Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/392

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Ж.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Х овогт Ж-ын Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403000000191 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1975 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, Төв аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, түгээгч оператор мэргэжилтэй, *** ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт *** аймаг *** сум *** баг *** , *** гудамж *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Ж-ын Ц-.

 

Шүүгдэгч Ж.Ц- нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Монос эмийн үйлдвэрийн зүүн талын авто замд 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 12 цаг 40 минутын орчимд Toyota Estima маркийн **-** ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган Н.О-ийг мөргөж эрүүл мэндэд нь баруун тавхайн эрхий хурууны үе дайрсан далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ц- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч. /хэргийн 5-6 дахь тал/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 7-11 дэх тал/

Хохирогч Н.О-ийн “... Би 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 12 цаг 40 минутын орчимд Монос эм зүйн шинжлэх ухааны их сургуулиасаа гараад Моносын уулзварын урд талд байрлах автобусны буудлын явган хүний гарцаар ганцаараа баруунаас зүүн тийш чиглэн зам хөндлөн гарч байхад автомашинууд надад зам тавьж өгсөн бөгөөд урдаас хойд чиглэлд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байсан Toyota Estima маркийн **-** ТӨА улсын дугаартай автомашин зогсолгүй ирээд зүүн талаараа намайг шүргэж, зүүн урд дугуй нь миний баруун хөл дээгүүр гарч яваад зогсоход би газарт унасан.

Ингээд жолооч нь бууж ирээд намайг автомашиндаа суулгаад Мөнгөн гүүр гэдэг нэртэй хувийн эмнэлэгт очиж баруун хөлийн рентген зураг авхуулаад дараа нь Гэмтлийн эмнэлгийн хажууд байх Мед траума нэртэй хувийн эмнэлэгт компьютер томографийн зураг авхуулахад баруун хөлийн эрхий хурууны яс хугарсан байна гэсэн.

... Миний баруун хөлийн эрхий хурууны яс хугарсан. Ослоос хойш би хөлөө гипсдүүлсэн. Одоо хүртэл гипстэй байгаа. Мөн миний баруун өвдөг шалбарч зөөлөн эд гэмтсэн.

... Би сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах шинжилгээ хийлгэхгүй. Шаардлагагүй гэж үзэж байна. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25-26 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3617 дугаартай:

“...1. Н.О-ийн биед баруун тавхайн эрхий хурууны үе дайрсан далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 30-31 дэх тал/

 

Мөрдөгчийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №430 дугаартай:

“...1. Toyota Estima маркийн **-** ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж-ын Ц- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Нямсүрэнгийн О- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл, заалтыг зөрчөөгүй байх үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэсэн магадлагаа. /хэргийн 49-50 дахь тал/

 

Ж.Ц-ын яллагдагчаар өгсөн “... 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн Toyota Estima маркийн **-** ТӨА улсын дугаартай автомашинаа жолоодон Төв аймгийн Зуунмод сум орчхоод буцаад Эрдэнэсант сум руу явах гээд 12 цаг өнгөрч байхад Сонсголонгийн авто замаар урдаасаа хойш чиглээд Моносын уулзвар руу зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байтал явган хүний гарцаар гарч явсан явган зорчигчийг анзааралгүй автомашиныхаа зүүн талаар шүргээд явган зорчигчийн баруун талын хөл дээр нь автомашины дугуй хэсгээрээ дайрсан.

Ингээд тэр охиныг аваад эмнэлгийн байгууллагад үзүүлээд дараа нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 62-63 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Ж.Ц- нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 12 цаг 40 минутын орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Монос эмийн үйлдвэрийн зүүн талын авто замд Toyota Estima маркийн **-** ТӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, явган хүний гарцаар зам гарч явсан явган зорчигч Н.О-ийг мөргөж биед баруун тавхайн эрхий хурууны үе дайрсан далд хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ж.Ц- нь Toyota Estima маркийн **-** ТӨА улсын дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо нийтийн хэрэгцээний замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй буюу зам хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.О-ийг мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд хохирогч Н.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3617 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүхэд хохирогч Н.О- “... хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул сэтгэл санааны болон бусад гэм хорын хохирол нэхэмжлэхгүй. Мөн шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтгүй байх тул хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 оногдуулах дүгнэлтийг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Бусад асуудал                 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Ц- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Ж-ын Цэрэндагвыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Цэрэндагвыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Цэрэндагвыг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Ц- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Ц-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ж.Ц- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол авсан Ж.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ