Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 0003

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Г.Т

Шүүгдэгч                                                       Х.Б

   Шүүгдэгчийн өмгөөлөгч                            С.Б

   Хохирогч                                                       Д.Э, М.Э

   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч      П.С

   Хохирогчийн өмгөөлөгч                           О.С

   Иргэний хариуцагчийн өмгөөлөгч         Д.О

Нарийн бичгийн дарга                            Э.Б нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 314 дугаар шийтгэх тогтоолтой, Х.Б-д холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б, хохирогч Д.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд хаалттайгаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,  Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, Орхон аймаг Баян-Өндөр суманд оршин суух хаягийн бүртгэлтэй Д овогт Х-ын Б.

 

Шүүгдэгч Х.Б нь согтуугаар 2019 оны 04 сарын 18-ны орой Орхон аймаг Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт 71 дүгээр гудамжны харалдаа Сонота-7 маркийн 42-28 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин “Б” ХХК-ийн өмчлөлийн Хьюндэй маркийн  тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар өөрийн автомашинд зорчиж явсан Э.А-н амь насыг хохироосон, М.Э-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Б.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 314 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Д овгийн Х-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 /зургаа/ жилээр хасч, 4 /дөрөв/ жилийн хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Б-с 4.040.596 төгрөгийг гаргуулж 1.481.846 төгрөгийг хохирогч  Д.Э-д, 2.558.750 төгрөгийг  Б ХХК-д, иргэний хариуцагч Б.Д-с 3.620.596 төгрөгийг гаргуулж хохирогч  Д.Э-д 1.061.846 төгрөгийг, 2.558.750 төгрөгийг Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг Б ХХК-д тус тус олгож, нэхэмжлэлээс 4.140.017 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 4.365.969 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Х.Б-н жолооны үнэмлэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Д.Э, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.С нар нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг, иргэний хариуцагч Б.Д хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурьдаж,

 

            Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

          Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 743 дугаар захирамжаар:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “Хохирогч Д.Э-д төлөх 2.481.846 төгрөгнөөс шүүх хуралдааны явцад төлсөн 1.000.000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй” гэж залруулж,

 

Шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гардуулж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б давж заалдах гомдолдоо:

 

... Өмгөөлөгч миний хувьд Х.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл, нотлох баримт, гэм буруугийн талаар анхан шатны шүүх хуралдаанд зөвшөөрөөгүй буву мэтгэлцсэн явдал огтхон байхгүй, харин одоо үүссэн нөхцөл байдлыг харгалзан үзээд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг багасгах боломжтой байна гэж үзэж байгаа юм.

Х.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, шийтгэх тогтоол гарсанаас хойш хохирогч нарт хохирлыг нөхөн төлсөн, өөрийгөө засч засрах боломжтой, үүрэг хариуцлага хүлээх чадвартай, зан харилцааны доголдолгүй, ар гэрийн хувьд байнгын асаргаа эмчилгээнд байдаг эмээ, ээж нартайгаа амьдардаг хөдөлмөрийн чадвартай гэр бүлийн тэжээн тэтгэх гол хүн нь юм.

Ийм учраас түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл, боломж байгаа гэж үзэж байна.

Иймд Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан хорих ялын хэмжээг багасган хөнгөрүүлж өгнө үү? гэжээ.

 

Хохирогч Д.Э давж заалдах гомдолдоо:

... Миний бие Д.Э хорвоо дээр надад ганц заяасан хүүгээ алдаж өөрөө өнөөдрийг хүртэл эрүүл мэнд сэтгэл, санаа, эд материалын хохирол амсаж байгаа билээ.

Хүүгээ хүн ёсоор оршуулж, салах ёс хийхэд гарсан зардал 2.440.017 төгрөгийг шүүх хасч шийдэхдээ 49 хоногийн хугацаанд зарцуулсан хурал даах, ном хуруулах зэрэг нь үндэслэлгүй гэжээ.

Ямар ч монгол хүн ойр дотны болон нас барсан хүнээ оршуулахад зөвхөн авч хайрцаганд хийгээд дуусчихдаг асуудал биш юм.

Хүн ёсоор оршуулахад дагалдаж зан үйлийн зардлууд хоног хураахад гарсан зардал, гар цайлгах хойтын буяны юм уншуулах, хүмүүнлэгийн болон үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад өргөл хандив өгөх зэргээр талийгчийг оршуулах ажил явагддаг ингэж байж талийгч хүүгээ хойтын замд нь гаргасан.

Энэ бүхэнд материаллаг зардал гарч байгаа үүнийг хасч буй нь хүнлэг биш байна.

Миний хувьд энэ шүүх хуралд ухаан алдаж даралт ихсэн бас л ажлаа хийж чадахгүй хэд хоносон.

Өнөөдрийг хүртэл миний сэтгэл санаа болон материаллаг зардал үргэлжилж л байна. Хүү маань нас бараагүй бол ийм зардал гарахгүй.

Иймд шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оршуулгын зардлаас хассан 2.440.017 төгрөгийг нэмж гаргуулахаар шийдэж өгнө үү? гэжээ.

 

Хохирогч Д.Э тайлбартаа:

... Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн тул оногдох ялын хэмжээг багасаж өгнө үү гэжээ. Миний хувьд оршуулгын зардлаас 2.400.000 төгрөгийг хасч тооцсонд гомдолтой байгаа.

Би хүүтэйгээ аав минь манай хажууд 1 хашаанд байдаг ба хүүгээ алдсанаас хойш харвалт өгч, ажлаа хийж чадахгүй хөдөлмөрийн чадвар түр алдсан.

Энэ зардлыг ч мөн Б өнөөдрийг хүртэл сайн дураараа төлөөгүй билээ.

Шүүх бас л уг зардлыг лист хуудаснууд нь байхгүй гээд хасч тооцсон. Уг зардлыг би иргэний журмаар тусдаа нэхэж байна.

Саяхан аав минь нас барж, бие маань бас л хямарч эмчилгээ хийлгэсэн.

Ийм байдлаар энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор өнөөдрийг хүртэл бүрэн арилаагүй, арилах ч үгүй үргэлжилж байна.

Үнэхээр надад учирсан хохирлын 2.400.000 төгрөг, листний мөнгө цалингийн зөрүүгийн 4.565.000 төгрөгний тал хувийг төлчихвөл бас би өөрөөр л хандах байсан гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Т дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Х.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б, хохирогч Д.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 18-ны орой Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэр 71 дүгээр гудамжны харалдаа Соната-7 маркийн  автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “жолоочид ... согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас “Б” ХХК-ийн өмчлөлийн Хьюндэй маркийн  автомашинтай мөргөлдөж, улмаар өөрийн автомашинд зорчиж явсан Э.А-н амь насыг хохироосон, М.Э-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Б.Д-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

            Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Х.Б-н гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Э.А-н амь насыг хохироосон, М.Э-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Б.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан байна.

 

            Х.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б ... оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү ... гэж, хохирогч Д.Э ... оршуулгын зардлаас хассан 2.440.017 төгрөгийг нэмж гаргуулж өгнө үү... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

 

            Шүүгдэгч Х.Б нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн байх бөгөөд анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Шударга ёсны зарчимд буюу түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

            Хохирогч Д.Э-н гаргасан давж заалдах гомдлын тухайд анхан шатны шүүх хохирогчийн бүрдүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж, нотлох баримтын шаардлага хангасан хохирол болох 1.481.846 төгрөгийг  шүүгдэгч Х.Б-с гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Мөн гэмт хэргийн шууд хохиролд тооцогдохгүй гэж дүгнэн 4.140.017 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 4.365.969 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон нь үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүх Д.Э-т нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэжээ.

 

            Өөрөөр хэлбэл хохирогч нь гэм хорын хохирлыг гаргуулахтай холбогдуулсан зарим баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, үүнийгээ нотлоогүй, түүний гаргаж өгсөн зарим баримтууд нотолгооны шаардлага хангаагүй байна.

        

            Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б, хохирогч Д.Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 314 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийг өмгөөлөгч Х.Б, хохирогч Д.Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

             ШҮҮГЧ                                                        С.УРАНЧИМЭГ

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР