт цусандаа хутгалдсан, толгойгоо гараараа дарсан, тонгойсон байдалтай байсан. Эмэгтэй нь гар нүүрийн алчуур гартаа ороосон байдалтай, эрэгтэй нь наана нь сандал дээр сууж байсан. “Та нар боль хүн алах нь байна ш дээ, одоо гар” гэсэн “зүгээрээ энэ хүнийг шийтгэж байгаа юм, бид хоёр удахгүй гарлаа” гэсэн. ...төд удалгүй нэг эмэгтэй өрөөний тоот асуулгүй шууд 306 тоот руу орсон... гаднаас орж ирсэн залуу нь гараараа толгойгоо дараад гараад явсан. Намайг өрөөгөө цэвэрлээд гараад ирэхэд 306 тоотын үүднээс эхлээд коридороор цус дусалсан байсан. Би араас нь коридорын үзүүр хүртэл дусалсан цусыг арчаад 2 давхарт байрлах өрөө рүү орсон. 1 цаг гаруйн дараа 306 тоотод очиход хаалга нь онгорхой, тэр хүмүүс бүгд гараад явсан байсан. Сая л хүн зодоод байсан өрөө цус нөж аймаар байгаа гэж бодоод, цэвэрлэх гээд орсон чинь юу ч болоогүй юм шиг бүгдийг нь цэвэрлээд гараад явсан байсан. Нөгөө эмэгтэйн гараа ороосон байсан буудлын алчуур ч хүртэл байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71-73, 76-77 дахь тал/,

Гэрч :

“...би 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вип Центр” төвийн подвалд ухаангүй, согтуу эрэгтэй хүн цус алдсан гэсэн дуудлага хүлээж авсан. Яг одоо цагийг нарийн санахгүй байна. Үүрээр 05 цаг минутын үед байх жолооч *******ын хамт дуудлага дээр очсон, биксээ аваад подвал руу орж тухайн нөхцөл байдлыг үнэлж, тухайн хүн дээр анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлж эхэлсэн. -50 орчим насны эрэгтэй байсан, уг хүний толгой ертөнцийн зүгээр баруун тийшээ харсан байдалтай, баруун талаараа хөндлөн хэвтсэн байрлалтай, нүдээ аньсан, ам хамраас, толгойн ар дагз хэсгээс цус алдсан байдалтай, цус нь толгой болон цээж хэсгийн газарт тархсан байдалтай цус алдалтын хэмжээг баримжаалбал 700-800 грамм орчим цус алдсан, ёолсон байдалтай байсан. ....Цаг алдалгүй насилк авчирсан, хүчилтөрөгчийг гуурсаар өгч насилкан дээр хэвтүүлж Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү эмчилгээг үргэлжлүүлэн тээвэрлэж хүлээн авахын эмчид хүлээлгэж өгсөн. ...алдсан цусны зах хэсгийг ажиглахад зах хэсгээрээ хатсан, насилкан дээр шилжүүлэх явцад толгой хэсгээс гарсан, цус бүлхэрсэн байдалтай байсан. ...тухайн хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй, цусны үнэр үнэртэж байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

Шинжээч О.Нансалмаагийн:

“...Дээрх гавал тархины гэмтлийн үед цусан хурааны улмаас тархи дарагдах хүртэлх хугацаанд хүн бүр харилцан адилгүй үйлдэл хийж болно. Зарим тохиолдолд шууд ухаан алдах, зарим тохиолдолд идэвхтэй хөдөлгөөн хийнэ. Цусан хурааныхаа хэмжээнээс хамаарна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 87-88 дахь тал/,

Гэрч :

“...2022 оны 07 сарын 15-ны өглөөний 11 цагийн үед хүлээн авах яаралтай тусламжийн тасгаас “хүн үзүүлнэ” гэж дуудсан. Очиж үзэхэд нэр хаяг тодорхойгүй, 50 орчим насны эрэгтэй хүн байсан. Хийлгэсэн компьютер томографын шинжилгээнд тархины баруун талыг хамарсан хатуу хальсан дээрх цус хуралттай, тархины зүүн талыг хамарсан тархины эдийн гүн дэх цус хуралттай, тархи няцралттай, гавал ясны хугаралттай, тархи дарагдал ихтэй байсан. Өвчтөн өөрөө ухаангүй, биеийн байдал маш хүнд комын байдалтай байсан. Улмаар гавал тархины эмч нарын хамтарсан үзлэг шийдвэрийн дагуу амь нас аврах зорилгоор яаралтай журмаар мэс засалд оруулж, цус хуралтуудыг авах, цус алдалтыг зогсоох зорилгоор тархи дарагдал чөлөөлөх мэс засал хийсэн. ... Цус хуралт тархинд үүсэж эхлэх үед өвчтөн явж болно, цонх үе хүн болгон харилцан адилгүй байдаг учраас хэр хол явах чадвартайг хэлэх боломжгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 89-90 дэх тал/,

Гэрч :

“...Манай том хүү ******* “манай найзын дүү Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн, бие нь муу байгаа. Насанд хүрээгүй хүүхдээр харуулсан чинь шарх нь идээлсэн байна” гэж хэлсэн. Намайг хэд хоног хараад өг гэхээр нь би 2, 3 хоног сахина гэж бодож очсон. Тэгтэл 2022 оны 07 дугаар сарын 21-нээс 2022 оны 08 дугаар сарын 12-ныг хүртэл сахисан. ...Цогтбаатар дахиж хагалгаанд орсон. Эмч нь хэлэхдээ цус их алдсан байна гэж хэлж байсан. ...Тэгээд бие нь гайгүй тогтвортой болсон. Цонхоор юм хараад, надтай юм яриад, надад цагаан машин авч өгнө гээд яриад байдаг байсан. Тэр өдрөөс хойш 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Цогтбаатар эмнэлгээс гараад тэгээд би гэртээ харьсан. Сахихаар очиход толгойн хэсэгтээ боолттой, хоолыг нь халбагадаад өгөхөөр идчихдэг, өндийгөөрэй гэхэд өндийдөг байсан. ...******* намайг эмнэлэгт байх үед Оюунгэрэлтэй хамт хоол, цай зөөгөөд, даавуу сольж угааж өгөөд л гүйгээд байдаг байсан. Би тэр хоёрыг их сайн найзууд юм болов уу гэж бодож байсан. Би Цогтбаатарыг эмнэлэгт сахиж дууссаны дараа гэртээ хариад хүү *******т “чи чинь ээжээрээ ямар хүнийг сахиулчхав аа” гэж асуухад манай хүү ******* “наадах чинь манай найз *******гийн 10 настай охиныг хүчиндэхийг завдсан тэгэхээр нь би цохичихсон юм” гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 96-97 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108-112 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн:

“...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. ...иймд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. ...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.Цогтбаатар нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 8.959.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч *******, ******* нараас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 200-201 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15339 дугаартай шинжээчийн:

“...С.Цогтбаатарын биед баруун зулай чамархай ясны хугарал, баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, дагзны баруун талд хуйханд шарх, нүүр, цээж, хоёр шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүсэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 2.2.4-ын 1.3-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 100% алдагдуулна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 120-122 дахь тал/,

Шүүх сэтгэц, эмгэг судлалын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1132 дугаартай шинжээчийн:

“...С.Цогтбаатар нь сэтгэцийн хувьд F07.2 Тархины доргилтын дараах хам шинж, ойгүйдлийн хам шинжтэй байна. С.Цогтбаатарын F07.2 Тархины доргилтын дараах хам шинж, ойгүйдлийн хам шинж эмгэг нь олдмол шалтгаантай болно. Дээрх эмгэг нь 2022 оны 07 дугаар сарын 15-нд толгойдоо хүнд гэмтэл авснаас үүссэн байх боломжтой байна. С.Цогтбаатар нь одоо өөрийн үйлдлийг ухамсарлан удирдах чадваргүй байна. С.Цогтбаатар нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадваргүй байна. С.Цогтбаатарын F07.2 Тархины доргилтын дараах хам шинж, ойгүйдлийн хам шинж эмгэгт сэтгэцийн гэмтлийн зэрэг гэсэн ангилал, ойлголтоор хуваагддаггүй болно. С.Цогтбаатар нь бусдад зодуулснаас шалтгаалан F07.2 тархины доргилтын дараах хам шинж, ойгүйдлийн хам шинж эмгэгтэй болсон байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 126-128 дахь тал/,

С.Цогтбаатарын амбулаториор эмчлүүлэгсдийн карт болон эмнэлгийн бусад баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 151-199 дэх тал/,

“Хотлын хишиг” ХХК-аас цагдаагийн байгууллагад ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 013 дугаартай “...2022 оны 07 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Тунгалагмаа ажиллаж байжээ. ...2022 оны 07 дугаар сарын 13-наас 15-ны өдрүүдэд зочид буудалд хонож байрласан иргэдийн бүртгэлийг хуулбарлаж хавсаргав...” гэсэн албан бичиг, хавсралт 3 хуудас /2 дугаар хавтаст хэргийн 49-52-дахь тал/,

“Мобиком Корпораци” ХХК-аас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 4/4993 дугаартай албан бичгээр ирүүлсэн “-Жаргал-Очир *******, / гэсэн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

“Скайтел” ХХК-аас цагдаагийн байгууллагад ирүүлсэн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 22/526 дугаартай “....96969991 дугаар эзэмшигч хэрэглээ хийсэн өдрүүдийн орсон, гарсан яриа, мессежний мэдээллийг хүргүүллээ” гэх албан бичиг, дуудлага лавлагааны баримтууд, мөрдөгчийн “...ийн 96969991 дугаар руу хэрэглээ хийсэн өдрүүдийн орсон, гарсан ярианы 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хооронд үзлэг хийхэд дугаараас 96969991 дугаар руу нийт 16 удаа дуудлага хийж, 9 удаа дуудлага хүлээн авсан байна...” гэсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 72-74 дэх тал/,

Гэмт хэргийн улмаас С.Цогтбаатарын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 191-192 дахь тал/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч С.Цогтбаатарын эрүүл мэндэд нь халдаж, түүний биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж байгаа 128.000.000 төгрөгийг гаргуулах” гэсэн дүгнэлтийг,

Иргэдийн төлөөлөгч Ч.Мөнхбаяр “...Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна...” гэсэн дүгнэлтийг,   

Хохирогчийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ “...Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд байнгын асаргаатай амьдралын нөхцөл байдлын хувьд хүнд нөхцөл байдалд байгаа. Асаргаа сувилгаа нэн шаардлагатай байгаа бөгөөд 1 өдрийн 60.000 төгрөг тооцож жилийн 21.900.000 төгрөг, /2хх 233/ гадаад улс руу эмчилгээ хийлгэх 30.000.000 төгрөг, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж зааснаар 13.750.000 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хохирлын хувьд дээд хэмжээг 149 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний хохирлыг гаргуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Намжилцогт “... “” зочид буудлаас “Вип центр” хүртэл 4 минутын зайтай талаар мөрдөгчийн тэмдэглэл хэрэгт авагдсан. Энэ зайд хохирогч нь бусдад зодуулсан байх ямар ч боломжгүй, буудлаас шүүгдэгч нарт зодуулаад цус нөжөө гоожуулаад гарсан хүнийг хэн барьж авч нэмж зодох вэ дэ. Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэрэг баримтаар хангалттай тогтоогдож байна....” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал тогтоогдохгүй байна. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй, дан ганц хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгийг үндэслэн миний үйлчлүүлэгчийг ялласан. Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр ******* нь хохирогч С.Цогтбаатарыг зодсон гэж мэдүүлсэн бөгөөд хэрэгт өөр бусад гэрч нарын мэдүүлгээр зодсон талаар мэдүүлээгүй. Хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас энэ гэмт хэрэг үйлдэгдсэн. Мөн тухайн өдөр хохирогчийн буудлаас гараад хэнтэй уулзсан, хаашаа явсан талаар шалгаж тодруулаагүй, хяналтын камерын бичлэгийг олж тогтоогоогүй, прокурор хэрэгт хуульд заасан хяналтыг тавьж ажиллаагүй. Иймд миний үйлчлүүлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, цагаатгаж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Нарангарав “...Миний үйлчлүүлэгч хохирогч С.Цогтбаатарын биед халдаж, зодсон үйл баримтад маргах зүйлгүй. Харин шүүгдэгч *******тэй бүлэглэн хохирогчийн эрүүл мэндэд халдсан үйл баримт тогтоогдохгүй. ******* нь эмэгтэй хүний хувьд хүнд гэмтэл учиртал зодож цохино гэж байхгүй тул *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. Хохирол төлбөрийн хувьд баримтаар тогтоогдсон хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилж байгаа хохирол төлбөр нь баримт байхгүй байгаа тул гаргуулах хууль зүйн үндэслэлгүй, мөн хэрэгт иргэний хариуцагчаар Г.Гантуяаг гэдэг хүнийг тогтоосон байх боловч төрийг төлөөлж байгаа талаарх баримт, ажлын газрын үнэлэх байхгүй байгаа тул хохирлыг гаргуулах нь хууль зүйн үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.  

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******, ******* нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч *******, ******* нар нь:

бүлэглэж 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах, “” зочид буудлын 3-р давхрын 306 тоотод “охин татаж чангааж, оролдлоо” гэсэн шалтгаанаар С.Цогтбаатарыг зодож, улмаар биед нь баруун зулай чамархай ясны хугарал, баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх болон доорх цусан хураа, дагзны баруун талд хуйханд шарх, нүүр, цээж, хоёр шилбэнд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн:

“... “Оюунаа буудалд дүүгээ зодуулж байхыг хараад цочоод нүд нь далдираад харж чадахгүй байхаар нь өрөвдөөд сүүлдээ зодохоо больсон шүү” гэж Төмөрөө Нараад ярьсан байсан. Эмнэлэг дээр Нараа, Төмөрөө хоёр “ёстой баларсан юм боллоо, арай хэтрүүлээд зодчихжээ, архинаас л боллоо, манай охин тэр үед бид хоёрыг архи уусан байхад тийм юм хэлээд, цөс хөөрөөд Цогтбаатарыг зодоод ийм байдалд оруулчихлаа” гэж байсан. ... Одоогийн байдлаар 2 нүд нь таг сохорсон, ой санамж байхгүй, хүнтэй харилцан яриа байхгүй, ганцаараа ярина, мэдээгүй шээж баана, ийм байдалтай хүний асаргаанд байна...” гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн гэрчээр өгсөн:

“...Би буудлын 3 давхарт нь ороход Цогтбаатарын баруун нүд нь хавдаад нүд нь харагдахгүй, толгойны баруун талын хэсэг нь хагарч цус гоожиж байсан. ...*******, танай энийг алсан ч яадаг юм, шоронд нь хатаавал таарна” гэж хэлээд Цогбаатарын толгой руу цохисон. Тэгсэн Цогтбаатар сууж байхад нь Төмөрөө “ийм юм шоронд орвол амьтан болно” гэж хэлээд тохойгоороо толгой дээрээс нь цохиод хажуу талаас нь гараараа цохиж толгойг нь ханатай хавсарч цохисон. ******* үснээс нь зулгаагаад хана мөргүүлэхээр нь би “одоо болно оо, элэг рүү нь битгий цохиорой элэг томтой шүү” гэж хэлсэн. Би дүүгээ дагуулж бие засах өрөөнд нь ороод нүүрийг нь угаагаад баруун талаас нь гоожоод байгаа цусыг нь угаахад баруун талын чихний дээд хэсгээс гарч байгаа цус тогтохгүй байсан. Бие засах өрөөнөөс Цогтбаатарыг дагуулаад гараад ирэхэд ******* “наад муугаас чинь манай охиныг хэдэн настай гэж бодсон гэж асуухад 14, 15 настай гэж бодсон гэж байгаа юм даа, 14, 15 настай бол хүчиндэх байсан уу, жаахан хүүхэд хүчинддэг бузрын юмнууд” гэж хэлээд Цогтбаатарыг дахиад хэд хэдэн удаа толгой руу нь алгадаад хөлөөрөө өшиглөөд байсан. Төмөрөө нь бас хажуунаас нь толгой руу хэд хэдэн удаа цохисон....” гэсэн мэдүүлэг,

Гэрч :

“......тухайн үед В1 давхарт караоке ажиллаагүй учир В1 давхрыг сайтар шалгаагүй. ...би 103-ын эмчийг дөнгөж ирээд үзэхэд нь байсан тэр үед эмч цусаар бөөлжсөн байна гэж хэлээд, нил цус болсон толгойг нь тэмтэрч үзээд байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч

“...306 тоотын хоёр хүн гаднаас өндөр, том биетэй эрэгтэй хүнийг дагуулаад өрөө рүүгээ орж байсан. “Хүн нэмж орохгүй шүү” гэсэн чинь “удахгүй ээ эгчээ, гарчихна” гээд орсон. Ороод удалгүй түжигнээд байхаар нь 306 тоотыг тогшсон хаалгаа нээхгүй байхаар нь өөрийн цэвэрлэгээ хийхдээ ашигладаг чипээр гаднаас нь онгойлгоод орсон чинь тэр хоёрын гаднаас дагуулж орж ирсэн залуу нь өрөөний 00-ын мухарт цусандаа хутгалдсан, толгойгоо гараараа дарсан, тонгойсон байдалтай байсан. Эмэгтэй нь гар нүүрийн алчуур гартаа ороосон байдалтай, эрэгтэй нь наана нь сандал дээр сууж байсан. ...гаднаас орж ирсэн залуу нь гараараа толгойгоо дараад гараад явсан. ....сая л хүн зодоод байсан өрөө цус нөж аймаар байгаа гэж бодоод, цэвэрлэх гээд орсон чинь юу ч болоогүй юм шиг бүгдийг нь цэвэрлээд гараад явсан байсан. Нөгөө эмэгтэйн гараа ороосон байсан буудлын алчуур ч хүртэл байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч :

“....алдсан цусны зах хэсгийг ажиглахад зах хэсгээрээ хатсан, насилкан дээр шилжүүлэх явцад толгой хэсгээс гарсан, цус бүлхэрсэн байдалтай байсан. ...тухайн хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй, цусны үнэр үнэртэж байсан...” гэсэн мэдүүлэг,

Шинжээч О.Нансалмаагийн:

“...Дээрх гавал тархины гэмтлийн үед цусан хурааны улмаас тархи дарагдах хүртэлх хугацаанд хүн бүр харилцан адилгүй үйлдэл хийж болно. Зарим тохиолдолд шууд ухаан алдах, зарим тохиолдолд идэвхтэй хөдөлгөөн хийнэ. Цусан хурааныхаа хэмжээнээс хамаарна...” гэсэн мэдүүлэг,

Гэрч :

“...Цус хуралт тархинд үүсэж эхлэх үед өвчтөн явж болно, цонх үе хүн болгон харилцан адилгүй байдаг учраас хэр хол явах чадвартайг хэлэх боломжгүй...” гэсэн мэдүүлэг,

Гэрч :

“...*******т “чи чинь ээжээрээ ямар хүнийг сахиулчхав аа” гэж асуухад манай хүү ******* “наадах чинь манай найз *******гийн 10 настай охиныг хүчиндэхийг завдсан тэгэхээр нь би цохичихсон юм” гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч , яллагдагч ******* нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 15339 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүх сэтгэц, эмгэг судлалын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1132 дугаартай шинжээчийн дүгнэлт, С.Цогтбаатарын амбулаториор эмчлүүлэгсдийн карт болон эмнэлгийн бусад баримтууд, “Хотлын хишиг” ХХК-аас цагдаагийн байгууллагад ирүүлсэн албан бичиг, “Мобиком Корпораци” ХХК-аас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 4/4993 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, “Скайтел” ХХК-аас цагдаагийн байгууллагад ирүүлсэн албан бичиг, дуудлага лавлагааны баримтууд, мөрдөгчийн тэмдэглэл зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй чөлөөтэй байдлын эсрэг чиглэсэн идэвхтэй үйлдлийг санаатайгаар хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нар нь өөрийн үйлдлийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч С.Цогтбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол болох бөгөөд учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ үйлчилгээ, асаргаатай холбоотойгоор хохирогчоос гарч буй болон гарах зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болно.

Иймд хохирогч С.Цогтбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд эмчилгээ хийлгэсэн зардал, бусад хохирол төлбөрт баримтаар 4.864.568 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байх бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 7.360.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан байна.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэцэд учирсан хохирол, хор уршигт 62.500.000 төгрөг, асаргаа сувилгааны 1 жилийн төлбөр болох 21.900.000 төгрөг /2хх 233/, гадаад улс руу эмчилгээ хийлгэх 30.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 13.750.000 төгрөг нийт 128.150.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, ....сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт “...гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй...” гэж тус тус заажээ. 

Эрүүл мэндийн хуулиар асрах, сувилах гэх ойлголтуудыг тодорхойлсноос гадна сувилахуйн болон сэргээн засах дагнасан тусламж үйлчилгээг 1 сар ба түүнээс дээш хугацаагаар үзүүлэх үйл ажиллагааг эмнэлгийн урт хугацааны тусламж үйлчилгээ гэж заасан байна. Хохирогч С.Цогтбаатарын хувьд өөрийн үйлдлийг ухамсарлан удирдах чадваргүй, ойгүйдлийн  хам шинж эмгэгтэй, хөдөлмөрийн чадварын тогтонги 100 хувь алдсан бөгөөд байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн асаргаа сувилгааны 1 жилийн төлбөр болох 21.900.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн хохирогч С.Цогтбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол /гэм хор/-ын улмаас хөдөлмөрийн чадвар сэргээгүй, гэм хор учруулах үед цалин хөлс, орлогогүй байсан бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй бөгөөд уг шаардах эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч хэрэгжүүлэх боломжтой байхаар зохицуулсан бөгөөд түүний нэхэмжлэлээс 13.750.000 төгрөгийг  гаргуулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн Сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах заалт нь Иргэний хуульд шинээр тусгагдсан заалт бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд орсон нэмэлт өөрчлөлийг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж байгаа.

Иргэний хуулийн 5 дугаар зүйлд “...Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй...” гэж заасан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэрэг 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр үйлдэгдсэн ба хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдэгдсэн учир хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах шаардлагагүй байна.  

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс асаргаа сувилгааны төлбөр, цаашид гарах эмчилгээний зардал, цалин хөлс, сэтгэцэд учирсан хохирол гэм хорын хохирол төлбөрт нийт 128.150.000 төгрөг нэхэмжилсэн боловч ажилгүй байсан хугацааны цалин болон гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой асаргаа, сувиллын төлбөр баримтаар тогтоогдож байгаа нийт 35.650.000 төгрөгийн хохирлыг хуульд заасны дагуу гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд болох шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 17.825.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 92.500.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заасан байх “Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв” эмнэлгээс хохирогч С.Цогтбаатарын төрийн үйлчилгээний төлбөр болох 8.959.000 төгрөгийг шүүгдэгч *******, ******* нараас хувь тэнцүүлэн гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ “...Шүүгдэгч нар өнөөдрийг хүртэл хохирогчоос нэг ч удаа уучлалт гуйгаагүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлээгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдал харагдахгүй байх тул шүүгдэгч нарт 10 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч насан туршийн хор уршиг арилахгүй нөхцөл байдал байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзаж үзнэ үү...” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Намжилцогт “...Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, гэмшиж байгаа нөхцөл байдал харагдахгүй байна...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар “...Энэ гэмт хэрэг тохиолдлын шинж чанартай хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн. Хохирол төлбөрийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгөх боломжтой байсан хэдий ч энэ талаар баримтыг гаргаж өгөөгүй. Хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялын гуравны хоёроос доошгүй ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Нарангарав “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус нөхцөл байдал нөлөөлсөн, мөрдөн шалгах ажиллагаанд хохирол төлбөрийг төлсөн зэрэг байдлыг харгалзаж үзнэ үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******, ******* нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгосон тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй” гэж заасан тул шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал мөн тогтоогдоогүй.

Түүнчлэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл явдал, маргааны шалтгаан, эхлэл, өрнөл, түүний дэс дараалал, шүүгдэгч нэг бүрийн үйлдэл, оролцоо, сэтгэлзүйн хандлага зэрэгт шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх, нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын ял шийтгэлийг оногдууллаа.

Иймд шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүрийг 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ болон “Монгол Улсын хилээр гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй бага насны хүүхдүүдээ өөрийн төрсөн эхийн асран хамгаалалтад үлдээх хүсэлт гаргасан тул харьяа дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгаагүй болохыг дурдах нь зүйтэй.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205025310886 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******, ******* овогт ******* ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус бүр 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-д зааснаар шүүгдэгч *******, ******* нараас тус бүр 17.825.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 92.500.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******, ******* нараас 8.959.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******, ******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ болон “Монгол Улсын хилээр гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан арга хэмжээг тус тус хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн эдлэх ялыг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.ДАЛАЙХҮҮ

 

                                             ШҮҮГЧ                                                                    О.ЖАНЧИВНЯМБУУ                     

 

                      ШҮҮГЧ                                                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ