Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/375

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч Э.Т- түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б овогт Э-ы Тт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2305022292029Т дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 2005 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эмэг эх, эх, дүү нарын хамт Баянгол дүүрэг 13 хороо Дулаахан байр хотхон 32 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-ы Т.

 

Шүүгдэгч Э.Т- нь Г.Э-той бүлэглэн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 54 дүгээр сургуулийн орчимд хохирогч Б.О-ыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Б.О-ын “... 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 54 дүгээр сургуулийн хажуу талд өөрийн эзэмшлийн 9704 УБИ улсын дугаартай Prius 20 маркийн автомашин дотор найз охин Сарангэрэл, найз Тэмүүлэн нарын хамт сууж байсан.

Удалгүй би автомашинаасаа буугаад тамхи татаад зогсож байтал 77 14 УБР улсын дугаартай хар өнгийн Prius 20 маркийн автомашин саарал өнгийн Prius 20 маркийн хоёр автомашин миний автомашины хажуу талд ирж зогссон. Уг хоёр автомашин дотроос зургаан залуу бууж ирсэн. Учрал, Р-, Т-, Энхүү, Мөнхжин, Дэмбэрэлцэрэн гэх залуучууд байсан. Эхлээд намайг Т- гэх залуу миний зүүн талын шанаа хэсэгт нэг удаа цохиж байснаа нэг гараараа миний хоолой хэсгээр бугуйлдаж боож газар унагасан.

Дараагаар нь бөөндөө миний дээрээс цохиж хөлөөрөө өшиглөсөн. 20 гаран минут намайг нийлж зодож байснаа бөөндөө болиод машиндаа суугаад явсан. Тэр үед манай найз охин уг залуучуудад хандаж болиоч гэж хэлэхэд нэг залуу нь найзын охиноос араас нь тэврээд хөдөлгөхгүй байсан. Дараа нь би уг залуучуудыг явсан үед нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн.

... Миний хамар гэмтсэн. Зүүн талын шанаа, баруун өвдөг хэсэгт шалбарсан. Толгой өвдөж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-11 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7113 дугаартай:

“...1.Б.О-ын биед хамрын хянга ясны суурь, үзүүр хэсгийн зөрүүтэй далд хугарал, хамар, хоёр нүдний зовхинд зулгаралт, цус хуралт, дух, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 36-37 дахь тал/

 

Г.Э-ын яллагдагчаар өгсөн “... О- найз охин Сарангэрэлтэйгээ цаанаас алхаж ирж байсан. Тэгтэл Т-, Р-ын машинаас буугаад шууд О- руу очоод зүүн шанаа хэсэг рүү нь 1 удаа цохичхоод О-ыг хавираад унагаачихаар нь би Э-ын машинаас буугаад О-ын зүүн шанаа хэсэг рүү нь баруун гараараа 2 удаа цохисон. Хажуугаас Т- мөн О-ыг цохиод байсан. Хаашаа нь хэдэн удаа цохисныг сайн мэдэхгүй байна. Намайг О-ын найз охин Сарангэрэл түлхээд байхаар нь би холдоход Т- мөн холдоод дахиж зодоон болоогүй. Би О-ын зүүн шанаа хэсэгт нь 2 удаа цохисон. Өөр бусад газарт нь цохиогүй.

... Т- бид хоёроос өөр хүн О-ын биед халдаагүй бөгөөд өөр хэн нэгний биед халдаагүй. О-ыг 2 удаа цохисон.

... Гэхдээ О- өмнө нь бид нарыг ганц нэгээрээ явж байхад дээрэлхэж зоддог байсан бөгөөд бид нар тэр үед нь цагдаад мэдэгдэж байгаагүй. Тэр О-ыг зоддог өдрөөс өмнө Т-ийг О- согтуу байхдаа хутга барьж араас нь хөөж байсан гэж ярьж байсан. Тэрнээс болсон байж магадгүй.

Би өмнө нь О-ын найз охин гэх Сарангэрэлтэй үерхэж байсан бөгөөд О- намайг ганцаараа явж байхад олон удаа зодож байсан. 2022 оны өвөл би 78 дугаар сургуулийн урд явж байхад О- хутга бариад хөөгөөд байсан. Өмнө нь намайг зодож миний хамрыг хугалж байсан бөгөөд яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Тухайн үед цагдаад мэдэгдээгүй. Өмнө нь О-той найзууд байснаа санаад цагдаад өгье гэж бодоогүй. Өөр ямар нэгэн өс хонзонтой асуудал байгаагүй. ..” гэсэн мэдүүлэг. /хэргийн 59-60 дахь тал/

 

Э.Т-ийн яллагдагчаар өгсөн “... 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр манай найз Э- манай дүүг хамт гэрт нь хүргэж өгөөд хамт сагс тоглоё гээд уулзсан. Би Э-, Э-, Р-, Т- бид нар Э-ын гэрийн үүдэнд уулзсан бөгөөд Э- О-ыг дуудсан гээд 77, 54 дүгээр сургуулиудын голд уулзсан.

Очиход О-, О-ын найз охин Сарангэрэл, тэгээд танихгүй 2-3 банди байсан. Бид очиход О- согтуу байсан бөгөөд амнаас нь архи үнэртээд машинд нь байсан банди нар машинд нь юм ууж байсан. Юу ууж байсныг нь хараагүй. Согтуу машиныхаа гадна бид нарыг хэл амаар доромжлоод намайг чи муу золбин бацаан юу гээд байсан бэ одоо үзэх үү гээд байсан.

Өмнө нь намайг бас хэл амаар доромжлоод одоо гараад ир үзье гээд залгаад байхад нь би тэмцээнтэй байсан тул очоогүй. Тэгтэл О- тэр явдлыг сөхөж яриад над руу дайраад байсан. О- нь Э-ыг өмнө нь олон удаа зодож дээрэлхдэг байсан. Бид нарыг ганц нэгээрээ явж байхад хутга шөвөг бариад дайрч байсан.

Тэгээд би намайг хэл амаар доромжлоод байхаар нь баруун гараараа зүүн шанаанд нь 1-2 удаа цохисон. Тэгтэл найз охин нь гарч ирээд намайг алгадаад цохиод байсан. Дараа нь Э- мөн О-ын нүүрэн хэсэгт нь цохиод байсан. Хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Тэгээд бид нар Р-, Э- хоёрын машинд суугаад яваад өгсөн. Тэгээд гэр гэртээ харьцгаасан.

... О-ын биед Э- бид хоёр л халдаж гэмтэл учруулсан. Өөр хэн нэгэн халдаагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 51-52 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Э.Т- нь Г.Э-той бүлэглэн урьдын таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.О-ыг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 54 дүгээр сургуулийн орчимд гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд биед хамрын хянга ясны суурь, үзүүр хэсгийн зөрүүтэй далд хугарал, хамар, хоёр нүдний зовхинд зулгаралт, цус хуралт, дух, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Э.Т- нь Г.Э-той бүлэглэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөнд халдаж хохирогч Б.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Э.Т-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн” үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогч Б.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №7113 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хохирогч Б.О-ын өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэх оношлуулах зардалд нийт 146,950 төгрөг зарцуулсан баримт / хэргийн 108 дахь тал/ авагдсан байх ба энэхүү төлбөрийг шүүгдэгч Г.Э- төлсөн талаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолд /хэргийн 142-144 дэх тал/ тусгаснаас гадна шүүгдэгч Э.Т- сайн дураараа 500,000 төгрөг төлсөн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан, хохирол хор уршигт төлөх төлбөргүй гэж үзэв.

Гэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.О- гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “... Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Э.Т-, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нараас улсын яллагчийн дүгнэлтийг дэмжин оролцов.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Ийнхүү шүүгдэгч Э.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт сайн дураараа төлбөр төлсөн, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Т- 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 12 хоног цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Э-ы Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас Э.Т-ийг чөлөөлсүгэй.

 

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Э.Т- 12 хоног цагдан хоригдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.О- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т- болтол Э.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ