Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/369

 

 

 

 

 

 

 

  2024           05           08                                      2024/ШЦТ/369

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Г.Ариунзул,

шүүгдэгч Г.Д- түүний өмгөөлөгч Я.Энхжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Г-ын Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2305017240193 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хэнтий аймаг Өндөрхаан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй *** ХХК-д худалдааны менежер ажилтай, ам бүл 5, эгч, хүргэн ах, 2 дүүгийн хамт Баянгол дүүрэг *** хороо *** байр *** тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/619 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 20/436 дугаартай тогтоолоор дуусгавар болсон, Б овогт Г-ын Д-.

Шүүгдэгч Г.Д- нь 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хорооллын аркийн орчимд иргэн М.Б-ын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолсон буюу хэвлийн тус газарт нь гараараа цохиж хүрэмний халаасанд байсан 170,000 төгрөгийн үнэ бүхий Samsung galaxy A10 загварын гар утсыг авсан,

2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хорооллын аркийн орчимд иргэн М.Б-ын эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтлох үедээ түүний хэвлийн тус газарт нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, задрал, хэвлийн хөндийд шингэн хуралт, хэвлийн өмнөд хананы зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол учруулан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д- мэдүүлэхдээ: “2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Алтангэрэл гэх залуутай Бичилд танилцаад шил архи уучхаад Бичлийн арк хавьцаа явж байхад 40 гаруй насны халамцуу ахтай таарсан. Бид хоёр тэр ахтай таньдаг юм шиг царайлж, нэг шил юм ууя гэж бодоод танилцсан. Би тэр ахыг хавсарч унаган түүний гар утсыг аван цаашаа яваад дэлгүүрийн урд гар утсыг 50,000 төгрөгөөр зараад дахиад нэг юм хувааж уугаад тасраад унтсан байсан. 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр цагдаагаас намайг дуудсанаар энэ хэргийн талаар мэдсэн. Би мөрдөгчид хохирогчтой уулзаж, хохирол барагдуулах хүсэлтэй байгаагаа хэлэхэд мөрдөгч хохирогчоос асуугаад намайг дуудна гэж хэлсэн. Хэд хоногийн дараа дуудахаар нь ирээд хохирогч нас барсан талаар сонссон. Би үнэхээр их гэмшиж байна. Хохирогчийн ар гэр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х- эгчээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х- мэдүүлэхдээ: “Манай дүү 4 дүгээр сарын 16-ны өдөр бусдад зодуулсан байсан. 4 дүгээр сарын 19-ний өдөр маш хүнд байдалтай хагалгаанд орсон. Хагалгаанд орсны дараа гэдэс нь задгай, хоолгүй, усгүй маш хүнд байдалтай байсан. Дүүгээ эдгээхийн тулд маш сайн асарсан. 6 дугаар сарын 02-ны өдөр сүүлийн хагалгаанд орохдоо оёдол нь задарсан байсан. Манай дүү их л зовж нас барсан. 8 дугаар сард шарх нь эдгэрч байхад нас барсан. Тухайн үед зодуулсны улмаас хоёр удаа хагалгаанд орсон талаар мэдээгүй юм уу. 2023 оны 10 дугаар сар хүртэл мөрдөгч зодсон хүнийг олоогүй байна гэж хэлж байсан” гэв.

 

Мөрдөгчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /хэргийн 14 дэх тал/

 

Эд зүйлд үзлэг хийсэн “... 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цаг 06 минут 04 секундэд хохирогчийг анх шатаар алхаад гарч ирэхэд газарт унагаасан этгээд хохирогчийн хэвлий хэсэг рүү цохиж байгааг харуулав. ...” гэсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 15-22 дахь тал/

 

Хохирогч М.Б-ын “... Би 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дако нэртэй газрын /Өргөө кино театрын хойд талд байдаг оффис/ тэнд нэг дүүтэйгээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тэндээсээ 14 цаг өнгөрч байхад гараад өөрийн төрсөн эгч Х-гийн гэр лүү явах гээд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хорооллын аркаар гарах гээд доошоо хараад алхаж байсан чинь гэнэт нэг үл таних залуу намайг газарт унагаад цохиод байсан.

Тэгээд байж байтал тэр залуутай хамт яваа бололтой нэг залуу бас над руу дайраад намайг газарт суусан чинь анх намайг газар унагаасан гэх залуу миний гэдэс болон толгой хэсэг рүү хэд хэдэн удаа /яг хэдэн удаа гэдгийг нь санахгүй байна/ цохиод миний гар утсыг аваад тэр хоёр яваад өгсөн.

... Миний алдсан гэх гар утас хар өнгөтэй, Samsung A 10 маркийн гар утас байсан. Онцлог содон шинж тэмдэг гэхээр зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 32-34 дэх тал/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х-гийн “ ... Миний дүү М.Б-а бид хоёр эх нэгтэй, эцэг ондоо эгч дүү хоёр. 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 6 дугаар бичил хороололд явж байхдаа бусдад зодуулж дээрэмдүүлсэн байсан. Тэгээд удалгүй 2-3 хоногийн дараа нарийн гэдэсний хагалгаанд орсон. Хагалгаа амжилтай болж эмчлүүлж байсан.

... Миний дүү уушигны үхжмэл хоёр дэлбэнг хамарсан сүрьеэ өвчний улмаас олон эрхтэний дутагдалд орж нас барсан байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 40-41 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5274 дугаартай:

“...1.М.Б-ын биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, задрал, хэвлийн хөндийд шингэн хуралт, хэвлийн өмнөд ханын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 49-51 дэх тал/

 

Шинжээч Б.Ганзоригийн “...Тухайн гэмтлүүд нь хэвлийн тус газарт хүч үйлчлэх үед үүсэх боломжтой. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 47 дахь тал/

 

Дамно ХХК-ны шинжээчийн №БГ1-23-190 дугаартай дүгнэлт. /хэргийн 55-60 дахь тал/

 

Шинжээч Ц.Бадралын “... Дээрх гэмтлийн улмаас үүссэн нарийн бүдүүн гэдэсний наалдац, элэгний өмнөд гадаргуугийн наалдац өөрчлөлт тогтоогдсон байх ба бүрэн эдгэрсэн байна. Энэ гэмтэл үхлийн шалтгаанд хамааралгүй ба уушигны нянгийн халдвараар халдварлаж хоёр уушигны бүх дэлбэнг хамарсан тархмал сүрьеэ өвчний улмаас нас барсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 68-70 дахь тал/

 

Г.Д-ий яллагдагчаар өгсөн “... Хэрэг гардаг өдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр танилцсан нэрийг нь сайн мэдэхгүй Аагий гэх залуутай 6 дугаар бичил хорооллын аркийн тэнд явж байгаад үл таних согтуу 40 гаран насны ахтай таарсан. Бид хоёр танимхайраад хамт юм уух уу гэж Аагий асуусан. Тэгээд яриад зогсож байхад нь би баруун хөлөөрөө тэр ахыг хавирч газарт унагаагаад дээрээс нь цохисон. Согтуу байсан болохоор яг хаашаа нь яаж цохисноо санахгүй байна. Тэгээд халаасанд нь байсан Samsung galaxy A10 загварыг хар өнгийн гар утсыг нь аваад өөрийнхөө халаасанд хийсэн.

... Би тэр хавьд явж байсан танихгүй хүнд 50,000 төгрөгөөр зараад мөнгөөр нь архи авч уусан.

... Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Уг нь би зодоод дээрэмдэнэ гэж бодоогүй, танимхайрч байгаад биед нь бэлэн мөнгө байвал авъя гэж бодсон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 81-82 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Г.Д- нь 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хорооллын аркийн орчим М.Б-ын эд хөрөнгийг авах зорилгоор довтлохдоо түүний эсэргүүцлийг няцаахын тулд хэвлийн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, задрал, хэвлийн хөндийд шингэн хуралт, хэвлийн өмнөд хананы зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүнд хохирол учруулан халаасанд нь байсан Samsung galaxy A10 загварын гар утсыг авчээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Г.Д- нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.Д-ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогч М.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №5274 дугаартай дүгнэлтээр, мөн түүнд дээрэмдэх гэмт хэргийн улмаас 170,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Дамно ХХК-ны шинжээчийн №БГ1-23-190 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдсон.

Хохирогч М.Б-ын гар утас, эмчилгээний зардал нийт 5,857,420 төгрөгийн баримт гаргаж талууд уг төлбөрт санал нийлж төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд үүнээс шүүгдэгч нь 500,000 төгрөг төлснийг хасаж, үлдэх 5,357,420 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргажээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Энхжаргал шүүгдэгч Г.Д-д “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах ялыг хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг гаргасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х- эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан санал гаргаагүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршиг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргийн дотроос нийгэмд аюултай хамгийн хүнд гэмт хэрэгт тооцогдох “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдэх явцдаа бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 4 жилийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Ийм учраас дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Энхжаргалын гаргасан дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Г.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г-ын Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Г.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Г.Д-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Г.Д-д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Г.Д- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Д-өөс 5,357,420 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Х-д олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ