Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/363

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Б.Билгүүн,

шүүгдэгч О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Г овогт О-ын Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2405005110458 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар дүүрэг *** хороо *** гудамж *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овогт О-ын Б-.

 

Шүүгдэгч О.Б- нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бурхан буудай шашны дэлгүүрт хохирогч Н.Н-д “нэг шуудай арцыг 672,000 төгрөгөөр зарна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж улмаар 22,000 төгрөгийг бэлнээр, 650,000 төгрөгийг Г.А-ын эзэмшлийн Хаан банкны 5006257535 тоот дансаар дамжуулан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 25-32 дахь тал/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 36-39 дэх тал/

 

Мөрдөгчийн 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /хэргийн 42 дахь тал/

 

Хохирогч Н.Н-ийн “... Би 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 16 хороо Бурхан буудай шашны эд зүйлсийн дэлгүүрээ ажиллуулж байтал 14 цаг 50 минутын үед гаднаас зүс таних залуу орж ирээд Отгонтэнгэрийн арц зарж байна гээд бага зэрэг арц надад үзүүлээд тухайн арц нь гоё арц байсан тул авахаар тохиролцоод гаднаас нэг шуудайг оруулж ирсэн.

Тэгэхээр нь би1 кг арцыг 14,000 төгрөгөөр авахаар тохироод 1 шуудай арц 48 кг буюу 672,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгээд би шуудайтай арцны дээд хэсгийг шалгаад автал өнгөн хэсгээс доошоо тэр чигтээ зуухны үнсийг 3 давхар шуудайнд давхарлаад өгсөн байсан. Тэгээд би залилуулсан тул цагдаагийн байгууллагад хандахаар болсон.

... Тухайн Зоригоо гэх залуу нь өөрт нь данс байхгүй, хамт явж байгаа таксины жолоочийн дансыг өгье гээд Хаан банкны 5016408*** тоот дансыг өгсөн. Тухайн данс руу нь 650,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5006257*** тоот данснаас шилжүүлсэн.

... Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулмаар байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дахь тал/

“... 2022 оны зун манай дэлгүүрт Ганга өвс зарна гэж орж ирээд надад 3 шуудай Ганга өвс зарж байсан. Тэгээд маргааш нөгөөдөр нь тухайн залуугийн Ганга өвсийг ойр хавийн дэлгүүрүүддээ сурталчилсан чинь тухайн Зоригоо гэж өөрийгөө танилцуулсан залуу тухайн дэлгүүрүүдэд шуудайн дотор дээр нь Ганга өвс тавиад доор нь шарилж хийж зарсан байсан.

Тэр мөчөөс хойш огт алга болж байж байснаа саяхан буюу 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр манай дэлгүүрт сайн уу ахаа гээд сүрхий таниад ороод ирэхээр нь би нөгөө залуу байна даа гээд таньж байснаа гоё арц үзүүлэхээр нь болоод өнгөрсөн зүйлийг бодоод яахав гэж бодоод арцыг нь авчихсан юм.

Тэгэхдээ өмнө хулхидаж байсныг нь мэдэх болохоор би танилцах зорилготой чамайг чинь хэн гэдэг билээ, утсаа өгөөч гэхэд ахаа намайг Зоригоо гэдэг гээд холбогдох боломжгүй хэдэн дугаар тэмдэглүүлээд явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15-16 дахь тал/

 

Гэрч Г.А-ын “... 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 цагийн орчим гэрээсээ гараад Бэлхийн эцэс орох гээд өөрийн 47-38 УАМ улсын дугаартай цэнхэр өнгийн Toyota Prius 41 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхад зам дагуу 30-35 насны орчим дунд зэргийн нуруутай, бор царайтай, ногоон өнгийн куртик өмссөн залуу гар өргөөд зогсож байхаар нь зогсоход таксинд явах уу, Гандан орох уу гэж асуусан. Тэгэхээр нь би явна гэж хэлээд өөрийн тээврийн хэрэгсэлд суулгасан. Тэгсэн би буцаад гэрээрээ орж юм аваад Гандан оръё гэж хэлсэн. Тэгээд би гэр рүү нь яваад хашааных нь цэнхэр өнгийн хаалгатай үүдэнд зогсоход та түр хүлээж байгаарай, би гялс юм аваад гараад ирье гэж хэлээд өөрийн хашаа руу ороод шуудай дүүрэн юм авч гарч ирээд автомашинд суухаас нь өмнө би наад шуудайтай юм чинь юу юм бэ гэж асуухад аан ахаа арц байгаа юмаа, би Гандан дээр аваачиж дэлгүүрт өгдөг юмаа гэж хэлээд суусан.

Тэгээд Гандангийн төв баруун хаалганы баруун талд байрлах цагаан өнгийн хүнсний дэлгүүрийн гадна зогсоогоод өөрөө буугаад цагаан өнгийн нэг дэлгүүр лүү орсон. Тэгээд удалгүй буцаж буцаж гарч ирээд шуудайтай арцаа аваад буусан.

Хэсэг хугацааны дараа гарч ирээд ахаа би дансгүй байна, танд Хаан банкны данс байна уу гэж асуусан. Тэгээд би надад байгаа гэж хэлэхэд дансныхаа дугаарыг өгчих гэж хэлээд өөрийн гар утсаа гаргаж ирээд миний Хаан банкны 5016408*** тоот дугаарын дансыг тэмдэглэж аваад буцаад орсон.

Тэгээд удалгүй гарч ирээд миний тээврийн хэрэгсэлд суугаад таны дансанд 650,000 төгрөг орсон гэж хэлсэн. Тэгээд би гар утсаа гаргаж ирээд харахад миний дансанд Хаан банкны 500657*** тоот дугаарын данснаас 650,000 төгрөг орсон байсан.

... Тэгэхээр нь би 30,000 төгрөг авна гэж хэлээд өөрийн дансанд орсон 650,000 төгрөгөөс 30,000 төгрөгийг авч үлдээд 620,000 төгрөгийг тэр залуугийн хэлснээр Хаан банкны 5016517*** тоот дугаарын дансанд шилжүүлж өгөөд тэгээд би тэр залуугаас салаад явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-20 дахь тал/

 

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хэргийн 22-23 дахь тал/

 

О.Б-ийн яллагдагчаар өгсөн “... 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр надад мөнгөний хэрэг гарсан. Хүнээс мөнгө зээлж аваад буцаагаад нэхээд байхаар нь мөнгө олох арга бодсон. Надад тал шуудай арц байсан. Нэг шуудай нь 50 килограмм байдаг. Надад ойролцоогоор 10 килограмм орчим арц байхаар нь өөрийн гэрийнхээ үнсийг шуудайны доор хийгээд дээрээс нь арцаа хийгээд Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах төв Гандангийн баруун талын хаалганы дэргэд байрлах Бурхан буудай шашны дэлгүүр лүү орсон. Бурхан буудай шашны дэлгүүрийн эзэн эрэгтэйг өмнө зүс таньдаг байсан болохоор арц авах уу гээд асуусан.

 Би үнстэй хольсон шуудайтай арцаа 1 килограммыг 14,000 төгрөгөөр бодоод 48 килограммаар бодоод дэлгүүрийн эзнээс 672,000 төгрөгөөр бодож тооцоогоо авсан. 650,000 төгрөгийг нь танихгүй таксины жолоочийн дансаар авсан. 22,000 төгрөгийг нь бэлнээр өөртөө авсан. Тухайн үед миний интернэт банк блоклогдсон байсан. Таксины жолоочоос өөрийн Хаан банкны 5016517*** дугаарын данс руугаа 620,000 төгрөгийг шилжүүлж аваад таксины жолоочид 30,000 төгрөгийг таксины төлбөрт өгсөн.

... Энэ хийсэн хэргтээ гэмшиж байна. Надад гэм буруугүйн асуудал дээр маргах зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 54-55 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч О.Б- нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бусдыг хууран мэхэлж, худалдан борлуулах зорилгоор арцыг үнстэй хольж бэлтгэсэн ба үүнийгээ такси үйлчилгээнд явж байсан Г.А-ын Toyota Prius 41 маркийн тээврийн хэрэгслийг хөлслөн ачжээ.

Ингээд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бурхан буудай шашны дэлгүүрт очсон ба уг дэлгүүрийг ажиллуулж байсан Н.Н-д арцаа 1 килограммыг нь 14,000 төгрөгөөр буюу 1 шуудай арцыг 672,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсоны дагуу шүүгдэгч О.Б- нь 22,000 төгрөгийг бэлнээр, 650,000 төгрөгийг Г.А-ын эзэмшлийн Хаан банкны 5006257535 тоот дансаар дамжуулан авчээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч О.Б- нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч О.Б- үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Н-д 672,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч О.Б-ээс гаргуулж олгохоор шийдвэрлэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч    О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул эм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч О.Б- эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг сонгон түүнийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, цалин хөлсийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн 1 ширхэг шуудайтай үнстэй хольсон арцыг устгаж, шүүгдэгч О.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт О-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б-ийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Б-ийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Б- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, О.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн 1 ширхэг шуудайтай үнстэй хольсон арцыг устгасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар О.Б-ээс 672,000 төгрөг гаргуулж хохирогч Н.Н-д олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Б-т авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ