Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/239

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Ц.Сайнзаяа,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт **************д холбогдох эрүүгийн 2305000002588 дугаартай хэргийг 2024оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “*******” барилга дээр мужаан ажилтай гэх, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт **************** тоотод оршин суух, урьд

- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3-р шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 900 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял,

- Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 680 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж байсан, ******* овогт **************, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монголын Үндэсний их сургууль”-ийн ард талд баригдаж байгаа барилгын хашаанд байрлах хохирогч ******* эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн цоожийг эвдэн, нууцаар нэвтэрч 400.000 төгрөгийн үнэ бүхий “Арина” маркийн 42 инчийн зурагтыг хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Хохирогч *******:

“...Миний бие 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө гэртээ байж байгаад 14 цагийн үед гэрээсээ гараад хүнтэй уулзаад автобусны буудал руу түр гарсан. Тэгээд 15 цаг 30 минутын үед гэртээ ирсэн чинь хаалганы цоож эвдэлчихсэн байсан. Гэртээ орсон чинь гэрийн баруун талд ширээн дээр байсан 42 инчийн хэмжээтэй “Арина” маркийн телевизор байхгүй болчихсон байсан. Өөр алга болсон юм байхгүй байсан, тэгээд шууд цагдаагийн 102 дугаарт гомдол мэдээлэл гаргасан. Камер байсан, гэхдээ тэр камер нь гэр рүү хардаггүй, яг гэрийн ард тал руу харсан байдаг. Би өөрөө “Монголын Үндэсний их сургууль”-ийн камерыг шүүлгэж үзтэл 1 үл таних хүн аваад явж байсан бичлэгийг олсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ТХҮ-023/8393 дугаартай шинжээчийн:

“Арина маркийн 42 инчийн зурагтын зах зээлийн үнэ цэнийг 400.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 24-29 дэх тал/,

Хохирогч С.Чингүүнээс гаргаж өгсөн хяналтын камер бүхий 1 ширхэг си ди-г хүлээн авч, хавтаст хэрэгт тусгаж, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 30-32 дэх тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 33-35 дахь тал/,

“Найман Анд” барьцаалан зээлдүүлэх газрын захирал Ц.Батсүхээс цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн “...11 сарын 21-ний өдөр “Арина” маркийн зурагт хүлээж аваад 12 сарын 01-ний өдөр буцааж өгсөн болно. 321.000 төгрөгөөр буцааж өгсөн...” гэсэн тодорхойлолт, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22928 дугаартай барьцаат зээлийн гэрээ 1 хуудас /хавтаст хэргийн 36-39 дэх тал/,

Шүүгдэгч *******гээс гаргаж өгсөн “Арина” маркийн 42 инчийн зурагтыг хүлээн авч, хохирогч С.Чингүүнд хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 41-42 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хохирогч С.Чингүүнд 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монголын Үндэсний их сургууль”-ийн ард талд баригдаж байгаа барилгын хашаанд байрлах хохирогч ******* эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн цоожийг эвдэн, нууцаар нэвтэрч 400.000 төгрөгийн үнэ бүхий “Арина” маркийн 42 инчийн зурагтыг хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ТХҮ-023/8393 дугаартай шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Найман Анд” барьцаалан зээлдүүлэх газрын захирал Ц.Батсүхээс цагдаагийн байгууллагад бичгээр гаргаж өгсөн тодорхойлолт, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 22928 дугаартай барьцаат зээлийн гэрээ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчийн эзэмшилд байгааг мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүйгээр авч, бусдад бага хэмжээнээс /300.000 төгрөг/ дээш хохирол учруулж, эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Харин хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэхээр байна. 

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно.

Хүний орон байрын халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан хүндрүүлэн зүйлчлэхээр заасан.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Чингүүнд 400.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид “Арина” маркийн 42 инчийн зурагтыг биет байдлаар буцааж өгсөн тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 668 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож нийт 83 хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 83 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргаангүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлбөрийг төлсөн. Мөн түүний хувийн байдлын тухайд өндөр настай ээж, 9 нас, 4 настай хоёр хүүхдийн хамт амьдардаг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 83 хоногийг нэмж нэгтгэн шийдвэрлэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 3 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх” эсэхийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай зохицуулалт ба  шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг биет байдлаар буцаан өгсөн, мөн түүний ар гэрийн байдал зэргийг харгалзаж “хорих ялыг хөнгөрүүлэх” нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Иймд эрүүгийн хариуцлагыг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 680 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 668 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож нийт 83 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 3 сар 23 хоногийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2305000002588 тоот дугаартай хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт **************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******г 1 /нэг/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 668 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, нийт 83 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил, 3 /гурав/ сар, 23 /хорин гурван/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 жил, 3 сар, 23 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 4 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн бага насны хүүхдүүд болох*******гийн /РД: *******/,*******гийн /РД: *******/ нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ