Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2021/01791

 

 

 

 

 

 

 

 

 

   2021          08          02                                             184/ШШ2021/01791

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Л.Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Ц-нд холбогдох

 

“Зээлийн төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нансалмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байгалмаа, нарийн бичгийн даргад Э.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч Л.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Н нь Б.Ц-д 2013 оны 12 сарын 03-нд өөрийн Хаан банкны 5517063220 дугаартай данснаас 2,000,000 төгрөг зээлдүүлсэн. Ц нь миний охин Д.Нансалмаатай хамтран амьдарч байх хугацаанд дундаас нь хүүхэд гарч цаашид амьдралаа авч явах, гэр бүлээ тэжээхэд машин хэрэгтэй гэж хэлэн Л.Н надаас 2,000,000 төгрөг зээлсэн. Уг зээлсэн мөнгө тун удахгүй буцаан төлнө гэж аман хэлцэл хэлбэрээр хэлж тохирчхоод одоог болтол төлж барагдуулаагүй. Ц нь миний охиноос салаад удаж байгаа бөгөөд тусдаа амьдардаг. Цгоос мөнгө нэхэж залгахаар утсаа авдаггүй, авахаараа удахгүй буцааж төлнө гэдэг. Цг мөнгөө төлөх болов уу гэж тэвчиж хүлээцтэй хандаж өдийг хүрсэн. 2020 онд 9 сарын 12-нд миний охин Нансалмаагийн гэрт очиж мөнгөө төлнө гэж өөрийн гараар бичиж өгсөн боловч боловч өдийг хүртэл төлөөгүй. Уг 2,000,000 төгрөгийг хүнээс зээлж авч өгсөн бөгөөд зээлсэн хүндээ хүү төлсөн тул Цд өгсөн уг 2,000,000 төгрөг дээр нэмж хүү алданги болох 1,000,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Иймд Б.Цгоос 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нансалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хүүгийн аав Б.Ц 2013 онд манай ээж Л.Нээс удахгүй буцааж өгнө, машин авах гэсэн юм гэж хэлээд 2 сая төгрөг зээлж авсан. Тухайн үедээ би ямар ч орлогогүй хүүхдээ гэртээ хардаг байсан юм. Амьдрал ахуйгаа залгуулна гэж хэлж авсан. Эхлээд амьдрал ахуйгаа залгуулж мөнгө төгрөг авчирч өгдөг байсан. Сүүлдээ мөнгө төгрөгөө авчирч өгөхөө больсон, архи дарс их уудаг байсан. Мөнгө зээлж авчхаад өгөхгүй, тэр хугацаанд ээж утсаар ярьж, мессеж бичиж байсан. Өгнө гээд яваад байдаг байсан. Мөнгө зээлж аваад удсан учраас 1 сая нэмээд 3 сая төгрөг нэхэмжилж байсан. 1 сая төгрөгөөсөө татгалзаад 2 сая төгрөгөө нэхэмжилж байна Б.Ц өөрөө машин авахдаа хэрэглэсэн. Би хүүхдээ хараад л гэртээ байдаг байсан Нэхэж байсан болохоор хуулийн дагуу надад итгэмжлэл гаргаж өгсөн. Илүү, дутуу мөнгө авъя гэж яриагүй, өгсөн мөнгөө л авъя гэж байгаа гэв.

            Хариуцагч Б.Ц шүүхэд өгсөн хариу тайлбартаа... Хүү Эрдэмбилэгт гарч бид хоёр хоёулаа ажилгүй хэцүү байхад миний ээж аав хоёр маань хоол унд хувцас хунараар таслаагүй хангаж байсан... Хүү маань яг намайг дуурайж гарсан байсан хүүгээ бодоод нэг хэсэг хамт амьдарсан. Ингээд ээж маань ажилгүй байхаар машин авч халтуур хийж амьдар гэсэн. Тэр үед хадам ээж Н нь амьдрал ахуйдаа хэрэглэ гэж 2013 онд 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Миний ээж надад 2 сая төгрөг өгч 5,500,000 төгрөгөөр жижигхэн фит гэдэг машин авсан 1,500,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн. Ингээд 3 жил амьдрах хугацаандаа энэ машинаараа гэр бүлээ тэжээж банкны өрөө төлсөөр ирсэн байдаг. Сүүлдээ машин маань муудаж засах боломж муу мөнгө төгрөггүй хэцүү байсан. Банкны өр ч нэхэгдсэн тул хүнд хямдхан өгч банкны өрөө төлсөн...Нансалмаагийн ээжтэй байнга холбоотой байж хүүтэйгээ харьцдаг би хэзээ ч тэр мөнгийг авахгүй гэж хэлсэн... 2,000,000 төгрөг нь хамтын амьдрал дунд ашиглагдсан мөнгө учраас төлөх боломжгүй гэв.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байгалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд хүүхэд нь гарсан. 2013 онд 2 талаасаа мөнгө гаргаад дундаа жижиг машин аваад ахуйн хэрэглээнд зориулсан. Энэ хугацаанд Б.Ц Д.Нансалмаа нар үнэхээр тараахгүй болоод салсан. Л.Нээс Б.Цд амьдрал ахуйдаа хэрэглэ гээд 2 сая төгрөг явуулсан баримт байгаа. Энэ дээр маргахгүй. Энэ мөнгийг амьдрал ахуйдаа хэрэглээд дууссан. Үүнээс хойш хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаанд иргэн Л.Н Б.Цд 2 сая төгрөг авна гэсэн шаардлага тавиагүй. Л.Н мөнгө төгрөг авахгүй гэдэг хүсэлт тавьж байсан. Энэ хүн ээжийнхээ өмнөөс мөнгө нэхээд байгаа...Хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаанд Л.Н миний хүүгээс 3 сая төгрөг нэхэж байгаагүй. Б.Ц архи ууж, ухаан санаа нь самуурсан үед тулган шаардаж бичлэг хийсэн. Одоо чи архи уух юм бол 2 сая төгрөгөө нэхнэ гэж Нансалмаа тулган шаардсан. Б.Ц ямархуу байдалтай байгаа нь бичлэг дээрээс харагдаж байгаа. Нарийвчлан харах юм бол архи нь харагдаж байгаа.  2 сая төгрөгийг хөөн хэлэлцэх хугацааны үед Л.Н Б.Цгоос мөнгө нэхэж, шаардсан зүйл байхгүй  гэв.

 

   Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

       ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч Л.Н нь хариуцагч Б.Цд холбогдуулан “Зээлийн төлбөрт  2,000,000 төгрөг, хүү алдангид 1,000,000 төгрөг нийт  3,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нансалмаагаас хүү 1,000,000 төгрөгийг татгалзаж, 2,000,000 төгрөгийг шаардаж байна.

          Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар: хариуцагч Б.Ц нь Д.Нансалмаатай хамтран амьдарч байх хугацаандаа 2013 оны 12 дугаар сарыг 03-нд гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулан машин худалдаж авахаар хадам ээж болох Л.Нээс 2,000,000 төгрөг авсан болох нь тогтоогдсон, хариуцагчаас мөнгө авсан талаар маргаагүй, энэ мөнгийг хадам ээж амьдрал ахуйдаа хэрэглэ гэж өгсөн, хэрэглээд дууссан гэж тайлбарлажээ./хх 3/

         Нэхэмжлэгчээс: 2,000,000 төгрөгийг, гэр бүлээ тэжээхэд машин хэрэгтэй гэж хэлэн Л.Н надаас 2,000,000 төгрөг зээлсэн. Уг зээлсэн мөнгө тун удахгүй буцаан төлнө гэж аман хэлцэл хэлбэрээр хэлж тохирчхоод одоог болтол төлж барагдуулаагүй. 2020 онд 9 сарын 12-нд миний охин Нансалмаагийн гэрт очиж мөнгөө төлнө гэж өөрийн гараар бичиж өгсөн боловч өдийг хүртэл төлөөгүй. Уг 2,000,000 төгрөгийг хүнээс зээлж авч өгсөн, зээлсэн хүндээ хүү төлсөн тул Цд өгсөн уг 2,000,000 төгрөг дээр нэмж хүү алданги болох 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг гаргуулна хэмээн шаардсан ба

         хариуцагч талаас: 2013 онд 2 талаасаа мөнгө гаргаад дундаа жижиг машин аваад ахуйн хэрэглээнд зориулсан. Л.Нээс Б.Цд амьдрал ахуйдаа хэрэглэ гээд 2 сая төгрөг явуулсан баримт байгаа. Энэ дээр маргахгүй,  мөнгийг амьдрал ахуйдаа хэрэглээд дууссан. Үүнээс хойш хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаанд Л.Нээс Б.Цд өгсөн 2 сая төгрөг авна гэж нэхэж байгаагүй.  Энэ хүн ээжийнхээ өмнөөс мөнгө нэхээд байгаа. Б.Цг архи ууж, ухаан санаа нь самуурсан үед тулган шаардаж,одоо чи архи уух юм бол 2 сая төгрөгөө нэхнэ гэж Нансалмаа  бичлэг хийсэн, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

         Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “ Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,  282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж  тус тус заасан.

          Дээрх хуулиар бол зээлийн гэрээний гол шинж нь зээлдүүлэгч  гэрээний зүйл болох эд хөрөнгө буюу мөнгийг тодорхой хугацаанд  ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь эд хөрөнгө буюу мөнгийг хүлээн авснаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

         Хэрэгт авагдсан нотлох баримтаар бол нэхэмжлэгч Л.Н нь Хаан банкны дансаар  2,000,000 төгрөгийг хариуцагч Б.Цгийн данс руу шилжүүлсний  дагуу мөнгийг хүлээн авч захиран зарцуулсан болох нь нотлогдсон тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж шүүх үзсэн тул нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг  шаардах эрхтэй юм. / хх 15/

         Харин нэхэмжлэгчээс 2,000,000 төгрөгийг хүнээс зээлдэж авч өгсөн, зээлсэн хүндээ хүү төлсөн гэж нэмж хүү алданги 1,000,000 төгрөгийг  нэхэмжилсэн боловч энэ талаар бичгээр хийгээгүй нь Иргэний хуулийн 282 дугаар сарын 282.3-т зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх бөгөөд бичгээр хийх хэлцлийг талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт үйлдэж гарын үсэг зурсан байх талаар Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан заалттай нийцээгүй болно.

         Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “ Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”  гэж зааснаар  талуудын хооронд  бичгээр гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй тул  нэхэмжлэгч Л.Н нь хүү, алданги шаардах эрхгүй.

         Хариуцагч талаас Л.Нээс зээлдэж авсан 2,000,000 төгрөгийг амьдрал ахуйдаа хэрэглээд дууссан тухай тайлбарлах боловч нэхэмжлэгчээс зээлдүүлсэн мөнгийг тухайн хүнд ашиглуулах зорилгоор өмчлөлд нь шилжүүлсэн ба зээлдэгч Б.Ц  авсан мөнгийг юунд зарцуулах нь өөрийнх нь  эрхийн асуудал тул түүний  тайлбар үндэслэлгүй,

        харин хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаанд Л.Нээс Б.Цд өгсөн 2 сая төгрөг авна гэж нэхэж байгаагүй гэх тайлбар  хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.      

         Тухайлбал Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т “хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна”, гэж, энэ хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д ” гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг  гурван жил” гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж зохицуулсан байх тул нэхэмжлэгч Л.Н нь 2013 оны 12 дугаар сарын 03-нд 2,000,000 төгрөгийг хариуцагч Б.Цгийн данс руу шилжүүлсэн нь нотлогдсон, хөөн хэлэлцэх хугацаа нь хуульд зааснаар 2016 оны 12 дугаар сарын 03-нд дууссан  байна. /хх 3 /      

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Байгалмаагаас “энэ хүн ээжийнхээ өмнөөс мөнгө нэхээд байгаа” гээд  нэхэмжлэгч Л.Нээс охин Д.Нансалмаад итгэмжлэл олгохдоо зурсан гарын үсгийг мөн эсэхэд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2021.03.25-ны өдрийн 184/ШЗ2021/03412 дугаар захирамжаар хангаж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилоход 2021.07.08-ны өдрийн 1711 тоот шинжээчийн дүгнэлтээр ...Л.Нийн гэх гарын үсгийн чөлөөт,харьцангуй чөлөөт,туршилтын загваруудтай элемемнт гүйцэтгэлийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ хоорондоо тохирч байна гэсэнд тэрээр маргаагүй болно. /хх 56-58,64-87/

       Тиймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нансалмаа нь Л.Нийг төлөөлөн түүний өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй бөгөөд тус итгэмжлэлийг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж /хх5/ өгсөн боловч шинжээчийн дүгнэлт гаргуулахад баримтын хамт хүргүүлсэн тул хэргийн 80-р талд авагдсан болохыг дурдав.

        Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нараас хэрэгт хавсаргасан 2 ширхэг сидинд үзлэг хийлгүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн  2021.03.11-ны өдрийн 184/ШЗ2021/ 02989 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд хавтаст хэргийн 4, 44-р талд авагдсан 2020.09.12-нд “ Нансалмаагаар 1 ундаа 1 пиво авахуулаад үүнээс хойш дахин уухгүй, хэрвээ уусан тохиолдолд миний бие  эхнэр, ээж, аав, үр хүүхдээ зовоовол мөн Энхтуултай ахиж уулзвал Нансалмаагаас авсан  2,000,000 төгрөг өгнө” гэж  дэвтрийн цаасан  дээр хар өнгийн балаар  хариуцагч Б.Ц  амлалт  гараар бичиж байх үйл баримтыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нансалмаагаас гар утсаар бичлэг хийж Сидид хуулсан байгааг, мөн хэргийн 46-р талд хариуцагч Б.Цгоос нэхэмжлэгч Л.Нтэй утсаар ярьсан ярианы бичлэгийг Сидид хуулсан  байгааг  2021.03.11-нд тус тус үзлэг явуулав. /хх4,42,44-47,49/

        Дээрх үзлэг болон хэргийн 4-р талд авагдсан амлалтыг 2020.09.12-нд,  хэргийн 15-р талд  Л.Нээс 2,000,000 төгрөг зээлдэж авсан, 3,000,000 төгрөг болгон  2021.06.01-нээс өмнө төлөх тухай баталгааг 2021.01.27-нд хариуцагч Б.Ц  тус тус гараар бичсэн ба энэ талаар маргаагүй,

        нэхэмжлэгч талаас эдгээр гар бичмэлийг үндэслэж Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар  хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тасалдсан, тасалдсан байгаа хөөн хэлэлцэх хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс шинээр тооцно гэж, эргээд 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төлнө гэдэг нь өрийг хойшлуулах хүсэлт тавьж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нэг үндэслэл нь үүрэг бүхий этгээд үүргийг хүлээн зөвшөөрсөн, амлалт гэж бичсэн байгаа нь үүрэг бүхий этгээд үүргийг өөр этгээд буюу Д.Нансалмаад төлөхийг  хүлээн зөвшөөрсөн. Энэ 3 үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үндсэн 2 сая төгрөгийг гаргуулахаар шаардсан  ч энэ нь хууль зүйн үндэслэлгүй байна.

        Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “...эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд  урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж,   79.7-д “.Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно”  гэж  зохицуулсан ч гэсэн хариуцагч Б.Цгийн 2020.09.12-нд бичсэн амлалт, 2021.01.27-нд бичсэн 3,000,000 төгрөгийг 2021.06.01-нээс өмнө төлөх тухай баталгааг үндэслэл болгож  хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцон, хугацааг  дахин шинээр эхлэн тоолох боломжгүй.

        Өөрөөр хэлбэл хуульд баталгаа гаргах, шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, хугацааг  дахин шинээр эхлэн тоолох талаар хуульчилсан ч  хариуцагчийн бичсэн эдгээр баталгаа, төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн баримтууд нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д  заасан  шаардлага гаргах хөөн хэлэлцэх   гурван жилийн хугацаа дууссаны дараах үйл баримт юм.    

            Хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа бичсэн эдгээр  гар бичмэлүүд нь  хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцон, хугацааг  дахин шинээр эхлэн тоолох хууль зүйн үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх тайлбар нь үгүйсгэгдэв.

            Иймд нэхэмжлэгч талыг  хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан болохоо  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзлээ.

           Хэдийгээр нэхэмжлэгч нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй боловч нэхэмжлэгч Л.Н нь шаардах эрхийн хугацаанд / хөөн хэлэлцэх / дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй хуульд заасан гурван жилийн хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Учир нь нэхэмжлэгчээс  хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа өнгөрснөөс хойш  2021 оны 01 дүгээр сарын 21-нд анх шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

           Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр зээлдэж авсан 2,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.

 

           Нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацаа сэргээх хүсэлт гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

             Ингээд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь   хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.       

         Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлэв.

                                          Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Н нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 62,950 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118, 119 дүгээр  зүйлд заасныг  удирдлага болгон

   ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.Нийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Цд холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүү 1,000,000 төгрөг нийт 3,000,000 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Нээс улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 62,960 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ОЮУНЖАРГАЛ