| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2021/00505/И |
| Дугаар | 184/ШШ2021/01374 |
| Огноо | 2021-06-08 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 184/ШШ2021/01374
2021 06 08 184/ШШ2021/01374
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, дугаар хороо, дүгээр хороолол, Ард аюуш гудамж, дүгээр байр, тоотод оршин суух, Б овогт Д-н Э /рд://-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, тоотод байрлах, БХЗХТБААхолбогдох,
Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Э нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №102/ШШ2016/00679 тоот шүүгчийн захирамжаар 26,855,401 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 146,113 төгрөгийн хамт гаргуулан “Капитал банк” ХХК-д олгохоор захирамжилсан байдаг. Банк, Хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны Шийдвэр гүйцэтгэгч Оюунсүрэн нь иргэн Л.Дашдоржийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48Б дугаар байрны 580 тоот хаягт байрлалттай Эрхийн Улсын Бүртгэлийн Ү-2201035354 дугаарт бүртгэлтэй, 20,57 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуулийн зохих зүйл заалтын дагуу битүүмжлэн, хураасан бөгөөд шинжээчээр томилсон ба шинжээчийн хөрөнгийн үнэлгээг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр танилцуулсан. Тухайн үнэлгээнд иргэн Л.Дашдоржийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48Б дугаар байрны 580 тоот хаягт байрлалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035354 дугаарт бүртгэлтэй, 20,57 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 30,964,600 төгрөгөөр үнэлсэн байдаг. Дээрхи үнэлгээний компани нь үл хөдлөх эд хөрөнгийг ямар аргачлал, үндэслэлээр үнэлсэн нь ойлгомжгүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур, төлбөр төлөгчийн зүгээс хөндлөнгийн шинжээчийн хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөх боломжгүй бөгөөд энэхүү үндэслэлгүй үнэлгээг үндэслэн албадан дуудлага худалдааг зохион байгуулах гэж байгаа нь төлбөр төлөгчийн эрх ашгийг хөндөж байна.
Иймд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48Б дугаар байрны 580 тоот хаягт байрлалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035354 дугаарт бүртгэлтэй, 20,57 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны шинжээчийн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.
Тухайн байрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний байрыг 30,000,000 төгрөгөөр үнэлсэн байсан. Ядаж 40,000,000 төгрөгөөр үнэлүүлэх хүсэлтэй байна. Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Толгойт 18101, Москвагийн гудамж, 48Б байр, 580 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035354 дугаарт бүртгэлтэй, 20.57 м.кв талбайтай, 1 өрөө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Капитал банк миний саналыг хүлээн авбал төлнө. Өөр тайлбар байхгүй. Би яагаад үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа болохоо хуулийн дагуу тайлбарлаж чадахгүй байна. Өмгөөлөгчтэйгээ оролцох хүсэлтэй байна. Уг үл хөдлөх эд хөрөнгө миний төрсөн эцэг Л.Дашдоржийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Би зээлийн барьцаанд тавьсан байсан. Аав маань бурхан болсон. Одоо энэ байрны надад шилжилж ирсэн байгаа гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Д.Эы гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/00679 дүгээр захирамжаар Дашдоржийн Эрдэнэбулганаас 27,001,514 төгрөгийг гаргуулж “Капитал банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Д.Эы зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035354 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101 москвагийн гудамж 48Б байр, 580 тоот орон сууцыг битүүмжлэн, хураах тогтоол үйлдэж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж 30,964,600 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээг талуудад мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3-т зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Бичгээр ирүүлсэн хариу тайлбараа дэмжиж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэтэрхий бага үнэлсэн гэж нэхэмжлэгч хэлж байгаа бол ямар баримт дээр тулгуурлаж гомдож байгаа нь тодорхойгүй байна. Өр төлбөрийг төлөөд явах боломж уг нь байсан. Манай зүгээс хугацаа өгөх боломжгүй. Банкны зүгээс манайд хүсэлтээ гаргавал болно. Шинжээчийг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилж, хууль сануулсан байдаг. Шинжээч үнэлгээ гаргахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал байхгүй, хуулийн дагуу ажиллагаа хийгдсэн гэв.
Гуравдагч этгээд “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Бахытхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулж шуурхай зээлийн зориулалтаар 1 жилийн хугацаатайгаар зээл авч 1 өрөө байрыг барьцаалсан. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас өр төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар болж 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагч шүүхийн шийдвэр гарснаас хойш 644,000 төгрөг төлсөн байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Ямар шинжээч томилох гэж байгаагаа мэдэгдсэн, татгалзан гарах хүсэлт байгаа эсэхийг тогтоосон. Нэхэмжлэлд дурьдаж байгаа ямар зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлгээ хийсэн нь тодорхойгүй гэж тайлбарласан ч үндэслэлгүй. Үнэлгээний 3 аргаар өртөг үнэ, жишиг үнэ буюу зах зээлийн аргаар, зохих тохируулгыг хийгээд 30,464,000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн дүгнэлтийн хувьд хуульд нийцсэн байгаа. Өртгийн, зах зээлийг, жишиг үнийн дагуу дүгнэлт гаргасан. Харин ч хоёр үнэлгээнээс өндөр үнэтэйг нь сонгож дүгнэсэн байсан. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ёстой. Холбогдох баримтуудаа гаргаж өгөх боломжтой байсан. Манай банкны хувьд банкны эрх хүлээн авагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй. Манай зүгээс 500,000-600,000 төгрөг төлүүлэхийг саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч БХЗХТБААхолбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлгээ хийхдээ барьцаа хөрөнгийг тухайн байршилд өнөөгийн зах зээлийн ханшаас хэт доогуур,үнэлсэн тул зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар санал асуусан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь зөрүүтэй үнийн санал ирүүлж, үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан тул хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн, үнэлгээг гаргасан үнэлгээчин хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №102/ШШ2016/00679 тоот шүүгчийн захирамжаар Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Э нар нь эвлэрлийн гэрээ байгуулан нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 26,855,401 төгрөгийг хариуцагч Д.Э 2016 оны 3 дугаар сард 2,685,540 төгрөг, 2016 оны 4 дүгээр сард 5,371,080 төгрөг, 2016 оны 5 сард 18,798,781 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрч, улсын тэмдэгтийн хураамжид146,113 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч Д.Э сайн дураар биелүүлээгүйн улмаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 02534 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна. /хх-ийн 15-17/
Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөх талаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид мэдэгдэж байсан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэр тогтоолыг биелүүлэх тухай мэдэгдлээр тогтоогдож байх бөгөөд зохигч талууд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд зааснаар явуулсан гэдэгтэй маргаагүй байна.
Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч байгууллагын дээрх ажиллагаанаас эд хөрөнгийн үнэлгээ гаргуулсан ажиллагааг эс зөвшөөрсөн гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацааны дотор шүүхэд гаргасан байна. /хх 3-р хуудас/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцохгүй бол дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд хараат бус, мэргэжлийн үнэлгээчний саналыг үндэслэн тогтооно. Хараат бус мэргэжлийн үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.
Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Д.Э хураагдсан эд хөрөнгө буюу барьцаа хөрөнгийн үнийг талууд харилцан тохиролцож тогтоон Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн саналаа гарган 2020 оны 11 дүгээр сарын 12-ны дотор тус тус ирүүлэхийг төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн болох нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 3/10377 тоот мэдэгдэлээр тогтоогдож байх бөгөөд төлбөр төлөгч Д.Эаас 65,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн санал, төлбөр авагч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь уг үнэлгээг хэт өндөр байна гэж үзэн шинжээч томилуулан үнэлгээ хийглгэх хүсэлтийг ирүүлсэн тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж зааснаар Мөнх Оргил трейд ХХК-ийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1/02 дугаартай “Шинжээч томилох тухай” шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилсон байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулахаар шинжээчийн томилон оролцуулж болно. Гагцхүү шинжээч нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлана. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэсэн хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна.
Харин үнэлгээчин үнэлгээг гаргахдаа тухайн хөрөнгийн зах зээлийн одоогийн үнэлгээ болон ирээдүйд үйл ажиллагаа явуулж олох орлого, байршил зэргийг харгалзаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн тухай байршлын итгэлцүүр үнийг буруу тооцсон гэж нэхэмжлэгч гомдол гаргаж байгаа боловч үнэлгээг гаргахдаа шинжээч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, бусад ямар хууль журмыг зөрчсөн талаарх үндэслэл бүхий тайлбарыг гаргаж, нэхэмжлэлийг шаардлага, түүний үндэслэлээ баримтаар нотолж чадахгүй байна.
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1/02 дугаартай Шинжээч томилох тогтоолоор шинжээчээр томилогдсон Мөнх Оргил трейд ХХК-ийн үнэлгээчин Б.Эрдэнэбаатар нь Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба Хөрөнгийн үнэлгээний тайландаа үнэлгээг гаргахдаа баримталсан хууль, стандартыг дурдаж, үнэлж буй хөрөнгийн талаарх мэдээллийг тусган, арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдаж 30,964,600 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 20-42-р хуудас/
Үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлд заасан үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханш дунджаар 40,000,000 төгрөг гэсэн нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээр дурдсан эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах, хөрөнгийн үнийн санал авах, мэдэгдэл хүргүүлэх, албадан дуудлага худалдаа зохион байгуулах зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу явуулсан нь тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт Москвагийн гудамж, 48б байрны 580 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035354 дугаарт бүртгэлтэй, 20.5 м.кв талбайтай орон сууцыг 30,964,600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Эы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Эы хариуцагч БХЗХТБААхолбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН