Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/376

 


 2024           05           10                              2024/ШЦТ/376


       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж, 
нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Б.Арсланбаатар,
шүүгдэгч Г.Б- түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн,
хохирогч А.С- түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ө овогт Г-ын Б-өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206051681258 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймаг Сайхан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эгч, 3 дүүгийн хамт Сэлэнгэ аймаг Сайхан сум 1 баг 2 байр 32 тоотод оршин суух бүртгэлтэй, *** дүүрэг *** хороо *** гудамж *** тоотод оршин суух, 
Сум дундын 22 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг буюу 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 8 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/658 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 5 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаас нэмж нэгтгэн 3 жил 5 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 34 дугаартай захирамжаар 1 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө сулласан, Ө овогт Г-ын Б-. 

Шүүгдэгч Г.Б- нь Б.Г-тай бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймаг Орхонтуул сум Шар ус 1 багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Д-ийг зодож биед нь дагзны хуйх, зүүн шанаа, чих, нуруу, баруун сарвуу, зүүн бугалга, хэвлий, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
яллагдагч Г.Б- 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Camel шөнийн цэнгээний газрын ойролцоо саадан дотор хохирогч Т.Э-ээс гар утсаа өгч бай, хүнтэй яриадахъя гэж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж 1,255,600 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Cu сүлжээ дэлгүүрийн орчим хохирогч А.С-тай шалтгаангүйгээр маргалдаж улмаар хутгаар баруун гарын орчимд зүсэж, биед нь баруун бугалгын хатгагдсан шарх, богтосны мэдрэлийн бүрэн бус тасрал, бугалга, шуу, сарвууны ар хэсгийн өнгөц ба гүний мэдрэхүйн бууралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б- мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байсан юм. Г- ах Болороо эгчтэй саарал өнгийн Prius 20 маркийн автомашинтай ирж намайг авч яваад Чулуут орсон байхад хохирогч Д- гэрт орж ирсэн. Тэгээд Г- ах Д- хоёр гадаа зодолдоод байхаар нь салгасан. Гол дээр очиж зодсон зүйл байхгүй” гэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.С- мэдүүлэхдээ: “2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шөнө 10 дугаар хорооллын Stella шөнийн цэнгээний газраас хоёр найзтайгаа хамт ирсэн. Эхлээд би ганцаараа гарч ирээд зогсож байсан чинь миний урдуур энэ залуу хоёулаа явж байснаа юундаа муухай хараад байгаа юм бэ гэж маргалдах гэхээр нь би эвээр чи ингэж болохгүй хууль дүрэмтэй улс гэж хэлэхэд би мэдэж байна гэж хэлээд намайг нэг удаа цохисон. Тэгээд шөнийн цэнгээний газрын хамгаалагч болон манай хоёр найз бид хоёрыг салгасан. Тэгээд 10 дугаар хорооллоос баруун тийшээ хоёр найзтайгаа явчхаад буцаад Stella шөнийн цэнгээний газрын ойролцоо хойд талын автобусны буудлын ойролцоо цагийн дараа найзынхаа автомашины хажууд зогсож байсан чинь энэ залуу гэнэт гарч ирээд чи нааш ир чамтай уулзана гэж хэлээд хутга гаргаж ирээд нэг удаа хутгалаад зугтаасан. Тэгээд би гэмтлийн эмнэлэг рүү явсан. Би энэ залуутай шөнийн цэнгээний газар таараагүй, маргалдсан зүйл байхгүй. Хохирол төлбөр 8,062,471 төгрөг төлөгдсөн. Шүүх хуралдаанд баримтаар гаргаж өгсөн бензинтэй холбоотой 284,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв. 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 90-99 дэх тал/

Мөрдөгчийн 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. /1 дэх хавтаст хэргийн 101 дэх тал/

Хохирогч Т.Э-ийн “... Би 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Camel шөнийн цэнгээний газраар ганцаараа үйлчлүүлж байхад миний хуучны танил Б- гэх залуутай таарсан. Б- дүү гэж нэг эрэгтэйн хамт явж байсан ба бид гурав нэлээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд нийт тооцоо болох 137,000 төгрөгийн тооцоог би төлөөд тухайн шөнийн цэнгээний газраас 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-ны өдөр шилжих шөнө 04 цагийн орчимд гарцгаасан. Тэндээсээ гараад E mart дэлгүүрийн зүг рүү уруудаад 5 давхар байрнуудын сааданд Б-, Б-ийн дүү гэх эрэгтэй бид гурав очиж тамхилж суугаад ойр зуур юм яриад нэг шил архи тойруулаад 10 орчим минут сууцгаасан. Тэгтэл Б- намайг гар утсаа өгч бай, нэг хүн рүү ярьчихъя гэж хэлэхээр нь би нүдэн дээр нь өөрийн гар утасны кодоо гаргатал миний нүүр хэсэгт цохиж унагаагаад миний гарт байсан гар утсыг авсан. Тэгтэл хажуугаас нь Батмөнхийн дүү гэх эрэгтэй та одоо болиоч дээ, дандаа найзуудынхаа юмыг авч байх юм, гар утсыг нь өгч гэж хэлэхэд Батмөнх явъя гэж хэлээд тэр хоёр зугтаагаад яваад өгсөн.
Би босоод такси бариад шууд гэр рүү хариад гар утас руугаа залгахад миний гар утас холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд би унтчихаад өглөө нь цагдаа дээр очих гээд байж байгаад Б-ийн эгчийн 91116865 гэсэн дугаар луу залгаж Б-ийг асуухад байхгүй байна гэж хэлээд утсаа таслан түүнээс хойш 30 орчим минутын дараа Б- 90003002 гэсэн дугаараас залгаад гар утас чинь надад байна, битгий цагдаад өгөөрэй, 25 дээр ирээд авчих гэж хэлээд тасалсан. Тэгэхээр нь би 25 дугаар эмийн сан дээр эхнэрийн хамт очиход тухайн Б-ийн дугаар холбогдох боломжгүй болж холбогдох үедээ залгахаар утсаа авахгүй байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна.
Би тухайн алдсан гар утсаа 2,500,000 төгрөгийн лизингээр 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр авсан байсан. Тухайн гар утсанд 88760829 гэсэн дугаар ашиглаж байсан ба ... өнгөгүй гэртэй, цагаан өнгийн Samsung A 53 загварын гар утас байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 11 дэх тал/

Хохирогч А.С-ийн “... 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр найз нартай уулзаад гадаа 10 дугаар хорооллын автобусны буудлын хойд талын CU дэлгүүрийн гадаа зам дээр зогсож байгаад үл таних 25-26 орчим насны 175 орчим өндөр махлаг, бие дээрээ шивээстэй, богино хар куртик өмссөн залуу бид нар дээр ирээд намайг нааш ир гэж хэлсэн. Энэ үед манай найз Балжир намайг хойш татсан ба энэ үед нөгөө залуу гартаа хутга бариад эргүүлж байсан. Би гадуураа өмссөн байсан якаа тайлаад савсан ба энэ үед манай найз нар салгасан. Балжир араас нь яваад М- надтай үлдээд шууд Гэмтэлд ирсэн. Миний баруун мөрний мэдрэл тасарсан байна гэсэн ба өнөөдөр хагалгаанд орно гэж хэлсэн. ... ” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 106-107 дахь тал/
“... Надад нийт 8,062,471 төгрөгийн хохирол учраад байна. Энэ мөнгө бол миний данснаас гарсан бодит хохирлын мөнгө юм. Сувилагч Болортуяад 800,000 төгрөг бэлнээр өгсөн. Тухайн үед бэлнээр мөнгө авсан тухай бичиг гаргуулан авсан.
Миний өмнө нэхэмжилж байсан ажилгүй байсан болон өдөрт олох боломжтой мөнгөө би иргэний журмаар нэхэмжлэх болно. Одоо миний хувьд нийт 8,062,471 төгрөгийг нэхэмжилж байна.
Миний одоо баруун гарын сарвуу хэсэгт мэдээ байхгүй. Түлэх болон юмаар эсгэхэд ямар ч мэдрэлгүй. Мэдрэмжгүй болсон. Хутгалуулсан гараараа юм өргөхөд маш их өвдөж ажил хийх боломжгүй болсон. Өвчин намдаах эм байнга ууж байгаа. Хүйтэн юманд хүрэхээр хөлдчих гээд байдаг болсон.
Миний хувьд бол маш их гомдолтой байна. Дээрх хохирлоо барагдуулж авахаас гадна, эрүүл мэнд, сэтгэл санааны маш их хүнд байдалд байна. Намайг хутгалсан Г.Б-өд хуулийн хариуцлага тооцож өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 165-166 дахь тал/

Хохирогч Г.Д-ийн “... Би Болороо гэх эгчтэй урьд нь хамт ажилладаг байсан. Тэгээд эгч намайг хамт Мядгаа эгчийг хотоос ирсэн гээд хамт сууж ганц юм уунгаа ярьж сууя гэж дуудсан. Тэгээд би явж очоод Болороо, Мядгаа эгч хоёр нэг шил архи задалж ууж эхэлж байгаад караоке орж дуулъя гээд Г- гэх залуугийн ажиллуулдаг караокед очсон. Тэр үед л Г-тай тааралдсан. Тэгээд караокед ууж байгаад орой нь Болороо, Мядгаа эгчтэй хамт Болороо эгчийн гэрт хүргэж өгчхөөд явах гэсэн чинь Болороо эгч орой болчихсон, бас архи уучихсан байгаа юм чинь манайд хоноод явахгүй юу гэж надад хэлэхээр нь би тэдний гэрт хонохоор болсон.
... Би хэсэг зүүрмэглэх зуур Болороо эгчийн байшингийн цонхыг нэг хүн аймар нүдээд байсан. Тэгэхээр нь босоод харсан чинь Г- гээд нөгөө залуу байшингийн цонхыг нь хагалаад цонхоор нь орж ирээд намайг Болороо эгчтэй хамт унтаж байдаг хэн бэ гээд намайг цохиод авсан. Би тэр үед тэгээд л өнгөрсөн. Тэрнээс хойш хоёр хоногийн дараа Б- гэх залуу над руу утсаар залгаж дуудаад намайг голын эрэг дээр аваачиж Г-, Б- хоёр зодсон. Намайг зодох болсон шалтгаан нь Г- намайг Болороо эгчтэй хардсан учраас зодсон гэж бодож байна.
... Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Харин Г-, Б- нар нь намайг дахин дарамталж зодохгүй байж, ажил төрлийг минь саадгүй хийлгээсэй гэж хүсэж байна. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 28-29 дэх тал/

Гэрч Д.М-ын “... Cундуйбанзрагч, Б- нартай хамт юм яриад зогсож байхад нарыг шөнийн цэнгээний газраас гарч байхад Сундуй, Балжиртай маргаан хийж нүүр хэсэгт нь цохиод байсан үл таних эрэгтэй хүн бид нараас шууд Сундуйг заагаад чи нааш ир гэснэ. Энэ үед Сундуй нөгөө залуугийн өөдөөс нь очих гэхээр нь би хойш татаад авах гэтэл Сундуй гадуур хувцсаа тайлаад цамцтайгаа өөдөөс нь явсан чинь тэр залуу гарт нь 2-3 удаа хутгаар хатгаад зугтаад гүйсэн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 109-110 дахь тал/ 

Гэрч Г.Б-ы “.. Тэнд байсан хүмүүс бид нарыг салгасан. Харин Б- дээгүүрх хувцсаа тайлаад цээж нүцгэлээд дайраад байсан. Бид 3 салаад баруун зүгт Хаан банкны зүг яваад тэнд байсан хүмүүсийг тарахыг нь хүлээсэн. Бид 3 тойроод 10 дугаар хорооллын автобусны буудлын хойно CU дэлгүүрийн урд талд ирсэн. Б- гэж залуу нэг машины хажуугаас гарч ирээд хөөе гэж дуудахаар нь би чи яах гэж байгаа юм гэсэн чинь Б- шууд халааснаасаа хутга гаргаж ирээд над руу дүрэх гэж байгаа юм шиг зангасан. Харин С- гадуур хувцсаа тайлаад, гадуур хувцсаараа ороолгосон. Тэгсэн Б- С- хоёр зууралдах шиг болсон. С- наадах чинь намайг хутгалчихлаа бариад ав гэж орилсон. Б- хойшоо байрны дундуур гүйгээд зугтаасан. Би араас нь хөөж байгаад алдсан. Би тэрүүгээр хайсан чинь Б- нэг байрны гадаа хаалгыг онгойлгох гэж байгаа бололтой хаалганы код хийгээд байж байсан. Би барьж авах гэсэн чинь Б- хаалга онгойлгоод орчихсон. Би араас нь орох гэсэн хаалга нь чиптэй онгойхгүй байсан. Удалгүй цагдаа ирсэн. С-, М- хоёр Гэмтлийн эмнэлэг явсан байсан.
... Б- эргүүлдэг хутга халааснаасаа гаргаж ирээд С-ийн баруун гарын булчин тус газар 3 удаа хутгалсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 111-112 дахь тал/
“... Тухайн үед Б- нь баруун талын халааснаасаа саарал өнгийн эргүүлдэг төмөр металл хутга гаргаж ирсэн. 
... Тэгээд би Б-ийг хайгаад нэг байрны хажууд явж байхад орцны үүдэнд Б- кодыг нь хийгээд орсон. Араас нь орох гэсэн боловч чиптэй байсан учраас орж чадаагүй. Тэгээд би 102 дугаар руу дуудлага өгсөн ба дуудлагаар ирсэн цагдаа ирэх үед нь орцных нь үүдэнд тухайн цагдааг хүлээж байгаад жижүүрийн бүрэлдэхүүн ирж тухайн орцонд байх айл болгонд ороход 3 давхарт Б- унтаж байсан ба Б-ийг цагдаа нарт зааж өгчхөөд яваад өсгөн. Тэгээд би С-, М- 2 Гэмтлийн эмнэлэг рүү очиход С- баруун гарын хэсэгтээ олон тооны оёдол тавиулсан байсан ба шөрмөсийг нь тасалсан байна гэж эмч нь ярьж байсан.” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 169 дэх тал/

Иргэний нэхэмжлэгч Э.Л-ын “... Арвин лан ломбард дээрээ сууж байтал 22 цаг 40 минутын орчимд гаднаас хар савхи, дотуураа саарал хувцастай 30 орчим насны эрэгтэй орж ирэн цагаан өнгийн Samsung galaxy A 53 загварын гар утас үзүүлсэн. 
... Үзээд ямар ч асуудалгүй байсан учраас тухайн гар утсаа программдаа  Ганбатын Б- гэх хүний нэр дээр бүртгэн 400,000 төгрөгийн зээлийг 10 хоногт 8% хүү бодохоор тооцож гэрээ хийн гарын үсэг зуруулан мөнгийг нь Хаан банкны 5025250139 Товуу Батбилэг гэх данс руу шилжүүлж өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 15-16 дахь тал/

Дамно ХХК-ы шинжээчийн БЗД2-23-571 дугаартай “... Samsung A 53 загварын гар утсыг 1,255,600 төгрөг” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 62-63 дахь тал/

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл. /1 дэх хавтаст хэргийн 67-68 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №1301 дугаартай дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 114-116 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3397 дугаартай:
“...1.2. А.С-ийн биед баруун богтосны мэдрэлийн бүрэн бус тасрал, баруун бугалгын хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
3.6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.
4.5. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
5.6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 121-122 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн №1423 дугаартай:
“...1.Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн фудволконд 13 мм, хар өнгийн малгайтай цамцанд 13 мм, 10 мм, 9 мм, 27мм, бор өнгийн цамцанд 13 мм, 13х9х10мм, 12 мм, 26 мм хэмжээтэй гэмтлүүд үүссэн байна.
2. Хувцаснуудад үүссэн дээрх гэмтлүүд нь хурц иртэй үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлтүүд байна. ...” гэсэн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 128-132 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн №375 дугаартай:
“...1.А.С-ийн биед баруун бугалгын хатгагдсан шарх, богтосны мэдрэлийн бүрэн бус тасрал, бугалга, шуу, сарвууны ар хэсгийн өнгөц ба гүний мэдрэхүйн бууралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 217-218 дахь тал/

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний №3173 дугаартай түүхийн хуулбар. /1 дэх хавтаст хэргийн 230-243 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №1300 дугаартай дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 244-246 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11497 дугаартай:
“...1.Г.Д-ийн биед дагзны хуйх, зүүн шанаа, чих, нуруу, баруун сарвуу, зүүн бугалга, хэвлий, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /2 дахь хавтаст хэргийн 20-21 дэх тал/

Шинжээч Т.Сэлэнгийн “.. Зүүн бугалга, хэвлийн цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... Өшиглөх, тэлээгээр цохих, гараар цохих нь мохоо зүйлд орно. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 44-45 дахь тал/

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоол. /2 дахь хавтаст хэргийн 192-195 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1    Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч Г.Б- нь Б.Г-тай бүлэглэн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймаг Орхонтуул сум Шар ус 1 багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Д-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Мөн ганцаараа 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Camel шөнийн цэнгээний газрын ойролцоо саадан дотор урьдын танил хохирогч Т.Э-этэй согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа түүнийг гар утсаа өгч бай, хүнтэй яриадахъя гэж худал хэлэн 1,255,600 төгрөгийн үнэ бүхий Samsung galaxy A 53 загварын авч зугтан улмаар Арвин лан барьцаалан зээлдүүлэх газарт 400,000 төгрөгөөр барьцаалжээ.
2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Cu сүлжээ дэлгүүрийн орчим хохирогч А.С-тай шалтгаангүйгээр маргалдаж улмаар хутгаар баруун гарын орчимд зүсэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулжээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

1.2    Нотлох баримт баримтын үнэлгээ
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв. 
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

1.3    Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

1.4    Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч Г.Б- нь бусадтай бүлэглэн, мөн ганцаараа хүний эрх, эрх чөлөөнд халдаж хохирогч А.С-, Г.Д- нарын эрүүл мэндэд хохирол учруулсан, хохирогч Т.Э-ийн эзэмшлийн Samsung galaxy A 53 загварын гар утсыг хуурч мэхлэн өөрийн мэдэлд авсан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг 
Хохирогч А.С-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Г.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Т.Э-эд 1,255,600 төгрөгийн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтүүд болон хөрөнгийн үнэлгээ тогтоосон дүгнэлтээр тус тус тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хохирогч Т.Э-ийн Samsung galaxy A 53 загварын гар утсыг биет байдлаар, мөн иргэний нэхэмжлэгч Э.Лутбаярт 432,100 төгрөгийг хүлээлгэн өгсөн /1 дэх хавтаст хэргийн 72,74 дэх тал/, түүнчлэн хохирогч Г.Д-оос “... Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлжээ. /2 дахь хавтаст хэргийн 28-29 дэх тал/
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.С- нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэх оношлуулах зардлыг баримтаар нэхэмжилсэн 8,062,471 төгрөгийг болон шүүх хуралдааны явцад нэхэмжилсэн бензиний төлбөр 176,000 төгрөгийг шүүгдэгч Г.Б- төлсөн талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан, хохирол хор уршигт төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах дүгнэлтийг гаргав.
Өмгөөлөгч М.Төмөрцэцэг, Ю.Нямсүрэн нараас улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлттэй холбогдуулан тусгайлан санал гараагүй болно.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн нь шүүгдэгч Г.Б-өд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/658 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө сулласан хугацааг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар “... зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг гаргажээ.

2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 
Шүүгдэгч Г.Б-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон урьд хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь түүний засрал хүмүүжлийг олоогүй хувийн байдал, хүндэвтэр гэмтэл учруулахдаа хутга хэрэглэсэн хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар нэмж нэгтгэн тогтоов.
Ийнхүү шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Б- нь урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/658 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 34 дугаартай захирамжаар хугацааны өмнө сулласан хяналтын хугацаа дуусаагүй байхад 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүх эдлээгүй үлдсэн хорих ялыг сэргээж эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж заасанд нийцнэ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар дээрх 1 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялд нь энэ тогтоолоор оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 11 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, нээлтэй хорих байгууллагад эдлүүлэв. 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар “... зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэсэн агуулга бүхий дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь шүүгдэгч Г.Б- нь урьд Баянгол, Хан Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаартай захирамжаар 6 сар 14 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 27 дахь тал/, болон Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/51 дугаартай шийтгэх тогтоол /2 дахь хавтаст хэргийн 70-79 дэх тал/, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоол /1 дэх хавтаст хэргийн 52-56 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.  
Иймд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “... 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасны дагуу шүүгдэгч Г.Б-ийг хууль зүйн хувьд өршөөлд хамруулахгүй болно.
  
Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхгийг устгаж, шүүгдэгч Г.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Г-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар Г.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож 6 сарын хугацаагаар хорих ялыг, 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлин 1, 2 дахь  хэсэгт зааснаар Г.Б-өд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/658 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялд энэ тогтоолоор тогтоосон 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 11 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Г.Б-өд оногдуулсан 1 жил 11 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар Г.Б-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Г.Б- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхгийг устгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б-өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                А.АЛТАНХУЯГ