Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/250

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч М.Анхбаяр,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* Анхбаярт холбогдох эрүүгийн 2205021470162 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 4-р хороо, ******* тоотод оршин суух, урьд

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 692 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, ******* овогт ******* Анхбаяр, /РД: *******/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Анхбаяр нь 2022 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “KFC” түргэн хоолны газрын хажууд таксинаас буухдаа таксины төлбөр 10.000 төгрөгийг жолооч Д.Мөнгөнсүхэд өгөхдөө түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж, гараараа олон удаа цохих зэргээр хүч хэрэглэн довтолж, тээврийн хэрэгслийн зүүн урд суудал дээр байсан түрүүвчнээс бэлэн 30.000 төгрөг, таксины орлого болох 10.000 төгрөгийг авч дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн согтолттой байсан. Надад таксины 10.000 төгрөг байсан бөгөөд үүнээс болж маргалдаж, улмаар барилцалдсан. ******* эрүүл мэндэд халдсан үйлдэлдээ маргах зүйл байхгүй. Харин дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй, би мөнгөн төгрөг аваагүй, хохирогч худал мэдүүлэг өгсөн байсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

Хохирогч *******:

“...Би эрхэлсэн тодорхой ажилгүй өөрийн эзэмшлийн ******* УБИ улсын дугаартай улаан хүрэн өнгийн “приүс 20” маркийн тээврийн хэрэгслээр хувиараа такинд явж мөнгө олдог юм. Болсон явдлын талаар гэвэл би 2022 оны 06 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө өөрийн машинтайгаа таксинд явж байхад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 11-р хорооллын голын замаар “Хөгжим бүжгийн коллеж” тал руугаа явж байхад 11-р хорооллын автобусны буудлын ертөнцийн зүгээр хойд талаас үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүн миний машинд суугаад 120-н мянгат орно гээд Хан-Уул дүүргийн нутаг дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 120-н мянгатын ертөнцийн зүгээр баруун талын автобусны буудал дээр очиход эмэгтэй нь буугаад харин хамт суусан гэх эрэгтэй нь “25-р эмийн сан орно” гээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 25-р эмийн сангийн хажууд байдаг “KFC” түргэн хоолны газрын хажууханд явж байтал тухайн залуу намайг “АТМ дээр зогсчих, мөнгө аваад өгье” гэхээр нь би машинаа “KFC” түргэн хоолны газрын ертөнцийн зүгээр баруун талд байрлах зогсоол руу нь ороод машинаа зогсоосон. Тэгээд тухайн залуу надаас хэдэн төгрөг болсон талаар тодруулахаар нь би “16.500 төгрөг” гэж хэлэхэд нөгөө залуу “за АТМ ороод аваад ирье” гээд миний машинаас бууж яваад удалгүй АТМ-аас ирэхдээ бэлэн 10.000 төгрөг барьж миний машины хажууд ирснээ над руу хандаж /Би тухайн үед нөгөө залууг хүлээгээд машинаасаа буугаад зогсож байсан юм/ “10.000 болсон биз дээ” гэхээр нь би “үгүй ээ 11 дүгээр хорооллоос эхлээд 120-н мянгат ороод тэгээд тэндээсээ 25-р эмийн сан руу ирсэн шүү дээ. 16.500 төгрөг болсон шүү дээ.” гээд хэлсэн чинь тухайн залуу “10.000 төгрөг л байна шүү дээ” гэхээр нь би тухайн залуугийн өгсөн 10.000 төгрөгийг аваад машин руугаа суух гэхэд нөгөө залуу цаашаа явах гэж байснаа болиод над руу буцаж миний машины жолооч талын хаалганаас бариад “яасан асуудал байна уу” гэхээр нь би “байхгүй ээ” гэсэн чинь гэнэт намайг миний дух хэсэг рүү нэг удаа мөргөөд миний шанаа хэсэг рүү баруун гараараа 2 удаа цохихоор нь би тухайн залууд хандаж “миний дүү болио, энэ хэсэг чинь камертай шүү. Асуудал үүсгэж яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд түлхээд машиндаа суугаад хаалгаа хаах гэсэн чинь нөгөө залуу намайг машинаас чирч буулгаад “Би энэ хавиа бүгдийг нь мэднэ. Чамайг алсан ч яадаг юм бэ” гээд орилоод байхаар нь би түлхээд дахиж машинд суусан чинь дахиж миний машин дотор жолооч талын хаалгаар орж ирээд намайг зөндөө олон удаа цохиж /маш их цохисон болохоор хэдэн удаа цохисон гэдгийг нь санахгүй байна/  байснаа зугтаагаад яваад өгсөн. Тухайн залууг явсны дараа би жолоочийн хажууд талын суудал дээр тавьсан байсан хэтэвчээ шалгахад миний хэтэвч дотор байсан бэлэн мөнгө болон тухайн залуугийн өгсөн гэх 10.000 төгрөг алга болчихсон байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн өдөр би орой 21 цагаас хойш таксинд явсан юм. Миний хэтэвчинд бэлнээр 30.000 төгрөг байсан мөн тухайн залуугийн надад өгсөн 10.000 төгрөг гэхээр нийт 40.000 орчим төгрөг алдсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-53 дахь тал/,

 Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-18 дахь тал/,

2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын 185 дугаартай шинжээчийн:

“...******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт / хавтаст хэргийн 83-84 дэх тал/,

Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 20-44 дэх тал/,

Гэрч Р.*******:

“...Манай хүүгийн хувьд огцом маш түргэн ширүүн ууртай болсон ба 2022 оны 06 дугаар сард сэтгэцийн эмнэлэгт үзүүлэхэд айдас түгшүүрийн эмгэгтэй болсон байна гээд эмийн эмчилгээ хийлгэсэн. Одоо манай хүү эмээ уухгүй байгаа 2022 оны 07 дугаар сарын дунд үеэр ууж байгаад больсон бөгөөд одоо тухайн эмгэг нь арай гайгүй болчихсон....” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/,

Шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн:

“...Тэгээд гэртээ ороод унтсан ба маргааш өглөө нь буюу 2022 оны 06 дугаар сарын 14-ний өглөө ээж Түмэнжаргал миний өмнөх шөнө нь өмсөж явсан халааснаас нөгөө 10.000 төгрөгийг аваад унааны мөнгө болгож ашигласан. ...би тухайн 10.000 төгрөгийг яг таксины жолоочид гарт нь бариулж өгсөн ба хаана хийсэн талаар нь мэдэхгүй байна, ямар ч байсан маргааш өглөө нь миний халаасанд байсан. Тэр хүн намайг болиоч гэх үедээ над руу шидсэн байж магадгүй гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 69-70 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч ******* нь хохирогч ******* эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь хохирогч 40.000 төгрөг алдсан гэж мэдүүлдэг боловч хохирогч мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй, хэтэвч байсан эсэх, 10.000 төгрөг өгсөн эсэхийг шалгаж тодруулаагүй. Хохирогчид халдсан нөхцөл байдал байгаа хэдий ч гэмтэл учруулахгүйгээр халдсан нөхцөл байдал байдаг. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэрэг эрүүгийн гэмт хэргийг шинжгүй байгаа тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь:

2022 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “KFC” түргэн хоолны газрын хажууд таксинаас буухдаа таксины төлбөр 10.000 төгрөгийг жолооч Д.Мөнгөнсүхэд өгөхдөө түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж, гараараа олон удаа цохих зэргээр хүч хэрэглэн довтолж, тээврийн хэрэгслийн зүүн урд суудал дээр байсан түрүүвчнээс бэлэн 30.000 төгрөг, таксины орлого болох 10.000 төгрөгийг авч дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шүүх сэтгэц эмгэг судлалын 185 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд “Дээрэмдэх” гэмт хэргийг хуульчилж өгсөн бөгөөд “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” бол энэ гэмт хэргийн үндсэн шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” бол энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тооцохоор мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нараас “дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй” гэж хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг гаргаж, мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.  

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******ыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авч дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мөнгөнсүхэд 40.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь 100.000 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагаанд төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Миний үйлчлүүлэгч 2 туйлт сэтгэцийн эмгэгтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаагийн бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон (императив) шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон (диспозитив) хэм хэмжээг хэрэглэх эсэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх”-ээр заасан бөгөөд уг заалтыг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх тухай зохицуулалт ба шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэж үзсэн боловч шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаж оролцсон нь дээрх хуульд заасан шаардлагыг хангаагүй тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2205021470162 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* Анхбаярыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авч дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ