| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2024/0111/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/113 |
| Огноо | 2024-06-07 |
| Зүйл хэсэг | 28.5.2.2., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/113
2024 06 07 2024/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Б,
Шүүгдэгч: Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б овогт Гын Гд холбогдох 2435000000109 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19...... оны 7 дугаар сарын 17-нд Дорнод аймгийн ........ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, харуулын дарга мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн ....... сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй Б овогт Гын Г /РД:..................../.
Холбогдсон хэргийн утга:
Шүүгдэгч Г.Г нь Хилийн цэргийн 0....5-р ангийн Увс аймгийн ........ сумын нутагт байрлах хилийн цэргийн 0.....3 дугаар салбарын харуулын даргаар буюу ахлагчаар ажиллаж байгаад 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг дуустал ээлжийн амралтаа эдлэхдээ цэргийн албанаас зайлсхийх зорилгоор амралтын чөлөө дууссаны дараа эргэж ирээгүй гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Г.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Г нь Хилийн цэргийн 0.....5-р ангийн Увс аймгийн ........ сумын нутагт байрлах хилийн цэргийн 0.....3 дугаар салбарын харуулын даргаар буюу ахлагчаар ажиллаж байгаад 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг дуустал ээлжийн амралтаа авч, амралтын хугацаа дууссаны дараа эргэж ирээгүй болох нь:
Гэрч М.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Намайг 0273-р салбарын захирагчийн албан тушаалд түр ирэхэд Г.Г ээлжийн амралтаасаа эргэж ирээгүй гэдгийг мэдсэн. Тэгээд алба хаагч нарын амралтын бүртгэлээс харахад 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 0273 дугаар салбараас амралтаа авахаар аймгийн төв хөдөлгөөн үйлдсэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дэх тал),
Гэрч Э.Мгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Г.Г бид хоёр 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр харуулаас буугаад аймгийн төв рүү явж 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхэлж ээлжийн амралтаа авсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-25 дахь тал),
Гэрч Я.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Намайг 0273-р ангид шилжиж ирэхэд Г.Г харуулын даргаар ажиллаж байсан. Г.Г нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны үед харуулаас бууж ирээд ээлжийн амралтаа авахаар яваад эргэж ирээгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
Гэрч П.Эгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Г.Г нь 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа орох байсан тул ажилдаа ирэхгүйгээр нэг сар гаруй ажил тасалсан. Г.Гын ажилдаа ирэхгүй болохоор би шууд удирдах даргын хувьд Г.Гтай 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр утсаар холбогдож шалтгаан нөхцөлийг тодруулахад Г.Г нь банк бус байгууллагаас 4.000.000 төгрөгийн зээл авчихсан. Зээлийн төлөлт хэтэрсэн нэхэгдээд байгаа тул Улаанбаатар хотод хувийн барилгын компанид ажилд түр хугацаагаар орсон. Тэгээд 10 хоног ажиллаад Увс аймаг руу явах гэсэн боловч миний ажилласан компани 10 хоногийн мөнгөө өгөхгүй гүйцэт 1 сар ажилласан тохиолдолд сарын цалинг чинь өгнө гэж хэлээд байна. Би ажилдаа очих гэхээр энд ажилласан цалингаа авч чадахгүй байна. Та удирдлагад дамжуулаад өгөөч гэдэг талаар хэлж байсан. Би тухайн үед Г.Гад хандаж албан ёсны чөлөөг ангийн захирагч мэдэж өгдөг юм. Ангийн захирагч өөрийн мэдлээр 14 хоногийн чөлөө өгдөг 14 хоногоос илүү чөлөө авахаар бол Хил хамгаалах Ерөнхий газарт албан ёсны хүсэлт гаргах талаар хэлсэн. Мөн ажилдаа ирэх талаар үүрэг өгсөн. Тэгээд 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ангийн байрлалд Г.Г Улаанбаатар хотоос ирсэн байдаг. Манай байгууллагын зүгээс Г.Гыг олж өгөх талаар хүсэлтийг гаргаж байсан тул Г.Г нь эргэж ирсэн тул одоо манай байгууллагын зүгээс Г.Гад гомдолгүй байна. Мөн манай байгууллагаас Г.Гад холбогдуулан дотоод хяналт шалгалт хийгдэж байгаа. Шалгалтын үр дүнгээс хамаарч Г.Гад сахилгын арга хэмжээ авах болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
Гэрч Ж.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Г.Г нь 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа орох байсан. Тэгээд хэд хоног өнгөрсний дараа буюу 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Г.Гтай утсаар холбогдож тодруулахад Г.Г нь банк бус байгууллагаас 4.000.000 төгрөгийн зээл авчихсан байсан тэр мөнгөө төлж чадаагүй байсан тул нэхэгдээд байна би Улаанбаатар хэд хоног мөнгө олох санаатай барилгын компанид ажилд түр хугацаагаар ороод цалингаа аваад явах гэсэн боловч хоног дутуу ажилласан гээд миний 10 хоног ажилласан мөнгийг өгөхгүй байна. Та надад чөлөө өгөөч гэж хэлж байсан. Би тухайн үед Г.Гад хандаж чөлөө зөвшөөрлийг би өгөхгүй эрх бүхий албан тушаалтад мэдэгдэж чөлөө авах талаар хэлсэн. Тэгээд би удалгүй ээлжийн амралтаа авсан юм. Тэгээд Г.Г нь 2024 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ангийн байрлалд өөрөө ирсэн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),
Гэрч Ч.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2024 он 02 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дэд ахлагч Г.Г ээлжийн амралтаа бичүүлээд амарсан юм. Г.Гын эргэж ажилдаа орох хугацаа 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр дуусаж ажилд орох байсан ч огт ирээгүй утсаар холбогдоогүй юм. Тэгтэл цагдаагийн байгууллагад өргөдөл өгч Г.Гын хаана байгаа газрыг олж тогтоосон юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),
Шүүгдэгч Г.Гын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2017-2021 оны хооронд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд ХЦ-ийн 0129 дүгээр ангид гэрээт хилчингээр ажиллаж байгаад 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Увс аймгийн ХЦ-ийн 0245 дугаар ангийн 0308 дугаар харуулын даргаар 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад тус ангийн 0273 дугаар салбарын харуулын даргаар томилогдон ажиллаж байгаад 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ээлжийн амралтаа авсан юм. Тэгээд би ээлжийн амралтаа Дорнод аймгийн Хэрлэн суманд өнгөрүүлж байгаад 2024 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн бөгөөд тухайн үед би гар утасны аппликейшний зээл нэхэгдэхээр нь барилгын туслах ажилтан хийсэн бөгөөд тухайн үед ч,1ний цалинг өдрөөр биш сараар олгон гэхээр нь би сарын хугацаатай ажилласан бөгөөд миний ээлжийн амралтын хугацаа 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дууссан боловч надад мөнгө хэрэгтэй байхаар нь утсаа унтраагаад тухайн ажлыг хийж дуусгахаар болсон юм. Тэгээд би ажилдаа орох өдөр өнгөрөөд 3, 4 хоногийн дараа өөрийн заставын дарга Б.Жтэй утсаар холбогдож нөхцөл байдлаа танилцуулж дахин 10 хоногийн чөлөө өгөөч гэж гуйхад намайг чи ангийн даргатай холбогдож чөлөө аваарай гэхээр нь би ангийн даргатай ярилгүй ажлаа тасалсан юм. Тэгээд би барилгын ажил хийгээд байж байгаад за чөлөө хугацаа дууссан очоод нэмэргүй байх гэж бодоод барилгын ажлаа хийж дуусгаад цалингаа аваад ажилдаа очье гэж бодсон юм. Тэгээд би 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажилдаа эргэж орох гэж ирээд ангийн захирагч хурандаа Я.Гтэй уулзтал өөрийн хүсэлтээ ажлаасаа гар цагдаагийн байгууллагад шалгуулахаар өгсөн байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн 28.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт ”Цэргийн албаны гэмт хэрэг” гэж Монгол Улсын зэвсэгт хүчин, хилийн цэргийн бие бүрэлдэхүүнд цэргийн жинхэнэ алба хааж байгаа Монгол Улсын иргэн, цэргийн дайчилгаа, сургууль, цугларалтад байгаа цэргийн үүрэгтэн энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэнийг ойлгоно” гэж, Цэргийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар цэргийн алба нь цэргийн жинхэнэ алба болон бэлтгэл албанаас бүрдэх бөгөөд мөн зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар цэргийн жинхэнэ алба нь “хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерын албанаас бүрдэхээр тус тус заасан байна.
Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.7-д “ахлагчийн алба" гэж Монгол Улсын иргэн цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр цэргийн байгууллагад ахлагчийн албан тушаалд цэргийн жинхэнэ алба хаахыг, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 25.3.2-т ахлагч нь "дэд ахлагч", "ахлагч", "ахлах ахлагч", "сургагч ахлагч", "тэргүүн ахлагч" цолтой байх” цэргийн цолны талаар заасан бөгөөд шүүгдэгч Г.Г нь дэд ахлагч цолтой, хилийн цэргийн 0245 дүгээр ангийн 0273 дугаар салбарын харуулын даргаар буюу ахлагчийн албан тушаалд ажилладаг цэргийн жинхэнэ албан хаагч болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/562 дугаартай тушаалаар тогтоогдож байна.
Хил хамгаалах Ерөнхий газрын 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/562 дугаартай тушаалаар хилийн цэргийн 0245 дугаар ангийн 0273-р салбарын харуулын даргаар / дэд ахлагч/ 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаад 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны оны 3 дугаар сарын 03-ны өдрийг дуустал ээлжийн амралтаа эдлэхээр амралтын хуудас бичигдэж, тэрээр 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ээлжийн амралтын хугацаа дуусгавар болж, ангийн байрлалдаа ирэх ёстой байсан боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр албандаа ирсэн үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заалтад “Цэргийн алба хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор амралтын чөлөө дууссаны дараа эргэж ирээгүй” гэж үндсэн шинжийг, хүндрүүлэх шинжийг “офицер, ахлагч үйлдсэн бол” гэж тодорхойлжээ.
Шүүгдэгч Г.Г Хилийн цэргийн 0245-р ангийн Увс аймгийн Сагил сумын нутагт байрлах хилийн цэргийн 0273 дугаар салбарын харуулын даргаар буюу дэд ахлагчаар ажиллаж байгаад 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг дуустал ээлжийн амралтаа эдлэхдээ цэргийн албанаас зайлсхийх зорилгоор амралтын чөлөө дууссаны дараа эргэж ирээгүй болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Гын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Ахлагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор амралтын чөлөө дууссаны дараа ангидаа эргэж ирээгүй, цэргийн албанаас оргон зайлах” гэж заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Ахлагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор амралтын чөлөө дууссаны дараа ангидаа эргэж ирээгүй буюу цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирлын талаар:
Шүүгдэгч Г.Гын үйлдсэн гэмт хэргийн улмаас Хилийн цэргийн 0245 дугаар ангид ямар нэгэн хохирол учирсан эсэх талаар баримт ирүүлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Гаас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Г.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан заасан “Ахлагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор амралтын чөлөө дууссаны дараа ангидаа эргэж ирээгүй буюу цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул түүнд тухайн зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Г.Г нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал )-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Гэрч Э.Аын өгсөн: “Г.Г ажиллаж байх хугацаанд одоогийн байдлаар ямар нэгэн шагнал урамшуулал авч байгаагүй бөгөөд ажилдаа орсноос хойш хэвийн ажиллаж байсан залуу юм. Г.Г Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг. Би Г.Гын төрсөн ээжтэй удаа дараа утсаар холбогдон ярьж байсан бөгөөд Галмандах нь ээж аавтайгаа нэг их ойр байгаад байдаггүй юм шиг байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал) хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Г.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Г тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдах, албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг түүний байнга оршин суугаа газар болох Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Гын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Ахлагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор амралтын чөлөө дууссаны дараа ангидаа эргэж ирээгүй буюу цэргийн албанаас оргон зайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Г.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Гад тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавих үүргийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
6. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ