Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/383

 

 

 

 

 

 

 

 

   2024           05           13                                      2024/ШЦТ/383

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Э.Мөнхнавч,

шүүгдэгч Э.А- түүний өмгөөлөгч П.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Т овогт Э- А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2302006180379 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1971 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймаг Манхан суманд төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш арга зүйч мэргэжилтэй, Баянгол дүүргийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан, ам бүл 1, Сүхбаатар дүүрэг *** хороо Гүнжийн *** гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг *** хороо *** байр *** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т овогт Э- А-.

 

Шүүгдэгч Э.А- нь үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.А- нь нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн Баянгол дүүргийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Иргэн Б.С-н өөрийн 1 нас 5 сартай хүүхэд болох Сүхбатын Оргилыг Нийслэлийн Баянгол дүүргийн *** дүгээр цэцэрлэгт элсүүлэхийн тулд тус цэцэрлэгийн угаалгын машин янзлуулахад нь хандив болгож 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Д.О-ын Хаан банкны *** дугаар дансаар шилжүүлсэн 600,000 төгрөгөөс өөрийн Хаан банкны *** дугаарын данс руу 300,000 төгрөгийг ,

2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд “Toya хүүхэд хөгжлийн академийн тэргүүн Т.Туяатай тус цэцэрлэгийн эцэг, эхийн хүсэлтээр Соробан сампин, ой тогтоолтын сургалтыг явуулах гэрээг байгуулж, улмаар гэрээнд тусгаагүй, хийх ёсгүй үйлдлийг хийж тус сургалтад хамрагдсан хүүхдүүдийн төлбөрөөр 20 хувийг цэцэрлэг хөгжүүлэх санд төвлөрүүлэх нэрийдлээр иргэн Ш.Наранхажидмаагийн Хаан банкны 5149015999 дугаарын дансаар дамжуулан “Toya хүүхэд хөгжлийн академийн тэргүүн Т.Туяагийн шилжүүлсэн 1,066,500 төгрөгөөс өөрийн хамаарал бүхий этгээд болох өөрийн төрсөн хүү Б.Д-ын Хаан банкны 5037586063 дугаарын данс руу 566,000 төгрөгийг,

2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Тайж домогт ухаан” НҮТББ-ын гүйцэтгэх захирал С.С-тэй тус цэцэрлэгийн эцэг, эхийн хүсэлтээр соробан сампин, ой тогтоолтын сургалтыг явуулах гэрээг байгуулж, улмаар гэрээнд тусгаагүй, хийх ёсгүй үйдлийг хийж тус сургалтад хамрагдсан хүүхдүүдийн төлбөрөөр 20 хувийг цэцэрлэг хөгжүүлэх санд төвлөрүүлэх нэрийдлээр өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн хүү Б.Д-ын Хаан банкны 5037586063 дугаарын дансаар “Тайж домогт ухаан” НҮТББ-ын гүйцэтгэх захирал С.С-ээс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр түүний өөрийн эзэмшлийн Голомт банкны 1605123484 дугаарын данснаас 1,002,760 төгрөгийг “TDY sorobam sampin” гэсэн гүйлгээний утгаар, 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 702,000 төгрөгийг “*** 20% TTLBUR” гэсэн гүйлгээний утгаар, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 631,800 төгрөгийг “soroban” гэсэн гүйлгээний утгаар тус тус шилжүүлэн авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэрч Д.О-ын мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 11-12, 13-15 дахь тал/, гэрч Б.С-н мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 18-19 дэх тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал/, Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын захирамж /1 дэх хавтаст хэргийн 106-107, 113-114 дэх тал/, Хөдөлмөрийн гэрээ /1 дэх хавтаст хэргийн 108-112 дахь тал/, Албан тушаалын тодорхойлолт /1 дэх хавтаст хэргийн 115-122 дахь тал/, Баянгол дүүргийн дотоод аудитын албаны улсын байцаагчийн акт, албан шаардлага /1 дэх хавтаст хэргийн 123-124, 125-126, 127-130, 131-135 дахь тал/, гэрч Б.Д-ын мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 41-42 дахь тал/, гэрч Т.О-ийн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 50-51 дэх тал/, Сургалт зохион байгуулах гэрээ /2 дахь хавтаст хэргийн 52-53 дахь тал/, гэрч Н.С-гийн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 61-62 дахь тал/, гэрч Л.С-ийн мэдүүлэг / 2 дахь хавтаст хэргийн 65-67, 68-69 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Э.А-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн алб\ан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Э.А- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 1 ширхэг, 300,000 төгрөгийг /20,000 төгрөгийн дэвсгэрт AK6950864, AI2508522, AG7877914, AI0487750, AD8682396, AG8629772, AZ8078017, AL1744845, AK6876171, AL6634751 сери дугаартай 10 ширхэг, 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт NZ1092805, NZ6637759, AG7443176, AM8012736, PS5972558, AH5460130, PS5722585, AN4281467, AN5926554, PS2907581 сери дугаартай 10 ширхэг/ улсын орлого болгож, шүүгдэгч Э.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т овогт Э- А-г үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.А-г 1 жил 3 сарын хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.А- зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх ялтын зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.А-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Э.А- гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 1 ширхэг, 300,000 төгрөгийг /20,000 төгрөгийн дэвсгэрт AK6950864, AI2508522, AG7877914, AI0487750, AD8682396, AG8629772, AZ8078017, AL1744845, AK6876171, AL6634751 сери дугаартай 10 ширхэг, 10,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт NZ1092805, NZ6637759, AG7443176, AM8012736, PS5972558, AH5460130, PS5722585, AN4281467, AN5926554, PS2907581 сери дугаартай 10 ширхэг/ улсын орлого болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ