| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2021/00275/И |
| Дугаар | 184/ШШ2021/01774 |
| Огноо | 2021-07-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 184/ШШ2021/01774
2021 07 29 184/ШШ2021/01774
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Д.Б холбогдох
Хариуцагч: М.Х холбогдох
“Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, “хүүхдийн асрамж тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2006 онд М.Хтай танилцаж, 2007 онд хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 4 сарын 01-ний өдөр охин Б.Эн төрсөн. Мөн 2011 оны 4 сарын 24-нд охин Б.Э нар төрсөн. Охидыг төрөх үед эцэг нь Солонгос Улсад ажиллаж байсан учраас аавынх нь нэрээр овоглож чадаагүй, би өөрийн нэрээр овоглосон. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2013 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин Б.Эн, Б.Э нар нь миний асрамжид өсөж торнисон. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй, охид миний нэрээр овоглодог. Охин Б.Эн 6 дугаар анги, охин Б.Э 4 дүгээр ангид сурч байгаа бөгөөд хичээлийн хэрэглэл, бусад зардлууд өсөж байгаа бөгөөд хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна... Зун амралтаараа хөдөө яваад ирэхдээ хичээлийн хэрэгслийг хариуцагч өгдөг байсан. Хэрэглээ өндөр болсон. Шим тэжээлтэй хоол унд хүнс хэрэгтэй байна. Өмсөх хувцас хунарыг би өөрөө авч өгдөг. Хүүхдүүдээ өөрийнх нь нэрээр буюу хариуцагчийн нэрээр овоглуулмаар байна. Учир нь хүүхдүүд маань эцгээрээ овоглуулмаар байна гэж хэлсэн. Хүүхдүүдээ янз бүрийн сургалтад хамруулахыг хүсэж байна. Эцэг тогтоолгох, хүүхдүүдээ өөрийн асрамжид авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.
Хариуцагч М.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Миний бие 2006 оноос Д.Бтай хамтран амьдарч байсан бөгөөд гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө амьдарч, ажил хөдөлмөр эрхэлж сайн сайхан амьдрахын төлөө зүтгэсээр ирсэн. Гэтэл сүүлийн үед эхнэр Д.Б нь зан ааш нь хувирч намайг очихоор хөөж туух болсон тул арга буюу Өвөрхангай аймгийн Хархорин суманд ирж, ажиллаж амьдрах болсон. Охин Б.Эн, Б.Энх нар нь М.Х миний хүүхэд мөн бөгөөд над дээр байнга ирж цагийг хамт өнгөрүүлдэг. Нэгэнт хүүхдийн тэтгэлэг нэхэмжилж байгаа бол хуульд зааснаар хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна Би 2 хүүхдээ өөрийн нэр дээр болгуулах юмсан гэж би нэхэмжлэгчид хэлж байсан. Би өргөдөл гаргахаар нь хууль уншиж үзсэн. Хүүхдээ авах боломж байна гэсэн санаа гаргаад урьд нь боломж байдаг гэдгийг мэдээгүй явсан. Хүүхдээ өөрийн асрамжид авах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгч Д.Б сөрөг нэхэмжлэл гаргасан хариу тайлбартаа: Хүүхдүүдийг өсгөхөд их зардал гардаг. Миний ээжийн тэтгэврийн мөнгө нэмэртэй байгаад хүүхдүүдээ өсгөдөг. Би өөрийн зүгээс хүүхдүүдтэй амьдрах хувийн үл хөдлөх хөрөнгөтэй. Ганцхан буудал яваад сургуульдаа ордог. Цаашид хүүхдүүдийг өсгөх бүрэн боломжтой Өмнө нь өөрийн нэр дээр болгуулах саналыг хариуцагч гаргаж байгаагүй. Хариуцагч утсаар ярьдаггүй. Юу хэрэгтэй вэ гэж хэлж байгаагүй. Та нараар юу байцгаана гэж ярьдаг... гэв.
Хариуцагч М.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Солонгос улсаас 2010 онд Монголд ирсэн. Би Болормаагийн гэрт амьдардаг байсан. Болормаагийн ах нь хүний хөрөнгө дээр амьдарч байна гэж надад хэлдэг байсан. Би хүнсний ногоо зардаг байж байгаад хүнсний ногоо зарахаа болиод хог ачигчаар 3 сар ажилласан. Чи мөнгө авч ирэхгүй байна, би хөрөнгөтэй хүн гэдэг байдлаар харьцдаг байсан. Ажлаа тараад гэртээ очихгүй гадуур хүнтэй архи уумаар байдаг үе байсан. Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзахгүй. 2 хүүхдээ өөр дээрээ авъя гээд шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргахад шүүхээс хангаад, шинжээчийн дүгнэлт гаргасан байсан. Шинжээч энд байхгүй байна. Эрүүл аюулгүй орчинд амьдарч байгаа эсэх талаар шинжээчийн дүгнэлтэд байхгүй байна. Агаарын бохирдол, хөрсний бохирдлын талаар дүгнэлтэд байхгүй байна. Хүүхдийг өөрийн асрамжид авмаар байна гэж сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан. Хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол муу байна. Хоёр хүүхдээ өөрийн асрамжид байлгамаар байна. Шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа хувь данс руу мөнгөө шилжүүл гээд байхаар нь төлөхгүй байсан юм. Хүүхдийн эрхийн тухай нэг ч зүйл байхгүй. Төлбөрийг сүүлд төлсөн. н.Энхзул гэх шинжээч шинжээч төлбөрийг авсан. Шинжээч хурал ороогүй байна. Мягмарсүрэн гэх хүн нь Хархоринд байдаг. Шинжээч оролцуулах хүсэлтээ гаргахаа болилоо. Хүсэлт гаргахгүй. Хүүхэд минийх биш гэж маргахгүй. Миний хүүхдүүд гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч М.Хт холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Эцэг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. /хх-13/
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Үндсэн нэхэмжлэлийн талаар:
Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Д.Б, М.Х нар нь 2006 онд танилцаж, 2007 оноос хамтран амьдарсан ба 2009 оны 04 дүгээр сарын 01-нд охин Б.Эн, 2011 оны 04 дүгээр сарын 24-нд охин Б.Э нарыг төрүүлсэн болох нь 0369053 Г-1769, 0000618702 Г-2452 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа эмчийн болон сурч боловсорч байгаа тухай сургуулийн тодорхойлолт, зохигч нарын тайлбар, хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдов.
Түүнчлэн Д.Б, М.Х нар нь хувийн таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаа бөгөөд зохигч нар хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй тул охин Б.Эн, охин Б.Э нарыг эх Л.Болормаагаар овоглож төрсний гэрчилгээг авсан ба хариуцагчаас хүүхдүүдээ өөрийн хүүхэд биш гэж маргаагүй, эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч байна.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” гэж заасан.
Иймд 2009 оны 04 дүгээр сарын 01-нд охин Б.Эн, 2011 оны 04 дүгээр сарын 24-нд охин Б.Э нарын эцэг нь хариуцагч М.Х мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.-д “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж ,
энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж зааснаар охин Б.Эн, Б.Э саналыг асуухад “ээжтэйгээ амьдарна” гэснийг, хавтаст хэргийн 51-53,58, 68-71-р талд авагдсан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэх агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гаргасан 2021.06.30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, мөн гэрлэгч нарыг тусдаа амьдарснаас хойш хүүхдүүд эхийн асрамжид байсан, эхийн анхаарал, халамж, эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж байгаа, тэдний насны байдал, хүүхдүүдийн ээнэгшин дассан орчин, одоогийн амьдарч байгаа гэр бүл, суралцаж буй сургууль, бага насны хүүхдүүд тул бусдын халамж анхаарал болох сургуульд хүргэх, авах, хооллох, хувцаслах бусад нөхцөл байдал, амьдрах орон байр, сурч боловсрох, хүүхдийн хүмүүжил зэргийг харгалзан үзсэн бөгөөд хүүхдүүдийг ээжийнх нь асрамжид хэвээр үлдээхэд тэдний эрх, ашиг сонирхолд харшлахааргүй байна гэж шүүх дүгнэв.
Иймээс 2009 оны 04 дүгээр сарын 01-нд төрсөн охин Б.Эн, 2011 оны 04 дүгээр сарын 24-нд төрсөн охин Б.Э нарыг эх Д.Бгийн асрамжид хэвээр үлдэхээр тогтов.
Хэдийгээр шүүхээс хүүхдүүдийг эх Д.Бгийн асрамжид хэвээр үлдээж байгаа боловч энэ нь М.Хын эцэг байх эрхийг нь хязгаарлаж байгаа биш харин хүүхдүүд эхтэйгээ байнга оршин суух, амьдрах газрыг нь тодорхойлж байгаа бөгөөд эцэг нь хүүхдүүдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор эх болон түүний ар гэр хангах үүрэгтэй.
Сөрөг шаардлагын талаар:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Хаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “Хүүхдийн асрамж тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хүүхдийн асрамжийн асуудлаар гэр бүлийн нөхцөл байдлын талаар шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг хангаж, шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШЗ2021/02689 дугаар захирамжаар Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилжээ.
Шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтэд:
“зохигч М.Х, Д.Б нарын хэн аль нь эрүүл мэнд, зан үйлийн хувьд хэвийн, хүүхдэдээ анхаарал халамж тавьдаг, хүүхдийн амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн, хүчирхийлэл үйлдээгүй, эрхийг нь зөрчөөгүй, тэжээн тэтгэх, асран хамгаалах боломжтой байна. Гэвч охин Б.Эн, Б.Э нарыг ээж Д.Б багаас нь асран халамжилсан, эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж байгаа, хүүхдүүдийн ээнэгшин дассан орчин нь одоогийн амьдарч байгаа гэр бүл, суралцаж буй сургууль байна. Иймд дээрх байдлыг харгалзан Б.Эн, Б.Э нарыг ээж Д.Бгийн асрамжид үлдээх саналыг хүргүүлж байна” гэсэн бөгөөд хүүхдийн хууль ёсны асран хамгаалагчийг тогтоох эцсийн шийдвэрийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6- дах заалтыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.мөн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д дах хэсэгт “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүнийг саналыг харгалзан үзнэ” гэж заасан байдаг тул асран хамгаалагчийг хүүхдүүдээс саналыг авч тогтоох боломжтой эсэхийг шүүх шийдвэрлэнэ гээд зохигчдод өгөх зөвлөмжийн талаар дурджээ. / 28.43, 69-71/
Шүүх хуралдаанд хариуцагч М.Хаас шинжээч хуралд оролцоогүй байна, гаргасан дүгнэлтэд “эрүүл аюулгүй орчинд амьдарч байгаа эсэх агаарын бохирдол, хөрсний бохирдлын талаар байхгүй байна” гэж тайлбарлахад шүүхээс шинжээч оролцуулах хүсэлт байгаа талаар тодруулахад хүсэлт гаргахгүй. Хүүхэд минийх биш гэж маргахгүй, миний хүүхдүүд гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж,
21 дүгээр зүйлийн 21.5 дах хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж,
26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дах хэсэгт, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дах хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй талаар тус тус заасан бөгөөд эцэг, эх нь тусдаа амьдарч байгаа хэдий ч эцэг М.Хын хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэхэд эх Д.Б саад болохгүй байхыг даалгав.
Түүнчлэн эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” талаар зохицуулсан ба энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдээ сар бүр тэжээн тэтгэхээр зохицуулсан.
Учир нь хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд тэдгээрийг тэжээн тэтгэх эцэг, эхийн үүрэг хариуцлага яригдах тул үүнийг орхигдуулахгүй шийдвэрлэх нь зүй ёсны шийдэл юм.
Шүүхээс хүүхдүүдийг эх Д.Бгийн асрамжид хэвээр үлдээж, тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн тул хариуцагч М.Хын “хүүхдүүдийг өөрийн асрамжид авах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бгийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 96,140 төгрөг төлсөнг болон хариуцагч М.Хаас сөрөг шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр, хариуцагчаас 96,140 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118,119, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар Б.Эн, Б.Э нарын эцэг М.Х мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бд холбогдох ”Хүүхдийн асрамж тогтоолгох” тухай хариуцагч М.Хын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, охин Б.Эн /регистрийн дугаар:У/, охин Б.Э /регистрийн дугаар:У5/ нарыг эх Д.Бгийн асрамжид хэвээр үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Эн, 2011 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Б.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 настай/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Монгол овогт М.Х /регистрийн дугаар:5/-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагч М.Хаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,140 төгрөгийг, хариуцагч М.Хаас сөрөг шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр, хариуцагч М.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 96,140 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг М.Х, эх Д.Б нар тусдаа амьдарч байгаа хэдий ч энэ хуулийн 26.2 дахь хэсэгт заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг М.Хын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд болон хүүхдүүдтэйгээ уулзахад нь эх Д.Бгаас саад учруулахгүй байхыг даалгасугай.
7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ