Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 35

 

 

Ч.Ч, С.Ө,

 С.Л, Ц.Б,

Т.Б нарт  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн шүүгчийн захирамжтай, Ч.Ч, С.Ө, С.Л, Ц.Б, Г.Б-Э нарт холбогдох, 1735001560061 дугаартай, 4 хавтас эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор Х.Энхтуул, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Нарантуяа нар оролцов.

Монгол улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 11-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөх эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо ...тоотод оршин суух Б овогт Ч-ын Ч /РД:/, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Монгол улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 25-нд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин, гагнуурчин мэргэжилтэй, “Минж проперт” ХХК-д сантехникч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ..дугаар баг .. тоотод оршин суух Б овогт С-ын Ө /РД:.../, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Монгол улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 01-нд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ээжийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дүгээр баг ... тоотод оршин суух Б овогт С-ын Л /РД:.../, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Монгол улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 02-нд Эрдэнэт хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эрхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг .. дугаар хороо т.. тоотод оршин суух Х овогт Т-гийн Б-Э /РД::::/, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Монгол улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 24-нд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дүгээр багийн .. тоотод оршин суух Б овогт Ц-гийн Б /РД:.../, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Шүүгдэгч Ч.Ч, Ц.Б, С.Ө, С.Л, Т.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 2017 оны 10 дугаар сарын 24-нээс 26-ны өдрүүдэд Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн нутаг “Гэдэгийн ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлолт явуулж, угааж боловсруулж, ашигласан,

Яллагдагч Ч.Ч, Ц.Б, С.Ө, С.Л, Т.Б нар нь урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 2017 оны 09 дүгээр сарын 05-наас 06-ны өдрүүдэд Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн нутаг “Бор хавцал” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ч нарт холбогдох эрүүгийн 1735001560061 дугаартай хэргийг Увс аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“1. Яллагдагч Ч.Ч, С.Ө, С.Л, Т.Б- Э нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 2017 оны 10 дугаар сарын 24-нээс 26-ны өдрүүдэд Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн нутаг "Гэдэгийн ам" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлолт явуулж угааж боловсруулж, ашигласан гэмт хэрэг үйдлсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэдий хэмжээний алт олборлосон, хэрхэн ашилаж, хэр хэмжээний ашиг болохыг тогтоогоогүй нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.", 3-т Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ." гэж тус тус заасныг хэрэглэх боломжгүй байдалд хүргэсэн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршийн шинж чанар, хэр хэмжээг" нотолж чадаагүй гэж үзэх үндэслэл болно гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар яллагдагч нар нь Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн нутаг "Гэдэгийн ам" гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр 2017 оны 10 дугаар сарын 24-нээс 26-ны өдрүүдэд хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлолт явуулж угааж боловсруулж, ашигласан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан арга хэмжээг буюу "гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршийн шинж чанар, хэр хэмжээг" шалгаж тогтоосон бөгөөд яллагдагч нар нь тухайн өдөр Тариалан сумын нутаг Гэдэгийн ам гэх газарт өмнө нь хөндөгдөөгүй эрүүл газар ухаж, ашигт малтмал буюу алт олборлолтын үйл ажиллагаа явуулсан боловч "алт гаргаж авч чадаагүй " учир гэмт хэрэг үйлдэж " хөрөнгө, орлого" олсон гэж үзэх үндэслэлгүй, алт олоогүй учир хэр хэмжээний алт олсон болохыг тогтоох боломжгүй байна.

2.         Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2,3 дахь заалтуудад гэмт хэрэг хамтран үйлдсэн гэж үзэх үндэслэлийг тодорхойлоод мөн хуулийн ерөнхий ангийн 3.2, 3,3, 3.4, 3.5, 3.6, 3.7, 3.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцох хэлбэрүүдийг тодорхойлсон байна. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т заасныг журамлан яллагдагч нарыг "урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж" гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн боловч яллагдагч нарын гэмт хэргийн оролцоо /ямар хэлбэрээр хамтран оролцсон /-г нарийвчлан тогтоож чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасныг бүрэн нотлон тогтоогоогүй гэж үзэх үндэслэл юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т гэмт хэрэг хамтран оролцсон гэж үзэх үндэслэлийг тодорхойлсон бөгөөд яллагдагч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлах ёстой байсан гэж үзсэн нь учир дутагдалтай байна.

"Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох" гэмт хэрэгт "бүлэглэн" гэж хүндрүүлэн зүйлчлэсэн зүйлчлэл байхгүй, прокуророос шүүгдэгч нарыг тухайн гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, санаатайгаар нэгдэж тухайн гэмт хэрэгт оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан.

3.         Хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагч Ч.Чулаанбаатар, С.Ө, С.Л, Т.Б, Ц.Б нар нь гэрчээр өгсөн мэдүүлэг болон яллагдагч С.Ө, С.Л, Т.Б, Ц.Б нар нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа "Ч.Сын мэдлийн гэх газарт олборлолт явуулаад гарсан алтны 30 хувийн Ч.С, 70 хувийн Ч.Ч авахаар тохиролцож 2017 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн нутаг "Гэдэгийн ам" гэх газарт олборлох үйл ажиллагаа явуулсан" гэж мэдүүлсэн байх бөгөөд Ч.С яллагдагч нар нь 2017 оны 10 дугаар сарын 24-нээс 26-ны өдрүүдэд Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн нутаг "Гэдэгийн ам" гэх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулахад хамт байсан үйл баримт тогтоогдсон байна. Иймд энэ хэрэгт Ч.С гэгчийн оролцоо байгаа эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай байна. Энэ ажиллаганы явцад тухайн үед алт олсон эсэх, түүний хэмжээ хэрхэн ашигласан болохыг тогтоох боломж бүрдэх ач холбогдолтой юм гэж шүүх дүгнэсэн үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар 2017 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Тариалан сумын нутаг, Гэдэгийн ам гэх газарт Ч.Ч нар нь хууль бусаар алт олборлох үед Ч.С гэгч нь хамт байсан болох нь тогтоогддог.

Тухайн хэрэгт яллагдагч нараас тухайн үед гэрчийн мэдүүлэг авахад Ч.С нь 30 хувь, Ч нь 70 хувийг нь авахаар тохиролцсон гэх мэдүүлж ирсэн бөгөөд тухайн мэдүүлэгийг эх сурвалж болгож мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Ч.С нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан тохиролцсон гэх баримт хангалттай тогтоогдоогүй,

Хэрэгт авагдсан гэрч Д.Ч-гийн өгсөн "..Улсын харцага Ч гэх хүн надаас 1.5 тонн шатахуун надаас зээлж авсан шатахууныхаа оронд хлт олборлож байгаад мөнгө өгнө гэхээр Чыг дагаад Тариалан сумын Гэдэгийн аманд очсон,Тэгээд Ч нь ямар нэгэн алт олж чадаагүй гэж манай найз С хэлсэн " гэх мэдүүлэг,

Ч.С-ын гэрчээр өгсөн "...Ч.Ч надтай уулзаад "Би Тариалан сумын нутаг Гэдэгийн ам гэх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулах гэтэл манай машин, техникийн шатахуун дуусчихлаа. Чамд шатахуун байгаа гэж хүмүүсээс сонслоо. Чи надад 1,5 тонн шатахуун зээлээч. Би Гэдэгийн аманд алт олборлож байгаад чиний шатахууны мөнгийг төлнө" гэж гуйгаад байхаар нь чи Ч.Чт 1,5 тонн шатахуун зээлээр өгсөн... Ч.Ч нь өөрийнхөө машин, техникийг ашиглаж 2 цаг орчимын хугацаанд газар ухаж, алт угаасан боловч ямар нэгэн алт олж чадаагүй. Тэгээд би Ч.Чт "Та алт олборлохоор миний мөнгийг өгөөрэй" гэж хэлээд зогсож байтал Өмнөговь сумаас цагдаа нар ирээд, Ч.Чын хийж байсан алт олборлох үйл ажиллагааг нь зогсоосон" гэх мэдүүлэг зэрэг бичгийн баримтууд авагдсан.

Эрүүгийн хэрэгт хүн, хуулийн этгээдийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахын тулд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл байх ёстой бөгөөд эрүүгийн 1735001560061 дугаартай хэрэгт Ч.С-ын үйлдэл оролцоо байгаа эсэхийг хангалттай шалгахад түүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй болно.

4. Хэргийн хамрах хүрээг зөв тодорхойлж, хэргийн оролцогч нарыг тогтоох асуудлыг шийдвэрлэхэд анхаарах шаардлагатай байна. Жишээлбэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13-т "оролцогч" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг ойлгоно", 8.5 дугаар зүйлийн 1-т "Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжпэгч гэнэ." гэж тус тус тодорхойлсон байна.

Хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Н.Ж, А.Х нар нь энэ гэмт хэргийн улмаас ямар нэгэн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн болохыг үндэслэлтэйгээр тогтоогоогүй байгаа нь хэргийн хамрах хүрээг зөв тодорхойлох хэргийн оролцогч нарыг тогтоох асуудлыг буруу шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл болохыг анхаарах нь зүйтэй гэж үзжээ.

Эрүүгийн 1735001560061 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Н.Ж, А.Х нарыг тогтоосон бөгөөд яллагдагч Ч.Ч С.Ө, С.Л, Т.Б, Ц.Б нар нь 2017 оны 10 дугаар сарын 24-нээс 26-ны өдрүүдэд Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн нутаг "Гэдэгийн ам" гэх газарт, 2017 оны 09 дүгээр сарын 05-наас 06-ны өдрүүдэд Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн нутаг Бор хавцал гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлохдоо ашигласан гэх насос, цахилгаан үүсгүүр, 60 загварын алт угаагч скуйберыг иргэн Н.Ж, А.Х нарт мөнгөний барьцаанд тавьсан болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар " Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасныг хэрэглэх үед тухайн эд хөрөнгө барьцаалагчийн эрх хөндөгдөх тул иргэний нэхэмжлэгчээр тогтоосон.

            Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 293 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“1-р хавтаст хэргийн 16-р талд гэрч Чын мэдүүлэгт: олборлосон алтны ашигийг С 30 хувь, Ч 70 хувийг авахаар энэ газарт хамтарч ажилласан талаар мэдүүлэг өгсөн. Харин 1-р хавтаст хэргийн 25-р талд гэрч Булган-Эрдэнийн мэдүүлэгт: Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн нутаг “Гэдэгийн ам” гэх газарт очтол С ирсэн байсан бөгөөд миний газарт шалгалт ирэхэд би мэднэ. Гарсан алтны 30 хувийг би авна. 70 хувийг Ч.Ч ах авна гэж тохирсон гэж мэдүүлэг өгсөн. Гэрчүүдийн мэдүүлгээр С нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 26-ны өдрүүдэд яллагдагч нартай хамт байлцсан болох нь тогтоогдож байх тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Сын үйлдэл оролцоо байгаа эсэхийг тодруулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай хүсэлт гаргасан. Анхан шатны шүүхээс хүсэлтийг хүлээн авч Сын үйлдэл оролцоо байгаа эсэхийг шалган тогтоохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах захирамж гаргасан. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 293 дугаар  “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ч.Ч, С.Ө, С.Л, Т.Б, Ц.Б нарт  холбогдох 1735001560061 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Прокуророос яллагдагч Ч.Ч, С.Ө, С.Л, Т.Б, Ц.Б нарыг урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, 2017 оны 10 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн нутаг “Гэдэгийн ам “ гэх газарт тусгай зөвшөөрөлгүйээр , хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлолт явуулж, угааж боловсруулж, ашигласан,

мөн 2017 оны 09 дүгээр сарын 05-наас 06-ны өдрүүдэд Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн нутаг “Бор хавцал” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлосон гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгээр хэлэлцээд “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх үндэслэл тогтоогдож байна” гэх үндэслэлийг зааж хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т заасан хуулийн шаардлагад нийцсэн байна.

Ч.Ч, С.Ө, С.Л, Т.Б, Ц.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хууль зүйн үндэслэлтэй тогтоогоогүй, шүүгдэгч нарын  гэм буруугийн асуудлаар дүгнэлт хийхэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.Тухайлбал:

       Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол...” гэж гэмт хэргийн бүрэлдэхүүний хэд хэдэн шинжийг тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан ба прокуророос дээрхи яллагдагч нарыг “... хууль бусаар ашигт малтмал буюу алт олборлолт явуулж, угааж боловсруулж, ашигласан” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх боловч тэдгээрийн гэм буруутай үйлдлийн улмаас хэдий хэмжээний алт олборлосон, мөн угааж боловсруулж, ашигласан гэх үйлдэл нь дээрхи гэмт хэргийн бүрэлдэхүүний аль шинжид хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаар нарийвчлан шалгаж тогтоогоогүй байна.

            Иймд яллагдагч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний аль шинжийг хангаж байгаа эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсны эцэст хэргийг хянан шийдпвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

      Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасныг тус тус зөрчжээ.

     Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг хэн үйлдсэнийг зайлшгүй  тогтоохоос гадна хэн, хэн ямар үүрэг оролцоотой болохыг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоож хэргийг шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зорилт, зарчимд нийцнэ.

     Энэ хэргийн хувьд хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар хэн, ямар гэмт хэрэг үйлдсэн, хэн, хэн ямар үүрэг оролцоотой оролцсон зэргийг нарийвчлан тогтоогоогүй, энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байх тул яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.

            Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны дүгнэлтийг хууль зүйн хувьд няцаах, үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

        Иймд  прокурорын  эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 293 дугаар  “Хэргийг прокурорт буцаах тухай“ шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2020 оны 6 дугаар  сарын 22-ны өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэрэг прокурорт очтол Ч.Ч, С.Ө, С.Л, Т.Б, Ц.Б нарт  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                   Л.АЛТАН

 

                                                                Н.МӨНХЖАРГАЛ